Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/627

 

 

 

2024              5              29                                       2024/ДШМ/627

                          

     О.Чад  холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан  даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор С.Бичинхүү,

шүүгдэгч О.Ч, түүний өмгөөлөгч С.Соронзонболд, Б.Дагиймаа,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Чын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2305000001486 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч,  шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч О.Ч нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 8 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХД ХХК-ийн байранд Д.Э дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрийн урьдчилгаа болгож, 90,000,000 төгрөг авч, Д.Э 90,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны 53В байрны 84 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Х “хэлэлгүй орхиж явлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гар утсаар толгойн тус газар нь олон удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь хамрын таславчийн мурийлт, зулайд шарх, баруун хацар зулайн зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн мөрөнд цус хуралт баруун чамархайд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 4 дүгээр байрны гадна хохирогч Б.Э үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар түүний хэвлийн баруун талд хутгалж, түүний биед хэвлийн баруун дээд хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрч хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний 4-р сегмент, цөсний хүүдий гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтлүүд бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүргийн прокурорын газраас: О.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтуудад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...Шүүгдэгч О.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /алдаатай/ зааснаар оногдуулсан 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 01 /нэг/ сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 2 дахь заалтад зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жил хорих ялуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 /зургаан/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 8 /найман/ жил 01 /нэг/ сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Чад оногдуулсан 8 /найм/ жил 01 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Чын цагдан хоригдсон 90 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхгийг хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Чаас 81.697.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Э, 7.095.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Эад тус тус олгож, хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Ч давж заалдах гомдолдоо: ...Миний бие 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 461 дүгээр хорих ангид 3 сар хоригдсон. Хоригдох хугацаанд миний эрх зөрчигдөн, миний эрхийг хязгаарлан ар гэртэй минь уулзуулалгүй өнгөрүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдаагүйн дээр хохирогчдийн мэдүүлэгт үндэслэн хэт нэг талыг барьж надаас тайлбар, байцаалт авалгүй шийдсэнд гомдолтой байна. Тухайн өдөр ууж байх явцдаа хохирогч Б.Э нь “би Батлан хамгаалах яаманд ажилладаг” нөгөө залуу болох Д нь “өөрийгөө багш” гэж хэлсэн. Би хохирогч Б.Э “ямар цолтой вэ” гэхэд “дэслэгч цолтой” гэсэн. Би “цагдаагийн амьдрал хүнд, хэцүү, хоолтой хоолгүй явдаг, баяр ёслолоор гэртээ ч байдаггүй байсан” гэхэд хохирогч Б.Э “ахлагч байсан хүн оффицерийн амьдралыг яаж ойлгохов дээ” гэх мэтчилэн цол ярьж эхэлсэн. Би миний машинаас зайл гэхэд хохирогч Б.Э гараад ир үзэх үү, барахуу гэхэд би машинаас буусан. Эхлээд намайг нүүрэн ус газар 2-3 удаа цохиход хохирогч Б.Эийн найз Д нь зууралдаж намайг унагаах гэж оролдсон. Би тэр 2-оос түр салан, айлгаж явуулах зорилгоор машинд байсан жижиг аяны зориулалттай хутга гаргаж та 2 зүгээр хүний авч өгсөн юм ууж чадахгүй бол зайл гэж хэлсэн. Тэгэхэд хохирогч Б.Э намайг шууд ирээд боогоод авсан. Би зүүн гараараа хутгаа барин баруун гараараа боолтноос салах гэж Б.Эын гарыг тавиулахаар ноцолдох явцад хохирогч Б.Э нь хутганд өртөж хутгалагдсан. Би хохирогч Б.Эын биед гэмтэл учруулъя гэж анхнаасаа бодоогүй, хутга гаргаж айлгаж явуулах л зорилоготой байсан. Миний бие хохирогч Б.Эад санамсар болгоомжгүй байдлаасаа болж хүнд гэмтэл учруулсандаа гэмшин харамсаж байна. Би удаа дааа прокурорт хүсэлт гаргаж “өмгөөлөгчтэй тайлбар, байцаалт, мэдүүлэг өгье” гэж хэлсэн боловч авч хэлэлцээгүй. Миний бие давж заалдах шатны шүүхэд хохирогч болон гэрчүүдийг байлгах саналтай байна. ... гэв.

