Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/495

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор Д.Батзаяа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Батзаяагийн бичсэн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаартай эсэргүүцлийг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2305022141430 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч,  шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овгийн ын , 1994 оны 5 дугаар сарын 26-ны өдөр аймгийн суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 1, аймгийн сумын, *** дугаар баг, *** суудал, гандан гудамжны *** тоотод оршин суудаг, /РД:/,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах шийтгэл тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 631 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 259 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлсэн,

аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт эдлэх хорих ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоосон,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 782 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

******* нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр, *** дугаар байрны урд үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй дэн буудалд үйлчлүүлж байсан хохирогч *******ын эзэмшлийн 70.000 төрөгийн үнэ бүхий “Samsung Note2” загварын гар утас болон олон улсын виза карт зэргийг хохирогчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар виза картнаас Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төвд байрлах Хаан банкны 687 дугаартай бэлэн мөнгөний машин АТМ-ээс 2.330.000 төгрөгийг уншуулж авч, хохирогчид 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан.

2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” зочид буудлын *** тоот өрөөнөөс хохирогч *******ийн эзэмшлийн хаан банкны тоот дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар виза картнаас Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ажилчны гудамжны “***” компанийн байранд байрлах АТМ 442, 441 дугаартай бэлэн мөнгөний машинуудаас 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 10 ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны “ ” дэлгүүрийн гадна талын зогсоолд байрлуулсан улсын дугаартай тээврийн хэрэгсэлд байх үедээ хохирогч *******той “та зурагтаар гардаг, тууль хэлдэг, бие биелгээ хийдэг хүн мөн биз дээ” гэж танилцан улмаар хохирогчийн зогсоолд байрлуулсан улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суун ярилцаж байхдаа “ариун цэврийн өрөө орчихоод ирье” гэж хэлэн гарч явахдаа нууцаар хохирогчийн эзэмшлийн 380.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung-23” загварын гар утас, виза картыг авч, картнаас Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, GS25 дэлгүүрт байрлах бэлэн мөнгөний машин АТМ-ээс 174.000 төгрөг уншуулж авч, хохирогчид нийт 554.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: *******ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Олхнууд овогт ын ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч *******ий баривчлагдсан, цагдан хоригдсон 166 /нэг зуун жаран зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 4.861.000 төгрөг гаргуулж, хохирогч *******ад 2.400.000 төгрөг, *******т 2.400.000 төгрөг, *******ид 91.600 төгрөг тус тус олгуулж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

Прокурор Д.Батзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох” талаар дурдахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэх хэсгийг журамлаагүй нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй буюу шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий ойлгомжтой, тодорхой, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлаж” гэж өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. …” гэв.

Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хорих ангиас суллагдсан бөгөөд тухайн үед “2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хэрэг байна” гэж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн байцаагч Гантулга мэдэгдсэн. Би очиж уулзсан бөгөөд намайг “явж бай” гээд явуулсан. Яллах дүгнэлт үйлдээгүй, шинээр томилогдсон прокурор тул прокурорын эсэргүүцэлтэй санал нийлэхгүй байна. Прокурор шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн материалтай танилцаагүй, ял хүндрүүлж оролцсон.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч ******* анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрсөн тул давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Хэрэгт авагдсан нөхцөл байдлыг харахад 2019 онд хохирогч *******ын гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэж, шийдэгдээгүй үлдсэн бөгөөд 2021 онд ял шийтгэхдээ нэгтгэж шийдвэрлэх ёстой байсан. Үргэлжилсэн 3 удаагийн үйлдэлд 02 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. 2021 онд ял шийтгэгдэхдээ тухайн ял дээрээ 6 сарын хугацаагаар нэмж ял шийтгэгдсэн. Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж буй хэрэгт хохирогч ******* гомдол, саналгүй гэх баримт 1 дүгээр хавтаст хэргийн 120 дугаар хуудаст, хохирогч ******* улс руу зорчсон хилийн лавлагаа, гомдол, саналгүй гэх баримт 2 дугаар хавтаст хэрэгт, хохирогч ******* гомдол, саналгүй гэх баримт 2 дугаар хавтаст хэргийн 99 дүгээр талд тус тус авагдсан. Хохирогч нар гомдол, саналгүй, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, цаашид өөртөө дүгнэлт хийж, нийгэмшиж амьдрах боломжоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх боломжтой эсэхийг хянаж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 8 дугаар байрны урд үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй дэн буудалд үйлчлүүлж байсан хохирогч *******ын эзэмшлийн 70.000 төрөгийн үнэ бүхий “Samsung Note2” загварын гар утас болон олон улсын виза карт зэргийг хохирогчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар виза картнаас Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төвд байрлах Хаан банкны 687 дугаартай бэлэн мөнгөний машин АТМ-ээс 2.330.000 төгрөгийг уншуулж авч, хохирогчид 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан.

