Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2025/0766

 

 

 

 

 

    2025        11           03                                     128/ШШ2025/0766

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “П******* *******” /РД:/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц /ҮД:/,

Хариуцагч: Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Б нарыг оролцуулан “Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н, Ш.Х нарын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-тай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагч Ш.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т, А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н, Ш.Х нарын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”

Хоёр. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:

2.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ : “"П******* *******" ХХК нь хуш модны самрын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, Япон улсын эрдэмтэд болон JICA-тай хамтран хуш модны самрын идээнээс инноваци, нэмүү өртөг шингэсэн дархлааны бүтээгдэхүүн гарган авах ажлын судалгаа дэлхийд цор ганц анхны удаа хийж байна. Ойн газраас олгосон 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрчилгээгээр ойн дагалт баялгийг ашиглах зөвшөөрөлтэй.

2.2. Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтаар манай компанийг 2020-2021 онд "Т" ХХК, "Б" ХХК. "Г" ХХК, "Б" ХХК-аас бараа материал худалдан авсан мэтээр тайлагнах, санхүүгийн тайлангийн татвар ногдох орлогоос хасагдах зардлын бараа материалын өртөг хэсэгт тусгаж тайлагнасан гэж буруутган 830,005,454 төгрөгийн нөхөн татвар, 321,264,727.73 төгрөгийн торгууль, 278,584,425 төгрөгийн алданги, нийт 1,429,854,606.73 төгрөгийн төлбөр тогтоосон нь үндэслэлгүй.

2.3. Манай компани нь аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс хуш модны самар худалдан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолдог бөгөөд "бизнесийн зорилгогүй татварын үйлдэл хийсэн, худалдан авалт нь баримтаар ногдогдоогүй" гэж буруутгагдаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн жилүүдийн экспортын мэдээ, тайлан, улсад төлсөн татвар, "Т" ХХК, "Б ХХК, "Г" ХХК, "Б" ХХК-уудтай хийсэн хэлцэл, төлбөр, и-баримтаар бүрэн тогтоогдоно. Шинжлэх ухааны байгууллага, ботаникийн хүрээлэнгээс цайруулсан самрын яс, хальсыг салгасны дараах идээний цэвэр хувийг тодорхойлсон байдаг. Манай компани тусгай зөвшөөрөлд заасан хэмжээгээр, иргэдийн гар дээрээс цайруулсан самрыг худалдан авч, үйлдвэрт боловсруулан бүтээгдэхүүн болгон экспортолдог. Ингэхдээ дуудлага худалдааны төлбөр, улсын тэмдэгтийн хураамж, байгалийн нөөц ашигласны төлбөр, орон нутгийн төлбөр, экспортын татварыг кг-аар тооцож төлдөг. Самар худалдаж авахгүйгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспорт хийх боломжгүй бөгөөд өртгийг үгүйсгэж, худалдан авалт нь бодитой биш, хуурамч падаан гэж буруутгаж байгаа нь татварын улсын байцаагчийн алдаа юм.

2.4. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т "Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ" гэж зааж татварын хяналт шалгалтыг томилолтгүйгээр хийхийг хориглодог. Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн томилолтыг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгасан байдаг ч 05 дугаар сарын 06-ны өдөр нөхөн ногдуулалтын акт гаргасан нь хууль зөрчиж байна.

2.5. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.28-д "татварын жил" гэж тухайн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг" гэж тодорхойлсон. Манай компани 2020 онд 255,146,061.82 төгрөгийн алдагдалтай ажилласан бөгөөд 2020 онд гаргасан гэж тодорхойлсон зөрчлийг ашигтай ажилласан 2021 онд хамааруулан тооцож байгаагаас татвар төлөгчийн эрх зүйн байдлыг ямар хэмжээнд дордуулсныг ойлгож болно. Иймд Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н, Ш.Х нарын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэнэ үү” гэжээ.

2.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар үйлдсэн гэх 2 дахь үндэслэлд тайлбар хэлье. Захиргааны акт хуульд нийцэх зарчимтай. 2 дахь заалт нь нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусгаж албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэсэн үндэслэлээр акт тавьжээ. Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу татварын хяналт шалгалт хийгээд 2 төрлийн акт гаргахаар хуульчилсан байдаг. Үүнд Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан нөхөн ногдуулалтын актыг, Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг гэсэн 2 акт үйлдэхээр заасан. Татварын улсын байцаагчийн үндэслэл болгосон 14 дүгээр зүйлийн 14.5 нь тухайн татвар төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогод 0 хувь хэрэглэдэг байгууллага. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлоготой буюу экспорт хийдэггүй компанийн хувьд хэрэглэгдэнэ.

