Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/618

 

 

 

 

 

 

     2024           05           28                                         2024/ДШМ/618

                                             

                 О.Лд холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор П.Итгэл,

           хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,

яллагдагч О.Л, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

           нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/0964 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Итгэлийн бичсэн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар эсэргүүцлээр О.Лд холбогдох эрүүгийн 2403000440122 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Яллагдагч О.Л нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, дүүргийн автобусны буудлын зүүн замд 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 19 цаг 40 минутын орчимд “Toyota prius” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг  сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас автозамын зорчих хэсэг дээр хэвтэж байсан явган зорчигч А.Дг дайрч хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: О.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...мөрдөгч, прокурор хохирогч нас барсан тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно.. ...” гэж мөн заасан. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тохиолдолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоохдоо Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан дарааллыг баримтлах бөгөөд гэмт хэргийн улмаас нөхөр нь нас барсан тохиолдолд нас барагчийн эхнэрийг тэргүүн ээлжид амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ба харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих этгээд өөрөө татгалзсан бол дарааллын дагуу дараагийн этгээдийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно. Гэтэл амь хохирогчийн эхнэр Э.Ааас хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдох эсэх, энэ эрхээс татгалзах эсэх талаар тодруулалгүйгээр төрсөн ах А.Быг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, эрхээ хэрэгжүүлэх, гомдол, хүсэлт гаргах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардал нэхэмжлэх эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болно. Амь хохирогчийн эхнэр Э.А хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох хүсэлтээ холбогдох баримтын хамт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ирүүлснийг өөрийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох эрхээс татгалзаагүйг илэрхийлсэн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор “...хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж заасан. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гол ач холбогдол бүхий нотлох баримт нь автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалтыг хэрхэн, яаж зөрчсөн эсэх талаарх техникийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагаа байдаг. Гэтэл камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээс амь хохирогч нь замын зорчих хэсэг дээр бусдад цохиулж, өшиглүүлсний улмаас босох чадваргүй болж өөрийн хүсэл зоригоос үл шалтгаалан замын зорчих хэсэг дээр унасан байх үедээ автомашинд мөргүүлсэн илэрхий үйл баримт байхад Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар магадалгаанд “...явган зорчигч А.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дугаар зүйлийн а, б заалтуудыг зөрчсөн...” гэж дүгнэсэн нь шүүх уг магадалгааг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээ үүсч байх тул энэ талаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 272 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдсан үхлийн шалтгаан болсон цээжний битүү гэмтэл нь камерын бичлэгт бичигдсэн гараар цохих, хөлөөр өшиглөх, дэвсэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэх эсэх, амь хохирогч автомашинд дайруулахаас өмнө үхэлд хүргэх аюултай гэмтэл авсан эсэх, амь хохирогчийн үхэл Ц.Пүрэвдаажуугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийж үхлийн шалтгаан нөхцөлийг эргэлзээгүй тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ. Захирамжид дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй. Иймд хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч О.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

