Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/555

 

*******, нарт  

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Г.Цогтмагнай,

хохирогч *******,

яллагдагч *******ын өмгөөлөгч Ю.Нямсүрэн

яллагдагч ын өмгөөлөгч Д.Бурмаа,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/615 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Цогтмагнайгийн бичсэн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцэлд үндэслэн *******, нарт холбогдох эрүүгийн 2209001620529 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч,  шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овгийн ы , 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн *** дугаар байрны *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:/,

овгийн ийн , 1982 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, “” хотхоны *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:/, 

*******, нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ын гудамж, “******* ” хотхоны 119м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 200,000,000 төгрөгөөр үнэлэн, хохирогч *******ий өмчлөл, эзэмшлийн Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, /***/ цагдаагийн гудамж, *** дугаар байрны *** тоот, 96.69м2 байрыг 140,000,000 төгрөгт, мөн түүний “***” загварын автомашиныг 80,000,000 төгрөгт тус тус үнэлэн солилцоно гэж хуурч Сүхбаатар дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Сүхбаатар дүүргийн *** давхарт үйл ажиллагаа явуулдаг нотариатч аар худалдах, худалдан авах 1221 дугаартай гэрээ байгуулан батлуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, *******ий Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, /***/ цагдаагийн гудамж *** дугаар байрны *** тоотод байрлалтай 146,968,800 төгрөгийн үнэлгээ бүхий 96.69 м.кв талбай 3 өрөө байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, нийт 146,968,800 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: *******, нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Хяналтын прокурорын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад талуудын гаргасан хүсэлтэд үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 81, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 222 дугаартай прокурорын тогтоолуудаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн боловч мөрдөгчийн зүгээс прокурорын тогтоолын биелэлтийг хангаагүй, тогтоолд дурдагдсан холбогдох ажиллагааг хийж гүйцэтгээгүй атлаа мөрдөн байцаалтын хугацааг үндэслэлгүйгээр удаа дараа сунгуулж байсан болох нь тогтоогдсон бөгөөд прокуророос гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилт болон мөрдөгчийн үйл ажиллагаанд тавих хяналтын чиг үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нараас гаргасан үндэслэл бүхий хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоолд дурдсан ажиллагааг нэг бүрчлэн хийж гүйцэтгэн холбогдох баримтыг хэрэгт хавсарган ирүүлэх шаардлагатай байна.

2. Хохирогч *******гийн худалдан авахаар тохиролцсон гэх Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, ын гудамж, “******* ” хогхоны 3 өрөө орон сууцны хэмжээг Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд 120 м.кв, хохирогч *******гийн Цагдаагийн байгууллагад хандан гаргасан өргөдөлд 119 м.кв гэх мэтээр зөрүүтэй тэмдэглэсэн алдааг залруулж, тухайн байрны бодит хэмжээг эргэлзээгүй тогтоох зэрэг ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах ба мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянаагүй гэж үзэх бөгөөд шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж шүүх үзлээ. Иймд яллагдагч *******, нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч *******, нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Цогтмагнай бичсэн эсэргүүцэлдээ: “...1. Прокуророос хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаахдаа хэргийн оролцогч нарын гаргасан хүсэлт, гомдлын дагуу бус зэргийг хянаад хэрэгт шалгавал зохих асуудлыг дутуу шалгаж, нотолбол зохих байдлыг тал бүрээс, бүрэн тогтоогоогүй гэж дүгнэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцааж, прокурорын тогтоолын дагуу холбогдох мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн. Харин мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд хэрэгт хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт гомдлын тухайд өмгөөлөгч Л.Чинбатаас 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах хязгаарлалт тогтоолгох агуулга бүхий хүсэлт, гомдлыг хяналтын прокурор болон дээд шатны прокуророос хүлээн авахаас татгалзсан,

Мөн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах хязгаарлалт тогтоолгох, яллагдагч нарын эд хөрөнгийг битүүмжлэх, “***” ХХК болон хохирогч ******* нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, яллагдагч нарыг иргэний хариуцагчаар тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг прокуророос хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ба дээрх шийдвэрүүдэд гомдол гаргаагүй болно.

