Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/504

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор Р.Очирсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баттөгс,

шүүгдэгч *******ын өмгөөлөгч Л.Амартогос,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/503 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 2408000000002 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овгийн ийн , 1969 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа дуудлагын засварчин ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *******ын *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, *******ын *** дугаар гудамж *** тоотод байрлах гэртээ хохирогч *******ийг “гэрийн түлхүүр алга болгосон” гэх шалтгааны улмаас зүүн талын хөмсгөн тус газарт гараараа цохиж арагш унаган, гавал тархины битүү гэмтэл учруулан хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *******ы 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн амь хохирогч *******ийн биед учирсан гэмтэл, үхлийн шалтгааныг тогтоолгохоор шинжээч томилсон тогтоолын 1 дэх асуултаар амь хохирогчид учирсан гэмтэл ямар хүчин зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх эсэх, мөн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 200 дугаартай дүгнэлтэд шинжээчид тогтоолгохоор тавигдсан асуултууд гэх хэсэгт “...ямар хүчин зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна вэ...” гэж тусгажээ. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн талаарх асуултад хариулаагүй, дүгнэлтийг дутуу хийсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтэд дараах зүйлийг тусгана”, 18.1.9-д “шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариулт, түүний үндэслэл” гэж тус тус хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, шинжээчид тавьсан асуулт бүрийг дүгнэлтийн агуулгад тусгах, түүний үндэслэлийг тайлбарлахыг хуулиар үүрэг болгосон байхад хэрэгт ач холбогдол бүхий асуултад хариулаагүй, үндэслэлийг тайлбарлаагүй нь дээрх хуулийг зөрчсөн зөрчил мөн.

Түүнчлэн, шинжээчийн 200 дугаар цогцост хийсэн “...талийгаач *******ийн зүүн чамархай ясны ар талд пирамид хэсгээс урагш суурийн дунд хонхор, арагш зүүн зулай ясны ар хэсгээр лямбда заадал руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун зулай ясны шугаман хугарал, тархины хоёр талын чамархай, зулай, баруун чамархайн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа (60.0 грамм), их тархины хоёр талын зулай, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины хатуу хальсны цус харвалт, тархи дарагдалт, зүүн хөмсөгний няцарсан шарх, эрүүнд зулгаралт, зүүн дух, чамархайн хуйхны дотор гадаргуу, хоёр чамархайн гавлын шар хальс, баруун чамархайн булчинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон.

Яллагдагч ******* нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “...баруун гараа атгаж байгаад зүүн хөмсөг рүү нь нэг удаа цохиход сууж байсан сандлаасаа хойшоогоо савж унасан...” гэж, яллагдагчаар дахин өгсөн “...зүүн нүдний хөмсөг хэсэг рүү 1 удаа цохисон бөгөөд Бат-Эрдэнийн зүүн хөмсөгнөөс цус гарсан ба ******* тухайн үед сандал дээрээс унаагүй бөгөөд ******* босоод цусаа арчаад тухайн цус нь тогтсон юм. ...Би тухайн үед сандарсан байсан учраас тул тийм мэдүүлэг өгсөн юм...” гэсэн мэдүүлэг авагдсан нь амь хохирогчийн гэмтэл ямар хүчний үйлчлэлээр үүссэн, мөн амь хохирогчийн зүүн хөмсөг хэсэгт цохиход шинжээчийн дүгнэлтэд дурдсан гавал, тархины гэмтэл нь нэг цаг хугацаанд хүчдэлтэй болон хүчдэлгүй савж унах, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн №25  дугаарт авагдсан “сандал”-аас савахад алинд нь үүссэн боломжгой зэрэг нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн цогцост дахин шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэв.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “яллагдагчид...өмгөөлөгчид шинжилгээ хийлгэх шийдвэрийг танилцуулна.” гэж, 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шинжээчийн дүгнэлт, эсхүл дүгнэлт гаргах боломжгүйг мэдэгдсэн түүний тайлбар, шинжээчээс авсан мэдүүлгийн тэмдэглэлийг холбогдох оролцогчид танилцуулна.” гэж тус тус дурджээ.

Тухайлбал, яллагдагч *******ын 10 хурууны дардас, 2 гарын арчдасаас дээж авч, шинжилгээ хийлгэхээр тогтоол үйлдсэн боловч яллагдагчид танилцуулаагүй, мөн шинжээч эмч *******аас 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлэг авсан тэмдэглэлийг яллагдагчид танилцуулаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогч нарт шинжээч томилох шийдвэр, шинжээчээс авсан мэдүүлэг зэргийг танилцуулахыг хуулиар үүрэг болгож, тэрхүү эрхээ эдэлснээс яллагдагч нь ямар асуудлаар шинжилгээ хийлгэсэн эсэх, шинжээчид нэмэлт асуулт тавих, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх зэрэг эрхийг баталгаатай эдлэх ёстой боловч уг эрхийг эдлүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна.