2.7. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйл нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулах акт буюу Сангийн сайдын тушаалаар батлагдсан 2 дахь маягтын дагуу акт үйлдэх ёстой юм. Гэтэл үйлдэх ёстой актаа үйлдэхгүй, нөхөн ногдуулалтын акт үйлдсэнээс болоод энэ компанийн аудитлагдсан санхүүгийн тайлан дээр 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баланс дээр нь 765 сая 10 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлт бүртгэгдсэн. Татварын удирдлагын нэгдсэн систем мөн энэ дүнгээр татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй гэж бүртгэлтэй байгаа. Хэрвээ татварын улсын байцаагч хуульд заасан актаа бичсэн бол хамгийн муудаа энэ 765 сая төгрөгийн авлага байхгүй болоод дуусах ёстой байсан. Гэтэл татварын улсын байцаагч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулж акт үйлдэхийн оронд Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан нөхөн ногдуулалтын акт үйлдсэнээрээ тухайн татвар төлөгчийн илүү төлөлтийг байхгүй болгоод, байхгүй газраас 415 сая төгрөгийн төлбөрийг гаргаж ирж акт үйлдсэн. Гол асуудал нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр акт бичих ямар ч үндэслэл байхгүй бөгөөд энэ нь хууль бус байна.

2.8. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйл буюу нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан актыг үйлдэх ёстой байсан. Энэ нь нөхөн ногдуулалтын акт гэхээсээ илүү дээрэм мэт харагдаж байна. Үнэхээр хууль бус байна гэж үзвэл 725 сая төгрөгийг байхгүй болгож болох хэдий ч байхгүй болгочхоод дээрээс нь нэмээд татварын акт үйлдэж болохгүй. Өөрөөр хэлбэл 765 сая төгрөгтэй холбоотойгоор 2 удаагийн акт гарсан байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтад тулгуурлан тайлбарыг гаргаж байна. 05 дугаар сарын 04-ний өдрийн акт нь 1 тэрбум 430 сая, 2024 оны 12 дугаар сарын 30-ны акт нь 1 тэрбум 615 сая төгрөгийн дүнтэй акт байна. Өөрөөр хэлбэл 770 сая төгрөгийг татвараас авах ёстой байтал түүнийг байхгүй болгоод, нэмээд 3 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги татвар олгогчид ногдуулсан байна. Ингээд байхаар Монгол Улсад жирийн татвар төлөгчид хэвийн бизнесийн үйл ажиллагааг явуулах ямар ч боломжгүй байна гэдгийг тайлбарлах ёстой байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувь гэх ойлголт байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.13-д өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргасан бол албан татварыг сар бүр, бусад албан татвар төлөгчийн албан татварыг улиралд нэг удаа улсын төсвөөс буцаан олгоно гэж заасан. 2021-2023 онд татвар төлөгч нь өөрөө худалдан авалт хийж, нэгэнт төлсөн 770 сая төгрөгийн татварыг авна гээд явж байтал түүнийг нь байхгүй болгоод, дээрээс нь 3 тэрбум төгрөгийн акт тавьж байгаа нь хууль бус юм” гэжээ.