  Прокурор П.Итгэл бичсэн эсэргүүцэлдээ: “...3ам тээврийн ослын улмаас хохирогч нас барсан тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль ёсны төлөөлөгчийг тогтоох шаардлага үүссэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно:”, 1.3-т “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” гэж заасан байдаг. Улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй талийгаачийн эхнэр Э.А нь олон жилийн өмнө Солонгос улс руу явсан, одоог хүртэл тэндээ амьдардаг учраас түүний ах А.Б, ээж Үржин, ах Батсүх, эгч Батханд нараас түүний төрсөн ах А.Быг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох хүсэлт гаргасан. /хх 20/ Мөрдөгч уг хүсэлтийг хүлээж аваад түүний төрсөн ах А.Быг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Хууль ёсны төлөөлөгч нь талийгаачийн эрх ашгийг хамгаалахын тулд хуульд заасан хохирогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг. Талийгаачийг оршуулах ажил явдлын бүх зардлыг түүний ах, эгч, ээж нараас гаргасан байдаг. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасны дагуу хохирогчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхэд гадаад улсад амьдарч байгаа хүний хувьд мөрдөн шалгах ажиллагаанд тухай бүр оролцох боломжгүй юм. Иймд түүний ахыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон мөрдөгчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаартай мөрдөгчийн магадлагаанд “Явган зорчигч А.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” гэж дүгнэсэн байна. Мөрдөгчийн магадлагаагаар оролцогч нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалт зөрчсөн, тухайн зөрчил нь зам тээврийн осол гарахад хэрхэн нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоодог. Явган зорчигч нь хэдийгээр өөрийн хүсэл зоригоос үл шалтгаалан замын зорчих хэсэг дээр хэвтэж байсан болох нь тогтоогдож байх боловч уг нөхцөл байдал нь жолоочийн хувьд зам тээврийн осол гарахад нөлөөлж буй хүчин зүйл юм. Тиймээс жолоочийн замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гарахад нөлөөлсөн хүчин зүйлүүдийг тооцож, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой учир явган зорчигчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухайн үйлдлийг магадлагаанд заавал тусгах ёстой. Энэ нь явган зорчигчийг гэм буруутай гэж үзэж байгаа ойлголт биш юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад талийгаачид үүссэн гэмтлүүд хэрхэн яаж үүссэн, түүний үхлийн шалтгааныг тогтоох талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Баяртогтохын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №272 дугаартай дүгнэлтэд                                “А.Дгийн хоёр талын олон хавирганы хоёрлосон шууд болон шууд бус хугарал, баруун уушгины няцарсан шарх, зүүн уушгины хатгагдсан шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт /1200 мл/, дотор эрхтүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, толгойн хуйхны чамархайн хэсгийн цус хуралт, дух, хацар, хамар, хөмсөг, шанаа, чих, тохой, ташаа, нуруунд зулгаралт, зовхи, чихэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хоёр талын олон хавирганы хоёрлосон шууд болон шууд бус хугарал, баруун уушгины няцарсан шарх, зүүн уушгины хатгагдсан шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт /1200 мл/, дотор эрхтүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, тохой, ташаа, нуруунд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин толгойн хуйхны чамархайн хэсгийн цус хуралт, дух, хацар, хамар, хөмсөг, шанаа, чихний зулгаралт, зовхи, чихэнд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх хоёр талын олон хавирганы хоёрлосон шууд болон шууд бус хугарал, баруун уушгины няцарсан шарх, зүүн уушгины хатгагдсан шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт /1200 мл/, дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, тохой, ташаа, нуруунд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед автомашинд дайрагдах үед үүсгэгдэнэ.

