Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/496

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр  даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Бат-Амгалан,

хохирогч *******ийн өмгөөлөгч Ц.Монгол,

яллагдагч *******ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/397 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч *******ын өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан давж заалдах гомдол болон прокурор З.Бат-Амгалангийн бичсэн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр *******т холбогдох 2310034111929 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

овгийн ын *******, 1978 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү, эдийн засагч мэргэжилтэй, “***” ХХК-д захирал ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, “***” хотхоны *** дүгээр байрны *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:/,

******* нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хотхоны *** блокийн *** тоотод хохирогч *******тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь баруун гарын алганы 5 дугаар ясны хугарал, зүүн хацар, баруун даланд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч *******ийн “...хаалгыг онгойлгоход ******* гэх залуу зөвшөөрөлгүй дайрч орж ирээд ална чамайг гэж хэлээд миний зүүн шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг, гэрч гийн “...согтуу хүн нь ******* ээ би чамайг ална гээд орилж байхаар нь гар утсаа гаргаж ирээд бичлэг хийхэд чамайг *******тэй чинь хамт ална гэж айлган сүрдүүлсэн. ...” гэх мэдүүлэг, гэрч *******ийн “...архи уусан залуу нь би энэ *******ийг ална гээд сүүлдээ тухайн газарт ирсэн бүх хүнийг л та нарыг бол бүгдийг нь алж чадна шүү гэх мэтчилэн агсам согтуу тавиад байсан. ...” гэх мэдүүлэг, гэрч *******гийн “...тай ярихад “...******* хоёр долоо хоногийн дараа ирж бүгдийг нь ална гээд байна. ...” гэсэн. ...” гэх мэдүүлэг тус тус авагджээ. Мөн тухайн хэрэг хохирогчийн гэрт болсон буюу яллагдагч гэрт нь очиж хохирогчийн биед халдсан, улмаар ална, хоёр долоо хоногийн дараа ирж бүгдийг ална гэх утга агуулга бүхий мэдүүлгүүд авагджээ. Иймд гэмт хэргийн сэдэлт зорилгыг тогтоох, улмаар яллагдагчийн үйлдэлд заналхийлэх, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн зэрэг өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нэг мөр шалган тогтоох, нотолбол зохих ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар явуулж, яллагдагчийн үйлдсэн гэх хэргийг нэг мөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

2. Шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №11623 дугаартай дүгнэлтээр “хохирогч *******ийн биед баруун гарын алганы 5 дугаар ясны хугарал, зүүн хацар, баруун даланд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон, гэмтэл нь хүндэвтэр гэмтэлд хамаарна” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс “хохирогч ******* гарынхаа гипсийг авахад шөрмөс нь тасарсан байна” гэсэн онош гарсан, уг гэмтэл нь шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй, ямар гэмтэлд хамаарах эсэхийг тогтоолгох шаардлагатай байна гэсэн хүсэлтийг гаргах бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг нэг мөр шалган тогтоох нь хохирол, хор уршигтай шууд хамааралтай, улмаар хохирол нөхөн төлбөр тогтооход ач холбогдолтой юм. Мөн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд шүүх дүгнэлт өгөх боломжгүй байдлыг үүсгэх ба цаашилбал хэргийн зүйлчлэлд хамааралтай тул хохирлыг нэг мөр тогтоох шаардлагатай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, ...тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ.” гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, түүний өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулаагүй хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж зөрчсөн гэх гомдлыг хэлэлцүүлсэн бөгөөд уг асуудлыг анхаарах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан зөрчлүүдийг арилгах, шалгаж тогтоовол зохих бодит байдлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба хэргийг прокурорт очтол яллагдагч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Яллагдагч *******ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хяналтын прокурор болон мөрдөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлж, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн ба тус хэрэгт хийж гүйцэтгэх нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа байхгүй гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахмад нь хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах талаар мэдэгдэж, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаж, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус тус мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэх талаар, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн талаар прокурор “оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэх ...”-г хянах үүрэгтэй талаар тус тус хуульчилсан. Мөрдөгч хуульд заасан үүргээ биелүүлж, хэргийн оролцогчийн эрхийг хангаж, хохирогч, түүний өмгөөлөгчийг хавтаст хэрэгтэй танилцуулах талаар хэргийг прокурорт шилжүүлсэн өдрөөс 17 хоногийн өмнөөс эхлэн 3 удаа мэдэгдсэн байхад хохирогч, түүний өмгөөлөгч хэрэгтэй танилцаагүй байгаа дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс хохирогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн гарын шөрмөс тасарсан гэмтэл тогтоогдоогүй байх ба хохирогч энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд, прокурорын хяналтын шатанд гомдол, хүсэлт гаргаагүй. Мөн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх агуулга бүхий гомдлыг шат шатны прокуророос хянан шийдвэрлэсэн байдаг.

