Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/628

 

 

 

2024              5              29                                       2024/ДШМ/628

                          

Х.Э, Б.Ү нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

хохирогч В.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат,

шүүгдэгч Б.Ү, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат,

шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Д.Тамир, Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/251 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч В.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Үын өмгөөлөгч Б.Очбадар, Б.Мөнхбат, шүүгдэгч Х.Эын өмгөөлөгч Д.Тамир, Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Э, Б.Ү нарт холбогдох 2109008091118 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Ү, Х.Э нар нь бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт дэвсгэрт урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж В.Бтай хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулан түүний өмчлөлийн “Норд бенз” загварын ******* арлын дугаартай ****** ***улсын дугаартай, *********** арлын дугаартай ****** ***улсын дугаартай,  *********** арлын дугаартай ***** *** улсын дугаартай 3 тээврийн хэрэгслийг “ашигтай ажиллана” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Х.Эын А.Б.Т ХХК-ийн нэр дээр шилжүүлж, хохирогч В.Бт 367.385.244 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Ү, Х.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ү, Х.Э нарыг бүлэглэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг нь өөрсдөдөө шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ү 25.000 /хорин таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 /хорин таван сая/ төгрөгөөр торгох ял, Х.Э 25.000 /хорин таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 /хорин таван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү, Х.Эын нарын энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон тус бүр 8 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, тэдгээрт оногдуулсан 25.000.000 төгрөгийн торгох ялаас 120.000 төгрөгийг тус тус хасаж тооцож, шүүгдэгч Б.Үын биечлэн эдлэх торгох ялыг 24.880.000 /хорин дөрвөн сая найман зуун наян мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Х.Эын биечлэн эдлэх торгох ялыг 24.880.000 /хорин дөрвөн сая найман зуун наян мянга/ төгрөгөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү, Х.Э нарт тус бүрт оногдуулсан 24.880.000 /хорин дөрвөн сая найман зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү, Х.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт тус бүр 8 /найм/ хоног урьдчилан цагдан хоригдсоныг торгох ялаас хасч тооцсон, шүүгдэгч Х.Э, Б.Ү нар нь шүүх хуралдааны үе шатанд хохирол төлбөрт тус бүр 183.692.622 төгрөг нийтдээ 367.385.244 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг СD, мөн хохирогчоос гаргаж өгсөн 5 ширхэг СD, нийт 8 ширхэг СD-г тус тус хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаартай ***** ***, ***** ***, ****** *** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн прокурорын тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1435 дугаартай Х.Эын нэр дээр бүртгэлтэй 7 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоол, 2022 оны 12 дугаартай 15-ны өдрийн №1434 дугаартай Б.Үын нэр дээр бүртгэлтэй 6 үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч В.Бын нэхэмжилсэн 12.688.251.761 төгрөгийн иргэний нэхэмжлэлээс үлдэх 12.320.866.517 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч В.Бын тухайд шүүхээс түүний гаргасан иргэний нэхэмжлэлээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон өөрт учирсан гэж үзэж байгаа эд хөрөнгийн болон бусад хохирол, хор уршгийн асуудлаар холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогч В.Б давж заалдах гомдолдоо: “...Х.Э, Б.Ү нарыг залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуульд нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий үнэн зөв дүгнэлт мөн. Бүлэглэн залилагч Х.Э, Б.Ү нарыг шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.3-д зааснаар шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч тэдний өмгөөлөгч нар хохирол барагдуулах санал гаргаж хохирлыг нөхөн төлөх хугацаа олгох хүсэлтийг хангаж шүүх хурал хойшилсон. Х.Э, Б.Ү нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч 3 автомашины эзэмших эрхийг залилан мэхэлж шилжүүлэн авснаас учирсан хохирол 367.385.244 төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсан нь залилан мэхлэх гэмт үйлдлийнхээ учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан гэж үзэхгүй байна.

Голомт банкнаас зээлээр авсан 3 автомашинаар нүүрс тээвэр хийж олсон олон тэрбум төгрөгийн ашиг орлогоос хохирогчид учирсан Голомт банкны 858.392.879 төгрөгийн зээлийн төлбөртэй холбоотой хохирол, олох байсан ашгийг харилцан тохиролцож төлж барагдуулах талаар шүүгдэгч Х.Э, Б.Ү нар санаачилга гаргахгүй байгаа нь гэмт үйлдийнхээ улмаас бусдад учруулсан их хэмжээний хохиролдоо гэмшихгүй, ял нь хэт хөнгөдсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг зааж өгсөн бөгөөд шүүгдэгч Х.Э, Б.Ү нар эцсээ хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан, хохирлоо бүрэн төлсөн гэж үзэх боломжгүй, гэмт хэргийг анх үйлдэхдээ бүлэглэн, урьдаас тохирч, бусдыг залилж их хэмжээний өр төлбөрт оруулсан зэргийг харгалзан үзвэл торгох ялаар шийтгэж байгаа нь залилан мэхлэгч нарын хувийн байдалд тохирохгүй ял хөнгөдсөн, тэдний толгойг илсэн, хохирогч хохирогчоороо үлдэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Залилах гэмт хэрэг Монгол улсад хамгийн өндөр хувьтай явдаг. Яагаад гэвэл тэд шударгаар ажиллаж, хөдөлмөрлөж, хөрөнгө мөнгө цуглуулсан иргэдийн итгэл дээр гишгэлж их хэмжээний хохирол учруулаад хөнгөн шийтгэл авдаг.

Ял хөнгөрүүлэх үндэслэл болох шүүгдэгч Х.Э, Б.Ү нар нь шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч В.Баас үнэн сэтгэлээсээ уучлалт эрж, хохирлоо чин санаанаасаа бүрэн барагдуулсан нөхцөлд л гэм бурууг харгалзан хөнгөрүүлдэг атал 2 жилээс 8 жил хүртэл хорих ялыг сонгон хэрэглэх боломжтой байхад шүүгдэгч Х.Э, Б.Ү нарыг 25.000.000 төгрөгөөр торгож байгаа нь нийгэмд маш их бухимдал үүсгэдэг.

Хохирогч В.А.Г ХХК-ийн Голомт банкнаас зээлсэн, шүүхийн шийдвэрээр төлөх үүрэг хүлээсэн 858.392.879 төгрөгийн зээлийн төлбөрт 5 тэрбумын үнэ бүхий ************* улсын бүртгэлийн дугаартай Таун хаус бүхий үл хөдлөх хөрөнгөө барьцаалуулсан Ц.А, Д.С нарыг давхар хохироосон шийдвэр гэж үзэж байна. Иймд залилан мэхлэгч, шүүгдэгч Х.Э, Б.Ү гэмт хэргийн учруулсан хор хохирлын нөхцөл байдалд тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулаагүй гэж үзэж байна.

