Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 127

 

 

 

 

 

 

 

 

 

    2018        04            27                                                  127

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б О холбогдох эрүүгийн 1821000000101 дугаартай хэргийг 2018 оны 04 сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, Х овогт Б О.

            Шүүгдэгч Б.О нь 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 47 тоотод оршин суух иргэн Д.Мөнхжаргалын гэрээс хар өнгийн “Самсунг ноте-4” маркийн гар утас 1 ширхэг, “Скай” маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэг, “Самсунг Эс-4 маркийн гар утас 1 ширхэг нийт 3 ширхэг гар утсыг хулгайлж хохирогч Н.Пүрэвт 200000 /хоёр зуу мянга/ төгрөгийн, хохирогч Д.Мөнхжаргалд 15000 /арван таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Д.Мөнхжаргал нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах 14-47 тоотод аав, хоёр хүүхдийн хамт оршин суудаг. 2018 оны 03 сарын 25-ны  өдөр гэртээ байж байгаад өөрийнхөө эзэмшлийн Скай маркийн гар утсыг цэнэглээд хүүгийн утсыг аваад 16 цагийн орчим найзуудтайгаа уулзахаар гарах гэж байхад манай найз Пүрэвийн хоёр хүүхэд гэрт орж ирээд надад хандаж ээж доор үсээ янзлуулж байгаа, энэ цүнхийг үлдээе гэж хэлээд манай гэрийн гал тогооны ширээн дээр үлдээгээд 2 хүүхэд нь гадаа тоглохоор гарсан. Тэгээд би доошоо Пүрэвтэй уулзчихаад найзуудтайгаа уулзахаар явсан. Манай гэрийн хаалга ямар ч цоожгүй бөгөөд бариулаасаа хөшөөд онгойлгож ордог юм. Тэгээд найзуудтайгаа уулзаж байгаад 20 цагийн орчим ирсэн чинь манай гэрт хүн байхгүй хаалгаа онгойлгож ороод ...Скай маркийн утсаа авах санаатай очсон чинь байхгүй байхаар нь миний хүү аваад гарсан байж магадгүй гэж бодоод гадаа гарч хүүгээ дуудаж “аавынхаа утсыг авсан уу” гэж асуухад ...аваагүй гэж хэлсэн. Тэгээд эргээд гэртээ орж ирээд хоол хийгээд байж байтал Пүрэв орж ирээд цүнхээ үзээд...цүнхэд байсан миний хоёр гар утас байхгүй байна, чи харсан уу гэхээр нь миний утас бас байхгүй байна гэж бид хоёр сандраад цагдаа дуудсан. Б.О бол манай хамаатны хүүхэд бөгөөд Чойбалсан суманд амьдардаг учир хааяа аймгийн төвд ирэхээрээ манай гэрт ирж хонодог юм. Иймд Б.О бол манай гэрт орж гарах эрхтэй учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

Хохирогч Н.Пүрэв мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн орчим 2 хүүхдийнхээ үсийг засуулах санаатай 09-р багт байрлах 14 дүгээр байрны “Сарнай” үсчин рүү хоёр хүүхдийнхээ үсийг засуулж дуусгаад дараа нь өөрийнхөө үсийг засуулах гэж байгаад том хүү болох Бат-Эрдэнэ /9 настай/ хүүдээ өөрийнхөө гар цүнхийг өгөөд гаргасан бөгөөд би үсээ засуулж дуусаад хоёр хүүхдийнхээ араас гараад харсан чинь манай хоёр хүү 4 байшингийн голд тоглож байсан. Би том хүү Бат-Эрдэнэд хандаж ээжийнхээ цүнхийг яасан юм бэ?  гэхэд би Мөнхжаргал ахын гэрт оруулаад тавчихсан гэж хэлэхээр нь цүнхээ  авах санаатай Мөнхжаргалын гэр рүү орсон чинь хаалгаа тавихгүй байхаар нь гэр рүүгээ яваад эргэж 1 цагийн дараа ирсэн чинь Мөнхжаргал гэртээ ирсэн байхаар нь өөрийнхөө цүнхийг үзсэн чинь цүнхэд байсан “Самсунг” ноте-4, “Самсунг” Эс-4 маркийн гар утсууд маань байхгүй байхаар нь Мөнхжаргалаас асуухад би мэдэхгүй байна, бас миний утас алга болсон байна, хоёулаа цагдаа дуудъя гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ асуудлыг түргэн шуурхай шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