Түүнчлэн хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өөрт учирсан хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхийнхээ дагуу прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдсэний дараа хохирол нэхэмжилсэн байгааг яллах дүгнэлтэд тусгаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор З.Бат-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 1.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч *******ийн “...хаалгыг онгойлгоход ******* гэх залуу зөвшөөрөлгүй дайрч орж ирээд ална чамайг гэж хэлээд миний зүүн шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг, гэрч гийн “...согтуу хүн нь ******* ээ би чамайг ална гээд орилж байхаар нь гар утсаа гаргаж ирээд бичлэг хийхэд чамайг *******тэй чинь хамт ална гэж айлган сүрдүүлсэн. ...” гэх мэдүүлэг, гэрч *******ийн “...архи уусан залуу нь би энэ *******ийг ална гээд сүүлдээ тухайн газарт ирсэн бүх хүнийг л та нарыг бол бүгдийг нь алж чадна шүү гэх мэтчилэн агсам согтуу тавиад байсан. ...” гэх мэдүүлэг, гэрч *******гийн “...тай ярихад “...******* хоёр долоо хоногийн дараа ирж бүгдийг нь ална гээд байна” гэсэн. ...” гэх мэдүүлэг тус тус авагджээ. Мөн тухайн хэрэг хохирогчийн гэрт болсон буюу “яллагдагч гэрт нь очиж хохирогчийн биед халдсан, улмаар ална, хоёр долоо хоногийн дараа ирж бүгдийг ална” гэх утга агуулга бүхий мэдүүлгүүд авагджээ. Иймд гэмт хэргийн сэдэлт зорилгыг тогтоох, улмаар яллагдагчийн үйлдэлд заналхийлэх, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн зэрэг өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нэг мөр шалган тогтоох, нотолбол зохих ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар явуулж, яллагдагчийн үйлдсэн гэх хэргийг нэг мөр тогтоох нь зүйтэй гэж үзэж, прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч *******гийн “...******* нь манай гэрт 2 удаа ирж байсан ...9 дүгээр сарын 10-ны орой миний нөхөр ******* нь тэй маргааш ажил тараад уулзахаар тохирсон. ...07 цагт босоод байж байтал гэх утаснаас 07 цаг 35 минутад залгахаар нь автал “багшийн эхнэр байна, одоо ингээд очих гэж байна. Танайх яг хэдэн тоотод билээ гэхээр нь өнөөдөр ажил тараад уулзахаар тохирсон биш билүү манай нөхөр унтаж байна” гэж хэлээд ажилтай учраас усанд орохоор болсон. Тэгтэл миний охин тай холбогдож гэрийн хаяг авсан байсан. Намайг усанд орчихоод гараад ирэхэд буюу ирчихсэн манай нөхөр *******тэй уулзаж байхаар нь ажилтай байсан учир хувцсаа өмсөөд гэрээс гараад Гранд мэд эмнэлэг рүү явсан. Гэрээс гараад алхаад явж байхдаа ******* нь багштай байнга хамт явж байдаг учраас өөрийн утаснаас 08 цаг 15 минутад *******ын утас руу залгаж чи багштай хамт байсан уу, багш манайд ирчихсэн байна. Уг нь орой уулзалдана гэж та нар өчигдөр ярьсан юм биш үү гэж асуухад би гэртээ байна, юу болсон юм гэхээр нь уулзана гээд манай гэрт ирсэн байна. Би эмнэлэгт үзүүлэх гээд гараад явж байна. Орой уулзъя гэж байхад хар өглөө ирээд охин руу залгаад манай гэрт ороод ирлээ ямар учиртай юм бэ, би юу ч ойлгосонгүй” гэхэд ******* нь “ямар сонин юм бэ” гэж хэлээд “би учрыг нь олъё” гээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг, хохирогч *******ийн “хаалгыг онгойлгоход ******* гэх залуу зөвшөөрөлгүй дайрч орж ирээд ална чамайг гэж хэлээд миний зүүн шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар хохирогч *******ийн гэрт ******* нь урьд 2 удаа очиж байсан, танилын харилцаатай, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газарт гэрч *******гийн утсаар ярьсны дагуу очсон, хохирогч ******* хаалга онгойлгож өгсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагч *******ын үйлдэлд бусдыг заналхийлэх, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байна.

Мөн хохирогч ******* нь “намайг ******* нь ална гэж дайрсан” гэж мэдүүлдэг боловч түүний мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бусад нотлох баримтуудаар нотлогдоогүйгээс гадна “******* манайд ирж байгаагүй” гэх мэдүүлэг нь гэрч *******гийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

2. Шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №11623 дугаартай дүгнэлтээр “хохирогч *******ийн биед баруун гарын алганы 5 дугаар ясны хугарал, зүүн хацар, баруун даланд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон, гэмтэл нь хүндэвтэр гэмтэлд хамаарна” гэсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс хохирогч ******* гарынхаа гипсийг авахад шөрмөс нь тасарсан байна гэсэн онош гарсан, уг гэмтэл нь шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй, ямар гэмтэлд хамаарах эсэхийг тогтоолгох шаардлагатай байна гэсэн хүсэлтийг гаргах бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг нэг мөр шалган тогтоох нь хохирол, хор уршигтай шууд хамааралтай, улмаар хохирол нөхөн төлбөр тогтооход ач холбогдолтой юм. Мөн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд шүүх дүгнэлт өгөх боломжгүй байдлыг үүсгэх ба цаашилбал хэргийн зүйлчлэлд хамааралтай тул хохирлыг нэг мөр тогтоох шаардлагатай гэжээ.

Мөрдөн байцаалтын явцад хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоохоор мөрдөгчөөс шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдсэний дагуу Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн 11623 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “*******ийн биед баруун гарын чигчий хурууны алганы шивнүүрийн хугарал, зүүн хацар, баруун даланд цус хуралт гэмтэл... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсоныг хохирогч *******, түүний өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу дахин шинжээч томилж хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн 984 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “*******ийн биед баруун гарын алганы 5 дугаар ясны хугарал, зүүн хацар, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дахин дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байна.

Прокуророос хавтаст хэрэгт авагдсан баримтууд, тогтоогдсон үйл баримтын хүрээнд *******ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч *******ийн өмгөөлөгч Ц.Монголын ямар ч нотлох баримтгүйгээр “******* гарын гипсээ автал шөрмөс тасарсан байсан” гэсэн хүсэлт гаргасны дагуу хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэх заалтыг зөрчсөн байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөн мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, түүний өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулаагүй хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж зөрчсөн гэх гомдлыг хэлэлцүүлсэн бөгөөд уг асуудлыг анхаарах нь зүйтэй гэжээ.