2.9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дах заалтад “"төлбөр тооцоо хийх" гэж бэлэн ба бэлэн бусаар төлбөр тооцоо хийхийг” ойлгоно гэсэн байдаг. Манай үйлчлүүлэгчийн хувьд бэлнээр төлбөр төлсөнд гол асуудал юм. Гэтэл хуульд бэлнээр болон бэлэн бусаар хийж болно гэж зааж өгсөн байдаг. Тийм болохоор хэлээд байдаг, ууланд сүлжээгүй газар самраа бодитойгоор авч байгаа, хэрэв тухайн үед бэлэн мөнгө өгч авахгүй бол нэг ч самар авч чадахгүй нөхцөл байдалтай байсан. Тийм болохоор сая татварын улсын байцаагч нараас асуусан. Танай хяналт шалгалтын хууль тогтоомжид ажлын байр дээр очиж ажиглалт хийх гэж заасан өргөн боломж байдаг. Хариуцагчийн тайлбарыг сонсоход албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж байна. Цонхоороо хараад бүх зүйлээ шийднэ. Бодит ажлын байранд юу болж байгаа нь хамааралгүй гэдэг байдлаар хандаж байгаа хандлага харагдаж байна. Мөн хариуцагчаас бид ийм хүрээнд шалгасан, энэ бол хэсэгчилсэн хялбаршуулсан журмаар гэж тайлбарлаад 1,429,854,606.73 төгрөг буюу их хэмжээний хууль бус татвар ногдуулаад байна. Хэдэн цаас эргүүлээд бизнес эрхлэгчдэд маш том дарамт бий болгож байна. Тэгэхээр Татварын тухай хууль тогтоомж ялангуяа самартай холбоотой онцлог харилцааг нарийн шалгаж хуулийг хянуур зөв ойлгож хэрэгжүүлэхгүй бол хуулийн үг, үсгээр дааж давшгүй татвар оногдуулаад яллаад, алаад байна гэдгийг онцолж хэлмээр байна. Төрөөс самрын бизнесийн онцлогт нийцсэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, ялангуяа хуулийг зөв хэрэглэх нь маш чухал болоод байна. Хэрэв тэгэхгүй бол өнөөдрийн бодит байдалд 2 үр дүн гарч байна. Нэгдүгээрт иргэд ялтан болж байна. Хоёрдугаарт аж ахуйн нэгжүүд нь дааж давшгүй татварын өр төлбөрт орж байна.

2.10. Тухайлбал, компаниудын хувьд самар бэлтгэх, чөмөг, килограммаар тооцох, орон нутгийн төсөв, ойн дагалт баялаг гэх мэт бүх үе шатанд татвар төлж байна. Бид хавтаст хэрэгт самрын бизнестэй холбоотой иргэд яаж эрүүгийн хуулиар шийтгэл хүлээж байгаа талаар тогтоолуудыг хавсаргасан. Прокурорын дүгнэлтэд дурдахдаа эрх зүйн орчин хангалтгүй, уялдаа холбоогүй, хууль дүрэм журам харилцан холбогдохгүй байна. Хууль эрх зүйн орчноо шинэчилж, зөвшөөрөл олгох журмыг уялдаатай болгоё гэж тодорхой заагаад өгсөн байна. Эцэст нь Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж төрийг үүрэг болгож өгсөн. Өнөөдрийн тохиолдолд төрөөс бизнес эрхлэгчийг хуулийн үг үсгээр хавчиж шахсаар байгаад энэ дарамтад оруулсан байна. Татварын хяналт шалгалтаар давхардуулан татвар оногдуулсан зүйлийг хяналт шалгалтын үед засаж чадаагүй, Татварын маргаан таслах зөвлөл ч мөн засаж чадаагүй байна. Иргэнийхээ өмнө хүлээсэн хууль, эрх зүй тодорхой байх, хөндөгдсөн эрхийг нь сэргээх эрхийн баталгаа нь шударга шүүх болж өгнө гэдэгт итгэж байна” гэв.

Гурав. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Хариуцагч Ш.Х шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын олгосон ******* дугаартай татварын хяналт шалгалт хийх томилолтоор татварын улсын байцаагч Д.Н, Ш.Х бидэнд Нийслэлийн татварын газарт бүртгэлтэй тоот регистрийн дугаартай "П******* *******" ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хялбаршуулсан, хэсэгчилсэн хяналт шалгалт хийж 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр НА- тоот нөхөн ногдуулалтын актаар 8,300,054,545.44 төгрөгийн зөрчил илрүүлж, 1,429,854,606.73 төгрөгийн төлбөр ногдуулсан.

3.2. Танаас ирүүлсэн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/2078 дугаартай албан бичгээр ирүүлсэн "П******* *******" ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан татварын улсын байцаагчийн НА- дугаар ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

3.3. Хяналт шалгалтын үйл ажиллагаанд тус компанийн гүйцэтгэх захирал Бийн С (РД:)-г оролцуулж Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйл Татвар төлөгчийн эрх, 29 дүгээр зүйл Татварын тайлан үйлдэх, тушаах зэрэг хуульд заасан татвар төлөгчийн эрх үүргийг танилцуулсан. Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн НӨАТ-ын падаан худалдан авч залруулаагүй татвар төлөгчийн судалгаанаас "Т" ХХК-ний /РД:/ 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 11 ширхэг 265,256,363.64 төгрөгийн, "Б" ХХК-ний /РД:/ 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 30 ширхэг 1,361,999,999.99 төгрөгийн, "Г" ХХК-ний /РД:/ 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 43 ширхэг 1,449,025,454.55 төгрөгийн, "Бадам эрдэнэ" ХХК-ний /РД:*******/ 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2 ширхэг 1,073,745,454.54 төгрөгийн дүнтэй мэдээг хяналт шалгалтад ашигласан.

3.4. Татварын хяналт шалгалтаар Татварын Ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль тогтоомжийн холбогдох (тэмдэглэх хэсэгт бичигдсэн) заалтыг дараах байдлаар зөрчсөн нь тогтоогдсон:

3.5. 2020 оны 12 дугаар сард "Т" ХХК-ний /РД: 1/11 ширхэг падаанаар 265,256,363.64 төгрөгийн, "Б" ХХК-ний /РД:/ 30 ширхэг падаанаар 1,361,999,999.99 төгрөгийн, "Г" ХХК-ний /РД:/ 43 ширхэг падаанаар 1,449,025,454.55 төгрөгийн, 2022 оны 12 дугаар сард "Бадам эрдэнэ" ХХК-ний /РД:*******/ 2 ширхэг падаанаар 1,073,745,454.54 төгрөгийн үнийн дүн бүхий, нийт 4,150,027,272.72 төгрөгийн үнийн дүн бүхий 86 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаанаар тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл хийж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн "Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусгаж албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь анхан шатны баримт, дансны хуулга, тухайн (компанийн гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нарын ярилцлагаар нотлогдсон тул Татварын ерөнхий хуулийн 6.1.35."тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл гэж төлөх татварын хэмжээг багасгах, татвар төлөөхөөс зайлсхийх болон татвар төлөх хугацааг хойшлуулсан ажил гүйлгээ хийх, төлөвлөн гүйцэтгэх татвар төлөгчийн үйлдлийг.". Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй." гэсэн заалтыг зөрчсөн байна.

3.6. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд: 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр "Т" ХХК-аас 265,256,363.64 төгрөгийн, "Б" ХХК-аас 1,361,999,999.99 төгрөгийн, "Г" ХХК-аас 1,449,025,454.55 төгрөгийн, нийт 3,076,281,818.18 төгрөгийн үнэ бүхий бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, 2020 оны санхүүгийн тайланд бараа материалын үлдэгдлээр бүртгэж, 2021 оны санхүүгийн тайлан, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн татвар ногдох орлогоос хасагдах зардлын бараа материалын өртөг хэсэгт тусган тайлагнаж, албан татвар ногдуулах орлогод нөлөөлөн, төсөвт төлөх албан татварын хэмжээг бууруулсан нь

3.7. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр "Бадам эрдэнэ" ХХК-аас 1,073,745,454,54 төгрөгийн үнэ бүхий бараа материалын худалдан авалтаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн татвар ногдох орлогоос хасагдах зардлын бараа материалын өртөг хэсэгт тусган, төсөвт төлөх албан татварын хэмжээг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар 13 дугаар зүйл “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага”, 13.1. “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:” 13.1.1.“тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх;” 13.1.2. “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх;” 13.1.3. “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх;” 13.1.4. “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх;” 16 дугаар зүйлийн 16.1. “Дараах зардлыг албан Татвар ногдох орлогоос хасахгүй:”, 16.1.1. “энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал;” гэсэн заалтыг тус тус зөрчсөн тул хариуцлага тооцож нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн НӨАТ-ын падаан худалдан авч залруулаагүй татвар төлөгчийн судалгaaг нягтлахад:

3.8. "Т" ХХК-ний 2018 оны 03 дугаар сарын 02-ний өдрөөс хэсэгчилсэн нягтлах хяналт шалгалтыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татварын Татварын улсын байцаагч Э.З*******, Б.С******* нар хийж гүйцэтгэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хууль хяналтын байгууллагад танилцуулга бичсэн.

3.9. "Б" ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татварын хэсэгчилсэн 2023 нягтлах хяналт шалгалтыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.С*******, Т.Б******* нар хийж гүйцэтгэн 2023 оны 05 дугаар сарын 25-ний өдөр хууль хяналтын байгууллагад танилцуулга бичсэн.

3.10. "Г" ХХК-ний 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийг дуусталх хугацааны НӨАТ-ын хэсэгчилсэн нягтлах хяналт шалгалтыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Э*******, П.О******* нар хийж гүйцэтгэн 2022 оны 06 дугаар сарын 22-ний өдөр хууль хяналтын байгууллагад танилцуулга бичсэн байгаа нь тухайн компаниуд тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл хийсэн гэх нотолгоо болж байна.

3.11. Татварын хяналт шалгалт хийх ******* дугаартай томилолтыг Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр А/34 дугаар тушаалаар баталсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 3.16.1-д заасан "ажлын цар хүрээ нэмэгдсэн" шалтгаанаар 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөн сарын 31-ний өдрийг дуустал 23 ажлын өдрөөр сунгасан татварын удирдлагын системд бүртгэгдэж, цаасаар баталгаажсан нь ч мөн Нийслэлийн татварын газрын архивд хадгалагдаж байна.

3.12. "П******* *******" ХХК-ний гүйцэтгэх захирал Бийн Стой 2024 оны 03 дугаар сарын 26-ний өдөр Нийслэлийн татварын газарт ярилцлага хийж, тодруулга авахад "Т" ХХК, "Б" ХХК, "Г" ХХК, "Бадам эрдэнэ" ХХК-уудаас 2020-2022 онд түүхий эд, бараа материалыг худалдан авахдаа дээрх гүйлгээнүүдийг дансаар хийгээгүй, бүгд бэлэн мөнгөөр худалдан авалт хийж, кассаас зарлага гаргасан гэсэн тайлбар нь тухайн гүйлгээ бодитоор хийгдсэн гэх нотлох баримт болохгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэг. Тогтоогдсон үйл баримтын тухайд:

    1. Маргаан бүхий Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н,  Ш.Х нарын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн НА- дугаар актын нөхөн ногдуулалтын акт (Хавтаст хэрэг 1-ийн 5-10, 40-63 дахь талд)-аар нэхэмжлэгч компанийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, ******* тоот томилолтоор /Хялбаршуулсан - Хэсэгчилсэн/ шалгалтыг 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд хийж гүйцэтгэн, “Т ХХК, Б ХХК, Голден булион ХХК, Б ХХК гэх 4 компаниас ямар нэг бодит худалдан авалт хийгээгүй, ажил, үйлчилгээ авалгүйгээр нэмэгдсэн өртгийн болон аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд татвар ногдох дүнг буруулсан” гэх 8,300,054,545.44 төгрөгийн зөрчил илрүүлж Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 82.1.2 дэх заалтыг үндэслэн 830,005,454 төгрөгийн нөхөн татвар, 321,264,727.73 төгрөгийн торгууль, 278,584,425 төгрөгийн алданги, нийт 1,429,854,606.73 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон байна.
    2. Энэхүү актыг гаргахдаа 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Татварын хяналт шалгалт хийх ******* дугаар томилолт, хяналт шалгалт эхлэх хугацааг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж ажлын 22 хоногт дуусгахаар тогтоож, 2024 оны 04 дүгээр сарын 17 ажлын 10 өдөр, 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр ажлын 23 өдрөөр сунгасан байх ба Татварын нэгдсэн удирдлагын системээр уг сунгалт хийгдсэн болох нь тогтоогдсон(Хавтас хэрэг 1-ийн 24-25, хавтаст хэрэг 4-ийн 112-118).
    3. “Т ХХК, Б ХХК, Голден булион ХХК, Б ХХК-уудийн тодорхой хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хэсэгчилсэн хяналт шалгалт хийх байдлаар харьяа татварын хэлтсүүдээс танилцуулга бичигдэн Татварын ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын газарт хүргэгдсэн(Хавтаст хэрэг 3-ын 125-150, 159-181).
    4. Хэрэгт авагдсан 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэгч “П******* *******” ХХК-ийн захиралтай ярилцсан Ярилцлагын тэмдэглэлд “Самарын ченж иргэдээс самар худалдаж авсан, ченжүүдтэй гэрээ хэлцэл, байгуулаагүй, самар худалдан авсан төлбөрийг бэлнээр хийсэн, дансаар хийсэн төлбөр, мөнгө бага байгаа байх. Манай компани иргэдээс самар худалдан авалт хийгээд самар борлуулсан ченж нараас НӨАТ-ын падаан өгөхдөө ийм падаан өгсөн. Энэ хуурамч падаан гэдгийг  би мэдэхгүй самар худалдан авсан гэснийг нотлох баримт нь манай компаниас гаалиар самар гаргаж борлуулсан нь нотолгоо болно” гэж хариулсан хариулт тэмдэглэгдсэн бөгөөд уг хариултыг мөн шүүх хуралдааны явцад дэмжсэн болно.
    5. Нэхэмжлэгч нь 2020 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 77,272,727.27 төгрөгийн дотоодын борлуулалтын орлоготой, 4,569,642,784.44 төгрөгийн худалдан авалт тайлагнасан, 449,237,005.72 төгрөгийн татвар буцаан авахаар, 2021 онд  12,224,607,504.00 төгрөгийн экспортын борлуулалтын орлоготой, 76,693,540.70 төгрөгийн импортын худалдан авалттай, 62,722,100.93 төгрөгийн дотоодын худалдан авалттай тайлагнасан, 13,941,564.16 төгрөгийн буцаан авахаар, 2022 онд 9,339,192,443.25 төгрөгийн экспортын, 13,545,454.54 төгрөгийн дотоод борлуулалтын  орлоготой  3,051,465,877.55 төгрөгийн дотоодын худалдан авалттай тайлагнасан, 303,792,042.30 төгрөгийн буцаан авахаар тайлагнасан.
    6. Нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сард “Т” ХХК-ний 11 ширхэг падаанаар 265,256,363.64 төгрөгийн, “Б” ХХК-ний 30 ширхэг падаанаар 1,361,999,999.99 төгрөгийн, Г ХХК-ний 43 ширхэг падаанаар 1,449,025,454.55 төгрөгийн, 2022 оны 12 дугаар сард “Бадам эрдэнэ” ХХК-ний 2 ширхэг падаанаар 1,073,745,545.54 төгрөгийн үнийн дүн бүхий нийт 4,150,027,272.72 төгрөгийн дүн бүхий НӨАТ-ын падаанаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “Худалдан авалт” хэсэгт тусган хасалт хийж татвар ногдох орлогоо бууруулж тайлагнасан.
    7. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд 2020 оны 12 дугаар сард “Т” ХХК-аас 265,256,363.64 төгрөгийн, “Б” ХХК-аас 1,361,999,999.99 төгрөгийн, “Г” ХХК-аас 1,449,025,454.55 төгрөгийн нийт 3,076,281,818.18 төгрөгийн үнийн дүн бүхий бараа, материал худалдан авсан, 2022 онд Б ХХК-аас 1,073,745,545.54 төгрөгийн үнэ бүхий бараа, материал худалдан авсан гэж аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн татвар ногдох орлогоос хасагдах бараа материалын өртөгт тусгаж тайлагнасан байна.
    8. Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 49 дугаар тогтоолоор Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.4 дэс хэсгийг тус тус баримтлан улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн НА- дүгээр нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 8,300,054,545.44 төгрөгийн зөрчилд 830,005,454.00 төгрөгийн нөхөн татвар, 321,264,727.73 төгрөгийн торгууль, 278,584,425.00 төгрөгийн алданги, нийт 1,429,854,606.73 төгрөгийн төлбөр ногдуулсныг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
    9. Дээрх нэр бүхий 4 аж ахуй нэгж нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 – 2022 оны хооронд хуш модны самар бэлтгэх зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж, ойн дагалт баялгийн төлбөр, хураамж төлж байгаагүй нь хавтаст хэрэг 3-ын 182-206 дугаар талд авагдсан баримт болон хэрэгт авагдсан бусад баримт, талуудын тайлбараар тогтоогдсон.

Хоёр.Шүс хийсэн дүгнэлтийн тухайд:

2.1. Нэхэмжлэгч “П******* *******” ХХК-аас Нийслэлийн татварын газрын  Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н, Ш.Х нарт холбогдуулан “Нийслэлийн татварын газрын  Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н,  Ш.Х нарын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн НА- дугаар актын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар шаардлагаа тодорхойлж үндэслэлээ “...самар боловсруулах ажиллагааг бодитоор хийдэг, тухайн жилүүдийн экспортын мэдээ, тайлан, улсад төлсөн татвар, хураамж, тус компаниудтай хийсэн хэлцэл, төлбөрийн баримт, и-баримтаар худалдан авалт хийсэн гэдгийг нотолно, самар худалдаж авахгүйгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспорт хийх боломжгүй, самар цуглуулах, худалдан авах ажиллагаа нь төвөгтэй, тэг хувь хэрэглэх ёстой, хууль бусаар нөхөн ногдуулалтын актыг гаргасан...”,