Гэрч Г.Ганзориг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багт аав Гантөмөр, ээж Очирбат нарын хамт Аварга гэдэг хүний малыг маллаж оршин суудаг юм. Би нутгийн дүү болох О хамт 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Чойлбалсан сумаас хувцас авах зорилгоор аймгийн төвд ирсэн. Аймгийн төвд ирээд Дорнод аймгийн 6 дугаар багт байрлах “Шүр” худалдааны төвөөс хувцас авсан. Үүний дараа 16 цагийн орчимд тус багт байрлах “Аригүн” нэртэй  буудалд О хамтаар орсон. Бид хоёр 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 25-ны өдрүүдэд тус тус буудал дамжин архи уусан. 2018 оны 03 сарын 25-ны өдөр Хэрлэн сумын 6-р багт буудалсан буудлаас өдрийн 12 цагийн орчим О хамт гараад гадуур явж байгаад нугийн ах Цэнджав ахтай Билэгт буудлын үсчинд таараад Цэнджав ах О бид гурав ... Билэгт буудлын ард талд 2.5 литрийн пиво хоёр ширхэгийг ууж дуусгаад найз Мөнхжаргалын гэр рүү очиж дахин архи уухаар гэр рүү нь 14-р байр руу найз Цэнджав, дүү О нарын хамтаар явсан. Удалгүй найз Мөнхжаргалын гадаа ирээд би дүү “-О хандаж  “Чи Мөнхжаргал ахыгаа гэртээ байгаа эсэхийг нь хараад ир” гэж хэлээд О орц руу нь оруулаад Цэнджав ах бид хоёр гадаа нь хүлээгээд сууж байхад удалгүй О гарч ирээд надад хандаж “-Мөнхжаргал ах гэртээ байхгүй байна. Гурвуулаа явж баар руу очиж архи ууцгаая гэж хэлээд Хэрлэн сумын 6-р багт байрлах Тулга төвийн баар руу ороод О зөөгчтэй нь юм яриад удалгүй Соёрхол нэртэй архи уугаад 23 цагийн  орчим баарнаас гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/

Гэрч Х.Цэнджав мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах Шүр худалдааны төв дотор байрлах үсчний газар 2018 оны 03 сарын 25-ны өдөр үсээ засуулаад байж байхад сумын дүү нар болох О, Ганзориг хоёр орж ирээд ах ганц шил юм уух уу гэхээр нь хамт гараад Билэг буудлын хажууд талд зогсож байгаад том савтай боргио пиво уусан. ...18 цагийн үед Тулга бааранд ороод 0.5 летрийн Соёрхол архи, 10 шил пиво аваад хувааж уугаад тооцоогоо хийх гэхэд О өмдний халааснаасаа том дэлгэцтэй хар өнгийн гар утас гаргаж ирээд зөөгчид нь өгч тооцоогоо хийсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/

-Хэргийн газар үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17-18/

-Шүүгдэгч Б.О яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 03 сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 47 тоотод оршин суух  хохирогч Д.Мөнхжаргалын гэрээс хар өнгийн “Самсунг ноте-4” маркийн гар утас 1 /нэг/ ширхэг, “Скай” маркийн цагаан өнгийн гар утас 1 /нэг/ ширхэг, “Самсунг Эс-4 маркийн гар утас 1 /нэг/  ширхэг нийт 3 ширхэг гар утсыг хулгайлж хохирогч Н.Пүрэвт 200000 /хоёр зуу мянга/ төгрөгийн, хохирогч Д.Мөнхжаргалд 15000 /арван таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би 2018 оны 3 сарын 25-ны өдрийн 16 цагийн орчим Мөнхжаргал ахын гадаа ирээд Цэнджав, Ганзориг ахад хандаж та 2 гадаа байж бай би ороод ирье... гэж хэлээд ...гэр рүү нь орсон. Улмаар хаалгыг нь татсан чинь онгорхой байхаар нь гэр рүү  нь ороод харсан чинь хүн байхгүй байхаар нь зурагтны доод талын ширээн дээр байсан 1 ширхэг гар утас, гал тогооны өрөөний ширээн дээр байсан яагаан өнгийн цүнх байхаар нь доторх эд зүйлсийг нь үзээд дотор байсан 2 ширхэг гар утас байхаар аваад гарсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч Д.Мөнхжаргалын өгсөн: “...Тэр өдөр  найзуудтайгаа уулзаж байгаад 20 цагийн орчим ирсэн чинь манай гэрт хүн байхгүй хаалгаа онгойлгож ороод ...Скай маркийн утсаа авах санаатай очсон чинь байхгүй байхаар нь миний хүү аваад гарсан байж магадгүй гэж бодоод гадаа гарч хүүгээ дуудаж “аавынхаа утсыг авсан уу” гэж асуусан ...аваагүй гэж хэлсэн. Тэгээд эргээд гэртээ орж ирээд хоол хийгээд байж байтал Пүрэв орж ирээд ...цүнхэд байсан миний хоёр гар утас байхгүй байна, чи харсан уу? гэхээр нь миний утас бас байхгүй байна гэж бид хоёр сандраад цагдаа дуудсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,  хохирогч Н.Пүрэвийн өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ...цүнхээ  авах санаатай Мөнхжаргалын гэр рүү орсон чинь хаалгаа тавихгүй байхаар нь гэр рүүгээ яваад эргэж 1 цагийн дараа ирсэн чинь Мөнхжаргал гэртээ ирсэн байхаар нь өөрийнхөө цүнхийг үзсэн чинь цүнхэд байсан “Самсунг” ноте-4, “Самсунг” Эс-4 маркийн гар утсууд маань байхгүй байхаар нь Мөнхжаргалаас асуухад би мэдэхгүй байна, бас миний утас алга болсон байна, хоёулаа цагдаа дуудъя гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/ зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.О холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Мөнхжаргал, Н.Пүрэв нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Г.Ганзориг, Х.Цэнджав нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.О регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч Х овогт Б О бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б О хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Б.О нь тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.О  хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.О регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг түүнд буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ЭНХБААТАР