2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/06233

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 24 191/ШШ2025/06233

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ........................... давхарт байрлах, Н ББСБ ХХК /РД:0000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Э.Х /РД:0000000000/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Н ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Э.Х нь тус байгууллагаас 2022.04.07-ны өдөр 3Г000000000 тоот зээлийн гэрээ байгуулан сарын 3,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 4,800,000 төгрөгийн зээлийг Iphone-13 ProMax загварын гар утас худалдан авах зориулалтаар зээл авсан. Зээлдэгчийн зээлийг эргэн төлүүлэх зорилгоор утсан харилцаагаар холбогдон зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад өнөөдөр цалин орохоор зээлийн төлөлт хийнэ, Цалин ороогүй байна орохоор нь шууд хийнэ гэх мэт худал тайлбарыг удаа дараа хэлж зээлийн хугацаа хэтрэлтэд хүрсэн байсан. Э.Х нь 2022.07.02-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй байж байгаад 2024.09.07-ны өдөр 495,000 төгрөгийн зээлийн төлөлт хийж түүнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 215 хоног зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй байна. Зээлдэгчийн авсан зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор оршин суудаг гэх хаягийн дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг шүүхээс 2025.02.18-ны өдрийн 150/Ш32025/00191 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Одоогоор зээлдэгч хаа байгаа нь тодорхойгүй байх тул Э.Х-г эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2025.04.10-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,

-Улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 3 х/,

-......... аймгийн .......... сумын .......... дугаар багийн Засаг даргын 2025.02.18-ны өдрийн 88 тоот албан бичиг /хх-ийн 4 х/,

-Зээлдэгчийн анкет /хх-ийн 5 х/,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 6 х/,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 7 х/,

-2022.04.07-ны өдрийн ЗГ000000000 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, түүний хавсралт /хх-ийн 8 х/,

-Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 10 х/,

-Зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл /хх-ийн 11 х/,

-Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025.02.18-ны өдрийн 150/Ш32025/00191 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 12 х/,

-2024.12.19-ний өдөр П.Б-д олгосон итгэмжлэл /хх-ийн 13 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Х-г оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Н ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Д шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаанд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Х-гийн оршин суух хаягийг ................... тоот гэж тодорхойлсны дагуу Н ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 9,819,740.44 төгрөг гаргуулахаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд хандсан байна.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025.02.18-ны өдрийн 150/Ш32025/00191 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар Э.Х нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...оршин суудаггүй... гэх багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 12 х/,

 

Э.Х нь Н ББСБ ХХК-тай 2022.04.07-ны өдрийн ЗГ000000000 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 4,800,000 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Н ББСБ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Э.Х нь иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаанд тусгагдсан дээрх хаягт ...оршин суудаггүй... болох нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025.02.18-ны өдрийн 150/Ш32025/00191 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Н ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Д-ын шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд Н ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Х-гийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа аймгийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Э.Х /РД:0000000000/-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Э.Х-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа аймгийн Цагдаагийн байгууллага болох Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА