Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/654

 

 

 

 

 

     2024          6            105                                      2024/ДШМ/654

 

Т.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор М.Анхбаяр,

           шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Д.Отгонбат,

           нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

           Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/250 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Д.Отгонбат, Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Ат холбогдох эрүүгийн 2205021470162 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Т.А нь 2022 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КFС” түргэн хоолны газрын хажууд таксинаас буухдаа таксины төлбөр 10.000 төгрөгийг жолооч Д.Мэд өгөхдөө түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, гараараа олон удаа цохих зэргээр хүч хэрэглэн довтолж, тээврийн хэрэгслийн зүүн урд суудал дээр байсан түрүүвчнээс бэлэн 30.000 төгрөг, таксины орлого болох 10.000 төгрөгийг авч дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Аыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Т.А давж заалдах гомдолдоо: “…Дээрх холбогдсон хэрэг маань бие биедээ ямарваа нэг хохирол учруулахгүйгээр үл ойлголцож, хоорондоо маргалдсан тохиолдол байдаг. Би дээрмийн гэмт хэргийг үйлдээгүй учир уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул надад холбогдох хэргийг хууль, шударга ёсны хүрээнд хөдлөшгүй нотлох баримттайгаар үнэн зөвөөр шийдэж өгнө үү. …” гэв.

Шүүгдэгч Т.Аын өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдолдоо: “…Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, ...шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй ...хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч Д.Мийн “маш их цохисон болохоор хэдэн удаа цохисон гэдгийг санахгүй байна. Тухайн залууг явсны дараа би жолоочийн хажуу талын суудал дээр тавьсан байсан хэтэвчээ шалгахад миний хэтэвч дотор байсан бэлэн мөнгө болон тухайн залуугийн өгсөн 10.000 төгрөг алга болсон байсан” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.А нь нотлогдон тогтоогдож байна дүгнэлтийг шүүх гаргасан нь хэт өрөөсгөл, таамаглалд тулгуурласан дүгнэлт гэж үзэж байна. Аливаа үйлдэл гэмт хэрэг мөн эсэхийг үнэлэх хуульчийн дотоод итгэл үнэмшил нь хэрэг, маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтын хүрээг зөв тодорхойлж тогтоосон, тэдгээр нь хөдөлбөргүй нотлогдсон талаар хуульчийн мэргэжлийн ур чадварт тулгуурлах учиртай. Гэтэл хавтаст хэргийн 85 дугаар талд F40 буюу айдаст сэтгэл түгших эмгэгүүд гэх оноштойгоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлж байсан баримт авагдсан бөгөөд тэрээр хүний орилох, хашгичих, чанга чимээ зэргээс хамааралтай эмгэгтэй байтал энэ талаар тодруулах, биеэ барих чадвартай эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай байсан байтал зөвхөн хэрэг хариуцах чадварыг асууснаар хязгаарласан нь үйлчлүүлэгчийн маань эрх зүйн байдлыг хэт дордуулан шийдвэрлэж байгаа тул миний үйлчлүүлэгчийн сэтгэцийн эмгэгтэй холбоотой дүгнэлт гаргуулах болон дээрмийн гэмт хэрэг эсэхийг зөвхөн хохирогчоор тогтоогдсон этгээдийн мэдүүлгээр л хэрэгт холбогдуулсан нь хэт хийсвэрээр зөвхөн яллах талыг барьсан гэж үзэхээр байна. Хохирогчийн мэдүүлгээр “тэрээр автомашинд ороогүй байхад нь цохиод зодоод унасан гэдэг бөгөөд цаад талд нь тавьсан ямар өнгийн, ямар хийцийн, яаж онгойдог зэрэг нь тодорхойгүй буюу түрүүний түрийвч нь мөнгө авахад хэр хялбар эсхүл төвөгтэй, эсхүл цохиж байгаад зогсос хийх үйлдэл гаргасан эсэх, өөрийг нь давах үйлдэл хийсэн эсэхийг огт тогтоолгүй, зөвхөн цохиулж зодуулсан болон шүүгдэгчийн чин үнэнээ хэлж, гэнэтийн орилоон хашгираанд өөрийгөө хянах чадвараа алдан хохирогчийг цохисон, цохих явцдаа мөнгөө өсөн эсэхээ санахгүй байгаа, гэртээ хариад өглөө нь харахад 10.000 төгрөг нь байсан гэх мэдүүлгийг нь иш татан, онцлон дээрмийн гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэснийг эс зөвшөөрч байна.

Шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд үүсэх эргэлзээ нь гэм бурууг тогтоож байгаа нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхээр тодорхойлогдох бөгөөд шүүгдэгч Т.Аын гэм буруутай эсэхийг нотлон тогтооход дараах эргэлзээ үүсэж байна. Шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэх бөгөөд нотлох баримт нь ямар нэгэн эргэлзээгүй байх ёстой. Анхан шатны шүүх Т.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж, түүнийг эргэлзээгүйгээр баримтыг шинжлэн судлуулах хүсэлтийг гаргаж байгаа бөгөөд нотолгооны зарчим алдагдсан үйл баримтыг баримтын хүрээнд нотлох нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “... нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй. ...” гэж илт тодорхой заасан.

Өөрөөр хэлбэл шинжлэн судлах баримтад гэм буруутайд тооцоход эргэлзээтэй баримтууд байсан бөгөөд давж заалдах шатны шүүхэд нотлох баримтыг шинжлэн судлуулах замаар нотлох хүсэлтээ гаргаж байна. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх зарчим нь түүний үндэслэл болсон үйл баримтад хийсэн дүгнэлт, харьцуулалт, шийдвэр бүхэлдээ эргэлзээгүй, ойлгомжтой тодорхой байх шинжүүдээр илэрнэ. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүх Т.Аыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрийн бодитой, итгэл үнэмшил төрүүлэхүйц чанар буюу аливаа үйл баримтын мөн чанар, тухайн үйл баримтад холбогдогч, оролцогч, хамааралтай хүмүүсийн эсрэг тэсрэг сонирхлын агуулга, сэдэлт, зорилгыг зөв зүйтэй тодруулах. Мөн үйл баримтыг бий болгосон шалтгаан, нөхцөл болон шууд ба шууд бус нөлөөлөл, хүчин зүйл, гэм буруутайд тооцогдсон хүн нөгөө талд хохирогч эсхүл хохирогчийн зүй бус харьцаа, үйлдлээс шалтгаалсан нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзэн дүгнэлт гаргах эрх зүйн шаардлагад нийцээгүй гэж дүгнэх боломжтой байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...”  гэв.

 

            Шүүгдэгч Т.Аын өмгөөлөгч Д.Отгонбат давж заалдах гомдолдоо: “…Хохирогч Д.М нь “миний хэтэвчинд бэлнээр З0.000 төгрөг байсан. Тухайн залуугийн өгсөн 10.000 төгрөг гэхээр нийт 40.000 орчим төгрөг алдсан...” гэх мэдүүлэг нь /хх 53/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байгаа бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Улсын дээд шүүхийн 16 дугаартай тогтоолоор яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь тогтооход ач холбогдолтой хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар дангаараа шүүгдэгчийн гэм буруутайд тооцох, ял оногдуулах үндэслэл болохгүй тул тэдгээрийн мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулна гэсэн байдаг. Гэтэл хохирогчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын 185 дугаар “...Т.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлтэдх 83-84/ тусгагдсан байдаг. Тус шинжээчийн дүгнэлт нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн лавлагаа /хх 80/ болон тухайн шинжилгээ өгсөн үеийн байдлаар яллагдагч Т.Аын сэтгэцийн байдалд тулгуурлан онош тавигдсан байна.

Гэтэл бусад нотлох баримтуудаар Т.А нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгт                   “...айдас түгшүүрийн эмгэг хэзээнээс эхэлж илэрсэн бэ гэж асуухад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ууж хэрэглэдэг болсон. Миний эмгэг хүүхэд байх үеэс буюу 13 настайгаас эхэлсэн, яг оношлуулсан нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгаа. Намайг 12 настай байхад ангийн маань охин намайг олон хүний дунд зодсон. Мөн дээд ангийн ах олон хүний дунд миний дээр сууснаас болоод ийм айдас түгшүүртэй байдаг болсон. /хх 69-70/

            Т .А гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Миний хүү даруухан, хүнтэй эелдэг харилцдаг, оюуны чадвар сайтай, бусадтай түргэн ойлголцдог. Тэгээд ахлах ангид байхдаа дээд ангийнхаа хүүхдүүдэд зодуулаад сэтгэл гутралтай, дуу цөөтэй, огцом уурлаад чанга чимээнд цочоод чихээ дараад байдаг болчихсон хүүхэд. ...Манай хүүгийн хувьд огцом түргэн ширүүн ууртай болсон ба 2022 оны 6 дугаар сард сэтгэцийн эмнэлэгт үзүүлэхэд айдас түгшүүрийн эмгэгтэй болсон байна гээд эмийн эмчилгээ хийлгэсэн. ...” /хх 58/, Т.Аын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн төвд “эмчийн үзлэгийн хуудас”-д F-40 Айдаст сэтгэл түгших эмгэгтэй талаар мэдээлэл /хх 85/ Т.А нь олон улсын өвчний X ангиллаар оношлогдох боломжтой эмгэг буюу “F-40 айдсын эмгэгтэй гэсэн оноштойгоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлж байсан баримт хэрэгт авагдсан байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “сэтгэц зан үйлийн эмгэгийн оношилгоод тухай үед баримталж байгаа өвчний олон улсын ангилалд заасан” шалгуурыг хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна.

            Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй мөн тус хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг тогтоож чадаагүйхохирогч Д.Мийн хэтэвчинд 30.000 төгрөг мөн таксины хөлс болох 10.000 төгрөг байсан нь тогтоогдоогүй. Мөн миний үйлчлүүлэгч тухайн мөнгийг аваагүй гэдэг бөгөөд хэтэвчийг мэдэхгүй байсан. Т.А нь тайвшруулах эм уудаг гэсэн бөгөөд тухайн үед эм ууж байсан, айдсын эмгэгтэй гэсэн оноштой бөгөөд түүнд шинжилгээ хийлгэсэн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байхад улсын яллагч “Т.А нь хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасны дагуу дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг нь шунахайн сэдэлтэйгээр үйлддэг бөгөөд хохирогчийн эд хөрөнгийг гэмт этгээд өөрийн өмчлөлд шилжүүлж төгсдөг. Харин дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний гол онцлог нь эрүүл мэндийн болон өмч хөрөнгийн халдашгүй 2 эрхэд халддаг бөгөөд эд хөрөнгө өгөхийг хохирогчоос шаарддаг. Гэтэл Т.А нь хохирогчийн мөнгө болон хэтэвчийн талаар огт мэдээлэлгүй, мэдэхгүй бөгөөд хохирогч Д.М нь 30.000 төгрөгтэй талаар нотолж чадахгүй байна. Т.А хүний биед гэмтэл учруулахгүйгээр халдсан бөгөөд хохирогчид гэмтлийн зэрэг тогтоогдоогүй зөрчлийн шинжтэй үйлдэл байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тогтоогдохгүй байгаа бөгөөд Улсын Дээд Шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ.” гэж тайлбарласны дагуу гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байгаа учир Т.Ат ашигтай байдлаар шийдвэрлэж, анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

