Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2018/ЦШТ/27

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа

Хохирогчийн өмгөөлөгч Н.Болд

Хохирогч Ц.Л

Шүүгдэгч нарын өмгөөлөгч  Д.Дашцэрэн

Нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул  

Шүүгдэгч: Д.Д, Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Д-ийн Д, Х овогт Ц-ийн С нарт холбогдох 1727000860010 дугаартай, 146/2018/0022/Э индекстэй, эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар баг Их Мойлт гэх газар оршин суух, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Х овогт Ц-ийн С

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай,  боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн Сөрт гэх  газар  оршин суух, урд ял шийтгэлгүй, Ш овогт Д-ийн Д

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.С, Д.Д нар нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн Сөрт гэх газарт хохирогч Ц.Л-г бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлнө. Тэнсэж өгнө үү  гэв. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: Би гэм буруутай. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Л мэдүүлэхдээ: ... Хохиролд 500.000 төгрөгийг ноолуур гарахаар шүүгдэгч нар өгье гэснийг зөвшөөрч байна . Хохирлоо өгөх юм бол надад гомдол санал байхгүй гэв.

Насанд хүрээгүй гэрч Ц.Д 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...2017 оны 11 дүгээр сарын 03-ны орой 17 цагийн орчимд Д.Д ахын хүүхдийн найранд оролцохоор аав, ээж, н.Хишигдорж ахын хамт явсан. Д.Д ахын гэр манайхаас холгүй ганц гэр байдаг. 20 цагийн орчимд миний аав, ээж хоёр мотоцикльтой ирсэн. Тухайн үед аав тийм согтуу биш гэхдээ архи уусан байсан. Ээжийг хүргэж ирсний дараа аав ахиж Д.Д ахын гэрт очихоор мотоцикльтой явсан. Хэсэг хугацааны дараа ээж бид хоёрыг орондоо орсон байхад аав н.С ахын хамт машинтай ирсэн. Хэн хэн нь архи ууж хэрэглэсэн байсан. Аав машиныг нь мялааж байна гээд нэг шил архи гаргаж ирсэн. Н.С ах аавын хамт архийг ууж байгаад архиа аваад Д.Д ахын гэрт очсон. 22 цагийн үед аавыг н.С ахын эхнэр машинтай хүргэж ирсэн гээд аав гэрт орж ирсэн. Аав Д.Д ахын гэрийн гаднаас мотоциклио авч ирна гээд намайг авч явсан. Аав бид хоёр явган алхаж Д.Д ахын гэрт очсон. Гэрт ороод аав гэрийн зүүн талын орон дээр суусан. Би аавын хажууд суусан. Д.Д ахын гэрт тухайн үед Д.Д ахын эхнэр, мөн н.С, манай гэрийг нүүлгэсэн н.Хишигдорж ах согтуу бололтой баруун талын орон дээр сууж байсан. Аав бид хоёрыг гэрт ороод сууж байхад манай аав руу Д.Д ах гэрийнхээ хойд талын орон дээр сууж байгаад май гээд салаавч өгсөн. Аав яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. Гэтэл н.С /Ц.С/ ах босож ирээд миний аавыг цохьсон. Аав газар унасан. н.С аавын үснээс чирээд гэрээс гаргаж зодсон. Д.Д ах гэрээсээ гарахгүй байсан. Би гэрээс гарахад н.С мөн аавыг зодож байсан. Ахиж гэрт орж хэлэхэд Д.Д ах гэрээсээ гарч гэрэл тусгаж аавыг харж байснаа хоёр удаа өшиглөсөн. Тэр үед миний аавын хажууд н.С зогсож байсан. Тэрний дараагаар н.С гэдэг хүн миний аавыг арьсыг нь өлгөөд ясыг нь хаяна гэж яриад байсан. Тэгтэл Д.Д ах н.С-г гэр рүү орох уу гээд хамт өөрийнхөө гэрт орсон. Аав мотоциклио унаж бид хоёр харьсан. Гэрт ирчихсэн байхад аавын чихнээс цус гараад байсан би уулан дээр гарч утсаар түргэн дуудсан. ... гадаа харанхуй байсан тул би гэрэлтэй явж байсан. Д.Д ах миний аавын толгой хэсэг рүү өшиглөж байсан гэжээ. /хх-ийн 42-43 дугаар хуудас/