Амь хохирогчийн биед учирсан толгойн хуйхны чамархайн хэсгийн цус хуралт, дух, хацар, хамар, хөмсөг, шанаа, чихний зулгаралт, зовхи, чихэнд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлийн цохих, цохигдох үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой.  Гэдэсний гогцоонууд хийгээр дүүрэх, хэвлийн хөндийд хий, шингэн хурах, цогцсын хожуу үеийн өөрчлөлтийн үед хэвлий цардайж хавирганы нумаас дээш жигд өргөгдөж болно. Талийгаачийн хувьд гадна үзлэгээр хэвлийн харагдах байдлыг тодорхойлж бичсэн ба шинжилгээгээр хэвлийн хөндийд хий, шингэн хураагүй, цогцост ялзралын өөрчлөлт үүсээгүй байсан. б.Амь хохирогч нь цээжний битүү гэмтэл: хоёр талын олон хавирганы хоёрлосон шууд болон шууд бус хугарал, баруун уушгины няцарсан шарх, зүүн уушгины хатгагдсан шарх, цээжний хөндий дэх цус хуралдалтаас амьсгалын дутмагшил үүсэж нас баржээ. Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байх тул гэмтэл учирсан дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Амь хохирогч нь гуравдугаар бүлгийн цустай байна.” гэж дурджээ /хх 89-93/. Уг дүгнэлт нь талийгаачид үүссэн гэмтлүүд нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр тухайлбал мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлийн цохих, цохигдох үйлдлээр, зам тээврийн ослын үед автомашинд дайрагдах үед үүсэх талаар мөн ямар гэмтлийн улмаас нас барсан талаар тусгай мэдлэг бүхий шинжээч эргэлзээгүй тогтоосон байх тул дахин шинжээч томилох шаардлагагүй юм. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр гэдэгт гараар цохих, хөлөөр өшиглөх, дэвсэх үйлдлүүд бүгд хамаарна. Харин автомашинд дайрагдах гэдэг нь хүний хүчин зүйлээс олон дахин их хүчээр буюу хүнд жинтэй автомашины дугуйгаар дарж газарт шахах үед үүсэх гэмтэл учир дээрх гэмтлүүдээс ялгах боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг болсоны маргааш нь бид талийгаачийн эхнэр Э.Атай холбогдоод болсон асуудлын талаар хэлж “хоёр хүүхэд эцэггүй боллоо, ирж хүүхдүүдээ хар, оршуулгын үйл ажиллагаанд оролц” гэж хэлэхэд “намайг дур мэдэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон” гэж ярьж байсан. Бид Э.Атай холбогдоод явж байсан. Талийгаач нь эхнэр Э.Атай хамт Солонгос улс руу яваад оршин суух зөвшөөрөлгүй ажил хийж байгаад баригдаад Монголд ирсэн бөгөөд эхнэр нь үлдсэн. Сүүлийн 4-5 жил тусдаа амьдарч байсан нь үнэн. Хоёр хэрэг маш ойрхон болсон тул нарийн шалгаж шийдвэрлэх асуудлыг би сайн мэдэхгүй байна. Э.Атай холбогдсон боловч өөрөө ирэхгүй гэсэн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бын өмгөөлөгч Б.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Яллагдагчийн өмгөөлөгч болон миний бие сэтгэцэд учирсан хор уршгийн талаар урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс захирамж гаргасан. Уг захирамжийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн байна. А.Быг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Тээвийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэсийн мөрдөгч Г.Баяраа мөрдөгчийн тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Энэ үед хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох боломжтой талийгаачийн эх, эгч, дүү нар нь хүсэлт гаргаад гэр бүлээрээ ярилцаад А.Быг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох саналыг гаргасан. Талийгаачийн эх нь өндөр настай, үр хүүхдээ алдсан хүн тул гэр бүлийнх нь шүүх хуралдаанд оруулах юм бол бие нь муудах эрсдэлтэй гэдэг. Э.А нь талийгаачийн эхнэр бөгөөд гэр бүлийн баталгаатай байдаг. Гэхдээ Солонгос улс руу яваад 4 жил 5 сар болсон. Тэндээ оршин суух зөвшөөрөлгүй буюу хууль бусаар ажиллаж амьдардаг. 6-12 насны хүүхдүүдтэй. Э.Аын эх нь хүүхдүүдийг нь асарч хамгаалдаг. Гэхдээ Э.А нь Солонгос улсад байдаг тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох боломжгүй. А.Быг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь үндэслэлтэй. Мөн мөрдөгчийн магадлагаатай танилцаад хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дугаар зүйлийн а, б-д заасныг зөрчсөн гэсэн дээр тайлбар бичиж байсан. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтэст зодуулсан үйлдлийг нь шалгаж байгаа. Уг хэрэг дээр мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр нь А.Б тогтоогдсон. Бичлэг харахаар амь хохирогч зодуулаад зам дээр унаад хэвтэж байхад машинууд тойроод яваад байдаг. О.Л болохоор дайрдаг. О.Л гэмт хэрэг гарсан цаг хугацаанд гар утсаар ярьж явсан болох нь мөрдөгчийн тэмдэглэлээс харагддаг. Энэ нөхцөл байдлыг харахад өөрийнх нь хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлээс болж зам тээврийн осол гарсан харагддаг. Зодуулсан үйлдэлтэй нь хамт энэ хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэх саналыг яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан. Өмгөөлөгч миний хувьд хэргийг нэгтгэх шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь өмнөх гэмт хэрэг болоод төгссөн байхад О.Л ирээд дайрсан байдаг. Цогцост задлан шинжилгээ хийсэн гэрэл зургаар амь хохирогчид ямар хэмжээний хохирол үүссэн гэдэг нь маш тодорхой харагддаг. Амь насанд нь аюултай байдалд орхисон гэсэн зүйлчлэлээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдээд шалгаж байгаа. 272 дугаартай шинжээчийн дүгнэлт дээр нэмэлт шинжээч томилуулж дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан. Дахин шинжээчийн дүгнэлт дээр талийгаачид учирсан энэ гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл, энэ нь хүнд зэргийн гэмтэл байна гээд тодорхой ялгаад тогтоосон учраас шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах шаардлагагүй гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Гэрэлтуяагаас: “...Талийгаачийн эхнэр Э.Аын өмгөөлөгчөөр оролцож байна. Талийгаачийн эхнэрийг тэргүүн ээлжинд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ёстой. Үүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд талийгаач нь гэр бүлтэй юм уу, гэр бүлийн хүн нь хаана байдаг, эсхүл эхнэр нь хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгохоос татгалзаж байна уу гэдэгтэй холбоотой ямар ч ажиллагаа хэрэгт хийгдээгүй байдаг. Э.Ааас энэ талаар тодруулж асуусан зүйл байдаггүй. Э.А нь Солонгос улсад амьдардаг ч гэсэн холбогдох боломжтой. Гар утас нь байнга асаалттай байдаг. ...” гэв.

Яллагдагч О.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбаргүй” гэв.