2. Залилан мэхлэгч шүүгдэгч Х.Э, Б.Ү нар өнөөдрийг хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаад анхан шатны шүүх дүгнэлт хийсэнгүй. Учир нь шүүгдэгч Х.Э, Б.Ү нарын залилан мэхэлж, ***** ***, ***** ***, ***** ***тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэлт хийж ашиглаж олсон орлогоос хохирогчид оногдох хувийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 36.3.1-д заагдсан “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэсэн заалтын дагуу иргэний нэхэмжлэлийг бодитоор тооцоолон бүхэлд хангаж шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх 1-р хавтаст хэргийн 78-84 дүгээр талд буй Гаалийн ерөнхий газрын албан бичиг, хилээр нэвтэрсэн бараа тээвэрлэн импортолсон лавлагаа, 7-р хавтаст хэргийн 110-118 дугаар талд буй Гаалийн ерөнхий газрын албан бичиг, түүний хавсралтад заагдсан хохирогчийн өмчлөлийн ***** ***, ***** ***, ***** *** тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэлт хийсэн жагсаалт, Монгол Улсын хилээр нэвтэрсэн жагсаалт, 7-р хавтаст хэргийн 119-120 дугаар талд буй баримт бичиг үзлэг хийсэн тэмдэглэлээр ***** ***тээврийн хэрэгсэл 49 удаагийн нүүрс тээвэрлэлт хийж 2.962.114.095.1 төгрөгийн орлого олсон, 19-31 ӨМЭ тээврийн хэрэгсэл 45 удаагийн нүүрс тээвэрлэлт хийж 2.9786.569.143 төгрөгийн орлого олсон, ***** *** тээврийн хэрэгслээр 3.053.141,131 төгрөгийн тээвэрлэлт хийж орлого олсон баримт болон БНХАУлсын талаас тээврийн ханшийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хавтаст хэрэгт тодорхой байхад гэмт хэргийн замаар олсон орлогыг хохирогчид хэрхэн хувиарлах асуудлыг нэг мөр шийдвэрлэх боломжтой байсан ч шийдсэнгүй.

 В.А.Г ХХК-ийн үүсгэн байгуулагч цор ганц гишүүн В.Б миний бие Голомт банкны зээлээр авсан, Голомт банкнаас зээлээр авсан машинуудаа шүүгдэгч Х.Э, Б.Ү нарт итгэн өгч залилуулснаас болоод Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/01581 тоот шийдвэрээр 1.024.707.745.93 төгрөгийн төлбөр төлөхөөр гарч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1722 тоот магадлалаар Голомт банкинд 858.392.879 төгрөгийн төлбөр төлөхөөр тогтоогдож, иргэн Ц.А, Д.С нарын 5 тэрбумын төгрөгийн үнэ цэнэтэй хувийн орон сууц зээлийн үүргийн гүйцэтгэлд хураагдаж, улмаар дуудлага худалдаанд орж, төлбөр авагч Голомт банкны өр төлбөрт шилжих нөхцөл байдал үүссэн.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Х.Э, Б.Ү нарт итгэснээс болж надад итгэсэн, миний хийж байгаа нүүрсний тээвэрт итгэсэн, өөрийн хөрөнгөө миний гуйлтаар барьцаалсан Ц.А, Д.С нарын 5 тэрбумын үнэтэй хөрөнгийг 858.392.879 төгрөгийн өр төлбөрт хураалгаж итгэл бүхий хүмүүсээ орох оронгүй болгож, давхар хохироох нөхцөл байдал үүссэн байгааг анхан шатны шүүх анхаарч иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжтой байсан гэж үзэж байна. Өнөөдөр Голомт банк шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг гүйцэтгүүлж, залилан мэхлэгч Х.Э, Б.Ү нарын шилжүүлэн авсан машинуудыг бус 5 тэрбумын хөрөнгөөр зээлийг үүргийг гүйцэтгүүлэх гэж байгаа нь хохирол ямар хэмжээнд яригдаж байгаа нь харагдана. Мөн Голомт банкны зээлээс гадна шүүгдэгч Х.Э, Б.Ү нарт итгэж, залилан мэхлүүлсэн ***** ***, ***** ***, ***** *** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэлт хийж орлого олно гэж итгээд Голомт банкнаас авсан *********  тоот зээлийн гэрээ, Кредит картын ЗГ/КР/16 тоот гэрээ, ******** тоот Кредит картын гэрээнүүдийн төлбөрт 205.523.481,52?-ийн иргэний нэхэмжлэлд шүүхэд хариуцагчаар дуудагдаж их хэмжээний өр төлбөрт орж хохирох нөхцөл үүсээд байгаагаа энд дурьдах нь зүйтэй байна. Залилан мэхлэгч, шүүгдэгч Х.Э, Б.Ү нар ***** ***, ***** ***, ***** ***тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэлт хийж олсон орлогоос өөрт ногдох хэсгийг нээлттэй үлдээж, жич иргэний журмаар нэхэмжилнэ гэвэл гэм хорын хохирол, гэмт хэргийн хор уршгийн шинж, нөлөөлөл цаашид өссөөр байх нөхцөл бүрдлээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч В.Бын өмгөөлөгч Т.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. ...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино. ...” гэж тус тус заажээ.

Гэтэл шүүхээс шүүгдэгч Б.Ү, Х.Э нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан боловч Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг харгалзаж үзсэнгүй.

Хохирогч В.Б нь Өмнөговь аймагт нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулах зорилгоор 2018 оны 10 дугаар сард Голомт банкнаас өндөр үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл авч, “****** *****” ХХК-иас 2018 онд үйлдвэрлэсэн “Норд бенз”  загварын тухайн үеийн хамгийн сүүлийн загварын 5 тээврийн хэрэгсэл, нүүрс тээврийн 5 чиргүүлийг нийт 872.000.000 төгрөгөөр худалдаж авсан боловч Б.Ү, Х.Э нарын ...Уртын тээвэрт машин явахад тээвэрлэлтийн зам хол, сард цөөн тоогоор тээвэрлэлт хийдэг, нүүрс тээврийн олон компанийн машин явдагаас шалтгаалж ашиг багатай байдаг, харин богинын тээвэр нь уртын тээврээс илүү ашигтай, Б.Үын “*********” ХХК нь нүүрсний богинын тээвэрт машин явуулаад ашигтай ажиллаж байгаа, цаашид машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар ярьж, нэг машин сард хэдэн удаагийн тээвэрлэлт хийдэг, шатахуун, жолоочийн цалинд хэдэн төгрөгийн зардал гардаг, хэдэн төгрөгийн цэвэр ашигтай ажиллах боломжтой, нэг машинаар жилийн хугацаанд тасралтгүй нүүрсний тээвэр хийхэд машины үндсэн үнийг шууд олж, дараагийн жилээс их хэмжээний ашигтай ажиллах бүрэн боломжтой гэж хэлж, нэг машинаас олох ашиг гэх санхүүгийн тооцооллыг гарган үзүүлсэн худал үг, үйлдэлд итгэж залилуулсны дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш 3 жилийн дараа шүүхээр Б.Ү, Х.Э нарын гэм буруутай үйлдэл тогтоогдлоо.

Хохирогч В.Бын зүгээс Б.Ү, Х.Э нарын хууль бус үйлдпийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш шүүхээс тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хүртэлх хугацаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй байсан.

Харин шүүхээс гэм буруутайд тооцсон шийдвэр гарсны дараа өөрсдийн гэм буруутай үйлдэл, учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын зүгээс хүсэлт гаргаснаар завсарлага авсан ажлын 5 хоногийн хугацаанд хохирлыг нөхөн төлсөн.

Шүүхээс шүүгдэгч Б.Ү, Х.Э нарын гэм буруутай үйлдлийг тогтоосон боловч тэдэнд оногдуулсан торгох ял нь тэдний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийх, хохирогчийн 4 жилийн хугацаанд зөрчигдсөн эрхийг сэргээх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, Б.Ү, Х.Э нарыг нийгэмшүүлж, гэм буруутай үйлдэлд нь хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зорилгыг хангасан, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, гэм буруутай үйлдэлд нь тохирох ял биш гэж үзэж байна.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл, шүүгдэгч Б.Ү, Х.Э нар нь өөрсдийн компаниуд нүүрсний богинын тээвэр хийх тусгай зөвшөөрөл авсан байсан, төрийн байгууллагаас нүүрсний урт болон богинын тээврийн талаар баримтлах бодлого чиглэлийн мэдээллийг урьдчилан авсан байсан, энэ талаарх мэдээлэлд ойр, нүүрсний уртын тээвэрлэлт багасаж компани, хувь хүмүүс богинын тээвэрт машин явуулах сонирхолтой байсан давуу байдал дээр үндэслэн, хохирогч В.Бын банкнаас их хэмжээний зээл авч машин, чиргүүл авсан, нүүрсний уртын тээвэрлэлт зогсонги байдалд орж машинуудыг тогтмол тээвэрлэлтэд явуулж чадахгүйн улмаас ашиг орлого багасаж, банкнаас авсан зээлийг хугацаанд нь төлөхөд тасалдал үүсч болзошгүй байдал, мөн нүүрсний богинын тээврийн үйл ажиллагаа явуулдаг компанид бүртгэгдэж тогтмол тээвэрлэлт хийж ашигтай ажиллах хүсэл, зорилгыг хууль бусаар ашиглаж “....Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ...”-гээр халхавчлан бүлэглэн 3 тээврийн хэрэгслийг залилах гэмт хэргийг эхнээсээ зохион байгуулалттай, Иргэний хуульд заасан гэрээгээр халхавчлан үйлдсэн, хууль бус үйлдлийн үр дүн, тус бүрийн хийх үйлдлийг урьдчилан төлөвлөсөн байсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Хэдийгээр шүүгдэгч Б.Ү, Х.Э нар нь хохирогч В.Бт учруулсан хохирлыг нөхөн төлсөн боловч зөвхөн 367.385.244 төгрөгийн хохирол төлөгдсөнөөр хохирогч В.Бын хувьд зөрчигдсөн эрх сэргэнэ гэж өмгөөлөгчийн хувьд үзэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гомдолд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Үын өмгөөлөгч Б.Очбадар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон үндэслэл нь “... Шүүгдэгч Х.Эын зохион байгуулснаар шүүгдэгч Б.Ү, хохирогч В.Б нарын хооронд байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-үүд нь шүүгдэгчдийн хувьд тэдний гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийг итгүүлэн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг өөрсдөдөө шилжүүлэн авах зорилгоор халхавч болгон хийсэн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан Хууран мэхэлж хийсэн хэлцэл буюу хууль бус гэрээнүүд байна гэж шүүх дүгнэлээ.” гэсэн ойлгомжгүй байдлаар зөвхөн нэг талыг баримталсан дүгнэлт хийсэн.

Гэтэл 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-үүдийн хувьд 2 автомашиныг хөрөнгө оруулалт байдлаар шилжүүлэн, түүний орлого ашгийг В.Бт олгох гол нөхцөлтэй байгуулсан гэрээ юм.

Дээрх нь гэрээний дагуу В.Б авах ёстой байсан ашгаа авч байсан бөгөөд өөрөө ч гэрээний дагуу авах ашиг, цаашид хамтран ажиллах талаар гэрээнээс өөрөө татгалзаж, гэрээнд дурдагдсан 2 автомашинаа өөр компаний нэр рүү шилжүүлэн авсан болох нь хангалттай тогтоогдсоор байхад шүүхээс Иргэний хуулийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр хэрэгжиж, үр ашгийг нь ч нэг тал нь бодитой хүртсэн гэрээг хууран мэхэлж хийсэн хэлцэл буюу хууль бус гэрээнүүд гэж шүүхээс дүгнэж байгаа нь хэргийн үйл баримтанд буруу дүгнэлт хийсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч биднээс шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд гаргасан дүгнэлтийг няцаасан баримтаа нотолж чадаагүйг харуулж байна.

Түүнчлэн “...Гэрч О.Э мэдүүлэг /8хх-ийн 98-100/, Б.Үын мэдүүлэг /2 хх-ийн 112-113/, Х.Эын мэдүүлэг /6хх-ийн 99-100-рт/ зэргээр Б.Үын ӨГТ ХХК нь Ковидын халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангаагүй учир үлдэх 3 /***** ***, ***** ***, ***** *** / тээврийн хэрэгслийг тээвэрт явуулахаар дээрх шаардлагыг хангасан Х.Эын компанид шилжүүлэх хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Авто тээврийн үндэсний төвд /2 хх-ийн 87-88, 90-91/ гаргасан. Өөрөөр хэлбэл Б.Ү, Х.Э нар нь өөр хоорондоо шилжүүлснээс бус өөр хэн нэгэнд шилжүүлсэн асуудал биш юм.” гэдгийг өмнө нь шүүхээс цагаатгах тогтоолдоо бодитой дүгнэлт хийсэн.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тогтоолд “...бусдын эд хөрөнгө эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагдана” гэж заасан ба шүүгдэгч нар нь хохирогчтой байгуулсан гэрээний дагуу түүний эд хөрөнгийг засан сайжруулан өөрсдийн нэр дээр шилжүүлэн тээвэрт явуулж, тодорхой ашгийг өгч байсан нь нотлогдсон.

Б.Ү, Х.Э нар нь өөр хоорондоо шилжүүлснээс бус өөр хэн нэгэнд шилжүүлээгүй ба өнөөдрийг хүртэл тухайн тээврийн хэрэгслүүд нь Х.Эын эзэмшлийн А.Б.Т ХХК-нд бүртгэлтэй, мөрдөн байцаалтын ажиллагаагаар прокурорын зөвшөөрлөөр битүүмжлэгдсэн хэвээр байгаа.

Мөн Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тогтоолыг маш тодорхой тусгасан өөрөөр хэлбэл топгоолын 5-д Мөн зүйлийн “...бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан...” гэдэгт өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг зөрчих замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг ойлгоно гэж тайлбарласан.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ү нь хохирогч гэх В.Баас авсан автомашины хариу төлбөрт тооцож 4 ширхэг чиргүүл, холбогч техник хэрэгслийг (доль) БНХАУлсаас үйлдвэрээс нь шинээр захиалан бүрдүүлэлт хийн оруулж ирж компанийх нь нэр дээр бүртгүүлэн түүний өмчлөлд нь бүрэн шилжүүлсэн, мөн ашигласан 2 ширхэг тээврийн хэрэгслээс В.Бт олгогдохоор тохирсон ашиг, орлогыг шилжүүлсэн баримт болох дансны хуулгыг гаргаж өгсөн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт В.Б нь хариу төлбөрт авсан чиргүүлийг тасралтгүй өнөөдрийг хүртэл ашиглаж, орлого олж, ашиг хүртэж байгаа талаар мэдүүлсэн. /шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгт тусгагдсан/