Гэрч Б.Б 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ... н.Л ах манай нөхрийг ална гээд зуухны булан дээр дарж унагаасан. Ц.С ах н.Л ахыг манай нөхрөөс салгаад гэрээс аваад гарсан. Гэртээ нөхөр, хүүхдийнхээ хамт байсан чинь гаднаас н.Л ахын охин орж ирээд манай аавыг зодоод байна та салгаад өгөөч гэж хэлээд манай нөхөртэй цуг гарсан. Удалгүй манай нөхөр Ц.С ахын хамт гэрт орж ирсэн гэжээ. /хх-ийн 20 дугаар хуудас/

Гэрч Д.Ч 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...17 цагийн орчимд нөхөр Ц.Л-гийн хамт Д.Д-ийнд очсон. Гэрт нь н.Д эхнэрийнхээ хамт, н.Хандаа, н.Байгаль эгч нар байсан. Эдгээр хүмүүс 2 шил архи хувааж уусан. Ц.Л мотоцикльтой намайг гэрт хүргэж өгсөн. Хэсэг хугацааны дараа нөхөр Ц.Л, Д.Д-ийн гэр рүү мотоцикльтой явсан. Хэсэг хугацааны дараа н.С-ын хамт машинтай ирсэн. Манай гэрт 0.75 литрийн архи хувааж ууж байгаа бололтой байсан. Тухайн үед би орондоо ороод унтаж байсан. Н.С-ын хамт буцаад Д.Д-ийн гэр рүү явсан ...н.С-ийн эхнэр н.Н машинтай манай нөхрийг хүргэж ирсэн. Тухайн үед манай нөхрийн биед ил шарх сорви байгаагүй. Манай нөхөр нэлээн согтсон байсан. Д.Д-ийн гэрийн гаднаас мотоциклио аваад ирье гээд охины хамт явсан. Хэсэг хугацааны дараа нөхөр мотоциклио жолоодож ар талд нь охиноо суулгасан ирсэн. Ц.Л-гийн өмсөж явсан дээл хувцас цустай болчихсон байсан. Хамар нь цаашаа орчихсон , зүүн чихнээс цус гараад тогтохгүй байсан. Түргэн дуудсан гэжээ. /хх-ийн 30-31, 34 дүгээр хуудас/

  2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13880 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Л-гийн биед зүүн гайморовын хөндийн гадна хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, баруун хацар, хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, уруулд зулгаралт, баруун хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Долгормаа гэжээ. /хх-ийн 56 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Шүүгдэгч Ц.С, Д.Д нар нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн Сөрт гэх газарт хохирогч Ц.Лг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Л, гэрч Б.Б, насанд хүрээгүй гэрч Л.Дашцэрэн нарын мэдүүлэг, шинжээчийн 13880 тоот дүгнэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Ц.С, Д.Д нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Л хохиролд хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан хохирлын баримтуудыг үндэслэн 500000 төгрөг нэхэмжилж байх ба шүүгдэгч нар нь хохирлыг төлөхөө илэрхийлж, хохирогчтой бичгээр гэрээ байгуулсан, шүүгдэгч Ц.С-ын 2017 оны малын А дансыг хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудсанд хавсаргасан зэргийг үнэлж , шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохир0лоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж шүүх дүгнэлээ.   

Иймд шүүгдэгч нараас хохиролд тус бүр 250000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Лд 500000 төгрөгийг олгох нь зүйтэй.

            Шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн  зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн 2 ширхэг зургийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хэвээр үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.

            Шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал,  хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 8,  36.2 дугаар зүйлийн 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ц-ийн С, Ш овогт Д-ийн Д нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Ц-ийн С, Ш овогт Д-ийн Д нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар  тус тус тэнссүгэй.

            3. Шүүгдэгч Ц.С, Д.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

            4. Шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг  тус тус дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.С, Д.Д нараас тус бүр 250000 төгрөг гаргуулж хохиролд нийт 500000 төгрөгийг хохирогч Ц.Л-д олгосугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хавтаст хэрэгт авагдсан 2 ширхэг гэрэл зургийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээсүгэй.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА