Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 221/MA2018/0100

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2018/0100

Улаанбаатар хот

 

 

 

 

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч В.Д нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар шийдвэртэй, Ж.Б-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хариуцагч болон гуравдагч этгээд Ч.Б-ийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: Монгол Улс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 29 дүгээр зүйлийн 29.2, 18 дугаар зүйлийн 18.1.1.г-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/35 тоот захирамж, Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож, Ж.Б-ийг урьд ажиллаж байсан Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ж.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин болон нэмэгдлүүдийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тооцоолон, зохих журмын дагуу татвар, шимтгэлүүдийг суутган үлдэх олговорыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “… 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 85,7 хувийн ирцтэй хуралдсан /төлөөлөгч Г.Д тасалсан, Д.Ц чөлөөтэй тул хуралдаанд оролцоогүй/ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Ч.Б нарын ирүүлсэн Сумын Засаг даргыг огцруулах тухай саналыг хэлэлцээд хуульд заасны дагуу Хурлын төлөөлөгчдийн олонхийн санал буюу хуралд оролцсон нийт 12 төлөөлөгчийн 8 төлөөлөгч “Сумын Засаг даргыг огцруулах саналыг хүргүүлэх тухай” шийдвэрийг дэмжиж тогтоолыг баталсан.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт Сумын Засаг дарга нь сумын сургуулийн дээврийн ажлыг 80 хувийн гүйцэтгэлтэй хүлээн авсан болохыг нотолсон бичгийн баримт байгаа талаар мөн Хүүхдийн тоглоомын талбайг байгуулах ажлыг сонгон шалгаруулах үйл явцыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 “Сум, дүүргийн төсвийн хүрээнд худалдан авах хорин сая хүртэлх төгрөгийн өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулж болно” гэсэн заалтыг зөрчин төлбөрийг сонгон шалгаруулалтад хамааралтай эсэх нь тодорхойгүй иргэний хувийн дансанд өөрийн шууд удирдах ажилтанд хууль бус чиглэл өгч шилжүүлсэн зэрэг үйл баримтууд байгаа талаар тодорхой дурдсан атлаа дээрх үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт огт өгөөгүй байгаа нь шүүх хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна гэж үзэхэд хүргэж байна.

Сумын засаг дарга нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайн жилийн төсөвт заасан хэлбэр нөхцөлөөр Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд зарцуулах эрхтэй болохоос дур мэдэн хэн нэгэн хүний хувийн дансанд шилжүүлэх нь нийтийн албанд хувийн сонирхолтой, сонирхлын зөрчил үүсгэж байгаа талаарх асуудлыг шүүх мөн хянан үзээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчмыг зөрчиж байна.

Засаг даргын дээрх дур зоргын үйлдэл нь Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчөөгүй гэж шүүх дүгнэж байгаа нь шүүх хуулийг буруу тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг хохирооход хүргэж байна.

Шүүхийн шийдвэрт сургуулийн дээврийн засварын ажлыг 80 хувийн гүйцэтгэлтэй хүлээж авсан атлаа төлбөрийг “Д н” ХХК-д 100 хувь шилжүүлсэн нь гүйцэтгэх засаглалын үүргийг орон нутагт хэрэгжүүлж хуулийн биелэлтийг хангуулж буй Засаг дарга нь өөрт ноогдсон боловсролын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж хүүхдийн сурах орчны эрүүл аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүйг хангалттай нотлож байна.

Шүүх сургуулийн дээврийн засварын гүйцэтгэлийн талаарх үйл баримтыг үнэлэхдээ нэхэмжлэлийн шаардлага агуулгаас илэрхий хазайж “Д н” ХХК-ийг тендерт шалгаруулсан талаарх асуудлаар бусад аж ахуйн нэгж маргаан гаргаагүй тул Ж.Б нь хууль зөрчөөгүй байна гэсэн нь Төрийн албаны тухай хууль болон төсвийн сахилга батыг хангуулах засаг даргын чиг үүргийн талаарх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хэтэрхий субъектив байдлаар үгүйсгэсэн ядмаг шийдвэр байна.

Нэхэмжлэгч нь төсвийн мөнгийг ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээ, хэлцэлгүйгээр хувь хүний дансанд шилжүүлсэн, сургуулийн засварын ажлын гүйцэтгэл дутуу байхад ажлын хөлсийг 100 хувь шилжүүлсэн талаар үгүйсгэсэн ямар нэгэн тайлбар гаргаагүй байхад шүүх дээрх үйл, баримтад хууль зүйн дүгнэлт огт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан байгааг харуулж байна.

Мөн сумын Засаг дарга асан Ж.Б нь “Д н” ХХК-тай анхнаасаа хувийн харилцаатай байсан нь тухайн компанийг тендерт сонгон шалгаруулахад шууд нөлөөлсөн талаар анхан шатны шүүх дээр тодорхой баримтуудаар тайлбарласан.

Тухайлбал дээврийн засварын материалыг Ж.Б Улаанбаатар хотоос өөрийн хувийн тээврийн хэрэгслээр татан авчирсан, улмаар сургуулийн дээврийн засварыг хагас дутуу гүйцэтгүүлээд өөрийн хувийн дэлгүүрийн засварыг “Д н” ХХК-иар хийлгэсэн зэрэг үйлдэл нь илэрхий Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөөр байхад анхан шатны шүүх мөн л дүгнэлт хийгээгүйд хариуцагчийн хувьд шүүхийн шийдвэрт эргэлзэхэд хүргэж байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тогтоол нь өөрөө гадагш чиглэсэн захиргааны баримт бичиг, Ж.Б нь уг эрх зүйн актыг өөрөө хүлээн зөвшөөрч байгаа атлаа “санал” гэж нэхэмжлэлдээ дурдсан нь ойлгомжгүй байна.

Аймгийн Засаг дарга захирамжаа гаргахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тогтоолыг үндэслэсэн ба тогтоолд дурдсан асуудлыг нотлох баримт нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Засаг даргад хүргүүлсэн “Хурлын тэмдэглэл” юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот тогтоол нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 32 дугаар зүйлийн 32.2-д тус тус заасныг зөрчсөн гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.

Шүүх Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн яг аль зохицуулалтыг зөрчсөн талаар тодорхой шийдвэр огт гаргаагүй бүрхэг шийдвэр гаргаж нутгийн өөрөө удирдах байгууллагын ажил хэргийн алдар хүндэд халдаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “3асаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална” гэж хуульчилсан. Шүүх мөн л дээрх заалтын яг аль хэсгийг Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зөрчсөн талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй хэт ерөнхий байдлаар шийдвэрээ гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимтай зөрчилдөж байна.

Мөн хуулийн 8.2-д “Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн” гэснийг мөн зөрчсөн гэж шүүх үзсэн байна. Гэтэл манай хурал нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдсэн, хуралд ажлаа тайлагнадаг Засаг даргаа сонгосон түүний үйл ажиллагааг хуулийн хүрээнд дүгнэж хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн, нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг нийгмийн асуудлыг төсвийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бүрэн чадамжтай субьект хэвээр байсаар байхад захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хуулийг зөрчсөн болохыг хэрхэн ямар үйл баримтаар нотолсон нь тодорхойгүй дүгнэлт гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчлөө.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “3асаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэсэн хуулийг зөрчсөн гэсэн нь мөн үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахдаа нэмэгдүүлсэн шаардлагад дүйцэх тэмдэгтийн хураамжийг төлүүлээгүй нь хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийг хэлэлцэж шүүхийн ажиллагааны дараалал журам, баримтлах хуулийг зөрчсөн нь нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль үндэслэл болно.

Анхан шатны шүүх Ж.Б-ийн хууль зөрчсөн талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт байхгүй шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах”, 12.1.4-д “Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах”, 12.1.5-д “Хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх санал гаргах” гэсэн эрхийн хүрээнд Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоолоор “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэлийн явцад хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын хороо”-г 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

 Энэ xяналтын хороо нь Засаг даргын худалдан авсан ажил үйлчилгээний чанар, гүйцэтгэл, санхүүгийн байдалд хяналт тавиад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлээд дээрх хуулиудыг зөрчсөн талаар дүгнэлт гаргасан нь хуульд нийцсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Сумын Засаг даргын үйл ажиллагаанд бүхэлд нь хяналт тавих, дүгнэлт өгөх хуулиар олгогдсон эрх бүхий байгууллага тул анхан шатны шүүхийн Ж.Б-ийн хууль зөрчсөн талаарх эрх бүхий байгууллагын дүгнэлт байхгүй гэх дүгнэлт нь үүгээр бүрэн үгүйсгэгдэж байна.

Иймд Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 тогтоол хууль зөрчөөгүй болохыг тогтоож хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулиудыг хэрэглээгүй Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20 тоот шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Б давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжиж бичсэнээс гадна ... “Маргаан бүхий акт болох Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/35 дугаар захирамж, Гурванзагал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот тогтоол нь Засаг дарга Ж.Б нь Төсвийн тухай хууль зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүйтэй холбоотойгоор гарсан.

Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явгадаж байхад шүүгчийн туслахад Гурванзагал сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 394 тоот албан бичгээр Аймгийн санхүүгийн хяналт Аудитын албанд, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 414, 415 тоот албан бичгуүдээр Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус хандаж, “Ж.Бийг ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон Төсвийн тухай хууль зөрчсөн болон чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүйтэй холбоотой” дүгнэлт, албан ёсны баримтыг авахаар хандсан байгаа, үүнтэй холбоотойгоор тус байгууллагууд нь хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргаж байгаа талаар удаа дараа амаар мэдэгдэж байсан.

Гэвч шүүхийн зүгээс дээрх байгууллагуудаас нөхцөл байдлыг тодруулж, холбогдох дүгнэлт, баримт материалыг татан авалгүйгээр, Ж.Бийн гаргасан зөрчлийг шалгасан эсэх, болон бодит нөхцөл байдалд үнэлэлт өгөлгүйгээр, хариуцагч талуудыг илт буруутай мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12-07-047-268 тоот дүгнэлт гарч, уг дүгнэлтэд “тус сургуулийн дээврийн угсралтын ажлыг зураг төсвийн дагуу гүйцэтгээгүй тухай” тусгагдсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 тогтоол хууль зөрчөөгүй болохыг тогтоож хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулиудыг хэрэглээгүй Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20 тоот шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хангасан шийдвэрийг хэвээр үлдээж, харин улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ хариуцагчийг тодорхой заагаагүй байх тул  зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч болон гуравдагч этгээд Ч.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төлөөлөгч Ч.Б нарын ирүүлсэн “Засаг даргыг огцруулах тухай” саналыг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, нийт 12 төлөөлөгч оролцсоноос 8 төлөөлөгч тус сумын Засаг дарга Ж.Б-ийг үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг дэмжиж, Дорнод аймгийн Засаг даргад “Сумын Засаг даргыг огцруулах саналыг хүргүүлэх тухай” 01 дүгээр тогтоолыг хүргүүлж, улмаар аймгийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/35 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.Б-ийг Гурванзагал сумын Засаг даргын албан тушаалаас огцруулжээ.

Хариуцагч нь маргаан бүхий дээрх Хурлын тогтоолыг гаргах болсон шалтгаанаа Засаг дарга Ж.Б-ийг “ ... ашиг сонирхлын зөрчилтэй “Д н” ХХК-ийг сургуулийн засварын ажил гүйцэтгэх тендерт шалгаруулж, ажил нь дуусаагүй байхад мөнгийг шилжүүлсэн, хувь иргэний дансанд төрийн сангийн мөнгийг шилжүүлж Төсвийн тухай хууль зөрчсөн, хүүхдийн тоглоомыг Хурлаас заасан газраас өөр газарт байршуулж ноцтой зөрчил гарган үүргээ гүйцэтгэж чадаагүй” гэжээ.

Анхан шатны шүүх дээрх зөрчил тус бүрт дүгнэлт хийж “Д н” ХХК-ийг шалгаруулах тендерт Засаг дарга Ж.Б оролцоогүй, хийсэн ажлыг Комисс шалгаж хүлээж авсан, хүлээж авах комисст ажиллаагүй тул ашиг сонирхлын зөрчилтэй нь тогтоогдоогүй, мөн хүүхдийн тоглоомын талбайн талаар Хурлаас албан ёсны шийдвэр гарч байгаагүй, түүний гаргасан зөрчил, дутагдал нь нотлох баримтаар нотлогдоогүй, эрх бүхий байгууллагаар хяналт шалгалт хийж тогтоосон шийдвэр байхгүй тул чиг үүргээ гүйцэтгэж чадаагүй гэдэг нь тогтоогдохгүй талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо шүүх “... дур мэдэн хувийн дансанд мөнгө шилжүүлэх нь хувийн сонирхолтой, зөрчил үүсгэж байхад шүүх дүгнэлт хийж, хянан үзээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим зөрчсөн. ... “Д н” ХХК-ийн тендер шалгаруулалтыг бусад оролцогч маргаагүй гэсэн нь ... Төрийн албаны тухай хууль, төсвийн сахилга батыг хангуулах Засаг даргын чиг үүргийн талаарх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хэтэрхий субъектив байдлаар үгүйсгэсэн ядмаг шийдвэр болсон” гэжээ.

