Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 129

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018         05            03                                                     2018/ШЦТ/129

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Б.Догмиддорж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд, шүүгдэгч Б.М, хохирогч С.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Б.М холбогдох эрүүгийн 1821001400085 дугаартай хэргийг 2018 оны 04 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, регистрийн дугаартай, И овогт БМ..

 

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр  байрны 07 тоотод иргэн С.Цэцэгмаагийн нүүрэн тус газарт мөргөж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч С.Цэцэгмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 02 сарын 16-ны өдөр манай нөхөр 16 цагт ирнэ гэж надад амлаад найзуудтайгаа уулзахаар явсан. Харин 23 цаг болж байхад манай нөхөр гэртээ ирэхгүй болохоор нь би нөхрийнхөө байгаа айл руу очсон. Тэгээд намайг очиход манай нөхрийн найзууд нь “яах гэж ирсэн юм гээд” надад уурлаад ширээгээ балбаад байсан. Тэр айлын полкон дээр 2 хүүхэн гарчихсан орилоод байж байсан. Би нөхөртөө хандаж “одоо хоёулаа гэр рүүгээ явъя” гэж хэлэхэд манай нөхөр болох М нь уурлаад миний гар руу цохисон. Тэгэхээр нь би ийм олон эрчүүд байж  найз чинь хүн цохиод байхад аваач гэхэд М холдуулсан. Тэгээд байж байснаа М гэнэт уурлаад энийг гарганаа гээд надтай зууралдсан ба гэнэт намайг мөргөчихсөн. ...М эмчилгээний зардалд 151700 төгрөгийг, мөн хүүхдийн данснаас авсан14000000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 сарын 21-ний өдрийн 178 тоот дүгнэлтэд: “1. С.Цэцэгмаагийн биед тархи доргилт, баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтлүүд нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” /хх-ийн 38/ гэжээ.

-Гэрч Б.Ариунбүүвэйгийн мэдүүлэг /хх-ийн 25-26/

-Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 27-28/

-Шүүгдэгч Б.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-54/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 02 сарын 16-17-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 49 дүгээр байшингийн 07 тоотод хохирогч С.Цэцэгмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, биед тархи доргилт, баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтад хэргийн үйлдлээ хүлээн мэдүүлсэн: “...С.Цэцэгмаа маргаан үүсгээд тэнд байсан хүмүүс рүү дайраад, миний хувцаснаас зуураад тавихгүй байхаар нь тавиулах үйлдэл хийх үед бид мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53/, түүнийг давхар нотолж баталсан хохирогч С.Цэцэгмаа мөрдөн байцаалтад өгсөн: “...Би нөхөртөө хандаж “одоо хоёулаа гэр рүүгээ явъя” гэж хэлэхэд манай нөхөр болох М нь уурлаад миний гар руу цохисон. Тэгээд байж байснаа М... энийг гарганаа гээд надтай зууралдаж байхдаа гэнэт намайг мөргөчихсөн...Тэгтэл баруун нүд рүү халуун оргиод янгинаад явчихсан ба бондойгоод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24/, гэрч Б.Ариунбүүвэйгийн өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 16-нд Цагаан сарын шинийн нэгний өдөр байх шиг санаж байна, бага ангийхнаараа манайд цугларсан юм. Тэгэхэд манай ангийн Мөнх-Эрдэнэ, түүний ах Мөнхөө, Агаржин бид хэд уулзчихаад байж байхад Мөнх-Эрдэнэ, М дуудъя гээд М руу залгахад М очлоо гэсэн ...Тэгээд удаагүй М аваад ирсэн ба бид хэд манай жоохон уунгаа дуулж сууж байсан чинь шөнийн 00 цагийн орчимд байх шиг санаж байна. М эхнээр орж ирээд М муудалцаж эхэлсэн, бид хэд ч болохгүй бол М яв гэсэн боловч тэр 2 гарахгүй хэрүүл хийгээд байсан. Тэгж маргалдаж байгаад М ... эхнэрээ мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...М энхэр өөрөө согтуу орж ирээд уурлаад тэр хавиар өрөө шалгаж бахираад байсан ба М хардаад эмэгтэй хүн байсан гээд бахираад тэр 2 маргалдаад байсан. Тэгээд санамсаргүй М тонгойхдоо эхнэрээ мөргөчихсөн...”  гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 сарын 21-ний өдрийн 178 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч С.Цэцэгмаад учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.М хохирогч С.Цэцэгмаагийн нүүрэн тус газарт санаатай мөргөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Ариунбүүвэй,  Б.Мөнх-Эрдэнэ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 сарын 21-ний өдрийн 178 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  450000 /дөрвөн зуу тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.        

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдлаанд хохирогч С.Цэцэгмаа нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 151700 төгрөг, хүүхдийн хадгаламжийн мөнгөнөөс авсан 1400000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нь 2018 оны 4 сарын 4-ны өдөр хохирлын мөнгө 500000 төгрөгийг дансаар /хх-ийн 100/ хохирогч С.Цэцэгмаад шилжүүлсэн байх ба хохирогч нь шүүх хуралдаанд энэ мөнгийг авсан, өөр юманд зарцуулсан гэж байх тул хохирогчийн нэхэмжилж байгаа эмчилгээний зардлаас хасаж тооцоход 101700 төгрөг болж байх ба энэ мөнгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч С.Цэцэгмаад олгохоор шийдвэрлэв.

Харин хүүхдийн хадгаламжийн мөнгө 1400000 төгрөгийг гаргуулах  нэхэмжлэл нь эрүүл мэндийн гэм хорын хохиролд буюу өөрөөр хэлбэл, эмчилгээний зайлшгүй зардалд хамаарагдахгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байх бөгөөд энэ нэхэмжлэлийн талаарх нотлох баримтаа бүрдүүлсэн тусад иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхтэй эрхтэйг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч нь хохирогчид төлбөртэй байх тул түүний эзэмшлээс 220000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс-5” маркийн гар утсыг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 3 сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр нь үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

 

1. Шүүгдэгч И овогт Б М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б М 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуу тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М  орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.М эмчилгээний зардалд 101700 /нэг зуун нэг мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Цэцэгмаад олгож, харин хүүхдийн хадгаламжийн мөнгө 1400000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6.Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг буцаан олгож, шүүгдэгчийн эзэмшлээс Самсунг эс-5 маркийн гар утсыг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 3 сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр нь үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ЭНХБААТАР