Шүүгдэгч О.Чын өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт маргахгүй оролцсон бөгөөд анхан шатны шүүхээс хамгийн боломжит ялыг оногдуулсан тул шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж давж заалдах гомдол гаргаагүй. Шүүгдэгч О.Ч санаатай гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байгаагаа анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн. Давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн баримттай холбогдуулан хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байгаа. ...” гэв.

Шүүгдэгч О.Чын өмгөөлөгч Б.Дагиймаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч О.Чын өмгөөлөгчөөр түүний гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн хувьд хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байна гэж үзсэн. Хохирогч 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрүүдэд мэдүүлэг өгсөн. Хамт байсан гэрч Д нь хохирогчтой нэг өдөр мэдүүлэг өгсөн бөгөөд гэрч болон хохирогчийн мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Хохирогч “цэрэг цолны үл ялих маргаанаас болж машинаас буугаад явахад араас ирээд намайг духаараа мөргөж, хутгалсан” гэж, гэрч Д “машин дотор энэ хоёр хүн хоорондоо маргалдаад байсан, машинаас буугаад ноцолдсон, машинд суулгасны дараа дахиад маргалдаад байсан” гэж тус тус мэдүүлсэн. Хутгалагдсан үйл баримтад маргахгүй байгаа боловч хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байх тул мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Гэрч, хохирогч нарын илтэд буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал үүснэ. Иймд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан тул энэ нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Нэгэнт хохирогчийн биед гэмтэл учирсан тул хохирол төлөх нь зүйтэй гэж үзээд Б.Эад хохирол нөхөн төлсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар иргэн Д.Эг залилж, 90.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж гэм буруутайд тооцсоныг өмгөөлөгч болон шүүгдэгч О.Чын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэх тогтоолд “*********” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд хэрнээ “******8” ХХК-ийн нэрээр хүчин төгөлдөр биелэгдэх боломжгүй гэрээ байгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуун дарагдуулсан гэж үзсэн. Гэтэл хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ХД ХХК-ийн нэрээр гэрээ байгуулсан зүйл байхгүй. Барилгын ажил гүйцэтгэх гэрээ хавтаст хэрэгт авагдсан бөгөөд иргэд хоорондын гэрээний харилцаа юм. Хохирогч Д.Э, түүний эхнэр Золбоо нар “компаниар гэрээ хийлгүүлбэл байшингийн 1 м.кв-ын үнэ 1.800.000 төгрөг байдаг, хувь хүнээр гэрээ байгуулбал 1 м.кв-ын үнэ нь 1.000.000 төгрөгөөр тохироод өгөөч” гэж өөрөө санал тавьсан нь Д.Э, З, Б.Х, О, О, О.Ч нарын мэдүүлгээр тогтоогддог. Гэтэл прокурорын зүгээс аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж гэрээ байгуулсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед “*******” ХХК-д ажилладаг байснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд тухайн компанийн ашигладаг байсан гэрээний төслийг ашигласан болохоос эрх, үүрэг нь О.Чад байсан тул бусдыг төөрөгдүүлсэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад 1 м.кв-ын үнийг 900.000 төгрөгөөр тооцож, 238.900.000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Урьдчилгаа 90 хувь буюу 214.000.000 төгрөг болсон. Гэтэл хохирогч бодит байдалд 90.000.000 төгрөг өгсөн гэдэг боловч О.Ч, Б.Х нарын зүгээс 88.000.000 төгрөг авсан гэж мэдүүлдэг тул хохирлын дүн эргэлзээтэй байна. Шүүгдэгч О.Чын анхны хүүхэд нь төрснөөс шалтгаалаад барилгын ажил гүйцэтгэх хугацаа 1 сараар хэтэрсэн асуудал байдаг. Хохирогч 01 дүгээр сарын 05-ны өдөр гомдол гаргасан. Гэрч тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг мэдүүлдэг тул тухайн цаг хугацаанд авсан мөнгөөрөө залилсан буюу “******” ХХК-ийн нэрийг ашигласан асуудал байхгүй. Анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлт зөрүүтэй байсан нөхцөл байдлыг харгалзах ёстой байсан. Шүүгдэгч О.Ч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч дахин шинжээч томилоогүй. Уг шинжээчийн дүгнэлтээр бодит байдлаас буюу хавтаст хэрэгт авагдсан баримтаас эрс зөрүүтэй дүгнэлт хийсэн. П 5.000.000 төгрөгөөр түрээслэсэн байхад шинжээчийн дүгнэлтээр 850.000 төгрөгөөр түрээслэсэн гэж, бетон зуурмаг 2.800.000 төгрөгөөр авсан гэсэн гэж гэрчийн мэдүүлсэн байхад шинжээчийн дүгнэлтээр 1.800.000 төгрөгөөр авсан гэсэн байдаг. Ажлын хөлсийг 3.000.000 төгрөгөөр тохирсон гэж байгаа боловч хэдэн хүнийг ажиллуулж, нэг хүнд хэдэн төгрөг өгсөн зэрэг нөхцөл байдал шинжээчийн дүгнэлтэд тодорхойгүй байгаа бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчиж дүгнэлт гаргасан тул дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан. ...” гэв.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “... “*****” ХХК-ийн байранд очоод уулзсан, гэрээний бланк байхгүй байсан тул “*****” ХХК-ийн бланкыг ашигласан гэсэн агуулга бүхий зүйл яригддаг. Гэтэл өмгөөлөгч Б.Дагиймаа “******” ХХК-ийн нэрийн өмнөөс байгуулсан гэж ярьж байна. 2023 оны 4 дүгээр сард хэргийг прокурорт буцаасан. 2023 оны 9 дүгээр сард О.Ч нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдох хүртлээ энэ талаар тайлбар, холбогдох баримтуудыг гаргаж өгөх боломжтой байсан боловч гаргаж өгөөгүй. 238.900.000 төгрөгөөр 6 ширхэг байшин бариулах гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд 45 хоногийн хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдрүүдэд барьж дуусгахаар заасан. Гэтэл энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд дүр үзүүлж буй мэт 3-аас 4 байшингийн хундаам ухаж, боловсон нойлын цагариг суурилуулсан. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт буюу Найрамдал зусланд мод байгаа гэж ярьдаг боловч энэ талаараа тайлбар, мэдүүлэг өгдөггүй байсан. Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн хувьд хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй гэж ярьж байна. Хоорондын таарамжгүй харилцааны улмаас шүүгдэгч хохирогчийг хутгалсан үйл баримт тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч нарын мэдүүлэг болон “дуудлагаар очсон 2 цагдаа хоёр талаас нь хөөж байгаад байр тойруулаад бариад авсан, тухайн үед хутгаа алга болгосон байсан, хутгыг нь хайгаад олоогүй” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл байдаг. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруу дээрээ маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах шүүгдэгч О.Чын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч О.Ч нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 8 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХД ХХК-ийн байранд Д.Э дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрийн урьдчилгаа болгож, 90.000.000 төгрөг авч их хэмжээний хохирол учруулсан,