Төсвийн тухай хууль зөрчсөн гэх ажил гүйцэтгэсэн этгээдийн хувийн дансанд мөнгө шилжүүлсэн гэх асуудал нь Төсвийн тухай хуулийн аль зүйл, хэсгийг хэрхэн зөрчсөн, ямар үр дагавар үүссэн нь тодорхойгүйгээс гадна энэ нь сумын Засаг дарга бүх чиг үүргээ гүйцэтгэж чадаагүй гэж үзэж, огцруулахад хүргэх ноцтой зөрчил гэж үзэхээргүй байна.

Мөн “Д н” ХХК-ийн тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд Засаг дарга Ж.Б нь оролцоогүйн дээр ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй байхад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Энэ хуулийн 7.2.2, 7.2.3-т заасан шалгалтын явцад авлигын шинжтэй зөрчил илэрсэн бол Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулна” гэж тус тус заасны дагуу шалгуулаагүй атлаа өөрсдийн үзэмжээр “тус компанийн ачааг хувийн тэргээр зөөсөн, хувийн дэлгүүрийн засварын ажлыг хийлгэсэн” гэх үндэслэлээр ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

Мөн гомдолд “... Шүүх Үндсэн хуулиар олгосон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8.1, 8.2, 12.1.2, 12.1.4, 12.1.5, 18.1.1-ийн г, 18.1.3-ын л, 18.1.3-ын м-д заасан эрхийн хүрээнд Хяналтын хороо байгуулж, Засаг даргын худалдан авсан ажил, үйлчилгээ, санхүүгийн байдалд хяналт тавьж дүгнэлт гаргасан нь хуульд нийцсэн бөгөөд эрх бүхий байгууллагын дүгнэлт байхгүй гэснийг бүрэн үгүйсгэж байна” гэжээ.

Гомдолд дурдсан хуулийн заалтуудаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийтлэг бүрэн эрхийг зохицуулсан боловч Хурал нь уг бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тухайн асуудал бүрийг нарийвчлан зохицуулсан бусад хуулийн дагуу хяналт шалгалтыг гүйцэтгэх бөгөөд шаардлагатай бол эрх бүхий төрийн бусад байгууллагад хандаж, зөрчлийг зохих журмаар тогтоож, нотолсны үндсэн дээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрээ гаргах үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийг орон нутгийн удирдлагын бүрэн эрхэд халдсан, үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон гэж үзэхгүй тул хариуцагч болон гуравдагч этгээдийн энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.

Харин гуравдагч этгээд Ч.Б-ийн “анхан шатны шүүхийн шийдвэрт 2,3 дугаар заалтаар 2 хариуцагчийн аль нь гүйцэтгэхийг тодорхой заагаагүй нь ... хууль зөрчсөн” гэх гомдол үндэслэлтэй байх тул Ж.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болон улсын тэмдэгтийн хураамжийг захиргааны хууль бус акт гаргасан хариуцагч аймгийн Засаг дарга болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал адил хэмжээтэй гаргаж нэхэмжлэгчид олгохыг даалгасан өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. 

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Дээд шатны Засаг дарга энэ хуулийн 32.2-т заасан Засаг даргыг огцруулах саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл аймгийн Засаг дарга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэлтэй эсэхийг хянаж, Засаг даргыг огцруулах эсэхийг шийдвэрлэхээр байхад дээрх тогтоолын үндэслэлийг хяналгүй, хууль бус тогтоолыг үндэслэн Ж.Бийг огцруулсан нь хууль бус байна.

Иймээс 2 хариуцагчийн хэн аль нь захиргааны хууль бус акт гаргасны улмаас нэхэмжлэгч нь Ж.Б ажилгүй болж, цалин хөлсөөр хохирсон байх тул учирсан хохирол болон улсын тэмдэгтийн хураамжийг адил хэмжээтэй хуваан гаргуулах өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Гуравдагч этгээд Ч.Б нь Сумын Засаг даргын хэвлэмэл хуудас, тамга ашиглаж давж заалдах гомдлоо бичсэн боловч түүнийг иргэнийх нь хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэж гуравдагч этгээдээр татсан тул энэ хүрээнд гомдлыг хүлээн авч хянасныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “хариуцагчид” гэснийг “хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга болон Гурван загал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус” гэж, 3 дугаар заалтын “хариуцагчаас” гэснийг “хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга болон Гурван загал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус бүр 35100 төгрөг, нийт” гэж тус тус өөрчлөн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээд Ч.Б-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гурван загал сумын иргэдийн Tөлөөлөгчдийн Хурал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