| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/03595/И |
| Дугаар | 191/ШШ2025/05944 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/05944
| 2025 7 07 | 191/ШШ2025/05944 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоотод оршин байрлах, Омнишиппинг ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай,тоот хаягт оршин байрлах Дельта элеватор ХХК-нд холбогдох
Гэрээний үүрэгт 30,084,468.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Омни Шиппинг ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдан олон улсын тээвэр зуучийн үйлчилгээ эрхлэн явуулдаг байгууллага юм. Дельта элеватор ХХК-тай 2023 оноос эхлэн хамтран ажиллаж байсан 2024 оны 06 сарын 19-нд Дельта элеватор ХХК-тай Тээврийн зуучийн үйлчилгээний 2023/51 дугаартай гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу 2023, 2024 онд Дельта элеватор ХХК нь нийт 7 удаагийн тээвэр зуучийн үйлчилгээ авч, ачаа бараагаа Улаанбаатар хотод ирсэн даруйд хүлээн авч байсан. Дельта элеватор ХХК-тай 2024 оны 08 сарын 16-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж төлбөрийн үлдэгдэл 5,782.3 ам.доллар гэж тооцон тооцоо нийлснээс хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон ч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд үндсэн төлбөрт 5,782.3 ам.доллар, гэрээний 3.2-т заасны дагуу алданги 2,891.15 ам.доллар нийт 8,673.45 ам.доллар болох нийт 30,084,468.46 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Бид хэлцлийн журмаар шийдэхийг хичээж Дельта элеватор ХХК-нд хугацаа өгөн удахгүй төлөх албан хүсэлт, нэхэмжлэл гаргасан боловч төлбөрийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа учир Хариуцагч талтай байгуулсан 2023/51 дугаар Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээний дагуу алданги тооцон 2023, 2024 оны тээврийн нийт үлдэгдэл төлбөр болох 30,084,468.46/ гучин сая наяан дөрвөн мянга дөрвөн зуун жаран найман төгрөг дөчин зуургаан мөнгө/ төгрөгийн хохирлыг барагдуулан өгнө үү. Манай компанийн зүгээс боломжит байдлаар туслалцаа үзүүлж хугацаа өгч, алданги тооцохгүйгээр төлбөрийг авах боломжит хугацаа өгч байсан болно. Гэвч энэ манай компанийн цаашдын үйл ажиллагаанд нөлөөлж байна. Иймд бидний ажилд туслалцаа үзүүлж, яаралтай шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлдог. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байдаг. 2024 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Тээвэр зуучлалын гэрээ байгуулсан гэж дурддаг боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2023 онд байгуулсан гэрээ байгаа. 2023 оноос хойш өнөөдрийг хүртэл тээвэр зуучийн үйлчилгээтэй холбоотой гэрээний харилцаа явсан. Гэрээний харилцааны шатанд манай тал нийт 137,609,391 төгрөг төлсөн. Тооцоо нийлсэн акт дээрээс үзэхэд нэхэмжлэлийн үндсэн төлбөр 94,000,000 төгрөг, гэтэл манай тал өөрөө 105,000,000 төгрөгийг гэрээний үндсэн төлбөрт төлж барагдуулсан. Нэхэмжлэгч талын тооцож байгаа 5,782.3 ам.доллар нь алдангиас үлдсэн үлдэгдэл. Гэтэл алдангиас үлдсэн үлдэгдлээс дахин алданги тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тооцоо нийлсэн акт дээр тооцооллоос харахад 94,963,178 төгрөг, төлбөл зохих алданги нь 29,592,500 төгрөг гэж байгаа. 124,000,000 төгрөгтэй холбоотой мөнгө шаардаж ёстой байтал манай тал 137,000,000 төгрөг төлж, нэхэмжлэлийг давуулан биелүүлж мөнгө шаардаж байгаа тул манай талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнтэй холбоотойгоор үндсэн нэхэмжлэлийн шаардлагад зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Тооцоо нийлсэн акт дээрх алдангийг хэрхэн үндсэн төлбөр болгон хохирол гэж шаардаж байна вэ, алдангийн тооцооллоос яагаад дахин алданги тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээний зүйл заалтыг дахин зөрчиж байна. Гэрээний 3.1, 3.2-т үндсэн төлбөртэй холбогдуулан алданги тооцно гэж заасан. Мөн хуульд анз гэдэг нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцдог. Гэтэл гэрээний үүргийн үнийн дүн биелэгдсэн байхад гэрээний үүргийн үнийн дүн биелэгдээгүй байдлаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Иргэний хуулийн аль зүйл заалтаар шаардах эрхээ тодорхойлж байгаа нь хэлэлцүүлгийн шатанд тодорхой болох байх. Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн 4 хуудас дансны хуулга дээр 32,609,391 төгрөг, сүүлд 105,000,000 төгрөг төлж, нийт 137,609,391 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс 2023 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 2023/51 дугаартай Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээ, Омнишиппинг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Тооцоо нийлсэн №1 акт, Дельта элеватор ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 02-16/24 дугаартай албан бичиг, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн нэхэмжлэх,
Хариуцагчаас Дельта элеватор ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 8 дугаар сарын 20, 2023 оны 10 дугаар сарын 24, 2024 оны 02 дугаар сарын 20, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн цахим гүйлгээний баримт, Автомашин хүлээлцэх актыг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Омнишиппинг ХХК нь хариуцагч Дельта элеватор ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 30,084,486.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
1.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2023 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 2023/51 дугаартай Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээний дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл 5782.3 ам доллар, алдангид 2891.15 ам доллар нийт 8673.45 ам доллар буюу 30,084,468.46 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
1.3. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... гэрээний дагуу нийт үндсэн төлбөр 94,963,178 төгрөг, алданги 29,592,500 төгрөг нийт 124,555,678 төгрөг төлөхөөс 105,000,000 төгрөгт автомашин, 24,3*******,7******* төгрөгийг мөнгөөр төлж нийт тооцооноос илүү төлбөр төлсөн байхаас гадна алдангиас алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
1.4. Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Зохигч талуудын хооронд 2023 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 2023/51 дугаартай Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Зууч Омнишиппинг ХХК нь үйлчлүүлэгч Дельта элеватор ХХК-ийн захиалгаар Монгол улсын нутаг дэвсгэрт орж, гарах экспорт, импортын тээврийг зохион байгуулж зуучийн үйлчилгээ үзүүлэх, үйлчүүлэгч нь өөрийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах, хөлс төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байхаас гадна талууд гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна. /х.х ийн 3-6 дахь талд/
Гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, агуулга зэргээс үзвэл Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасан худалдааны зуучлагчийн гэрээний агуулгад нийцэж байна.
Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ. гэж зааснаар талуудын хооронд худалдааны зуучлагчийн гэрээний үүрэг харилцан үүссэн байна.
3. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлсэн болон хариуцагч тээврийн хөлсөнд *******-******* УКУ улсын дугаартай ******* *******-F спорт загварын тээврийн хэрэгслийг 105,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэнтэй талууд маргаагүй харин талуудын маргааны зүйл нь нь нэхэмжлэгч 2024 оны 8 дугаар сарын 16 ны өдрийн Тооцоо нийлэх гэрээ-ний дагуу үлдэгдэл төлбөр болон уг төлбөрт гэрээний дагуу тооцсон алдангийг гаргуулна гэж хариуцагч нь 24,3*******,7******* төгрөгийг мөнгөөр төлсөн тул үлдэгдэл төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргасан. /х.х-ийн 50 дахь талд/
3.а. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Дельта элеватор ХХК-иас нэхэмжлэгч Омнишиппинг ХХК-нд 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ачаа хадгалалтын зардал, чингэлэг түрээсийн зардал гүйлгээний утгаар 519,999.75 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдөр КУ УБ тээврийн төлбөр ЭНСО, АРИГ гүйлгээний утгаар 16,673,160 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ША УБ тээвэр талбайн зардал Өгөөж өргөө, Тесоро гүйлгээний утгаар 550,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр КУ УБ тээврийн төлбөр Өхангай 2000 гүйлгээний утгаар 6,627,620 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
