Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/629

 

 

 

 

 

 

 

     2024           5            30                                         2024/ДШМ/629

 

Д.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Цэцэгмаа,

шүүгдэгч Д.Б,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/490 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд  холбогдох эрүүгийн 2406000000789  дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шархадны эцэс дээр үйл ажиллагаагаа явуулах “Нарлаг” төвийн гадна С.Ог үл ялих зүйлээр маргалдан зодож, түүний биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, хацрын шонтон, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт, зүүн шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 1 сарын хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийн хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдолдоо “...Тухайн бааранд ороход хүн ихтэй байсан ба жаахан дуулж бүжиглээд гарах гэтэл үл таних эмэгтэй ирээд урд, хойно гарч янз бүр болоод байхаар “За гаръя” гээд тооцоо хийх гээд байж байтал ардаас утас булаагаад авахаар нь тохойгоороо цохисон. Тэгээд машин руу гүйгээд гаргахаар нь араас нь гартал алга болсон байсан, хайгаад байж байтал нэг хүүхэн “хүүхэн цохисон” гээд намайг үсдэж аваад унагааж зодсон, тухайн бичлэгийг байцаагч Өсөхбаярт өгсөн. Би нэлээн хүнд, нүүр  ам, гар, хөл авах юмгүй, хувцас бүгд урагдсан. Зүүж явсан ээмэг, гар утас, цаг, мөнгө бүгдийг байцаагч Өсөхбаярт өгсөн. Би бас гар утас, эд хөрөнгө, хувцсаа уруулчихаад буруутай болсонд байцаагч Өсөхбаярт гомдолтой байна. Энэ хэргийг мөрдөн байцаалтад буцааж, үнэн зөвөөр шалгаж тогтоож, буруутай хүмүүст хариуцлага тооцож, надад учруулсан цаг 65.000 төгрөг, ээмэг 450.000 төгрөг, гар утас А-12 загварын утсыг лизингээр авсан 699.000 төгрөг, банкны картаас авсан 23.000 төгрөг, нийт 1.237.000 төгрөгийн хохирол учирсан. 4 эмэгтэй, 4 эрэгтэй зодсон бичлэгийг байцаагч Өсөхбаярт өгсөн байтал ганцхан би буруутай болсонд гомдолтой байна. Эдгээр хүмүүсийг Эрүүгийн хуульд заасан хэсгээр шалгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хүсэж байна. Би маш их хохирсон, дээр нь энэ хүмүүст адил хариуцлага тооцож сэтгэл санааны хохиролгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийн тулд заавал яллагдагчтай ял тохирдог тул Д.Бтай уулзаж, хэргийн нөхцөл байдлыг танилцуулж, бичиг, үсэг мэдэх эсэх талаар тодруулсан. Д.Б “Би бас зодуулсан” гэсэн зүйл ярьсан тул шинжээч томилж шинжилгээ хийлгэхэд Д.Бгийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Үүнийг Д.Бд танилцуулсан. Д.Б “Камерын бичлэг гаргаж өгсөн” гэж ярьж байх боловч хавтаст хэрэгт камерын бичлэг авагдаагүй. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад надтай уулзахдаа энэ талаар тодруулсан бол прокурор эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг нэмэлт ажиллагаанд буцаах, энэ талаар мөрдөгчөөс тодруулах боломжтой байсан. Шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд энэ талаар тодруулж асуугаагүй хэрнээ анхан шатны шүүх хуралдаан болсны дараа гэм буруу дээр маргаж, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос Д.Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал”, 1.3 дахь заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно” гэж тус тус заасан.

Хэргийг хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд тавигдах шаардлагуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хуульчилсан бөгөөд үүнд гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг шалгах үүргийг прокурорт, хянах үүргийг шүүгчид хүлээлгэжээ.

Хэргийн материалаас үзэхэд, мөрдөн байцаалтын явцад хохирогч С.О, шүүгдэгч Д.Б нараас мэдүүлэг авсан байх бөгөөд хохирогч С.О “...миний нүүрэн тус газарт нэг юмаар цохих шиг болсон. ...Намайг зодуулж байхад хэн хэн хажууд байсныг мэдэхгүй байна. ...” гэсэн /хх 8/, шүүгдэгч Д.Б “... Зодоон болох юм болоогүй, намайг тооцоо хийх гээд байж байхад миний гар утсыг нэг хүн шүүрээд авсан. Тэгэхээр би эргэж харахдаа тэр хүнийг цохисон юм шиг байсан. Би санаатай тэр хүний биед халдаагүй. ...” /хх 25/ хэмээн тус тус мэдүүлжээ.

Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд, шүүгдэгч Д.Б болон хохирогч С.О нарын мэдүүлгээс өөр нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх бөгөөд шүүгдэгч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг дурдсан асуудлыг шалгаж тодруулалгүй орхигдуулжээ.

Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгт дурдагдсан нөхцөл байдлыг тодруулах нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд шууд нөлөөлөх үр дагаврыг үүсгэж байх бөгөөд энэхүү мөрдөн шалгах ажиллагааг явуулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдолдоо “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна, хамт байсан хүмүүсийг шалгаж тодруулах хэрэгтэй, би эд хөрөнгөөрөө болон эрүүл мэндээрээ хохирсон, хэрэгт хамааралтай СиДи бичлэгийг мөрдөгчид гаргаж өгсөн...” хэмээн гэм буруугийн талаар маргаж байгаагаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгов.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлага хангагдаагүй байх тул хэргийг ердийн журмаар шийдвэрлэх болохыг дурдаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/490 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