2. Гэрч гийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар яллагдагч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр газар шорооны ажил буюу барилгын суурь ухаж өгөн түүндээ бартер болгож “******* ” хотхоны *** дүгээр байрны *** давхрын *** м.кв талбайтай 4 өрөө байр орон сууц болон “***” хотхоноос 2 ширхэг автомашины зогсоол өгөхөөр 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан боловч тэрээр дээрх байраа 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бусдад шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл хохирогч *******гийн байрыг бусдын өмчлөлд шилжүүлэн хүлээн авах цаг хугацаанд буюу 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дээрх байр нь бусдын өмчлөл, эзэмшилд шилжсэн болно.

Шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаагаас гадна хэрэгт мөрдөн шалгах бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэн, нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон тул шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх бүрэн боломжтой.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч *******ын өмгөөлөгч Ю.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэг гарснаас хойш 4 жил гаран болсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай нотлогдон тогтоогдоогүй. *******тай хамт ажиллаж байсан Буд захирал, Дайчинхүүг асуух зэргээр нэмэлт ажиллагаа хийлгэх тухай прокурорын 3 удаагийн даалгаврыг мөрдөгч биелүүлээгүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд хэрэгт хийгдвэл зохих ажиллагаануудыг хийх шаардлагатай гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, хохирогч *******ий гомдолд байрны м.кв зөрүүтэй байдаг. Мөн хэрэгт байрны м.кв, хаалганы тоотын зөрүүтэй нөхцөл байдлууд байдаг. Энэ нь ямар хэмжээний, хаана байрлах байр гэдгийг тогтооход хамааралтай тул шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Яллагдагч ын өмгөөлөгч Д.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн шатнаас яллагдагч ын өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокуророос ыг гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл энэ гэмт хэрэгт гүйцэтгэсэн үүрэг, оролцоо тодорхойгүй байхад оролцогчийн эрхийг зөрчиж, үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанд гомдолтой байна. Прокурор эсэргүүцэлдээ ын үйлдлийн талаар огт дурдаагүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Надад 120 м.кв байр өгнө гэсэн боловч түүнд огт байр байгаагүй. 100 айлын байранд м.кв-ын зөрүү байхгүй. Тухайн үед байранд үнэлгээ хийлгэхэд 146.000.000 төгрөг болсон. Хэрэг шийдвэрлэгдэхгүй 3, 4 жил болж байна. Байрны м.кв-ын зөрүү хэрэгт ямар ч хамааралгүй. ******* нь надтай наймаа тохирохоос 1 жилийн өмнө нэг байраа үеэлдээ, нөгөө байраа таньдаг хүндээ өгсөн байсан. Өөрт нь байр байхгүй байхад надтай гэрээ байгуулсан...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Прокуророос яллагдагч *******, нарыг бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, ын гудамж, “******* ” хотхоны 119м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 200,000,000 төгрөгөөр үнэлэн, хохирогч *******гийн өмчлөл, эзэмшлийн Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, /***/ цагдаагийн гудамж, *** дугаар байрны *** тоот, 96.69м2 байрыг 140,000,000 төгрөгт, мөн түүний “***” загварын автомашиныг 80,000,000 төгрөгт тус тус үнэлэн солилцоно” гэж хуурч Сүхбаатар дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх *** давхарт үйл ажиллагаа явуулдаг нотариатч аар худалдах, худалдан авах 1221 дугаартай гэрээ байгуулан батлуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, *******гийн Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, /***/ цагдаагийн гудамж 103 дугаар байрны 33 тоотод байрлалтай 146,968,800 төгрөгийн үнэлгээ бүхий 96.69 м.кв талбай 3 өрөө байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, нийт 146,968,800 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцэж, “яллагдагч нарын тухайн гэмт хэргийг үйлдэхэд оролцсон үүрэг оролцоо, гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг бүрэн нотлоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нараас гаргасан үндэслэл бүхий хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоолд дурдсан ажиллагааг хийгээгүй үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд төдийгүй хэргийн үйл баримтыг үнэн зөв, эргэлзээгүй тогтооход чухал ач холбогдолтой байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь хэргийн 44 дэх талд яллагдагч *******, хохирогч ******* нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байх ба уг гэрээгээр 30 сая төгрөг болон Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, *** гудамж *** хотхоны 209 дүгээр байрны *** тоотын 119 мкв 3 өрөө захиалан бариулах гэрээтэй орон сууцыг хохирогчийн Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, цагдаагийн гудамж *** байрны *** тоот 96,69 мкв 3 өрөө орон сууцны төлбөрт шилжүүлэхээр тохиролцож, нотариатчаар баталгаажуулжээ.