3.б. Талуудын хооронд 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Тооцоо нийлсэн №1 актыг үйлдсэн байх ба уг актад ... Тус хоёр байгууллагын хооронд 2023 оны 01-р сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дуустал хугацаанд төлсөн төлбөр, өгч авалцсан барааг хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй хурааангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн шүүж үзэхэд Омнишиппинг ХХК-нд тээвэр зуучийн үйлчилгээний төлбөрийн төлбөл зохих үндсэн төлбөр болох 28,0******* ам доллар буюу 94,963,178 төгрөг, үүний алданги 12,037,50 ам доллар буюу 40,1*******,825 төгрөг төлөх ёстой алдангийн 27.3 хувь буюу 3,287.5 ам доллар буюу 11,118,325 төгрөгийг чөлөөлж, Нийт төлбөл зохих дүн 36,829 ам доллар буюу 124,555,678 төгрөг байна. Үүнээс 2016 онд үйлдвэрлэгдсэн сувдан цагаан өнгийн ******* ******* маркийн автомашиныг хоёр тал харилцан тохиролцсон 105,000,000 төгрөгөөр үнэлэн үндсэн төлбөр болох 28,0******* ам доллар буюу 94,963,178 төгрөг, алдангиас 2,967.7 ам доллар буюу 10,036,822 төгрөгийг тус тус хаав. Зөрүү үлдэгдэл 5,782,3 ам доллар буюу 19,555,678 төгрөгийг нэг сарын хугацаанд төлж барагдуулахыг харилцан батлав гэжээ. /х.х-ийн 40 дэх талд/
4. Хэрэгт авагдсан уг баримтуудаас үзэхэд талууд гэрээний дагуу үйлчлүүлэгчийн төлбөл зохих төлбөрийн талаар тооцоо нийлсэн байх бөгөөд уг тооцоо нийлэхээс өмнө хариуцагч нь нэхэмжлэгчид 24,3*******,7******* төгрөгийг дансаар шилжүүлсэн байх боловч цаг хугацааны хувьд тооцоо нийлэхээс өмнө төлсөн төлбөрийг үндэслэн төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй байна.
4.а. Тооцоо нийлсэн актад ... үндсэн төлбөр болох 28,0******* ам доллар буюу 94,963,178 төгрөг, алдангиас 2,967.7 ам доллар буюу 10,036,822 төгрөгийг тус тус хаав. Зөрүү үлдэгдэл 5,782.3 ам доллар буюу 19,555,678 төгрөгийг нэг сарын хугацаанд төлж барагдуулахыг харилцан батлав гэсэн байх тул үндсэн төлбөрийг хариуцагч бүрэн барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, талуудын тооцоо нийлсэн актад үндсэн төлбөрийг 28,0******* ам доллар буюу 94,963,178 төгрөг гэж тооцоо нийлж, уг үндсэн төлбөрийг хаасан байх тул үлдэгдэл 5,782.3 ам доллар нь хариуцлагын үүрэг буюу алданги гэж үзэхээр үндэслэлтэй байхаас гадна алдангиас алданги нэхэмжилж байгаа гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
4.б. Талууд хооронд байгуулсан гэрээний 3.2-т Зуучийн нэхэмжилсэн тээврийн хөлс болон бусад нэмэлт зардлыг энэхүү гэрээний 3.1-д заасан хугацаанд төлөх ба заасан хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих мөнгөн дүнгийн 0.5 хувиар зуучид алданги төлнө гэж заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,782.3 ам долларт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 2891.15 ам долларт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-т Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэж, 218 дугаар зүйлийн 218.1-т Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан.
Иймд 5,782.3 ам долларыг нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны ханшаар тооцож 20,056,312.3 төгрөгийг хариуцагч Дельта элеватор ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Омнишиппинг ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10,028,156 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваариалсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Дельта элеватор ХХК-иас 20,056,312.3 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Омнишиппинг ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10,028,156 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,373 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дельта элеватор ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 258,231 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Омнишиппинг ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