Хариуцагчаас “...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй нэр бүхий 4 компаниас тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл хийж албан татвар ногдох орлогыг бууруулсан нь анхан шатны баримт, тайлан, гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нарын ярилцлагаар нотлогдсон, хэдийгээр самрын бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг боловч тухайн нэр бүхий 4 компаниас худалдан авалт хийгээгүй атлаа хийсэн мэтээр татварын тайланд тусгаж татвар ногдох дүнг үндэслэлгүйгээр бууруулсан нь хуулийг зөрчсөн тул акт үндэслэлтэй” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

2.3. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.35-д “тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл гэж төлөх татварын хэмжээг багасгах, татвар төлөхөөс зайлсхийх болон татвар төлөх хугацааг хойшлуулсан ажил гүйлгээ хийх, төлөвлөн гүйцэтгэх татвар төлөгчийн үйлдлийг”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно”, 13.1.2.албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдох гарсан байх”, 13.1.3-д “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй”, 16.1.1-д “энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” гэж зохицуулсан байна.

2.3. Үүнээс үзэхэд албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдож гарсан байх, зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт, холбогдох бүртгэл, анхан шатны баримтаар баталгаажсан тохиолдолд татварын зардлыг багасгах тухай зохицуулсан байх ба энэ тохиолдолд энэхүү шаардлага нэгэн зэрэг хангагдаагүй байна.

2.4. Өөрөөр хэлбэл, “Т” ХХК, “Б” ХХК, “Г” ХХК, “Б” ХХК гэх 4 компаниас өөрийн компанийн үйл ажиллагаа, үндсэн үйл ажиллагаатай шууд холбогдсон, бодит худалдан авалт хийгдсэн байх буюу хуш модны самрыг тухайн компаниудаас бодитоор худалдан авсан байх түүнээс бус ченж иргэдээс худалдан авсныгаа эдгээр компаниудаас авсан гэж тайлагнахгүй байх ёстой гэвч бодитоор худалдан авалт хийгдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, хариуцагч нараас нэхэмжлэгчээс гаргасан зөрчлийг зөв илрүүлж тогтоосон байна.

2.4. Хэрэв нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар хуш модны самар худалдаалдаг ченжүүдээс худалдаж авсан, тэдний өгсөн НӨАТ-ын баримт гэж тайлбарлах нь хуулиар хүлээсэн татвараа үнэн зөв тайлагнах, анхан шатны баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэх үүргээ зөрчсөн гэж үзнэ учир нь тусгай зөвшөөрөлтэйгөөр бэлтгэдэг хуш модны самрыг худалдан авсан, тухайн этгээдэд татвар шингэсэн дүнг шилжүүлсэн гэж татвартаа тайлагнаж байгаа тохиолдолд тус этгээд нь хуш модны самар худалдах зөвшөөрлөө хууль ёсоор авсан, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх эсхүл зохих журмаар бэлтгэсэн этгээдээс худалдаж авсныгаа дахин нэхэмжлэгч компанид худалдсан үйл баримт нь нотлогдох ёстой боловч эдгээр үйл баримт нотлогдоогүй, мөн үнэхээр тус аж ахуй нэгжүүдээс гэрээний дагуу худалдан авалт хийгдсэн бол тус ченжүүдээс НӨАТ-ын баримтыг авах шаардлага үүсэхгүй.

2.5. Түүнчлэн тус компаниудтай байгуулсан гэрээ, бэлэн  мөнгөний зарлагын баримтуудыг үзэхэд бодит худалдан авалт хийгдсэн мэт боловч энэ нь бусад байдлаар нотлогдоогүй, жишээлбэл, ихээхэн хэмжээний дүнтэй худалдан авалт хийгдэж байхад тухайн мөнгөн дүнг хаанаас хэний данснаас бэлэн мөнгөөр гаргаж худалдан авсан нь тодорхойгүй, худалдан авсан самраа хэн гэж ажилтнаас, хэзээ, хаана байрлах агуулахаас, хэдий хэмжээтэйгээр хүлээн авсан талаарх баримтаа татварын хяналт шалгалт, болон шүр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа шаардахад гаргаж ирүүлээгүй, татварын хяналт шалгалт, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарууд нь хоорондоо зөрүүтэй байгаа зэргээс үзэхэд бодит худалдан авалт хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй.