2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны 53В байрны 84 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Х “хэлэлгүй орхиж явлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гар утсаар толгойн тус газар нь олон удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь хамрын таславчийн мурийлт, зулайд шарх, баруун хацар зулайн зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн мөрөнд цус хуралт баруун чамархайд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 4 дүгээр байрны гадна хохирогч Б.Э үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар түүний хэвлийн баруун талд хутгалж, түүний биед хэвлийн баруун дээд хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрч хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний 4-р сегмент, цөсний хүүдий гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтлүүд бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.Э “...Би О Чын эхнэр Б.Х ********* тоот данс руу 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эхнэр Э.Золбоогийн ********  тоот Голомт банкны данснаас 4 удаагийн үйлдлээр 10.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “********” ХХК-ийн байшинд байхдаа шилжүүлж байсан. Тэгээд эхнэрийнхээ Төрийн банкны данснаас нь 40.000.000 төгрөгийг бэлнээр аваачиж Чад
эхнэрийнх нь хажууд өгч байсан, тухайн өдөр Ч нь хэлэхдээ “5 дахь өдөр учир
материалаа аваад маргааш нөгөөдөр амралтын өдөр болохоор болохгүй байна,
өнөөдөр яаралтай мөнгө аваад шууд ажилдаа гарах гээд байна” гэж хэлж байсан
Үүний маргааш нь 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр манай ах Ч
хүүхэд Ц **********, ********** тоот хоёр данснаас 30.000.000
төгрөгийг ************************* тоотод байхдаа
О.Чын эхнэр Б.Х ********** тоот данс руу хийсэн. Мөн тухайн өдрөө
манай эгч Д.Э ******** тоот данснаас 4 удаагийн үйлдлээр
10.000.000 төгрөгийг О.Чын эхнэр Б.Х *********** тоот данс руу
хийсэн. ...Миний байшин бариулах гэж байгаа газарт 3 байшингийн далий муруй
хундам цутгагдсан, 2 жижигхэн нүх ухсан байгаа тэр нь бүүр гэрээний хугацаа
дууссан уу өөр ямар нэгэн ажил хийгдээгүй, тухайн зутгасан хундамыг Н залуу
2.800.000 төгрөгөөр цутгаж өгч байсан. Тэгэхээр Ч нь тухайн миний газарт
үсрээд л 3.000.000 төгрөгийн ажил хийсэн, үлдсэн мөнгийг нь хувьдаа зарцуулж
намайг залилсан. ...” /1хх 196-197/,