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нөхцөл байдал хангалттай судлагдаж, асуулт хариултаар оролцогч нар тодруулсан ба шүүхийн хэлэлцүүлгийн явцад зарим нотлох баримтын хувьд эргэлзээтэй, тодорхой бус байдал байгааг танилцуулсан. Өөрөөр хэлбэл В.Бын автомашины хамт шилжсэн чиргүүлүүдийн үнэлгээ илтэд үндэслэлгүй гарсан. Автомашины үнэлгээг чиргүүлийн үнэлгээ мэтээр оношилж, дүгнэлт хийсэн байдлаар үнэлгээ гарсан нь харилцан шилжигдэж буй эд хөрөнгүүд болох автомашин, чиргүүл зэргийн үнэ, ханшийн зөрүүг бодитой тогтооход чухал ач холбогдолтой байсан зэргийг анхан шатны шүүх огт харгалзан үзэлгүй, илтэд хууль бус дүгнэлт хийсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Үын өмгөөлөгч Б.Мөнхбат давж заалдах гомдолдоо: “...1. Хохирогч В.Б, шүүгдэгч Х.Э, Б.Ү нарын мэдүүлэг, В.А.Г ХХК болон ӨГТ ХХК-ийн хооронд 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр болон 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ” зэрэг нотлох баримтаас харахад “В.Б нь 4 эвдрэлгүй, 1 эвдрэлтэй нийт 5 ширхэгч чирэгчийг гаргах, Б.Ү, Х.Э нь эвдрэлтэй 1 машиныг засварлах, 5 чирэгчийг хос чиргүүл болон долоор тоноглох, 5 машиныг олон улсын богинын тээвэр явуулах зөвшөөрөл авах, тээврийн ажил олох асуудлыг хариуцах”-аар тохиролцсон байна. Улмаар энэхүү хамтын ажиллагааны үр дүнд 2 автомашины тээврийн ашгийг В.Б авах, 2 автомашины ашгийг Х.Э, Б.Ү нар авах, 1 автомашины ашгийг нүүрс тээврийн ажил олж өгөх, тээврийн автомашиныг БНХАУ-ын хилээр оочергүй нэвтрүүлэх, тээвэрлэлтийн төлбөрийг цаг тухайд нь авах зэрэг ажлыг гүйцэтгэсний хариуд БНХАУ-ын иргэн АУ гэх хүнд өгөхөөр тохиролцсон.

В.Бын зүгээс эвдрэлтэй 1, эвдрэлгүй 4, нийт 5 автомашиныг дан чиргүүлийн хамт хүлээлгэн өгсөн. Б.Ү нь эвдрэлтэй 1 автомашиныг бүрэн засварласан, В.Б ашгийг нь авахаар тохиролцсон 2 автомашиныг 4 чиргүүл, 2 долоор тоноглосон, В.Бын 2 автомашиныг богинын тээвэрт явуулах зөвшөөрөл авч өгсөн, нүүрсний богинын тээврийн ажил олж өгсөн, автомашиныг улсын хилээр саадгүй /оочергүй/ нэвтрүүлж байсан. Талууд хамтран ажиллаж эхэлснээс хойш 7 дугаар сарын хугацаанд 2 автомашины тээвэрлэлийн ажпаас олсон ашигт 180.000.000 төгрөг /9хх-ийн 226-250/, /10хх-ийн 1-4 дүгээр тал/-ийг В.Бт өгсөн байна.

Гэрээ байгуулснаас хойш 1 улирал С зөвшөөрөл гараагүй, олсон ашгийг гүйцэт өгөхгүй байна, бусад 3 машиныг илүү явуулж, их ашиг олж байна гэх шалтгааны улмаас В.Б нь гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад Хамтран ажиллах гэрээнээсээ татгалзаж, 2 автомашинаа 4 чиргүүл, 2 долын хамт буцааж авсан. Б.Ү, Х.Э нарын зүгээс “3 чирэгчээ буцааж ав, 4 чиргүүл 2 долыг буцааж өг” гэсэн шаардлагыг В.Бт тавьсан /хохирогчоос гаргаж өгсөн ярианы бичлэг /сд/-т энэ талаар тодорхой тусгагдсан/ боловч хүлээж аваагүй бөгөөд улмаар 3 автомашинаа залилуулсан хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. В.Бын зүгээс тавьж буй хамтран ажиллах гэрээний дагуу олсон ашгийг авах тухай шаардлага нь иргэний журмаар шийдвэрлэгдэх гэрээний эрх зүйн маргаан болно.

2. ***** ***, ***** ***, ***** *** улсын дугаартай 3 чирэгчийг В.Бын ВАГ ХХК-иас Х.Эын СТИ ХХК-д, тус компаниас Б.Үын ӨГТ ХХК-д, буцаагаад Х.Эын А.Б.Т ХХК-д шилжүүлж байгаа шалтгаан нь В.Бын өмчлөлийн тээврийн хэрэгслийг эргэж авах боломжгүйгээр бусдын өмчлөлд шилжүүлж, захиран зарцуулах зорилго агуулаагүй байх бөгөөд зөвхөн эдгээр автомашиныг олон улсын тээвэрт явуулах С зөвшөөрөлтэй холбоотой байна. Өөрөөр хэлбэл ӨГТ ХХК С зөвшөөрөлтэй байсан учраас СТИ ХХК-иас ӨГТ ХХК-руу шилжсэн. ӨГТ ХХК кемпийн шалгалтад тэнцээгүй /7хх-ийн 29-30 дугаар тал/-н улмаас тээвэрлэлт зогссон тул автомашинуудыг С зөвшөөрөлтэй А.Б.Т ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд ийнхүү шилжүүлсэн үйлдэлд бусдын эд хөрөнгийг залилж авах гэсэн санаа зорилго агуулаагүй байна. Одоо В.Бын ***** ***, ***** ***, ***** ***улсын дугаартай 2 автомашин нь АЦ ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байгаа. Учир нь АЦ ХХК С зөвшөөрөлтэй учраас автомашинууд тус компанийн эзэмшилд бүртгэгдэж байж тээвэрт явах боломж бүрдэнэ. Тиймээс зөвхөн автомашины эзэмших эрх шилжсэн бүртгэлд үндэслэн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Б.Үын ӨГТ ХХК, Х.Эын А.Б.Т ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байгаа автомашиныг буцааж шаардаж авах боломж В.Бт хэзээд байсан. Гэвч тэрээр 3 чирэгчийг буцааж авах талаар Б.Ү, Х.Э нарт огт шаардлага тавиагүй байна.

