Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2022/00007

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00902/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1023 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь УГТХ-ийн *******ьд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 21,275,898 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай,

Хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* хэргийн оролцогч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч *******аас:

Миний бие ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь УГТХ-ийн *******ийн захирлын 2019.12.02-ны өдрийн Б/69 тоот ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зөрчсөн гэж үзсэн учир 2019 оны 12-р сарын 17-ны өдөр Дархан сумын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Уг нэхэмжлэл нь 3 шатны шүүхээр шийдвэрлэж, 2021.06.02-ны өдөр №001/ХТ2021/00586 дугаартай Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол гарсан тус тогтоолоор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.01 өдрийн 50 дугаартай магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Уг тогтоолд *******ыг ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь УГТХ-ийн *******ийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилох, нэхэмжилсний дагуу 2020.02.23-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж *******ад олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалд нөхөн тайлагнаж, нөхөн бичилт хийхээр шийдвэрлэсэн юм. Иймд түүнээс хойших 2020.02.24-ний өдрөөс 2021.09.30-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин болох нийт 21,275,898 төгрөгийг гаргуулж өгөх, нийгмийн даатгалд нөхөн тайлагнаж, шимтгэлийн нөхөн төлөлт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55-р тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу тооцож үзвэл нэг өдрийн дундаж цалин 48,958 төгрөг байна. 2019 оны 12-р сарын 05-ны өдрийн Б/76 тоот тушаалаар 12-р сард тухайн ажилтанд ажилласан хугацааны ээлжийн амралт 6 хоногоор бодогдож тайлагнагдсан. Иймд 12-р сард амралтын 6 хоног хасагдан 16 хоног ажилласнаар тооцогдоно. ******* нь нэхэмжлэлдээ 2021 оны 09-р сарын 30-ны өдрийг хүртэл цалинг бодож оруулсан. Гэтэл ажилд эгүүлэн авсан тушаал 2021 оны 09-р сарын 22-ны өдрөөр гарсан. Иймд 2019 оны 12-р сарын 10-наас 2021 оны 09-р сарын 21-ний хоорондох хугацааны цалинг тооцож үзэхэд нийт ажлын 442 хоног буюу 21,639,436 төгрөгийн цалин гарсан байна. Үүнээс НДШимтгэлд 2,488,535 төгрөг, ХХОАТатварт 1,519,090 төгрөгийг суутгасан ба 2021.09.23-нд урьдчилгаа болгон 3,333,680 төгрөгийг ДА. ШШГГазар 445-р хорих ангийн Төрийн банкны 140800158889 тоот дансруу шилжүүлсэн тул үлдэгдэл 14,298,131 төгрөгийг олгохоор байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1023 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь УГТХ-ийн *******иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор болох цалинд 16,657,785.33 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, 4,524,696 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийн, Нийгмийн даатгалын санд зохих ёсоор шимтгэлийг төвлөрүүлэхийг ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь УГТХ-ийн *******ьд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь УГТХ-ийн *******иас улсын тэмдэгтийн хураамжид 241,239 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрсөн.

2. Миний өмнө авч байсан үндсэн цалин, 20 хувийн нэмэгдэл, хоол унааны хөлс нийлээд 21,182,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ зөвхөн хариуцагчийн хариу тайлбарын хүрээнд шийдвэрлэж нэмэгдлийг үндэслэлгүйгээр хасаж зөвхөн үндсэн цалин 16,657,785 төгрөгийг хариуцагчаас гаргуулж зөвхөн үндсэн цалингаар нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийх шийдвэр гаргасан боловч нэмэгдэл цалинг хасаж шийдсэн нь намайг хохироосон шийдвэр болсон.

Мөн Би ажлаас чөлөөлөгдсөн өдөр хүртлээ захирал *******гийн 2019-09 сард гаргасан нэмэгдэл олгох тухай тушаалын дагуу 20%-ийн нэмэгдэл цалин болон хоол унааны нэмэгдлийг авч байсан.

Анх шүүхэд хандсан үеэс хариуцагч тал ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах маргаан дээр цалингийн нэмэгдэл 20%, хоол унааны нэмэгдэл дээр юу ч яриагүй, маргаан гаргаагүй учраас миний зүгээс нэмэгдэл цалингийн тушаалыг хариуцагчаас гаргуулах шаардлага үүсээгүй юм.