 

гэрч Э.Золбоогийн “...Тэгээд нөхөр Энхнасан бид хоёрт “хувиараа байшин барьж өгье” гэж тохироод манай 52-н даваанд байрлах газар дээр ХД ХХК-ийн баригдаг байшинтай яг ижил материалаар 6 ширхэг байшин барьж өгөхөөр тохироод зураг энэ тэрийг нь гаргуулсан.  Тэгээд  гэрээ хийгээд 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр барьж дуусгахаар бопсон. Урьдчилгаа гэж 90.000.000 төгрөгийг нөхөр бид хоёроос авсан боловч манай 6 ширхэг байшинг барьж өгөөгүй бөгөөд юу ч хийгээгүй, ганцхан хундам цутгасан боловч тэр нь огт шаардлага хангаагүй мөн манай нөхрийн танилын хүнээр мөнгө өгч цутгуулсан байсан бөгөөд Н гэх залуу 2.800.000 төгрөгөөр хийж байсан, тэрнээс өөр зүйл манай газар дээр Ч хийгээгүй. ...” /1хх 200-201/,

 

гэрч Б.Хийн “...52-н даваан дээр 5 байшин барина гэж ярьсан байсан. Тэгээд “хувиараа барих уу” гэж манай нөхрөөс асуугаад эхэндээ “үгүй” гэж байгаад сүүлдээ зөвшөөрөөд хувиараа барихаар болсон байсан. Миний “******** тоот дансанд мөнгө орно” гэж хэлж байсан. Удалгүй 2022 оны зун 8 дугаар сард миний тухайн
дансанд нийт 50.000.000 төгрөг орж ирсэн. Тухайн дансыг манай нөхөр Ч ашигладаг, би өмнө нь ашигладаг байсан. Миний ************ тоот дансанд орсон 50.000.000 төгрөгийг юунд зарцуулсан талаар би мэдэхгүй. ...” /1хх 208-209/,

 

хохирогч Б.Хийн “...Яг тухайн үед Ч байхгүй болсон байсан нэг найзтайгаа гарч тамхилах гэж гарсан юм шиг байгаа юм. Тэгээд би тэнд байсан нэг дүүд нь “би явлаа, Чад битгий санаа зовоорой, төрсөн өдрөө тэмдэглэчихээд хүрээд ирээрэй” гээд “дамжуулаад хэлээрэй, манай хүүхэд уйлаад байна гэнээ” гээд би яараад гараад явсан юм. Тэгээд би такси бариад яг гэрийн гадаа ирж байтал Ч над руу залгаж маш их уурласан. Тэгэхээр нь би “хүүхэд уйлаад байна ш дээ, би гэрийн гадаа ирсэн байна одоо орлоо” гээд хэлээд тасалсан. ...Ч орж ирээд учир зүггүй уурлаад, хашгираад эхлээд намайг нэг түлхсэн, тэгээд би эсэргүүцээд болиулах гэтэл санаандгүйгээр намайг маш хүчтэй эрүү рүү тохойдсон. Тэгээд намайг хараагаад “чи янхандлаа” гэх мэтээр өдөөд үг хаяад байсан. ...Тэгэхэд Ч улам уурлаж гартаа байсан утсаараа миний толгой руу маш олон удаа цохисон би яг хэдэн удаа цохисныг бол мэдэхгүй байна. ...” /2хх 130-132/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3927 дугаартай шинжээчийн “...Б.Хийн биед хамрын таславчийн муруйлт, зулайд шарх, баруун хацар зулайн зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн мөрөнд цус хуралт, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /2хх 146-147/,