Б.Ү нь 5 ширхэг дан чиргүүлийг ИТ ХХК-д нийтэд нь 116.000.000 төгрөгөөр худалдсан байх бөгөөд эдгээр чиргүүлийн үнийг ИТ ХХК-ийн захирал Загдхорлоо нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн *********  тоот данснаас 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Б.Үын ********* тоот дансанд шилжүүлсэн баримт авагдсан байна /7хх-ийн 47, 50 дугаар тал/

Мөн Б.Ү нь 4 чиргүүл 2 долыг БНХАУ-аас 259.484.706 төгрөгөөр худалдан авч, гаалийн татварт 27.432.454 төгрөг төлж, нийтдээ 286.917.160 төгрөгөөр оруулж ирсэн байна. /2хх-ийн 143-169, 7хх-ийн 48-56 дугаар тал/

Мөрдөгч 3 Чирэгч, 5 чиргүүлийг шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн /2хх-ийн 45-59 дүгээр тал/ байх бөгөөд шинжээч нь чирэгч тус бүрийг 122.461.748 төгрөгөөр, дан чиргүүл тус бүрийг 40.166.733 төгрөгөөр үнэлсэн байна. Ингэхдээ чирэгч болон чиргүүлийг бодитоор үзээгүйгээс үнэлгээг бодитой бус тооцсон байна. Тухайлбал В.Баас Б.Үад хүлээлгэн өгсөн 5 дан чиргүүл нь 2016 онд үйлдвэрлэгдээд 2018 онд Монгол Улсад импортлогдсон. *********** маркын чиргүүл байсан /чиргүүлийн арлын дугаараар авто тээврийн үндэсний төвийн сайтаас шүүж үзэх боломжтой мэдээлэл юм/. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд 2019 онд үйлдвэрлэгдэн 2019 онд Монгол Улсад импортлогдсон Yonggu Trailer маркын чиргүүлийг үнэлсэн байдаг. Тиймээс уг дүгнэлтийг үндэслэн “5 ширхэг дан чиргүүлийг зарж борлуулан, оронд нь уг мөнгөөр 4 чиргүүл, 2 дол авсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэж болохгүй.

Иймд дээрх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/251 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Үад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Эын өмгөөлөгч Д.Тамир давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал”; 2.2 дахь заалтад “... шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”; 2.3 дахь заалтад “...шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг үндэслэл болгосон баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж заасан хуулийн шаардлагагыг хангаагүй гэж үзэж байна, мөн шийтгэх тогтоолд өмгөөлөгч нарын тайлбар, дүгнэлтийг бүрэн гүйцэт бичээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх яллах болон өмгөөлөх талуудын тайлбар, дүгнэлт, шинжпэн судалсан нотлох баримтад үндэслэн бодитой дүгнэлт хийгээгүй, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ёстой, гэтэл мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьсан буюу зөвхөн хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөн хийгдсэн, гол хэрэг маргааны зүйлтэй холбоотой зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай ажиллагаануудыг хийлгүйгээр хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилснийг шүүх анхаарч үзсэнгүй, хууль зүйн үндэслэлтэй Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Ү, Х.Э нарыг бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч В.Бтай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “нүүрс тээврийн бизнест хөрөнгө оруулж, хамтран ажллаж ашиг олно” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний өмчлөлийн “Норд бенз” загварын хүнд даацын ачаа чирэх зориулалт бүхий зүтгүүр тээврийн хэрэгсэл болох ***** ***, ***** ***, ***** ***улсын дугаартай тээврийн 3 ширхэг тээврийн хэрэгслийг эзэмших эрхийг Х.Эын А.Б.Т ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авч хохирогч В.Бт 367.358.244 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь хохирогч В.Бт “богины нүүрс тээвэрт явбал ашигтай ажиллана, 2023 он хүртэл С зөвшөөрлийг бид зохицуулна, чиний 5 машиныг бид зохицуулна, тамралтгүй богины тээвэрт явуулна, банкны зээлийг 1 жилийн дотор төлж дуусгаад, чи 3 жилийн дотор өөрийн гэсэн машинтай болно. 5 машинаас 2 машины ашгийг чи ав, 2 машины ашгийг бид 2 авна, харин 1 машинаа БНХАУлсад С зөвшөөрлийг зохицуулж тээврийг явуулж байгаа хүнд өгнө” гэж хэлж итгүүлэн ВАГ ХХК-ийн өмчлөлийн 142.000.000 төгрөгийн үнэ бүхий 100 тн хүнд даацын 4 ширхэг автомашиныг ӨГТ ХХК-ийн нэр дээр захиран зарцуулах эрхгүйгээр зөвхөн ашиглах эрхийг шилжүүлэн өгсөн 2020 оны 05 дугаар 22-ны өдөр В.А.Г ХХК, ӨГТ ХХК нарын хооронд байгуулсан гэрээг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн гэрээгээр хүчингүй болгож, гэрээний нөхцөлийг дахин тохиролцохдоо шүүгдэгч нар нь “чиний ашиг авах 2 машин дээр л гэрээ хийе” хэмээн 2 машин дээр гэрээ хийж, үлдсэн 3 машиныг залилан авсан. Хохирогч В.Б нь “Норд бенз” загварын 5 ширхэг автомашин, чирэгч толгойг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр БО ХХК хүлээн авагчтай гаалийн бүрдүүлэлт хийсэн, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн захиалгаар техник нийлүүлэх гэрээ, Голомт банкны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр БО ХХК-д хандаж гаргасан албан бичигт ВАГ ХХК-д 872.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгох шийдвэр гарсан бөгөөд “Норд бенз” загварын чирэгч толгой болон чиргүүлийн гэрчилгээг тус банкны нэр дээр гарсан үйл баримтууд тогтоогдож байна. Эдгээр үйл баримтууд нь зүтгүүр тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч өмчлөгч нь В.Б болохыг нотолсон баримтууд мөн байна гэж дүгнэлээ. Б.Ү, В.Б нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр болон 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн “хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ” нь халхавч болгон хийсэн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан “хууран мэхэлж хийсэн хэлцэл буюу хууль бус гэрээнүүд байна гэх боловч яг аль хэсэгт заасан ямар үндэслэл тогтоогдож байгаа талаар үндэслэлтэй тайлбар хийгээгүй нь ойлгомжгүй байна. Хэрэв Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа бол гэрээний зүйл нь харилцан буцаагдах хуулийн зарчим үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл В.Бын хуучин 5 чиргүүл, 2 машины толгой, нэг ширхэг осолд орсон толгойг, Б.Үын нүүрс тээвэрт зөвшөөрөгдөж байгаа шинээр худалдан авч оруулж ирсэн 4 ширхэг чиргүүл, 2 долийн хамт харилцан буцааж өгч авах, аль эсхүл мөнгөн хэлбэрээр тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож өгөх зарчмаар шийдвэрлэгдэх ёстой. Гэтэл шүүх өөрийн талуудын мэдүүлж хэлээгүй үг хэллэг оруулж, хэрэгт нотлох баримтаар авагдаагүй буюу хохирогчийн хэлсэн үгнээс нотлох баримтаар тогтоогдож байна гэх зэргээр ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна.

Хохирогч В.Б нь өөрөө очиж анх Э, Ү нартай уулзаж нүүрс тээвэр хиймээр байна гэж уулзсан, өөр компани дээр тээврийн үйл ажиллагаа явуулж байгаад ажил нь зогссон, цаашид өөрийнх нь тээврийн хэрэгсэл болон чиргүүл нь тухайн үед гарсан журмаар ашиглагдах боломжгүй болсон тул хамтарч ажиллах талаар нөхцөлөө тохиролцож ажилласан талаараа мэдүүлдэг, шүүхийн хэлэлцүүлгээр энэ байдлыг болон бусад бүх нөхцөл байдлыг тодруулсан байдаг. Гэтэл шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Үын өмгөөлөгчийн зүгээс дутуу бүрдсэн болон эргэлзээтэй нотлох баримтыг шалгуулах, тодруулах асуудлаар хэргийг прокурорт буцаах асуудлыг хөндсөн, энэ хүсэлтийг шийдвэрлээгүй.