Хавтаст хэрэгт ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад мөрдөн шалгах ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзэж хохирогч *******, түүний өмгөөлөгчид 2023 оны 11 дүгээр 21-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд буюу 17 хоногийн турш хэргийн материалтай танилцах талаар тус тус мэдэгдэж, хэргийн оролцогч нарыг хэргийн материалтай танилцах боломж, тэдгээрийн эрхийг хангаж ажилласан талаарх мөрдөгчийн тэмдэглэл, баримтууд авагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэргийг буруу тусгаарласан”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, “мөрдөн шалгах ажиллагааг явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэх үндэслэлүүд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байхад хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч *******ийн өмгөөлөгч Ц.Монгол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Бусдын орон байранд халдах, хүнийг орцонд нь зодох гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхүүдийг дээдлэх ёстой. Яллагдагч ял завших гэсэн, хохирол төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж байна. Төрийг төлөөлж байгаа этгээд Эрүүгийн хуулийг дээдэлж, хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой байсан. Мөрдөгчөөс хохирогч *******эд хэргийн материал танилцуулах талаар огт мэдэгдээгүй. Өмгөөлөгч надад мэдэгдсэн бөгөөд ******* эмчилгээнд явсан байсан тул ирэхээр нь танилцуулах гэсэн боловч хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан. Гомдол гаргасан хугацаанд шөрмөс тасарсан талаар эмчийн магадлагаа гаргаж өгсөн. Энэ гэмтэл нь хэргийн зүйлчлэлд хамаарах тул нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлт гаргахад прокурор хүлээж аваагүйд гомдолтой байна. Хавтаст хэргийн 163 дугаар хуудаст хохирогчийн хурууны шөрмөсний тухай баримт авагдсан. Гэтэл прокурор баримт байхгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн прокурорт гаргаж байсан хүсэлт, гомдол хавтаст хэрэгт авагдсан байхад яллагдагч *******ын өмгөөлөгчөөс хэрэгт авагдаагүй гэсэн нь ойлгомжгүй байна. Хохирогчид учирсан хохирлыг яллагдагчийн өмгөөлөгчөөс барагдуулна гэж тайлбар гаргадаг. Яллах дүгнэлт үйлдэхээс өмнө баримт гаргаж өгсөн боловч яллах дүгнэлтэд оруулаагүй. Яллагдагч ******* хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа гэж түүний өмгөөлөгчийн зүгээс ярьдаг боловч нэг ч удаа уучлалт гуйж байгаагүй. Анхан шатны шүүх нотлох баримтгүйгээр дүгнэлт хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хавтаст хэргийн 152, 153, 162, 163 дугаар хуудаст авагдсан баримтаар хохирогч *******ийн шөрмөс тасарсан нь тогтоогдсон. Шөрмөс тасарсан эсэх гэмтлийг шүүх хуралдаанд шинжээчийг асууж тогтоох боломжгүй. Хохирогч *******эд учирсан гэмтлийн зэргийг нэг мөр тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй, мөн бусдын орон байранд халдсан асуудлыг шалгах шаардлагатай гэж үзэж байна. Иймд, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар *******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос *******ыг 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ” хотхоны *** блокийн *** тоотод хохирогч *******тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь баруун гарын алганы 5 дугаар ясны хугарал, зүүн хацар, баруун даланд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх *******т холбогдох хэргийг хянан хэлэлцээд “...гэмт хэргийг ямар сэдэлт, санаа зорилгоор үйлдсэн, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн зэрэг өөр гэмт хэргийн шинж байгаа эсэх, хохирогчид учирсан шөрмөс тасарсан гэх гэмтэл шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй, ямар гэмтэлд хамаарах эсэх, хохирогч, түүний өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй ...” гэх үндэслэл зааж хэргийг прокурорт буцаажээ.