Дээр дурдсан ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагаанд нэмж хийлгэх нь хэргийн нөхцөл баидлыг бодитоор тоггоох, тоггоогдсон нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг хөдөлбөргүй тоггоохын зэрэгцээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журам шаардпагын хүрээнд явуулахад чухал ач холбогдолтой гэж дүгнэн, яллагдагч *******т холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Р.Очирсүрэн бичсэн эсэргүүцэлдээ “...Амь хохирогчийн биед шинжилгээ хийсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч *******ыг гаргасан дүгнэлттэй холбогдуулан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг авахад /хх-ийн 127-р талд/ ”...Талийгаачийн зүүн чамархай ясны ар талд пирамид хэсгээс урагш суурийн дунд хонхор, арагш зүүн зулайн ясны ар хэсгээр лямбда заадал руу үргэлжилсэн шугаман хугарал бүхий гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зүүн чамирхай тус газар цохигдох мөн тухайн хэсэг газраа хавтгай өргөн гадаргуу дээр унах, цохигдох зэрэг үйлдлийн улмаас үүсэх боломжтой. Тухайн гэмтэл авснаас хойш тархи дарагдаж комын байдал ухаангүй болох хүртэл үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Чамархай ясны ар талд пирамид хэсгээс урагш суурийн дунд хонхор, арагш зүүн зулайн ясны ар хэсгээр лямбда заадал руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун зулай ясны шугаман хугарал, тархины хоёр талын чамархай, зулай, баруун чамархайн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины хоёр талын зулай, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины хатуу хальсны цус харвалт, тархи дарагдал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн хөмсөгний няцарсан шарх, эрүүнд зулгаралт, зүүн дух, чамирхайн хуйхны дотор гадаргуу, хоёр чамирхайн гавлын шар хальс, баруун чамирхайн булчинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэж гаргасан дүгнэлттэйгээ холбогдуулан мэдүүлэг өгсөн ба хэргийн яллагдагч *******ын өгсөн “...Тэгээд би “чи яагаад мэддэггүй юм” гэж уурлаад баруун гараа атгаж байгаад зүүн хөмсөг рүү нэг удаа цохиход ******* сууж байсан сандлаасаа хойшоогоо савж газар унасан ба босож ирэх үед хөмсөг нь сэтэрч цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 200 дугаар дүгнэлт зэргээр амь хохирогчийн биед ямар хүч үйлчилж, амь нас хохирсон болохыг тодорхой мэдүүлж, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон ба тухайн гэмтэл хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг дүгнэлт гаргасан шинжээч эмчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулан бусад байдлыг тодруулах боломжтой гэж үзэж байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж дууссаны дараа яллагдагч *******, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг байлцуулан хавтаст хэргийг танилцуулсан ба урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны явцад хурал даргалагч шүүгч, яллагдагч болон өмгөөлөгч нараас хавтаст хэрэгтэй бүрэн танилцсан эсэхийг тодруулж асуухад хавтаст хэрэгтэй бүрэн танилцсан гэдгээ үгээр бүрэн илэрхийлсэн болно, түүнчлэн яллагдагч мөрдөн байцаалтын явцад өөрийнх нь хурууны дардас гарын арчдасаас дээж авч энэ талаарх шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсаныг яллагдагч, түүний өмгөөлөгч нар танилцаж гарын үсгээ зурж танилцсан баримт хэрэгт авагдсан байна.

Нийслэлийн түргэн тусламжийн эмч *******ийг гэрчээр асуух зайлшгүй шаардлагатай. Тодруулбал, яллагдагч нь мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хохирогчийг савж унасан, унаагүй, гэрт, гадаа гэх мэтээр харилцан адилгүй мэдүүлэх ба хэргийн үйл баримтыг тогтооход дээрх ажиллагаа зайлшгүй шаардлагатай гэжээ. 