2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” зочид буудлын 306 тоот өрөөнөөс хохирогч *******ийн эзэмшлийн хаан банкны тоот дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар виза картнаас Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр хороолол, ажилчны гудамжны “***” компанийн байранд байрлах АТМ 442, 441 дугаартай бэлэн мөнгөний машинуудаас 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 07 дугаар сарын 10 ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны “ ” дэлгүүрийн гадна талын зогсоолд байрлуулсан улсын дугаартай тээврийн хэрэгсэлд байх үедээ хохирогч *******той “та зурагтаар гардаг, тууль хэлдэг, бие биелгээ хийдэг хүн мөн биз дээ” гэж танилцан улмаар хохирогчийн зогсоолд байрлуулсан улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суун ярилцаж байхдаа “ариун цэврийн өрөө орчихоод ирье” гэж хэлэн гарч явахдаа нууцаар хохирогчийн эзэмшлийн 380.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung-23” загварын гар утас, виза картыг авч, картнаас Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** хороолол, GS25 дэлгүүрт байрлах бэлэн мөнгөний машин АТМ-ээс 174.000 төгрөг уншуулж авч, хохирогчид нийт 554.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч *******ын “... 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт алхаад явж байтал ******* нэртэй дэн буудлын харалдаа иртэл нэг үл таних эмэгтэй хүн хүрч ирээд “хамт буудал орох уу, архи ууя, надад 20,000 төгрөг өгчих” гэхээр нь хүлээн зөвшөөрөөд ... АТМ дээр ирж тухайн үл таних эмэгтэйгийн хамт бэлэн 40,000 төгрөг аваад нөгөө дэн буудлын хажууд хоол идчихээд, буудал орсон. Тэгээд тэр буудалд цагаар ороод байж байтал нөгөө эмэгтэй ариун цэврийн өрөө орно гээд өрөөнөөс гарсан. Би гар утсаараа ярих гээд паскан дотроосоо утас авах гэхэд миний утас, олон улсын виза карт байхгүй байсан тул өрөөнөөс гараад хайгаад олоогүй. Тэгээд Хаан банк руу залгаж өөрийн дансны үлдэгдэлээ асуутал 2,400,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна гэхээр нь цагдаад хандсан. Би самсунг нөүт-2 маркын гар утас болон хаан банкны виза картаа алдсан. Картнаас бэлэн 2,400,000 төгрөг авсан байсан. Тэр эмэгтэйг ерөөсөө танихгүй, 160 см өндөр, 30 орчим настай, 100 кг жинтэй, цагаан өнгийн фудволктой, хар өнгийн өмдтэй, үсээ ардаа боосон үл таних эмэгтэй байсан... намайг мөнгө авахад хажууд зогсож байсан, миний картны нууц үгийг харсан байх...” /1-р хх 36, 40-41/,

Хохирогч *******ийн “... 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн үед Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй зочид буудлаас гарч дэлгүүр орох замдаа хүн андуураад мөрөн дээр нь цохиход үл таних эмэгтэй “танилцах юм уу” гэсэн тэгээд танилцаад дэлгүүр хамт орчихоод ... буудлын өрөөндөө ороод, эргээд миний төрсөн өдөр гэхээр нь хамт гараад дахин юм авсан. Тэгээд би авсан зүйлээ ууж байгаад унтаад өгсөн. Тэгээд би 17 цагийн үед сэрэхэд тухайн эмэгтэй гараад явчихсан байсан. Босоод гар утсаа шалгаж үзтэл миний данснаас 800,000 гурван удаа аваад нийтдээ 2,400,000 төгрөгөөр зарлага гарсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би хамгийн сүүлд Хаан банкны виза картаа дэлгүүр орж юм авчихаад гадуур хувцасныхаа зүүн талын энгэрийн халаасанд хийсэн байсан бөгөөд тухайн гадуур хувасаа буудлын өрөөнд ороод үүдний өлгүүрт өлгөсөн. Тухайн эмэгтэй нь 30 гаран насны 150 гаран см өндөр, богино хар үстэй, махлаг шар эмэгтэй байсан.” /1-р хх 132-133/,