хохирогч Б.Эын “...Тэгээд удалгүй Ч гэх залуу над руу хандаад “ахын дүү чи яагаад пээдэлзээд байгаа юм бэ, чи ер нь над руу нэг томроод байгаа юм шиг санагдаад байна” гэсэн. “Чи ер нь цолны ялгаа гаргаад байна уу” гэхээр нь “таньтай ерөөсөө маргалдах гэсэнгүй, та ингэж танилцана гэж байхгүй ээ” гэж хэлээд машинаас нь бид хоёр явлаа гээд буусан. Тэгсэн чинь араас бууж ирээд намайг барьж авах гээд “нааш
ир дээ” гээд байсан. ...Би эргээд урдаас нь явж очоод “яасан гэнээ” гэхэд над руу духаараа тулж ирээд дух руу мөргөөд байхаар нь би хоёр гараараа цээж рүү нь түлхэж холдуултал
хальт намайг гэдэс рүү цохих шиг болоод цаашаагаа алхаад явсан. Тэгэхээр нь би
эргэж найз руугаа харахад Д “наадах чинь чамайг хутгалчих шиг боллоо,
чи цамцаа сөхөөд үздээ” гэсэн. Би гэдэс рүүгээ хараад цамцаа сөхөөд үзэхэд гэдсэн
дээр зүсэгдэж онгойсон, цус их хэмжээгээр гарч байсан. Тэгээд шууд манай найз
цагдаад дуудлага өгөөд цагдаа удалгүй ирсэн. ...” /1хх 26-28/,

гэрч Б.Дын “...Би бол Чтай ам муруйсан асуудал болоогүй ээ. Надад тэгээд ч хутга бол байгаагүй. Ч харин өөртөө байсан хутгаа надад байсан мэтээр энд ярьсан байна. Мөн би Чыг цохиж авсан асуудал байхгүй. Харин машинаас Ч Б.Эыг “буугаад ир” гэж татаж буулгаж ирээд барилцаж аваад заамдаад байсан. Би тэгэхээр нь салгаад гэр рүүгээ Б.Эыг дагуулаад явсан. Гэтэл
ардаас Ч “байж бай” гээд дуудаад байсан. Би найзаасаа түрүүлээд алхаж
байсан. Б.Э миний хойно явж байхад хойноос нь Ч ирсэн. Б.Э
Чын өөдөөс дөхөөд очиж байсан. Гэтэл Ч гартаа цагаан өнгийн урт
гялгар зүйл барьсан байсан бөгөөд би хутга байна гэж ойлгосон. Би Б.Эад “хүүе юу болж байна” гэхэд хутгалчихсан. ...Би “цагдаа дуудлаа шүү” гэхэд Ч шууд
цаашаа явчихсан. ...” /1хх 35-36/,

 

гэрч Н.М “... “Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар байрны тоглоомын талбайн хажууд манай хутгалуулчихлаа” гэсэн дуудлага мэдээллийн дагуу шууд уг дуудлаганд 5-7 минутын дотор яваад очсон. Дуудлаганд очиход хутгалуулсан гэх залуу нь газар гэдсээ тэврээд хэвтчихсэн, тодорхой мэдээлэл өгч чадахгүй өвдөлтөөсөө болоод юм ярьж чадахгүй байсан. Дуудлага өгсөн гэх найз нь хажууд нь байсан бөгөөд “сая бид хоёр тоглоомын талбай дээр хоёр пиво уугаад сууж байхад үл таних нэг эалуу ирээд танилцаад юм ярьж байгаад маргалдсан” гэж хэлсэн. Ярихдаа “бид гурав пивоо хувааж ууж байхад маргаан болоод хутгалсан гэх залуу хутга гаргаж ирээд “би Баянголд том шүү намайг майг Ч” гэдэг гээд хутгаараа шууд найзын гэдэс рүү хутгалчихсан” гэж хэлсэн. ...” /1хх 38-39/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн
9538 дугартай шинжээчийн “...Б.Эын биед хэвлийн баруун дээд хэсгээс хэвлийн хөндийн рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний 4-р сегмент, цөсний хүүдий гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” /1хх 52-53/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн
2782 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн цамцанд 25мм хэмжээтэй шинээр хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. ...” /1хх 60-61/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн
188 дугаартай шинжээчийн “...2023 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө болсон гэмт хэргийн улмаас Б.Эын сэтгэцэд хор уршиг учирсан байна. Гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамаарч байна. Б.Эын сэтгэцэд учирсан  хор уршиг нь гэмт хэргийн шалтгаан нөхцөлөөс үүссэн байна. ...” /3хх 18-20/ гэсэн дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 6/, дуудлага лавлагааны хуудас /1хх 8, 2хх 120/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 10, 11-13/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 14-15, 16/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 146-147, 148-150/, Ажил гүйцэтгэх гэрээ /1хх 232-236/, дансны хуулгууд /1хх 241-249, 2хх 1-12/, А.Ш-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 81-91, 92-98/, хохирлын баримтууд /2хх 181-183/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч О.Ч нь дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрийн урьдчилгаа болгож, 90,000,000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Хтай маргалдаж, улмаар гар утсаар толгойн тус газар нь олон удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

мөн хохирогч Б.Э үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар түүний хэвлийн баруун талд хутгалж, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон, хохирогч нарт нөхөн төлсөн дүнг хасаж, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байна.