2.6. Тодруулбал, нэхэмжлэгчээс самрыг хууль бусаар худалдах нь гэмт хэрэг, заавал тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, иргэд түүж, улс болон орон нутагт төлбөр, хураамж төлсний үндсэн дээр бэлтгэх боломжтой гэж тайлбарлах атлаа өөрсдөө ямар нэг тусгай зөвшөөрөлгүй, энэхүү чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуй нэгжүүдээс их хэмжээний самар худалдан авсан гэж тайлбарлах нь хоорондоо уялдаагүй, шүүх хуралдааны явцад болон татварын хяналт шалгалтын үед гаргасан тайлбар нь хоорондоо зөрүүтэй байгаа нь мөн дээрх аж ахуй нэгжүүдээс худалдан авалт хийгдсэн гэдгийг нотлох тайлбар болж чадахгүй байна.

2.7. Гаалийн мэдээгээр самрын бүтээгдэхүүнийг экспортод гаргасан, мөн холбогдох төлбөр, хураамжийг төлсөн, манай компани хуш модны самрыг боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа нь дээрх 4 компаниас самар худалдан авсныг нотолно гэж тайлбарлах боловч шүс шууд энэхүү тайлбараар нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй.

2.8. Учир нь шүс нэхэмжлэгч аж ахуй нэгж, үйл ажиллагааныхаа чиглэл зорилгын дагуу самар худалдан авч бүтээгдэхүүн болгож экспортод гаргахад шаардлагатай түүхий эд болох хуш модны самар худалдан авсан үйл баримтыг үгүйсгээгүй ба харин маргаан бүхий актаар тогтоосон нэр бүхий 4 компаниас хуш модны самрыг бодитоор худалдан аваагүй атлаа авсан мэтээр татварын тайландаа тусгасан нь дээрх хуулийн заалтуудтай нийцээгүй.

2.9. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д  “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж зааснаас үзэхэд дээрх 4 аж ахуй нэгжид албан татвар төлсөн нь нотлогдохгүй байгаа энэ тохиолдолд түүнийг  хасаж тооцохгүй гэж заасантай нийцээгүй байна.

2.10. Татварын “0” хувь хэрэглэж татвар ногдуулах ёстой гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын хувьд экспортод гаргасан дүнгээр нь “0” хувь тооцсон, харин аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд татвар ногдох дүнгээ бууруулахдаа хуульд заасан бодит худалдан авалтын дүнг хасахдаа хуульд нийцүүлж зохих шаардлагыг хангасны дараа хасах нь хуулиар хүлээсэн үүрэг тул энэхүү тайлбар үндэслэлгүй.

2.11. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад “...хариуцагчаас татвар ногдуулах дүнгээс хасагдах зардал нь хуульд заасан шаардлагуудыг нэгэн зэрэг хангасан, эдгээр нь анхан шатны баримтуудаар нотлогдож байх ёстой, татварын хяналт шалгалтыг заавал цагдаагийн байгууллагаас эсхүл шүс гэмт хэргийн шинжтэй асуудал байгаа эсэхийг шалгаж дууссаны дараа хяналт шалгалт явуулах шаардлагагүй...” гэх тайлбар нь үндэслэлтэй бөгөөд маргаан бүхий актыг гаргасан нь хариуцагч нарын хуулиар хүлээсэн чиг үүрэгт нийцсэн, нэхэмжлэгчээс өмнө нь тайлагнасан тайлантай холбоотой орлого, зарлагаа нотлох үүрэг нь хуулиар хүлээгдсэн байгаа энэ тохиолдолд заавал цагдаагийн байгууллага, прокурор, шүүхийн байгууллагаас дүгнэлт, шийдвэр гарсан байх шаардлагыг хуульд заагаагүй байна.

2.12. Нэгтгэн дүгнэвэл, маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.35, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.3, 16 дугаар зүйлийн 16.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П******* *******” ХХК-аас Нийслэлийн татварын газрын  Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н,  Ш.Х нарт холбогдуулан “Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н, Ш.Х нарын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн                         НА- дугаар актын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХ-ӨЛЗИЙ