Хэрэв гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байгаа бол гэмт хэргийн сэдэлт, зорилго учирсан хохирлын хэр, хэмжээг бодитой тогтоох зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл хохирогч В.Б нь анх 5 ширхэг тээврийн хэрэгсэлтэй болсон үеэс нь эхлээд хэзээ, хаана, ямар тээвэрт явж байсан, яагаад, ямар хугацаанд тээврийн хэрэгслүүд нь тээвэрт явахаа больсон, Ү нартай холбогдох болсон шалтгаан, хамтарч ажиллах болсон үед тээврийн хэрэгслүүд ямар байдалтай байсныг тогтоох, ямар засвар үйлчилгээ хийгдсэн, хаана хэн хийсэн, төлбөрийг нь хэн төлсөн, эвдрэл гэмтэлтэй байсан талаар үнэлгээ, дүгнэлт гаргуулах, автомашинаа шилжүүлэхдээ ямарг ямар компани руу ямар зорилгоор шилжүүлсэн, шилжүүлэх бүртээ ямар гэрээ бичиг баримтад үндэслэж шилжүүлж байсан, шилжүүлсний хариуд төлбөр мөнгө авсан эсэх, Автотээврийн газраас шилжилт хөдөлгөөнтэй холбоотой баримтуудыг бүхлээр нь татаж авах, тээвэрт явж байсан В.Бын мэдлийн машины олсон орлогыг нарийвчлан тогтоох. Мөн В.Бын хуучин 5 чиргүүлийг хэнд хэдэн төгрөгөөр худалдсан талаар баримтаар нотлох, авсан хүнийг гэрчээр асуух, БНХАУлсаас Ү чиргүүл худалдаж авсан талаар баримтаар тогтоох, шаардлагатай хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, чиргүүлүүдэд үнэлгээ хийх зэрэг болсон үйл явдлыг бүрэн шалгаж тогтоох ёстой байсан.

Дээрх үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна уу, аль эсхүл Иргэний хуульд заасан харилцаа үүссэн байна уу гэдэгт дүгнэлт хийх боломжтой буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдах ёстой байсан гэж үзэж байна.

Хэрэгт цугларсан үйл баримтуудыг үзвэл хэдийгээр хохирогч В.Б нь залилсан, хохирсон гэж мэдүүлдэг боловч хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлсэн, авсан талаар мэдүүлж байгаа зэргээс нь шүүгдэгч нарын мэдүүлэгтэй тохирдог. Өөрөөр хэлбэл, В.Б нь 5 ширхэг автомашин, чиргүүлийн хамт тээвэрт явах боломжгүй зогссон байдалтай удсан, 1 ширхэг тээврийн хэрэгсэл нь осолд орж эвдэрсэн, өөрийнх нь 5 ширхэг чиргүүл нь тээвэрт явах шаардлага хангахгүй байсан тул Үын компанийн нэр дээр тээвэр хийхийн тулд шинэ 5 ширхэг тээвэр хийхэд зөвшөөрөгдсөн чиргүүл авах, өөрөө 2 тээврийн хэрэгслээ компани дээр нь шилжүүлж тээвэрт явж ашиг олох, үүний хариуд эвдэрхий 1 ширхэг болон тодорхой үйлчилгээ хийлгэх шаардлагатай 2 ширхэг тээврийн хэрэгсэл, хуучин 5 ширхэг чиргүүлийн хамт өгч бартердах буюу арилжихаар харилцан тохиролцсон болох нь тогтоогддог. Шүүх бодитой дүгнэлт хийж чадсангүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Эын өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдолдоо: “...1. Миний үйлчлүүлэгч Х.Эын үйлдэлд залилах гэмт хэргийн обьектив болон субьектив шинжүүд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн үгүйсгэгддэг бөгөөд Монгол Улсын Иргэний хуулиар зохицуулсан иргэд хоорондын “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-с үүдэлтэй иргэний эрх зүйн маргааныг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...үйл баримтын талаар хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчиж үндэслэлгүй нэг талыг барьсан шийдвэр гаргалаа.

Өөрөөр хэлбэл гэрээнд оролцогч талууд сайн дурын үндсэн дээр өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн хэрхэн хамтарч ажиллахаа харилцан тохирч, хохирогч В.Б “*********” ХХК-ийн захирал болон Б.Ү “*********ХХК”-ийн захирал нар 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ” байгуулсан байх ба уг гэрээний үйлчлэх хугацаа 1 жил байхаар зааж талууд тамга тэмдэгээ дарж гарын үсгээ зурж баталгаажуулан гэрээний дагуу хамтран ажилласан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогддог.

Энэ талаар УДШ-ийн №538 дугаар тогтоолд “Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй гэж тодорхой тайлбарласан. Мөн Дээд шүүхийн 51 дүгээр тогтоолд “...бусдын эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан...” гэдэгт өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийг зөрчих, замаар эзэмштгч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөлд авч байгаа шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг ойлгоно гэж тус тус тайлбарласан.

Гэтэл В.А.Г ХХК-ийн захирал В.Б, ӨГТ ХХК-ийн захирал Б.Ү нарын хооронд 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-ний /хх-ийн 104-106/, Нийтлэг үндэслэлийн 1-д зааснаар тус гэрээг 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай байгуулсан байх ба гэрээний хугацаа дуусаагүй байхад Б.Ү, X Э нарыг яллагдагчаар татсан /2хх 112-113/, /6хх 89-92/ түүнчлэн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт маргаан гарвал Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон байдлыг анхан шатны шүүх огт үнэлж дүгнээгүй үгүйсгэсэн байдлыг няцаагаагүй зэргээс дүгнэхэд тухайн шийдвэр үндэслэл муутай гарсныг илтгэнэ.

2. Хэргийн бодит үйл баримтын хувьд Х.Э, Б.Ү нар хоёр чиргүүл, 2 долийг хохирогч гэх В.Бын эзэмшлийн 2 ширхэг тээврийн хэрэгслийн толгой, 1 ширхэг эвдэрхий толгой, 5 ширхэг тэвштэй чиргүүлээр сольж авсан бартерын /арилжаа/ үйлдлийг залилах гэмт хэрэг гэж дүгнэж шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна Б.Ү Х.Э нар нь уг машинуудыг тээвэрт явуулахын тулд өөр хоорондоо шилжүүлснээс бус бусад этгээдүүдэд шилжүүлээгүй одоог хүртэл тус тээврийн хэрэгслүүд нь манай үйлчлүүлэгч Х.Эын эзэмшлийн А.Б.Т ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй битүүмжлэлтэй байдаг В.Б нь Х.Э, Б.Ү нараас авсан чиргүүлүүдээр өнөөдрийг хүртэл ашиглаж орлого олж ашиг авч байгаа болно. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/768 дугаартай цагаатгах тогтоолоор Х.Э, Б.Ү нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэж байсан нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодит байдлаар үнэлж хууль зүйн үндэслэлтэй шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрхийнхээ хүрээнд дээр дурдсан нөхцөл байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хууль зүйн зөвтгөх үндэслэлтэй байна.