Хохирогч *******ийн “... үл таних эмэгтэйгээс ариун цэврийн өрөө асууж байгаад танилцсан. Тэр эмэгтэй надад хүүхдээ хүлээж байна, 65,000 төгрөг хэрэг байна гэхээр нь машинд очиж ярилцъя гээд машинд суусан. Тэр эмэгтэй намайг таниад байсан. тэгээд би чамд хэдэн төгрөг хэрэгтэй юм гэхэд 65,000 төгрөг гэхээр нь түр зуур надаас авчихаад хүлээж байх юм уу гэхэд тэгье гэсэн. Тэгээд хамт супермаркет ороод, би согтуу байсан учир “чи өөрөө уншуулаад авчих би шилжүүлж мэддэггүй гээд виза картныхаа кодыг хэлээд тэр эмэгтэй бэлэн мөнгөний АТМ-ээс уншуулан авсан юм. Буцаад машиндаа сууж байхад тэр эмэгтэй ариун цэврийн өрөө ормоор байна гээд буусан буучихсан өндийгөөд хартал булан тойроод алга болчихсон. Машиндаа суугаад охинтойгоо ярих гэтэл зөвхөн гэр нь үлдчихсэн утас, виза карт хоёр байгаагүй. Тэгээд би утсаа алдсанаа мэдсэн. гар утас А-23 загварын утас байсан, данснаас 242,000 төгрөг алдагдсан.” /1-р хх 194/ гэж эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, болсон үйл явдал, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдлын талаар тус тус тодорхой мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлэг нь:

Гэрч *******ын “... 2019 оны 06 дугаар сарын 25-ны 20 цагийн үед казак царайтай залуу орж ирээд цагийн өрөө асуусан. 6000 төгрөг өгөөд гаднаас нэг эмэгтэй дагуулж орсон. 20 цаг 45 минутын үед эмэгтэй нь ариун цэврийн өрөө орчихоод, юм хэлэлгүй шууд гараад явчихсан. Эрэгтэй нь 21 цаг 10 минутын үед гарч ирээд эмэгтэйгээ асуугаад түрүүн гараад явсан гэхэд гараад явчихсан... эмэгтэй нь ногоон нүдтэй, бор шаргал үстэй, махлаг эмэгтэй байсан. Эрэгтэй нь нилээн согтсон, эмэгтэйгээс бага зэрэг архи үнэртэж байсан.” /1-р хх 42/,

Гэмт хэргийн талаарх дуудлага хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол /1-р хх 3, 120, 189/,

Хохирогч *******, *******, ******* нарын дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 33, 156-161, 225/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх 49-50, 201-204/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 92-98, 136-147/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх 148-155, 207-209/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч *******д бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд шүүхээс Л.Билгүүүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

Харин прокуророос “тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны журамлаагүй...” гэх агуулга бүхий эсэргүүцэл гаргасан бөгөөд шүүгдэгч ******* анхан шатны шүүхэд шийтгэх тогтоолд “цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон, ял оногдуулахдаа 2 жил 6 сар гэж бичигдсэн боловч 2 жил 7 сар” гэж бичсэнийг залруулах тухай хүсэлтийг гаргаж байжээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн /2-р хх 207/ атлаа тогтоох хэсэгт энэ талаар холбогдох заалтыг баримтлаагүй.

Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг 2 жил 7 сар гэж /2-р хх 209/, түүний цагдан хоригдсон хоногийг 166 гэж, *******ээс 4,861,000 төгрөг гэж тус тус буруу тооцож техникийн жинтэй алдаа гаргасан байх тул  давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ий 2024 оны 02 дугаар сарын 06-наас 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 79 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ овгийн ын ийг үргэлжилсэг үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсугай.” гэж, 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгүй.” гэж, 4 дэх заалтын “ ...цагдан хоригдсон 166 ...” гэснийг “... цагдан хоригдсон 198 /нэг зуун ерэн найм/ ...” гэж, 5 дахь заалтын “... шүүгдэгч *******ээс 4,861,000 төгрөг гаргуулж...” гэснийг “...шүүгдэгч *******ээс 4,891,600 /дөрвөн сая найман зуун ерэн нэгэн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж...” гэж тус тус өөрчилсүгэй.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Д.Батзаяагийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09 дүгээр эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ий 2024 оны 02 дугаар сарын 06-наас 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 79 /далан ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                          С.БОЛОРТУЯА