Яллагдагч О.Лгийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Захирамжид дурдсан ажиллагаануудыг зайлшгүй хийх шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дарааллын дагуу бол талийгаачийн төрсөн эхийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилох нь зүйтэй гэж үзэж байна. Мөн мөрдөгчийн магадлагаанд шинжээч томилох нь зүйтэй гэж анхан шатны шүүхээс үзсэн. Амь хохирогч өөрийн хүсэл зоригийн улмаас биш зодуулсаны улмаас зам дээр хэвтэж байгаа учраас мөрдөгчийн магадлагаанд дурдсан Замын хөдөлгөөний дүрмийг хохирогч зөрчөөд байна уу, эсхүл зодсон хүн нь зөрчөөд байна уу үүнд шинжээч томилох нь зүйтэй. 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 500 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ерөнхийд нь дүгнэж бичсэн байсан. Үүн дээр нь миний бие хүсэлт гаргаж гэмтлийг ялгаж салгах шаардлагатай гээд нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хүсэлт гаргасан. Ингээд 272 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд зодуулсаны улмаас үүссэн гэмтэл нь зөвхөн нүүр, толгой хэсэгт гарсан мэтээр дүгнэсэн. Энэ нь эргэлзээтэй байдаг. Камерын бичлэгээс харахад талийгаачийн дээрээс дэвсээд байдаг. Хавирга цээжинд гэмтэл авах магадлалтай харагддаг. Энэ талаар гомдол гаргахад прокуророос хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Зайлшгүй дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулж байж уг хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Тээврийн прокурорын газраас яллагдагч О.Лг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоох, мөрдөгчийн магадлагааг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээ үүсч байх тул энэ талаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй, амь хохирогчийн үхэл Ц.Пүрэвдаажуугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой дахин шинжилгээ хийж үхлийн шалтгаан нөхцөлийг эргэлзээгүй тогтоох шаардлагатай” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Зам тээврийн ослоос үүдсэн эрүүгийн хэрэгтэй холбоотой хэргийн хувьд, амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол зэрэг шууд бус хохирлуудыг шууд зардал болох оршуулгын зардлын хамт аль болох нэг мөр шийдвэрлэх нь зохимжтой юм.

Гэтэл хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох талаар хийсэн мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй байна гэж дүгнэсэн шүүгчийн захирамжийн заалт үндэслэлтэй байна.

Тодруулбал, зам тээврийн осолтой холбоотой зарим эрүүгийн хэрэгт хэд хэдэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хамт оролцож болохыг үгүйсгэх хууль зүйн боломжгүй бөгөөд амь хохирогчийн эхнэр Э.А нь 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Э.А гэх хүнд итгэмжлэл олгож /1хх 232/, эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаж байгаа талаар холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

Энэ нь амь хохирогчийн гэр бүлийн гишүүний хувьд энэ эрүүгийн хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох эрхээс татгалзаагүй гэж үзэхээр байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох асуудлыг зайлшгүй шийдвэрлэх нь зүйтэй.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар мөрдөгчийн магадлагаагаар явган зорчигч буюу амь хохирогч, жолооч нарыг тус тус Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл заалтыг зөрчсөн гэж дүгнэснээс гадна хэрэгт авагдсан камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад, амь хохирогч өөрийн үйлдлийн улмаас бус бусад этгээдэд зодуулсны улмаас авто зам дээр хэвтэж байсан нь илэрхий тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргаж болно” гэж хуульчилсан бөгөөд мөрдөгчийн магадлагаанд “...явган зорчигч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дугаар зүйлийн а, б заалтуудыг зөрчсөн...” гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болжээ гэж үзэхээр байна.

Мөрдөгч нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх магадлагааг гаргасан боловч шүүгчийн захирамжид дурьдсан маргаантай асуудлыг нэг мөр шийдвэрлэх, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоож, тодруулах зорилгоор анхан шатны шүүхийн “шинжээч томилж, дүгнэлт гаргуулах”-аар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан энэ хуулийг хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, хууль зөрчсөн шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүй болгож, хариуцлага тооцуулна. ...” гэж заасны дагуу прокурор хуульд заасан үүргээ биелүүлэхийг анхаарах нь зүйтэй болохыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаас зориуд тэмдэглэж байна.

Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 272 дугаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан амь хохирогчийн нас барсан шалтгаан нөхцөлийг буюу хэний, ямар үйлдлийн улмаас, ямар гэмтэл учирсан талаар зөв тогтоож, амь хохирогчид учирсан бүх гэмтлийг хариуцвал зохих этгээд тус бүрээр нь ялган дүгнэх нь тухайн хэргийг шүүх шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй тул шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй.

Иймд нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн амь хохирогчийн өөр этгээдэд түлхүүлж, улмаар зодуулсан үйл баримтыг энэ хэрэгт нэгтгэн хэргийг нэг мөр шийдвэрлүүлэхээр ирүүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/0964 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Итгэлийн бичсэн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                           Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