Хэргийн яллагдагч ******* нь өөрөө талийгаачийн нас барсан талаар түргэн тусламжийн 103-т өөрийн гар утсаар дуудлага мэдээлэл өгсөн энэ дагуу Нийслэлийн түргэн тусламжийн эмч ******* хэрэг гарч үйл баримт дууссаны дараа хэргийн газар ирж амь хохирогчид үзлэг хийж... амьсгал зүрхний үйл ажиллагаа бүрэн зогссон, хүүхэн хараа гэрлийн урвалгүй, эвэрлэгийн рефлекс үгүй, захад болон төвд пульс үгүй, нас баралт гэсэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчийн “Хүлээлцэх хуудас” үйлдэж гарын үсгээ зурж, тэмдгээр баталгаажуулсан баримт /Хавтаст хэргийн 2-р талд/ хэрэгт авагдсан ба яллагдагч *******ын өгсөн “...Тэгээд би “чи яагаад мэддэггүй юм” гэж уурлаад баруун гараа атгаж байгаад зүүн хөмсөг рүү нэг удаа цохиход ******* сууж байсан сандлаасаа хойшоогоо савж газар унасан ба босож ирэх үед хөмсөг нь сэтэрч цус гарсан байсан. Тухайн үед ******* надаас уучлалт гуйгаад “...би түлхүүрийг чинь олоод ирье, хашааны хаалганд зүүлттэй орхиод явсан байж магадгүй...” гэж хэлээд хөмсөгнийхөө цусыг 00-ын цаасаар дарж тогтоогоод, куртикээ өмсөөд гараад явсан юм. Тэгээд гэрт орж ирэхгүй 5-10 минут болсон тул энэ яагаад удав гэж бодоод гэрээсээ гараад хашааны үүдэнд очиход ******* хашааны том хаалганы баруун талд цасан дээр дээш харсан байдалтай хэвтсэн, хөдлөхгүй байхаар нь ******* гэж дуудаад нүүр рүү гараараа 2 удаа алгадахад хариу үзүүлэхгүй амьсгалахгүй байсан. Тэгээд би хоёр гараараа давхарлаж байгаад цээж хэсэг рүү нь 2-3 удаа дарж хиймэл амьсгал хийж, 2 суганаас нь сугадаж барьж аваад гэр рүү чирээд оруулсан ба цамцыг нь дээш цөхөж байгаад гараараа 2-3 удаа цээж хэсэг рүү нь дарж хиймэл амьсгал хийж амьсгалахгүй байхаар нь цэнхэр өнгийн алчуурыг норгоод цээжинд нь тавиад 103 дуудах гээд гэрээс гүйж гараад хашааны том хаалгыг нээчхээд 103-д дуудлага өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа 103, цагдаа нартай хамт ирсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 153-154-р талд/, хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар хэргийн газарт түргэний эмч ирэхэд амь хохирогч нь *******ын гэрт гал тогооны өрөө хэсгийн шалан дээр дээш харсан нас барсан байдалтай хэвтэж байсан болох нь тогтоогддог бөгөөд эмч *******ээс мэдүүлэг авах нь ач холбогдолгүй, шүүхийн шийдвэрт дурдсан савж унасан, унаагүй, гэрт, гадаа байсан эсэх талаар хэргийн үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтооно гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/506 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баттөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :

1. Амь хохирогчийн цогцост дахин шинжилгээ хийлгэх бодит үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь, хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 200 дугаартай шинжээчийн дүгнэлтээр талийгаач *******ийн цогцост зүүн чамархай ясны ар талд пирамид хэсгээс урагш суурийн дунд хонхор, арагш зүүн зулайн ясны ар хэсгээр лямбда заадал руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины хоёр талын чамархай, зулай, баруун чамархайн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /60.0 грамм/, их тархины хоёр талын зулай, бага тархины аалзан хальсан доторх цус харвалт, тархины хатуу хальсны цус харвалт тархи дарагдал бүхий хүнд гэмтэл учирсан байх ба талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан /хх 105-110/ нөхцөл байдал тогтоогджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг хууль журамд заасны дагуу эрх бүхий этгээд тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх бөгөөд дүгнэлт бүрэн бус, эргэлзээтэй, эсхүл шинэ нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн захирамжид заасан амь хохирогчид учирсан гэмтэл хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэх асуултад хариулаагүй, шинжээчийн дүгнэлтэд тусгаагүй гэсэн нь үндэслэлтэй боловч зөвхөн энэ үндэслэлээр амь хохирогчийн цогцост дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй байхаас гадна шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.

2. Нийслэлийн түргэн тусламжийн эмч *******ийг гэрчээр асуух зайлшгүй шаардлагатай гэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэргийн 2 дахь талд авагдсан баримтаар эмч ******* нь “амьсгал зүрхний үйл ажиллагаа бүрэн зогссон, хүүхэн хараа гэрлийн урвалгүй, эвэрэлийн рефлекс үгүй, захад болон төвд пульс үгүй, нас баралт” гэж хүлээлцэх хуудас үйлдэж гарын үсэг зурж, тэмдэгээр баталгаажуулжээ.

Өөрөөр хэлбэл, түргэн тусламжийн эмч ******* нь амь хохирогчийг нас барсны дараа дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт ирсэн баримт болон мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул тэрээр хэргийн үйл баримтын талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх гэрчид хамаарахгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн *******т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 173-175 тал/ 2023 оны 12 сарын 22-ны өдөр үйлдэгдэн мөн өдөр *******т танилцуулан мэдүүлэг авсан /хх-176-180/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэл, журам зөрчигдсөн гэж үзэхгүй бөгөөд яллагдагчаар татсанаас хойш түүнд цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, хавтаст хэргийн материалыг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус тус танилцуулсан /хх-115, 200 тал/ байна.

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлээс үзэхэд яллагдагч ***д холбогдох эрүүгийн хэрэгт хийгдсэн мөрдөн шалгах болон прокурорын хяналтын ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэл, журмын дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/503 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ. 

Яллагдагч *******т урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/503 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангасугай.  

2. Яллагдагч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АРИУНХИШИГ

                          ШҮҮГЧ                                                         Л.ДАРЬСҮРЭН

                          ШҮҮГЧ                                                         С.БОЛОРТУЯА