Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2018/ЦШТ/36

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий

Нарийн бичгийн дарга: А.Батцог  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Хишигсүрэн

Шүүгдэгч: Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Бат-Өлзий шүүгдэгч Б овогт Б-ийн Ц-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ял оногдуулах тухай прокурорын саналтай ирүүлсэн эрүүгийн 1827000410032 дугаартай, 146/2018/0031/Э индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мужааны ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг 2 дугаар хороо 2-32 тоотод оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн  2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Б-ийн Ц

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн 2 дугаар хорооны 2-32 тоотод байх гэртээ эхнэр Ө.Сг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ: Би хийсэн хэргээ хүлээж байна. Миний буруу хөнгөн ял оноож өгнө үү гэв.

Хохирогч Ө.Сгийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 03 дугаар сарын 07-ноос 2018 оны 03 дугаар сарын 08-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн 2 дугаар хорооны 2-32 тоотод байх манай гэрт болсон асуудал юм. Тэр шөнө унтаж байтал манай нөхөр Б.Ц согтуу гаднаас орж ирсэн. Хүүхдийнхээ кашийг чанаад сууж байгаад Б.Ц-т хоолоо идчихээд унтаж амар гэтэл пизда минь тэр зуны хойд айлын бандитай явахгүй юу гээд хий хардаад зодох гээд дайраад байсан. Би тийм зүйл байхгүй шүү дээ гэж хэлээд унтуулсан. Би хоёр хүүхэдтэйгээ унтаж байтал нөхөр Б.Ц шөнө гэнэт босож ирээд танай ах дүү нар намайг доромжилдог гээд намайг багалзуурдаад хоолой шахаад байхаар нь яаж байгаа юм бэ гээд босоод иртэл хүнтэй явдаг биздээ гээд дайраад байсан. Миний богино түрийтэй гутлаар толгой түрүүгүй цохиж, хоёр хөл рүү ээлжлээд өшигчөөд байсан. Тэгэхээр нь хууль чангарч байгааг мэдэж байна уу гэтэл хууль чинь яадаг юм би яаж л бол яаж гарна гээд байсан. Хоёр хөл, толгойны дух хэсэгтээ гэмтэл авсан...” гэжээ.  /хх-ийн 29-30 дугаар хуудас/

Гэрч Н.Г-ын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ө.Сгийнд очиход 2018 оны 03 дугаар сарын 07-нд зодуулсан гэж хэлээд цаашаа хараад уйлаад байсан. Түүний хоёр гуяны хоёр тал, хоёр өвдөгний доод талд нь хүрэн болтлоо зодуулсан байсан. Ил харагдах гэмтлүүд нь энэ байсан...” гэжээ.  /хх-ийн 34-35 дугаар хуудас/

2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3560 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ө.С-гийн биед тархи доргилт, зүүн бугалга, баруун гуя, шилбэ, зүүн гуянд цус хуралт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг...” гэжээ. /хх-ийн 40 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10, 11, 13, 20-21 дүгээр хуудас/

    Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 39 дүгээр хуудас/

    Шүүгдэгч Б.Ц-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн 2 дугаар хорооны 2-32 тоотод байх гэртээ эхнэр Ө.Сг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ө.С, гэрч Н.Г, шинжээчийн 3560 тоот дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Б.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

            Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байх ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

          Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн богино түрийтэй гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.

            Хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Б.Ц-ын өмчлөлийн Мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцох нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б-ийн Ц-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4. Шүүгдэгч Б.Ц цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 хос хөх өнгийн богино түрийтэй гутлыг хохирогчид буцаан олгож, шүүгдэгч Б.Ц-ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүйд тооцсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА