| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/09462/И |
| Дугаар | 191/ШШ2025/00173 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/00173
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Б*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргын шүүхийн шүүгч Б.У******* би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, *** тоотод оршин суух, М******* Э******* /регистрийн дугаар УУ*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, ***** тоотод оршин суух, Б******* Т******* /регистрийн дугаар УА*******/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Б.Т*******тай 2006 онд танилцаж, 2008 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2010 онд хүү Т.Д*******, 2020 онд хүү Т.М нар тус тус төрсөн. Хамтын амьдралын хугацаанд анх эхний хүүгээ олчихсон жирэмсэн байх үед бага зэргийн маргаан гарахад гар хүрч байсан. Тэрнээс хойш маргаан гарах болгонд гар хүрдэг болсон. Гар хүрэхээр нь хүүхдээ аваад аав, ээж дээрээ очдог байсан. Тухайн үед аав, ээжийгээ санаа нь зовчихно гэж бодоод зодуулсанаа хэлдэггүй байсан. Төрсөн гэртээ очсон байх үед нөхөр ирээд уйлж унжиж гуйгаад дахин тэгэхгүй гээд аваад явдаг байсан. Би тухайн үедээ гомддог боловч уйлаад гуйхаар нь хүүхдээ өнчрүүлэхгүй гээд буцаад харьдаг байсан. Гэтэл түүний энэ байдал даамжирсаар ойр ойр гар хүрдэг болсон байсан. Тухай бүрд нь би хэнд ч хэлэлгүй нуудаг байсан. Би нэг хүнээс цагдаад хэрвээ дуудлага өгчихвөл барьж аваачаад хорьчихдог гэж сонсож байсан болохоор хүүхдүүдийнхээ аавыг шоронд явуулаад яахав гээд аргалаад тэвчээд өнгөрдөг байсан. 2024 оны 09 сард хавирга хугартал зодход цагдаа нөхрийг авч явсан боловч буцаад суллаад явуулсан байсан. Эмнэлэгт үзүүлэхдээ унасан гэж худлаа хэпээд үзүүлсэн. Гэтэл хавирга хугарсан байна гээд гэрээр эмчилгээ хийж байгаад эдгээсэн. /зураг нь байгаа/.
Гэтэл 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би ажлынхантайгаа гараад ирсэн чинь намайг хэнтэй унтаж хэвтсэн гээд зодсон. Зодсоныхоо дараа хамаг хувцас бурхан тахил үүдээр гаргаж шидээд намайг хөөсөн. Мөн миний толгойг хана мөргүүлээд хавдчихсан тэр нь одоо болтол өвчинтэй хавдартай байна. Би явахдаа том хүүгээ аваад явсан. Бага хүүг авч явах гэтэл өгөхгүй гээд булаацалдаад дийлэлгүй үлдээсэн. Маргааш нь бага хүүг нөхөр надад авчирч өгсөн. Одоогийн байдлаар бид тусдаа амьдарч байгаа бөгөөд би хоёр хүүгийн хамт байр түрээслэн амьдарч байна. Нөхөр намайг байнга хэл үгээр дарамталж, 3 өдрийн өмнө миний ажил дээр ирж гадаа гарч ир, тэгэхгүй бол ажил руу чинь орж түйвээнэ гээд байхаар нь айгаад бас ажлынханаасаа зовоод гараад машин дотор нь уулзтал хутга гаргаж ирээд ажил руу чинь орж, ажлын залуучуудыг чинь бүгдийг нь хутгалж ална гэж дарамталсан. Тэгэхээр нь би гуйж аргалж байгаад машинаас нь бууж ирсэн. Одоо би үнэхээр айж байна. Гадуур ч явж чадахгүй, хэзээ хаанаас гарч ирээд хутга тулгах бол зодох бол гэсэн айдастай амьдарч байна. Нөхөр надтай хамт амьдарч байх хугацаанд энэ мэтчилэн бие болон сэтгэлзүйн хүчирхийлэлийг байнга үйлддэг байсан. Нөхрийн гаргасан үйлдлийн талаар цагдаад өргөдөл бичиж өгсөн болно.
Гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл өгөхөөр шүүх дээр иртэл Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандах талаар хэлсэн. Хэрвээ би эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандвал тэр ажиллагаан дээр байх хугацаанд энэ хүний зүгээс ямар дайралт ирж, миний амь насанд заналхийлэхийг би мэдэхгүй. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.4 Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эруүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132-р зүйлийн 132.4-т заасныг үндэслэн эвлэрэх арга хэмжээ авалгуйгээр хүлээн авна уу. Мөн гэр бүлийн дундын хөрөнгөнүүдээс өөрт болон хоёр хүүдээ ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. Бидний хамтын амьдралын хугацаанд Улаанбаатар хот, Б******* дүүрэг, ***, Д ХХК-ний барьж буй барилгад захиалга өгсөн 123,000,000 төгрөгний үнэлгээ бүхий 2 өрөө байр, Н маркийн суудлын автомашин, Улаанбаатар хот, Б******* дүүргийн Гачууртын эцэст байрлах зуслангийн газар зэрэг хөрөнгөнүүд үүсчээ. Дээрх хөрөнгөнүүдийн гэрчилгээ бичиг баримт надад одоогоор байхгүй байгаа тул хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргаж өгөн нэхэмжпэх болно. Нөхөр маш хэрцгий зан авиртай тул би хоёр хүүгээ нөхөр шигээ зан ааштай хүн болгож хүмүүжүүлмээргүй байна, мөч чехөр намайг зодох болгондоо хүүхдүүдийн хажууд зоддогоос болж том хүү маань өөрийгөө илэрхийлэхгүй дуугүй дотогшоо хүн болсон. Нөхрийн энэ зан авир нь миний амь наснаас гадна хүүхдүүдийн хүмүүжилд ч гэсэн ноцтой хохирол учруулахаар нөлөөлж байна. Тиймээс насанд хүрээгүй хоёр хүүгээ өөрийн асрамжид авч, эцэг Б.Т*******аас хүү Т.Д*******, Т.М нарт тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын хөоөнгөнөөс өөрт болон хоёр хүүд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаан татах хүсэлтэй байна. Өргөдөл гаргасан хугацаанаас хойш нөхөртэйгээ харилцан ярилцаж хоорондоо ойлголцож үр хүүхдээ бодон бие биенийхээ алдаа оноотой харилцаа хандлагаа ярилцаж ойлголцсоны үндсэн дээр уг шийдвэрийг гаргаж байна. Тиймээс хүсэлтийг маань хүлээн авч шийдвэрлэн өгч тусална уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Э******* нь хариуцагч Б.Т*******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцсон гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.Э*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т*******ад холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргахүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА