Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/ма2022/00156

 

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00156

 

Ө.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2021/02520 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ю. Т- ХХК-д холбогдох Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, 32,545,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Миний бие Ю. Т- ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 154 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж тус компанийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын баруун талд баригдах Ю-Апартмент орон сууцны хотхоны 1 дүгээр ээлжинд ашиглалтад орох 1 дүгээр байрны 8 давхрын, 808 тоотын 64,89 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалсан. Гэрээ байгуулагдах үед эхний ээлжийн хотхоны барилгын 6 давхрын цутгалтын ажил хийгдэж байсан ба гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 4 хоногийн дараа уг компанийг барилга барих тусгай зөвшөөрөлгүй, техникийн нөхцөлүүд аваагүй гэсэн шалтгаанаар ажил нь зогссоор өвөл болсон. 2021 оны хавар барилгын ажил эхэлсэн боловч мөн л дээр дурдсан зөвшөөрөл, техникийн нөхцөл аваагүй шалтгаануудаас гадна шинээр барилга хоорондын зай холбогдох дүрэм, журмыг зөрчсөн гэсэн асуудал яригдаж барилга баригдахгүй зогссон. Гэрээний 2.3, 2.4-т зааснаар миний бие орон сууцны төлбөрт гэрээ байгуулагдсан өдөр 9,000,000 төгрөгийг бэлнээр, 16,000,000 төгрөгт тооцон киа бонго-3 маркийн машиныг өгч, 2020.08.25-ны өдрөөс эхлэн 2021 оны 3 сарыг хүртэл cap бүр 1,077,900 төгрөгийг хуваарийн дагуу шилжүүлж, нийт 32,545,300 төгрөг төлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн.

Ю. Т- ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулах, захиалагч миний өмчлөлд шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй, цаашид хэзээ үүргээ гүйцэтгэж дуусах нь тодорхойгүй тул тус компанитай 2020.07.04-ний өдөр байгуулсан 154 дугаартай гэрээнээс татгалзаж, энэ тухай мэдэгдлийг 2021.05.19-ний өдөр өөрийн биеэр хүргэж өгсөн. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч гэрээгээр хулээсэн үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу орон сууцны төлбөрт төлсөн 32,545,300 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. 2020.07.08-нд төлбөрт тооцсон киа бонго-3 маркийн ачааны автомашиныг борлуулалтын менежер Х.Гантуяад шилжүүл гэсний дагуу шилжүүлж хариуцагчид хүлээлгэн өгсөн. Сүүлд ирсэн баримтаар автомашиныг 2020.07.30-ны өдөр Ю. Т- ХХК нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан байсан. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2, 205.2.2-т заасан үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа бол үүргийн гүйцэтгэлийг мөнгөөр төлнө гэсэн зохицуулалтын дагуу манай тал автомашинаа авах боломжгүй. Зарим тоног төхөөрөмж, эд зүйлс нь байхгүй болсон учраас бид биет байдлаар нь авах боломжгүй гэж үзсэн. Нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэж байгаад хуулиар олгогдсон гэрээнээс татгалзах эрхийнхээ дагуу хариуцагч талын зөрчилтэй холбогдуулаад гэрээнээс татгалзсан учраас хариуцагч талд хохирол төлөх үүрэггүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Ө.Б-нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг үндэслэн татгалзаж буйгаа мэдэгдсэн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээний хугацаа дуусаагүй бөгөөд мөн Ковид-19 цар тахалтай холбоотойгоор гэрээний хугацаа сунгагдсан. Хуульд заасны дагуу гэрээнээс татгалзахад талууд авсан өгснөө буцаадаг журамтай тул автомашиныг нь буцаан өгч, бэлнээр төлсөн мөнгийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй. Гэрээний хугацаа 2021.06.31-ний өдөр дуусах бөгөөд хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгч Ө.Б-нь гэрээнээс татгалзах тухай саналыг гаргаад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээнд захиалагч нь гэрээг цуцлах санал ирүүлбэл тухайн шалтгаан нөхцөлтэй танилцаж хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд захиалагчийн төлөгдөөгүй төлбөрийн 20 хувийг торгуулийг тооцож өөр захиалагчид орон сууцыг захиалан бариулах эрхийг шилжүүлж болно, мөн төлөгдөөгүй байгаа үнийн дүнгийн 20 хувийг тооцон буцаан олгох гэсэн заалт бий. Гэрээний 4.1.4-т зааснаар торгууль авах эрхтэй. Ө.Б-нь 2021 оны 3 дугаар сар хүртэл төлбөрөө төлсөн байдаг. 4, 5 дугаар сард мөн хуваарьт төлбөрөө төлөөгүй үед бид хугацаа хэтэрсэн алдангийг тооцож авах эрхтэй боловч бид нар уг алданги, торгуулийг шаардаагүй.

Мөн бартерт өгсөн автомашин эвдэрсэн, биет байдлын хувьд доголдолтой асуудал яригдаж байна. Доголдолтой эсэх асуудлын хувьд, гаалийн бичигтэй шинэ автомашиныг манайд шилжүүлээгүй, өөрөө унаж эдэлж, хэрэглэж байсан, мөн банк бус санхүүгийн байгууллагын барьцаанаас чөлөөлж манай компанид өгсөн автомашин байгаа. Барилгын ажил улирлын чанартай хийгддэг, ковид-19 өвчинтэй холбоотойгоор давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хойшлогдсон байж болно. Барилгын А блок буюу Ө.Б-ын захиалсан барилгын ажил зогсоогүй, барилгын гаднах ажлууд хийгдэх боломжгүй учир түр зогссон байсан. Гэрээ байгуулахад өгсөн 9,000,000 төгрөг, мөн сар бүрийн төлөлтөд төлсөн 7,545,300 төгрөгийг бид мөнгөөр буцаан өгөхөд татгалзах зүйлгүй. Харин киа бонго-3 маркийн автомашиныг 16,000,000 төгрөгт тооцож мөнгөн хэлбэрээр буцаан өгөх боломжгүй, автомашинаар буцаан өгнө гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2., 205 дугаар зүйлийн 205.2.2.-т заасныг баримтлан хариуцагч Ю. Т- ХХК-иас 32 545 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч Ө.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю. Т- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 390 877 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т заасныг үндэслэн хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Маргаан бүхий автомашиныг хүлээлцэхдээ акт үйлдэж баримтжуулаагүй, чанар эдэлгээний хувьд маргаантай, өөрөө ашиглаж, банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан автомашинаа өгсөн. Нэхэмжлэгч нь тухайн автомашиныг буцаан авах боломжгүй нөхцөл байдлаа нотолж чадаагүй, яагаад буцаан авах боломжгүйгээ тайлбарлаж маргаагүй. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаас эсхүл гэрээ цуцалж байгаа эсэх нь тодорхойгүй, автомашины бичиг баримтаа нотлох баримтаар гаргаагүй. Мөн анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан. Хариуцагчаас 32,545,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэ үнийн дүнгийн тэмдэгтийн хураамж буюу 320,675.50 төгрөгийг хариуцагчаас гаргуулах ёстой байсан. Иймд нэг талыг барьж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянав.

 

2. Анхан шатны шүүх хэргийн баримтад үндэслэн зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийсэн боловч улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан байх тул залруулж өөрчлөлт оруулна.

 

3. Нэхэмжлэгч Ө.Б-нь хариуцагч Ю. Т- ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 32,545,300 төгрөгийг буцаан гаргуулахаар гаргасан нэхэмжлэлээс хариуцагч 16,545,300 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 16,000,000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч тооцож авсан тээврийн хэрэгслийг биет байдлаар нь буцаан өгөх боломжтой гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 154 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч буюу хариуцагч нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа цогцолборын баруун талд барих Ю-Апартмент орон сууцны хотхоны 1 дүгээр байрны 8 дугаар давхарт, 808 тоот хаягт байрлах, 64,89 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч буюу нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 128 482 200 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт /хх5-7/ тогтоогдсон, талуудад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Ө.Б-нь гэрээний үүрэгт 16,545,900 төгрөгийг бэлэн мөнгөөр /хх8, 21-22/ төлснөөс гадна өөрийн өмчлөлийн 20-59 УБК улсын дугаартай Киа бонго /KIA.Bongo3/ маркийн тээврийн хэрэгслийг 16,000,000 төгрөгт тооцож Ю. Т- ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. Нэхэмжлэгч нь хариуцагч компанийн борлуулалтын менежер Х.Гантуяад итгэмжлэлээр /хх-65/ тухайн тээврийн хэрэгслийг бусдад худалдах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах, компанийн нэр дээр шилжүүлэх эрх олгосноор уг тээврийн хэрэгсэл Х.Гантуяад /хх90/, улмаар Ю. Т- ХХК-ийн өмчлөлд /хх85/ дамжин шилжсэн үйл баримт тус тус тогтоогдсон. Зохигчид энэ үйл баримтын талаар маргаангүй болно.

 

5. Нэхэмжлэгч Ө.Б-нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч компанийг гэрээгээр хүлээсэн орон сууцыг барьж ашиглалт, өмчлөлд шилжүүлэх үүргээ зөрчсөн, орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөхгүй нь тодорхой болсон гэж тайлбарлажээ. Зохигчдын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 2.1 дэх хэсэгт захиалсан орон сууцыг бүтээн байгуулах ерөнхий хугацааг 2021 оны 1 дугаар улирал дуустал байхаар заасан бөгөөд хариуцагч компани нь орон сууцыг барьж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгч Ө.Б-нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирлоо арилгуулахаар шаардэх эрхтэй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгч Ө.Б-нь гэрээний үүргээ биелүүлж, орон сууцны төлбөрт бэлэн мөнгөөр 16,545,900 төгрөг, тээврийн хэрэгслийг 16,000,000 төгрөгт тооцон, нийт 32,545,900 төгрөгийн хариу төлбөр төлснийг гэрээнээс татгалзсаны үр дагаварт тооцож хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2, 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт тус тус нийцжээ.

 

7. Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу гэрээнээс учирсан хохиролд 32,545,900 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 390,877 төгрөг төлсөн /хх 3-4/ байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийг тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч Ө.Б-ын гаргасан 32,545,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлд ногдох услын тэмдэгтийн хураамж 320,676 төгрөг байхад анхан шатны шүүх илүү төлсөн хэсгийг нэхэмжлэгчид буцаан олгоогүй, мөн хариуцагчаас илүү мөнгө гаргуулж улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан байгааг зөвтгөж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Орон сууц захиалан бариулах гэрээ-ний үүрэгт буюу 16,000,000 төгрөгт тооцогдсон тээврийн хэрэгслийг биет байдлаар нь буцаан өгөх боломжтой гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, уг тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчээс хариуцагч шилжүүлэн авснаас хойш тодорхой хугацаанд ашигласан байх бөгөөд уг эд хөрөнгийн элэгдэл хорогдлыг талууд харилцан тооцоогүй байна. Хариуцагчаас эд хөрөнгийг анхны байдлаар нь эсхүл элэгдэл хорогдлын үнийг тооцох талаар тайлбар гаргаагүй байна. Тээврийн хэрэгслийг 16,000,000 төгрөгт тооцон авч, өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон, харин одоо анхны байдлаар нь, эсхүл ашиглалтын элэгдлийн зөрүүг тооцон буцааж өгөх боломжтой болохыг хариуцагч баримтаар нотолж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т заасныг хэрэглэн тээврийн хэрэгслийн үнийг анх талууд гэрээгээр тохиролцсон үнээр тооцож хариуцагчаас гаргуулсныг буруутгах боломжгүй байна.

Дээр дурьдсан улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2021/02520 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ө.Б-ын төлсөн 390,877 төгрөгөөс 320,676 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Ю. Т- ХХК-аас 320,676 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Б-д олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 320,675 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ЦОГТСАЙХАН