Хэрэгт гийн “... ******* гэх хүн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хохирогч гэх ******* нь “наад хүн чин миний гарыг мушгиад хугалчихлаа. Та нар наадхаа аваад яв” гэж хэлсний *******ыг дагуулж гараад хэлтсийн байранд байрлах эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгч ажилласан... Хэрэг учрал болсон гэх газарт очиход ******* нь д хандаж хоёуланд нь ямар ч яриа байхгүй шүү гэж хэлэхэд ******* нь ална шүү гэж хэлээд ухасхийгээд хөдлөх үйлдэл хийхээр нь барьж авсан. ******* нь хэлтсийн байр руу орох хүртлээ ямар нэг зүйл яриагүй... *******эд өөр ил харагдах шарх байгаагүй. *******т ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” /хх 38-39/, гэрч гийн “... ******* ахын охин нь руу залгаад гэрт согтуу хүн орж ирээд аавыг зодоод байна гэж хэллээ гэсэн... очиход хаалганы гадна согтуу нэг залуу, хотхоны ажилтан нэг залуу, бас нэг залуу, нар зогсчихсон байсан. Согтуу хүн нь *******ээ би чамайг ална гээд орилж байсан...” /хх 41-42/, гэрч *******ийн “... Архи уусан залуу нь “би энэ *******ийг ална гээд сүүлдээ тухайн газарт ирсэн байсан эрэгтэй, эмэгтэй бүх хүнийг л та нарыг бол бүгдийг нь алж чадна шүү” гэх мэтчилэнгээр агсам согтуу тавиад байсан бөгөөд удалгүй Цагдаагийн алба хаагч нар ирсэн...” /хх 44-45/, гэрч *******ийн “... ******* нь манай аавтай ноцолдож байхдаа хурууг нь гэмтээгээд аав орилоод байсан ба бусдаар цохиж байгааг хараагүй, тэр хүн манай аавд хандаад маш муухай үг хэрэглэж байсан...” /хх 49/, гэрч *******гийн “... охинтой утсаар ярихад ******* согтуу аавыг зодоод, намайг алах гээд байна, би дундуур нь ороод салгах гэхэд намайг түлхээд ална гээд байна” гэсэн...” /хх 54-55/, гэрч *******ын “... ******* гэх залууг гэрийн үүдэнд тус байрны менежер, ******* гэх лам хоёр доош нь харуулаад хэвтүүлээд дарсан байдалтай байхаар нь би гэр рүү явж ортол ... ийн баруун гар нь хавдартай, чигчий хуруу нь хугарсан байдалтай байсан... тэгтэл тэр залуу дахин босож ирээд хүмүүс рүү дайраад байсан...” /хх 47/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11623 дугаар, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 984 дугаартай дүгнэлтүүд /хх 29-30/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, шинжээчийн 11623 дугаар дүгнэлтэд “... *******ийн биед гарын чигчий хурууны алганы шивнүүрийн хугарал, зүүн хацар, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо” /хх 69-70/, шинжээчдийн 984 дугаар дүгнэлтэд “... 11623 дугаартай дүгнэлт үндэслэл муутай байна...” /хх 97-99/ гэж тус тус дурдсаныг тодруулахаас гадна хохирогч болон түүний өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... гипс авсаны дараа шөрмөс гэмтсэн...” гэх нөхцөл байдалд дүгнэлт хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Харин шүүгчийн захирамжид заасан гэмт хэргийг ямар сэдэлт, санаа зорилгоор үйлдсэн, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн зэрэг өөр гэмт хэргийн шинж байгаа эсэх энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй юм.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хэргийн оролцогч нарт хэргийн материалтай танилцуулах ажиллагаа хийсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байх тул энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/397 дугаар шүүгчийн захирамжийн 1 болон 3 дахь заалтын хүчингүй болгож, прокурор З.Бат-Амгалангийн бичсэн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар эсэргүүцлийн зарим хэсгийн хүлээж авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/397 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор З.Бат-Амгалангийн бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

2. Хэрэг прокурорт очтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                 С.БОЛОРТУЯА