Шүүгдэгч О.Ч нь “...Би хохирогч Б.Эын биед гэмтэл учруулъя гэж анхнаасаа бодоогүй, хутга гаргаж айлгаж явуулах л зорилоготой байсан. Миний бие хохирогч Б.Эад болгоомжгүй байдлаасаа болж хүнд гэмтэл учруулсандаа гэмшин харамсаж байна. Хохирогчийн үнэн, зөв мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлээсэй гэж хүсэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт үнэлгээ хийсэн газар дутуу үнэлгээ хийсэн гэж үзэж байна. Эхнэр маань 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүүхдээ төрүүлээд би асрах шаардлагатай болоод цаг алдсан тул залилах гэмт хэрэгт холбогдсон. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Чын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Чын биечлэн эдлэх хорих ялыг нийт 8 жил 01 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Чад оногдуулсан 8 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох асуудлын тухайд:

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэрэг бүрэн тогтоогддог.

            Мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд А.Ш-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайланд “...ажлын хөлсөд 3.520.000 төгрөг, матеиралын зардалд 3.583.000 төгрөг, шууд зардлын нийт дүн 8.303.000 төгрөг. ...” гэж тодорхойлсон бөгөөд уг дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Э “...Ч гэх залуу манай эхнэртэй танилууд байсан гэдгээ хэлээд “байшин барьдаг үнээсээ хямдруулаад бариад өгнө” гэж хэлсэн. ...Тухайн өдөр Ч нь хэлэхдээ 5 дахь өдөр учир материалаа аваад маргааш, нөгөөдөр амралтын өдөр болохоор болохгүй байна, өнөөдөр яаралтай мөнгө аваад шууд ажилдаа гарах гээд байна гэж хэлж байсан. ...” /1хх 191-193, 196-197/ гэж, гэрч Э.Золбоо “...Сонирхоод орсон чинь манай сургуульд сурч байсан О.Ч гэх хүүхэд байсан. ...Тэгээд нөхөр Энхнасан бид хоёрт “хувиараа байшин барьж өгье” гэж тохироод манай 52-н даваанд байрлах газар дээр ХД ХХК-ийн баригдаг байшинтай яг ижил материалаар 6 ширхэг байшин барьж өгөхөөр тохироод зураг энэ тэрийг нь гаргуулсан. ...” /1хх 200-201/ гэж тус тус  мэдүүлжээ.

Дээрхээс үзэхэд шүүгдэгч О.Ч нь хохирогчтой дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрийн урьдчилгаа болгож, 90.000.000 төгрөгийг авсан хэрнээ уг мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулан барилга барих боломжгүй байсан ба буцааж өгөөгүй үйлдэл нь “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө...”-ийг шилжүүлэн авсан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Шүүгдэгч О.Ч нь хохирогч Б.Эын биед гэмтэл учруулна гэж бодоогүй, айлгаж явуулах зорилготой байсан гэх асуудлын тухайд:

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч О.Ч нь гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргээс гэм буруугийн хэлбэрээр ялгаатай ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний субъектив санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа зэргийг харгалзан үздэг.

Шүүгдэгч О.Ч нь хохирогчтой маргалдах явцдаа түүний хэвлийн баруун талд хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь “...хэвлийн баруун дээд хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрч хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний 4-р сегмент, цөсний хүүдий гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий хүнд хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 9538 дугаар дүгнэлт, гэрч Б.Дын “...Гэтэл Ч гартаа цагаан өнгийн урт гялгар зүйл барьсан байсан бөгөөд би хутга байна гэж ойлгосон. Би Б.Эад “хүүе юу болж байна” гэхэд хутгалчихсан. ...” гэсэн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч О.Ч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол, хор уршгийг хүсээгүй боловч үйлдлээрээ хүнд хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Чад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Чын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч О.Ч нь 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Б.Эад хохирол төлбөрт 7.095.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч О.Чын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 77 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Чын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч О.Ч нь 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Б.Эад хохирол төлбөрт 7.095.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                      Т.ШИНЭБАЯР

 

            ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