2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/05917

 

 

 

 

 

 

2025 7 04 191/ШШ2025/05917

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай  тоотод оршин суух  Д******* Д******* хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* тоот регистрийн дугаартай,  Д******* Д******* нь энэ жил 60 /Жар/ нас хүрч байгаа бөгөөд улсад 23 жил ажилласан. Үүнээс 1987 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 29 тоот Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны харъяа Объект 03 байгууллагын даргын тушаалаар уг байгууллагын "Агуулахын аж ахуйн хэлтэст үйлчлэх ажилтан"-аар томилогдож ажилласан. Үүний дараагаар 1989 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18 тоот Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны харъяа Объект 03 байгууллагын даргын тушаалаар Харуул-н албан тушаалд томилогдож үргэлжлүүлэн ажилласан. Улмаар 1990 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 75 тоот Худалдаа, Хамтын Ажиллагааны яамны харъяа Объект 03 даргын тушаалаар уг байгууллагаас чөлөөлөгдөж Мах комбинатын хөргөх үйлдвэрийн мэдэлд шилжсэн. Гэтэл миний бие хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох зорилгоор Монгол Улсын Архивын Ерөнхий газраас 2025 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 537 тоот Үндэсний төв архивын тодорхойлолт авсан боловч уг тодорхойлолтод Үндэсний төв архивын сан хөмрөгт Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны Объект 03 байгууллагын бүгд /оны баримт шилжиж ирээгүй тул Д******* Д******* холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна" гэсэн хариуг ирүүлсэн. Иргэн Д******* Дорж миний бие 1987 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны харъяа Объект 03 байгууллагад Агуулахын аж ахуйн хэлтэст үйлчлэх ажилтан болон Харуул хийж байсан тэмдэглэл нь Хөдөлмөрийн дэвтэр-т тамга, тэмдэгтэйгээ үлдсэн боловч Монгол Улсын Архивын Ерөнхий Газрын сан хөмрөгт мэдээлэл байхгүйгээс уг ажилласан жилээ тогтоолгох боломжгүй байгаад байна. Иймд нэхэмжлэгч миний 1987 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны харъяа Объект 03 байгууллагад Агуулахын аж ахуйн хэлтэст үйлчлэх ажилтан болон Харуул-н ажил хийж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Дорж нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

Хүсэлт гаргагч Д.Дорж нь 1987 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны харъяа Объект 03 байгууллагад Агуулахын аж ахуйн хэлтэст үйлчлэх ажилтан, харуулаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Д.Д******* 023713 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, гэрч Ч.Б******* мэдүүлэг, фото зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийн ажилд орсон болон ажлаас гарсан тушаал архивт хадгалагдаагүйн улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд хүсэлтийг хангаж Д.Доржийг 1987 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны харъяа Объект 03 байгууллагад Агуулахын аж ахуйн хэлтэст үйлчлэх ажилтан, харуулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* регистрийн дугаартай Харчин овогт Д******* Доржийг 1987 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны харъяа Объект 03 байгууллагад Агуулахын аж ахуйн хэлтэст үйлчлэх ажилтан, харуулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