Миний бие ажилгүй байсан хугацааны цалингаа тооцохдоо Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.1, Засгийн Газрын 1994 оны 12 сарын 21-ний өдрийн дугаар 212 тогтоолын шимтгэл төлөх журмын 2-р хавсралтад зааснаар даатгуулагчийн төрөл №32-т: Хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн нь тогтоогдсон ажилтныг нөхөн тайлагнахдаа тухайн ажилтнаас шимтгэл суутгахгүй, зөвхөн ажил олгогчийн төлөх шимтгэлээр нөхөн тайлагнадаг журмын дагуу НД-ын шимтгэл суутгахгүй тооцсон болно.

Мөн 2020 оны 4-9-р сар нь ковидын үе учраас Монгол улсын Их хурлын 2020 оны 4-р сарын 9-ний өдрийн 21-р тогтоолын 2.1-д зааснаар ковидтой холбоотой ХХОАТ-аас чөлөөлсөн сарууд бөгөөд ковидын хөнгөлөлт дууссан саруудад хуулийн дагуу ХХОАТ суутган тооцсон болно.

Энэ тухай би анхан шатны шүүх хурал дээр хариуцагчаас ирүүлсэн тооцоонд буруу тооцон бүх шимтгэл татварыг суутгахаар тооцсон учраас дээрх тайлбарыг хэлэх гэсэн боловч ямар ч боломж олгоогүй. Мөн шийдвэрийн ТОГТООХ НЬ хэсгийн 2-т нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон гэж бичсэнийг хариуцагч тал дээрх хууль, журмыг зөрчин суутгах эрсдэл үүссэн учраас хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдсэн үндсэн цалин 16,657,785 төгрөг дээр 20%-ийн нэмэгдэл 2,824,696 төгрөг, хоол унааны нэмэгдэл 1,700,000 төгрөг нийт 4,524,696 төгрөгийг нэмж гаргуулж нийт ажилгүй байсан хугацааны цалинг 21,182,481 төгрөгөөр тооцож үүнээс ковидын хөнгөлөлт дууссанаас хойшхи ХХОАТ-т 1,215,481 төгрөгийг суутгаж 19,967,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн нийгмийн даатгалын шимтгэлд 21,182,481 төгрөгөөр нөхөн тайлагнуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд Дархан-Уул аймаг дахь УГТХ ийн *******ийн захирлын тушаалаар ажлаас халагдсан байдлаа шүүхээр шийдвэрлүүлж гурван шатны шүүхээр тогтоолгосон бөгөөд хяналтын шатны шүүхээр тогтоолгосон шийдвэрийн дагуу ажилд аваагүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилжээ.

Хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх хэргийг хуульд нийцүүлэн шийдвэрлэжээ.

Гэхдээ хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 болон 47 дугаар зүйлүүдийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байх хугацааны туршид тооцож олгоно гэсэн нь ажилтны хохирлыг ямар хэмжээнд барагдуулах талаар хуулиар тогтоосон заалт юм.

Цалин хөлс гэдэгт Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал урамшуулал хамрагдана.

Иймд энэ бүгдийг тооцож нэхэмжилсэн нэхэмжлэгчийн өргөдлийг хангаж шийдвэрлэх боломжтой байна.

Хариуцагч хариу тайлбар болон нотлох баримтаар мөнгөн дүнг няцааж чадаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Харин хоол болон унааны мөнгийг нэхэмжилснийг хангаж шийдвэрлээгүй анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн дотоод журмын дагуу олгодог хоол болон унааны мөнгө нь зөвхөн түүнийг ажил үүргээ гүйцэтгэж байх үед олгогдох хөнгөлөлт юм.

Иймд дээрх хөнгөлөлтийг ажиллаагүй үед авахаар нэхэмжлэх үндэслэл байхгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1023 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь УГТХ-ийн *******иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор болох цалинд 16,657,785.33 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, 4,524,696 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэснийг,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь УГТХ-ийн *******иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин 16,657,785.33 төгрөг, хөдөлмөрийн гэрээний дагуу нэмэгдэл цалин 2,824,696.3 төгрөг нийт 19,482,481.59 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, хоол унааны мөнгө 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь УГТХ-ийн *******иас улсын тэмдэгтийн хураамжид 241,239 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж гэснийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь УГТХ-ийн *******иас улсын тэмдэгтийн хураамжид 255,362 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА

                                                                                                                                      ШҮҮГЧ                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                      ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