Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2016/01440

 

    Б.Сэнгээгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгино-хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2016/00168 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1709 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч :  Б.Сэнгээ,

Хариуцагч :  Д.Буян-Од,

Нэхэмжлэлийн шаардлага: 2012.9.27-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээнээс Д.Буян-Одод холбогдох хэсгийг хүчингүй болгож, гэрээгээр шилжүүлсэн орон сууцнаас хариуцагчийг албадан нүүлгэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч М.Амарнасаа, нарийн бичгийн дарга И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 онд өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 21-00 тоот 1 өрөө орон сууцыг хариуцагчид бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн ба хариуцагч нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-д заасан үйлдэл хийсэн нь хавсралт баримтуудаар тогтоогдож байна. Иймээс хариуцагчтай байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, шилжүүлсэн орон сууцыг нэхэмжлэгчид буцаан олгож хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү.  Би зөвхөн Д.Буян-Одод бэлэглэсэн хэсгээ шаардаж байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013.8.3-ны өдрийн 1751 шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа.Нэхэмжлээд байгаа Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5дугаар хороолол, 21 байр, 1 орцны 00 тоот хаягт байрлах 9м.кв, нэг өрөө орон сууцыг хамт амьдарч байхдаа худалдаж авсан. Тухайн орон сууц нь Д.Буян-Од, охин С.Ундрам, С.Маргад нарын дундын өмчлөлд байдаг. Нэхэмжлэгчээс болж  Д.Буян-Од нь ажилгүй, хоёр хүүхэд нь хоолгүй, сэтгэл санааны хохиролтой амьдарч байна. Гэрлэлт цуцлуулах үед нэхэмжлэгч нь дээрх эд хөрөнгийн талаар маргаагүй байж одоо гэнэт шүүхэд хандсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сонгино-хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2016/00168 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-г баримтлан Д.Буян-Од, Б.Сэнгээ нарын хооронд 2012.9.27-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах,  орон сууцнаас Д.Буян-Одыг гаргуулах тухай Б.Сэнгээгийн нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 80.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1709 дүгээр магадлал гаргаж, Баянгол, Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2016/00168 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т заасныг баримтлан 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээнээс Д.Буян-Одод холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлээс “...орон сууцнаас Д.Буян-Одыг албадан гаргуулах...” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд "Монгол улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ" ... гээд мөн зүйлийн 12 дахь хэсэгт "төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй" ... 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх... нь иргэн бүрийн журамт үүрэг" гэж заасан. Хариуцагч нь Иргэний хуулийн 17.2 дахь хэсэгт заасны дагуу охин С.Ундрамын хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч болохын хувьд нөгөө талаас Гэр бүлийн тухай хуулийн 26.2.2-т “хүүхдээ асран хамгаалах”, 26.2.4-т “хүүхдийн эрхийг хамгаалах”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль /1996 он/ 12.1.4, 12.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн /2016 он/-ийн 10.1.6, 10.2, 19.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байж болзошгүй нөхцөл байдлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.Энэ нь  хууль ёсны үйлдлийг давж заалдах шатны шүүх бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж үзсэн нь  хуулийг буруу хэрэглэсэн явдал юм.  Хүүхдийн эрхийн тухай хууль зөрчигдсөн гэж үзвэл Д.Буян-Од нь  гомдол, мэдээлэл гаргах эрх, үүрэгтэй билээ. Д.Буян-Одын хүүхдийн эрх, хууль ёсны шиг сонирхлын үүднээс цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргасан үйлдлийг Б.Сэнгээг бага насны хүүхдийг хүчиндсэн гэх онц хүнд хэрэгт гүтгэсэн шинжтэй гэж хууль зүйн хувьд үндэслэлгүй, ойлгомжгүй дүгнэснээс харахад уг магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Учир нь "гүтгэх" гэдэг нь ЭХТА-ийн 111 дүгээр зүйлд гэмт хэрэг хэмээн хуульчлагдсан бөгөөд уг гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид гэмт этгээд нь хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан үйлдэл хийсэн байхыг шаарддаг. Гэтэл хариуцагч Д.Буян-Од нь энэхүү объектив талын шинжийг агуулсан ямар нэгэн үйлдэл хийсэн тухай баримт хэрэгт авагдаагүй. Нөгөө талаас тухайн гомдлыг нь цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгаж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ямар нэгэн байдлаар зөрчигдсөн баримт хэрэгт авагдаагүй болно. Хэдийгээр гэрлэлт цуцалсан хэдий ч хүүхдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэг нь хуульд зааснаар Б.Сэнгээгийн хувьд ч мөн адил хамаарна. Иймд магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Сэнгээ нь 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг Д.Буян-Одод холбогдуулан гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх   нэхэмжлэлээс  2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, харин орон сууцнаас албадан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хоёр шатны Б.Сэнгээгийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6- дахь хэсэг “...гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан харилцан тохиролцож болно, харин тохиролцоогүй бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ...”  гэж заажээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Сонгино-хайрхан дүүргийн шүүх 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1751 дугаартай шийдвэр гаргаж Б.Сэнгээ, Д.Буян-Од нарын гэрлэлтийг цуцлаж, талууд эд хөрөнгийн маргаагүй гэснийг дурдсан /хх 14-16/ байна. Шүүх гэрлэгчдийн эд хөрөнгийг хуваах талаар шүүх шийдвэр гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх Сонгино-хайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 1751 дугаар шийдвэрийг  бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардлагыг хангах үндэслэлд заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийцээгүй гэж үзнэ.

2.  Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол  бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй ба  Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэхэд  бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байхыг шаардана.

Өөрөөр хэлбэл, Б.Сэнгээ, Д.Буян-Од нарын хооронд 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн тохиолдолд Б.Сэнгээд Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан шаардах эрх үүсэх юм.

Д.Буян-Од нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө бэлэглэлийн зүйлийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж маргасан байхад шүүх Иргэний хуулийн 56, 126 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

3.  2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, орон сууцнаас албадан гаргуулах тухай Д.Буян-Одод холбогдох Б.Сэнгээгийн нэхэмжлэлтэй хэргийг Сонгино-хайрхан дүүргийн шүүх /хх 19, 41/ 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр  хэлэлцэж 184/ШШ2016/00168 дугаартай шийдвэр гаргахдаа Баянгол, Хан-уул, Сонгино-хайрхан дүүргийн шүүхийн хэвлэмэл хуудас /хх 45/ ашигласан байгааг давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа анхаараагүй нь буруу байна.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх Сонгино-хайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2016/00168 дугаар шийдвэртэй энэ хэргийг хянаж магадлал гаргахдаа Сонгино-хайрхан дүүргийн шүүхийн нэрийг “Баянзүрх, Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн шүүх” гэж  /хх 66-72/ буруу бичжээ.    

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сонгино-хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2016/00168 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1709 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай. 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                        ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