3. Х.Эын хувьд ӨГТ ХХК-ийн захирал Б.Үын хамтран ажиллах хүсэлтийн дагуу “Хамтран ажиллах тухай” албан бичгийг нь үндэслэн Монгол Улсын 3 сайдын гаргасан тушаалаар батлагдсан кемп шалгалтанд тэнцэж зохих зөвшөөрөл авсан “Арвасбаян толгой” ХХК-ийн нэр дээр 10 ширхэг ачааны автомашиныг шилжүүлж тодорхой хураамж төлж, ашиг алдагдлаа тооцон бизнесийн зарчмаар хамтран ажилласан үйл баримт байгаа болохоос биш бусдын эд хөрөнгө, автомашиныг хууль бусаар шилжүүлэн авч залилж хохирол учруулсан гэх үйлдэл нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын хүрээнд мөн тус хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ашигтайгаар шийдвэрлэх зарчмын хүрээнд миний үйлчлүүлэгчид холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Автомашиныг битүүмжлээд 2 жил болж байна. Хохирогч В.Б нь надтай уулзаж олон тэрбум төгрөг нэхсэн. Би “ийм их мөнгө барьж үзээгүй учраас чадахгүй” гэж хэлсэн. Залилах үйлдэл нь ямар нэгэн хоосон зүйлийг бий болгож, итгүүлсэн үйлдлийг ойлгоно гэж бодож байна. Надад бусдыг залилах санаа зорилго огт байхгүй. Хохирогчийн данс руу 180.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь дансны хуулганы баримтаар нотлогдоно. Бид хамтран ажиллаж, би өгөх ёстой мөнгөө өгсөн. В.Б нь өөрөө надаас машинуудаа шилжүүлж авсан. ...” гэв.

Шүүгдэгч Х.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч В.Б “Ц.А, Д.С нарын хаусыг барьцаанд тавьж банкнаас зээл авсан” гэж тайлбарлаж байна. В.Б нь Ц.А, Д.С нарын байрыг барьцаанд тавьж 2018 онд зээл авсан. 2018 оноос 2020 он хүртэл өөрөө бие даан тээврийн үйл ажиллагаа явуулж байсан. Өөрөөр хэлбэл, тухайн автомашинуудыг 2 жил өөрөө ашигласан. Хохирогч В.Б нь анх “Голомт банкнаас 5 автомашиныг минь хураах гэж байна, би энэ мөнгийг өгөхгүй. Ц.А, Д.С нар хаусаа алдана биз, иргэний шүүхээр явна. Харин машинаа алдаж болохгүй, энийг явуулмаар байна” гэж бид хамтран ажиллах гэрээ байгуулсан. В.Б нь 180.000.000 төгрөгөөс гадна надаас 50.000.000 төгрөг авсан. Би Солонгос улсаас автомашин оруулж ирж, худалддаг. В.Б нь өмнөх эхнэртээ надаас “RX-450” загварын автомашин авч байсан. Үүнийхээ төлбөрийг одоо хүртэл төлж дуусгаагүй байгаа. ...” гэв.

 

Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б.Ү, Х.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ү, Х.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг 367.385.244 төгрөг гэж үзсэн. Шүүгдэгч нарын зүгээс хохирол төлбөр төлөхөөр 5 хоногийн завсарлага авч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол төлбөр төлсөн эсэхийг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулсан нь хуульд нийцсэн. Хохирогчийн зүгээс хохирол төлбөртэй холбоотой баримтуудыг гаргаж өгсөн боловч бодит учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байсан тул иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Б.Ү, Х.Э нар нь бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт дэвсгэрт урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж В.Бтай хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулан түүний өмчлөлийн “Норд бенз” загварын LBZ446DBJA009169 арлын дугаартай 19-30 ӨМЭ улсын дугаартай, LBDBZJA009172 арлын дугаартай 19-31 ӨМЭ улсын дугаартай, LBZDXJA009171 арлын дугаартай 19-33 ӨМЭ улсын дугаартай 3 тээврийн хэрэгслийг “ашигтай ажиллана” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Х.Эын А.Б.Т ХХК-ийн нэр дээр шилжүүлж, хохирогч В.Бт 367.385.244 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Хохирогч В.Б нь шүүгдэгч Б.Ү, Х.Э нартай гэрээ байгуулж 1 жилийн хугацаанд 5 ширхэг тээврийн хэрэгслийн банкны зээлийн төлбөрийг төлж, ирэх жилээс ашигтай ажиллана гэх нөхцөлөөр тээврийн хэрэгслүүдийг Ц.Үын компанийн нэр дээр шилжүүлсэн үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтууд, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тэдний мэдүүлгээр давхар нотлогджээ. Тухайлбал:

Хохирогч В.Бын “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр БО ХХК-иас Голомт банкны зээлээр цагаан өнгийн “Норд бенз” загварын 5 ширхэг чирэгч толгой, 5 ширхэг улаан өнгийн 100 тонны даацтай чиргүүлийн хамт 872.000.000 төгрөгөөр худалдаж авсан. ...Х.Э надад хандаж “найз нь өөрийнхөө “Силвер Титан Интернейшнл” ХХК-ийг богинын тээвэрт бүртгүүлэх гэсэн юм. Чи өөрийнхөө 5 тээврийн хэрэгслийг найзынхаа ХХК-ийн нэр дээр шилжүүлээд өгөөч, богинын тээвэрт  бүртгүүлэхэд заавал тухайн ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгсэл байх ёстой юм байна, бүртгүүлчихээд буцаагаад нэр дээр чинь шилжүүлээд өгье” гэж нэлээн олон удаа гуйхаар нь урьд өмнөх харилцааныхаа дагуу би итгэж ямар нэгэн болзол шан харамж харалгүйгээр өөрийнхөө 5
тээврийн хэрэгслийг Х.Эын “********8” ХХК-ийн нэр дээр
2019 оны 1 дүгээр сард шилжүүлж өгсөн юм. Тэгтэл 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр
Х.Э, Б.Ү хоёр надад “чиний 5 машиныг чиргүүлийн хамт богинын
тээвэрт явуулмаар байна. Тэгвэл маш их ашигтай ажиллах юм байна” гэж санал тавьсан. Мөн дээр нь Х.Э хэлэхдээ Б.Ү “*******8” ХХК байгуулсан тухайн ХХК-ийн нэр дээр чиний 5 тээврийн хэрэгсэл 5 чиргүүлийг шилжүүлмээр байна” гэж хэлэхээр нь Х.Эд хандаж “өөрийнхөө 5 тээврийн хэрэгсэл 5 чиргүүлийг Б.Үын дээр шилжүүлмээргүй байна” гэхэд надтай хамт санхүүгийн тооцоо бодож харуулаад “5 тээврийн хэрэгслээс 2 тээврийн хэрэгслийн хийсэн ажил цэвэр чиний ашиг болно, 2 тээврийн хэрэгслийн хийсэн ажил бид хоёрын ашиг болно, 1 тээврийн хэрэгслийн ашгийг Хятад талд ажил явуулж өгч байгаа хүнд өгнө санаа зоволтгүй” гээд байхаар нь Х.Эд итгэж түүний “**** **** *****” ХХК-иас Б.Үын “*******88” ХХК руу шилжүүлэх итгэмжлэл хийж өгсөн. ...Х.Э над руу утсаар байнга залгаж “найзаа зөвхөн ашиг авах машин дээрээ гэрээ хийчих” гээд гуйгаад байхаар нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Х.Э, Б.Ү нартай уулзаж түүний гуйснаар өмнөх гэрээгээ хүчингүй болгож, шинэ гэрээгээ 2 тээврийн хэрэгсэл 4 чиргүүл
дээр Б.Үтай хийсэн
. ...” /Зхх 23-25/,

Гэрч О.Э “...С зөвшөөрлийг олгохдоо зөвхөн аж ахуйн нэгж байгууллага /компанид/-д олгодог. Хувь хүнд олгохгүй. С зөвшөөрөл авч буй компаниуд нь Авто тээврийн Үндэсний төвийн Тээврийн нэгдсэн системд бүртгэлтэй, нэвтрэх эрхтэй байна. Тээврийн цагдаагийн албаны жолоочийн мэдээллийн системээс жолоочийн С, Е ангилалтай эсэх, тус ангилал хүчинтэй эсэх, Нийгмийн даатгалын ерөнхий газрын системээс тухайн аж ахуйн нэгж компани өргүй байх, татварын ерөнхий газрын системд өргүй байх, тээврийн хэрэгслүүд нь тус компанийн нэр дээр бүртгэлтэй байх, мөн банк бусын нэр дээр байвал тус компанийн тодорхойлолттой байх, тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамрагдсан эсэх, авто тээврийн улсын байцаагчийн тээврийн хэрэгсэлд дүгнэлт гаргуулах хуудас, байршил тогтоох төхөөрөмж суурилуулсан байх зэргийг нь цахимаар хянаж шалгаж үзээд 1 тээврийн хэрэгсэлд 90 хоног буюу 1 улирлаар нь олгож сунгаж явдаг. Дээрх тавигдах шаардлагыг хангасан аж ахуйн нэгж компанид улс хооронд тээвэр хийх С зөвшөөрөл олгогддог юм. С зөвшөөрлийг БНХАУ-ын талаас бэлдцийг нь бэлдэж Монгол улсын Авто тээврийн үндэсний төвд хүлээлгэж өгсний дагуу олгодог юм. ...” /8хх 98-100/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 11/, Гаалийн ерөнхий газрын албан бичиг, хавсралт /1хх 78, 79-84, 95, 96-97/, Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг, хавсралт /1хх 86, 87-91/, Автотээрийн үндэсний төвийн албан бичиг, хавсралт /1хх 99, 100-103/, Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ /1хх 104-106, 112-113/, дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 124-137, 138-163, 7хх 50/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 172-176, 200, 202-205, 3хх 65-73, 74-80, 81-95/, Захиалгаар техник нийлүүлэх гэрээ /1хх 187-188/, “*****” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 45-52, 57-59, 7хх 136-164, 168-173, 174-178, 179-183, 184-193, 194-203/,***** ***** ****” ХХК-ийн Автотээврийн үндэсний төвд гаргасан хүсэлт /2хх 87-97/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 132-138/, СиДи-д үзлэг хийсэн тэмдэглэл /6хх 30-31, 32-34/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх 14-17, 18-20/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /7хх 119-120/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд Б.Ү, Х.Э нар гэм буруутай, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Ү, Х.Э нар нь бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт дэвсгэрт урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж В.Бтай хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулан түүний өмчлөлийн “Норд бенз” загварын ***** ***, ***** ***, ***** ***улсын дугаартай 3 тээврийн хэрэгслийг “ашигтай ажиллана” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Х.Эын А.Б.Т ХХК-ийн нэр дээр шилжүүлж, хохирогч В.Бт 367.385.244 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөний ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хохирогч В.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат нар “...шүүгдэгч нарыг хохирлоо нөхөн төлсөн гэж үзэхгүй байна, шүүгдэгч нарт оногдуулсан ял тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохироогүй. ...”, шүүгдэгч Б.Үийн өмгөөлөгч Б.Очбадар, Б.Мөнхбат, шүүгдэгч Х.Эын өмгөөлөгч Д.Тамир, Г.Наранбаатар нараас “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Э, Б.Ү нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч тус бүрийг 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, тэдгээрийн энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон тус бүр 8 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, тэдгээрт оногдуулсан 25.000.000 төгрөгийн торгох ялаас 120.000 төгрөгийг тус тус хасаж биечлэн эдлэх торгох ялыг 24.880.000 төгрөгөөр тус тус тогтоож, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул оногдуулсан торгох ял хөнгөдсөн талаар гаргасан хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох асуудлын тухайд:

 Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Ү, Х.Э нар хохирогч В.Бтай хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулан түүний өмчлөлийн 5 тээврийн хэрэгслийг “ашигтай ажиллана” гэж хуурч Х.Эын “***** **** *****8” ХХК-ийн нэр дээр шилжүүлж гэрээ байгуулан залилсан болох нь хэргийн нөхцөл байдлаас харагдаж байна. Энэ нь тэдгээрийн “5 тээврийн хэрэгслээс 2 тээврийн хэрэгслийн хийсэн ажил цэвэр чиний ашиг болно, 2 тээврийн хэрэгслийн хийсэн ажил бид хоёрын ашиг болно, 1 тээврийн хэрэгслийн ашгийг Хятад талд ажил явуулж өгч байгаа хүнд өгнө санаа зоволтгүй” гэж хохирогч В.Баас 367.385.244 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг машины өмчлөх эрхийг өөрсдөдөө шилжүүлэн авсан атлаа үг үйлдлээ хохирогчид мэдэгдэлгүйгээр түүний эзэмших эрхийг өөрсдөдөө шилжүүлж авсан үйлдэл нь “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө...”-ийг шилжүүлэн авсан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч В.Бт ашигтай ажиллах талаар гэрээ байгуулсан атлаа 3 ширхэг тээврийн хэрэгслийн ашгийг шүүгдэгч нар авахаар тохирч үлдэх 2 тээврийн хэрэгслийн ашгаар түүний банкны зээлээр авсан тээврийн хэрэгслийн төлбөр хэзээ, хэрхэн яаж төлөгдөх талаар тодорхойгүй нөхцөл байдлаар гэрээг хийсэн нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Энэ гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэрэг, тухайлбал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргээс өмчлөгч хууртагдсан итгэсэн учраас гэмт этгээдэд эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхээ сайн дураараа өгсөн байдгаараа ялгаатай.

Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг.

Иймээс гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч Б.Үын өмгөөлөгч Б.Очбадар, Б.Мөнхбат, шүүгдэгч Х.Эын өмгөөлөгч Д.Тамир, Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн гэж үзэхээргүй асуудлын тухайд:

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд бодит хохирлыг буюу “Норд Бенз” загварын 3 ширхэг зүтгүүр тээврийн хэрэгсэл буюу толгой тус бүр 122.461.748 төгрөгөөр үнэлж, нийт 367.385.244 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга, Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тогтоон, хохирогчид учирсан хохирлыг барагдуулсан байх бөгөөд хохирогч В.Бын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон өөрт учирсан гэж үзэж байгаа эд хөрөнгийн болон бусад хохирол, хор уршгийн асуудлаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдээж, хохирогч В.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Үын өмгөөлөгч Б.Очбадар, Б.Мөнхбат, шүүгдэгч Х.Эын өмгөөлөгч Д.Тамир, Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/251 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдээж, хохирогч В.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Үын өмгөөлөгч Б.Очбадар, Б.Мөнхбат, шүүгдэгч Х.Эын өмгөөлөгч Д.Тамир, Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                      Д.МӨНХӨӨ

           

            ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