Гэтэл Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, ***ын гудамж *** хотхоны *** дүгээр байрны *** тоотын 119 мкв 3 өрөө бодит байдалд бий эсэх, бий бол тухайн байрны эзэмшигч, өмчлөгч хэн болох, эсхүл тухайн орон сууц дээр дурдснаар захиалан бариулах гэрээтэй бол уг гэрээг яагаад хэрэгт хавсаргах боломжгүй талаар болон улсын бүртгэлийн байгууллагад холбогдох бүртгэл хийгдсэн эсэхтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, прокуророос яллагдагч *******ыг 2019 онд Бат сарай ХХК-иас авч хохирогчид өгнө гэж тохиролцсон Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, ***ын гудамж “***” хотхоны 119 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц нь өөрийнх нь өмчлөл, эзэмшилд шилжин ирэх боломжгүйг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд ирнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчийн эд хөрөнгийг залилсан, уг үйлдэлд яллагдагч ыг бүлэглэн оролцсон гэж ялласан атал дээрх үйл баримтыг бүрэн, эргэлзээгүй тогтоох ажиллагааг хийж гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Хавтас хэргийн 173 дахь талд Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг байх боловч хэргийн үйл баримт буюу худалдах, худалдан авах гэрээнд тусгагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *** гудамж *** хотхоны *** дүгээр байрны *** тоотын 119 м.кв 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой баримт, мэдээлэл тусгагдаагүй болно.

Үүнээс гадна, тухайн гэрээнд заагдсан 30 сая төгрөгийг хохирогч *******д хүлээлгэн өгсөн эсэхийг болон хохирогчийн өмгөөлөгч Л.Чинбатын хүсэлтэд дурдагдсан 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “***” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал *******, “***” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал гэж ******* нарын “******* ******* хотхоны газар шорооны ажил, барилгын суурь ухах ажлын гэрээг байгуулж, ажлын хөлсөд бартераар орон сууц, автомашины дулаан зогсоол авахаар тохиролцсон гэрээ, үүнтэй холбоотой нотлох баримтыг нэг мөр шалгаж тогтоож, шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэг авах ажиллагааг хийх нь зүйтэй байна.

Иймд, хэргийн оролцогчдын нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр гаргасан хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсэн прокурорын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 81, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 222 дугаартай тогтоолууд болон заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэхээр мөрдөн байцаалтын хугацааг сунгаж байсан тогтоолуудад заасан ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй, хамтран оролцсон үүрэг оролцоо, гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэрийг шалгаж тогтоогоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Дээрх ажиллагаануудыг хийснээр гэмт хэргийн үйл баримт, хэрэгт холбогдсон этгээдүүдийн үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго, шалтгаан нөхцөл, гэмт хэргийн бодит хохирол, хор уршгийг нарийвчлан тогтоох, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан, нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар бүрэлдсэн байх шаардлагатай ба түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах суурь нөхцөл бүрдэнэ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/615 дугаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Цогтмагнайгийн бичсэн “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/615 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Цогтмагнайгийн бичсэн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                     Т.ШИНЭБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                     С.БОЛОРТУЯА