2022 оны 06 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн үед Т.А такситай Баянгол
дүүргийн 2 дугаар хороо
, Төмөр замын дээд сургуулийн баруун талд КFС түргэн
хоолны газар ирээд таксины төлбөр гарсан тул Хаан банкны АТМ-ээс мөнгө аваад
ир
ье гэж буугаад Хаан банкны АТМ-ээс 10.000 төгрөг аваад таксины жолоочид өгөх
үйлдэл хэргийн үйл баримтаас тодорхой харагддаг.
Гэтэл Таксины жолооч 10.000 гардаг газар 16.000 төгрөг нэхэж маргаан өрнөсөн. Т.А 10.000 төгрөг авахгүй байсан тул буцаад явсан гэтэл таксины жолооч араас нь барьж авсан. Ингээд харилцан зодоон болсон Т.А явсан таксины жолооч гомдол гаргасан.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн хохирогчид гэмтлийн зэрэг тогтоогдоогүй дүгнэлт гаргасан. Цагдаагийн байгууллага хэрэг шалгасан Т.Аыг хүн зодсон чи ядаж 100.000 төгрөг өгчих хэргийг чинь хаана гэж мөрдөгч хэлсэн Цагдаагийн хэлснээр би мөнгө дээрэмдсэн юм байхгүй хүн зодсон нь миний буруу гээд 100.000 төгрөг шилжүүлсэн гэх шүүхийн хэлэлцүүлгийн мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгажээ. Хохирогч түрийвч авсан, түүнээс 30.000 нэмж авсан гээд мэдүүлдэг үүнийг нотолж тогтоосон ажиллагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн боловч тогтоогдоогүй. Анхан шатны шүүх таксины төлбөр хэд гарсан, яагаад зодолдсон талаар дүгнэлт хийгээгүй. Иргэний хуульд зааснаар такси үйлчилгээний төлбөр 10.000 төгрөг хохирогч аваагүй хохирогчийн өмчлөлд мөнгө бодитоор шилжээгүй талд дүгнэлт хийгээгүй, дээрэмдэх гэмт хэргийн сэдэлт шунахайн сэдэлттэй үйлдэгддэг гэтэл яагаад Т.А таксины төлбөрийг төлөхөөр таксинаас буугаад Хаан банкны АТМ оров, мөнгө аваад яагаад ирэв энэ нь төлбөр төлөх хүсэл зоригтой байсныг тогтоогоод байхад шүүх дүгнэлт өгсөнгүй вэ. Т.Аын хувийн байдал ажлын газрын удирдлага захирал, хамт нөхөрлөдөг найз нөхдөөс нь түүний хувийн байдлыг тогтоож ажиллагаа хийгээгүй байхад шүүх энэ асуудалд дүгнэлт өгөөгүй байна.Шүүгдэгчийн өөрийнх нь өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглаж анхан шатны шүүх гэм буруутайд тооцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг зөрчиж нотолгооны хэрэгсэл болохгүй юм. Шүүгдэгчээр өөрийнхөө гэм буруутайг нотлох  үүрэггүй байхад нотлуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны маш ноцтой зөрчил юм. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...”  гэв.

Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид хэргийн зүйлчлэлийн талаар маргаж байна. Өөрөөр хэлбэл, огт гэмт хэрэг үйлдээгүй гэж байна. Яллагдагчаар татах тогтоолд “Т.А нь хохирогчтой таксины төлбөр, тооцооноос болж маргасны улмаас түүн рүү халдахаас өмнө шунахайн сэдлээр хохирогчийн үйл ажиллагааны мөнгийг өөртөө шилжүүлэн авах санаа зорилго үүсээгүй боловч довтолгоон эхэлснээс хойш дээрх санаа зорилго нь гэнэт үүссэн гэж үзэхээр байна” гэж хэргийн үйл баримтыг дүгнэсэн. Учир нь дээрх хохирогчид халдаж байгаа довтолгоон болон бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдэл нь шалтгаант холбоотой байна. 10.000 төгрөгийн асуудалд хохирогч тогтвортой мэдүүлэг өгсөн. Гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “мөнгө авсан” гэж мэдүүлдэг. Зөрүүтэй зүйл нь “би араас нь янз бүрийн хараал хэлсэн” гэх асуудал яригддаг. Энэ нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж буй хохирогчийн зүй бус, буруутай үйлдэл байж болно. Үүнээс шалтгаалж Т.А нь бусдын өмчлөлд нэг мөр шилжүүлэн өгсөн эд хөрөнгийг довтолгоон эхэлсний дараа өөрийн эзэмшил, өмчлөлд авсан үйл баримт бий болсон байна. Энэ тухай шүүгдэгчийн өөрийн мэдүүлгээр нотлогддог. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж байгаа боловч тэрээр үйл баримтын талаар ярьсан. Т.Аын сэтгэцтэй холбоотой асуудлыг ярих нь зүйтэй. F41 буюу хоёр туйлт цочирдох өвчин гэж тайлбарладаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорт хүсэлт гаргасан” гэж байна. Тус өмгөөлөгч нь шүүхийн шатанд орж ирсэн. Өөрөөр хэлбэл, тус хэрэг прокурорын хяналтаас шүүхэд шилжих үед өмгөөллийн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн. Иймээс энэ хэрэгтэй холбогдуулж прокурорт ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Т.Аын хувьд тэрээр өмгөөлөгчтэй болсноос хойш бүх зүйлээ санаж эхэлсэн. Өмнө нь “би санахгүй байна, өвчтэй байсан” гэж ярьж байсан. Тухайн үед эрүүл байсан, машин барьж явсан, үнэн, зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээсэн хохирогч мэдүүлэг өгсөн. Энэ үйл баримтыг бид үнэн гэж үзсэн. Тухайн цаг хугацаа, орон зайд тэр 2 хүнээс өөр гэрч болон камерын бичлэг, дамжмал байдлаар гэрчилж байгаа баримт байхгүй. Иймд тус хэргийн үйл баримтыг эдгээр хүмүүсийн мэдүүлгүүдээс л харж байна. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй, яллах дүгнэлтэд дурдаагүй боловч энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Хэрэг хэргийн зүйлчлэлтэй холбоотойгоор удааширсан зүйлгүй. Т.А нь тус хэрэгт шалгагдсанаас хойш оргон зайлсан гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдож байсан. Гэвч тэрээр сэтгэл гутралд орсны улмаас гэрээсээ гарахгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдсон. Гэрт нь хүн очиход огт хаалгаа тайлахгүй, 4-өөс 5 сарын хугацаанд гэрээсээ огт гараагүй нөхцөл байдал тогтоогддог. Энэ талаар түүний ээж ярьдаг. Иймд таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудалд яригдаагүй, хэргийн зүйлчлэлтэй холбоотойгоор хэрэг удааширсан зүйлгүй, Т.Ааас шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан. Хүний эрүүл мэндийн эрх чөлөөнд халдсан байна. Т.А нь хэдийгээр F41 гэх сэтгэцийн өвчтэй байх боловч сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. “Хэрэг болох цаг хугацаанд өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан, хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Т.А нь анх дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх санаа зорилгогүй байсан нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдоно. “16.000 гарсан юм уу, гараагүй юм уу. Байнга тэр газар руу зорчдог. 10.000 төгрөгийг 16.000 төгрөг гэж хэлээд байх юм” гэх үйл баримт хохирогчийн мэдүүлэгт дэлгэрэнгүй байна. Тэрээр өөрөө буухаасаа өмнө замаар хүн хүргэж өгсөн ба байнга явдаг маршрутаасаа хазайсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул дээрх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.Ат холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Д.Отгонбат, Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.

 

Прокуророос 2022 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КFС” түргэн хоолны газрын хажууд таксинаас буухдаа Д.Мийн нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, гараараа олон удаа цохих зэргээр хүч хэрэглэн довтолж, тээврийн хэрэгслийн зүүн урд суудал дээр байсан түрүүвчнээс бэлэн 30.000 төгрөг, таксины орлого болох 10.000 төгрөгийг авч дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, “...шүүгдэгч Т.А нь ... хүч хэрэглэн довтолж, тээврийн хэрэгслийн зүүн урд суудал дээр байсан түрүүвчнээс бэлэн 30.000 төгрөг, таксины орлого болох 10.000 төгрөгийг авч дээрэмдсэн” үйл баримт нь нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. ...” гэж дүгнэн Т.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авч дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

 

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ, тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харилцан эсрэг, эсхүл хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Ингэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үздэг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч, шүүгдэгч нар нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, нөхцөл байдлын талаар мэдүүлсэн буюу маргаан болсон гэдгийг хэн аль нь мэдүүлжээ.

Гэтэл хохирогч Д.Мийн “...тухайн залууг явсны дараа би жолоочийн хажуу талын суудал дээр тавьсан байсан хэтэвчээ шалгахад дотор нь байсан бэлэн мөнгө болон тухайн залуугийг өгсөн 10.000 төгрөг алга болсон байсан. ...” /хх 51-53/ гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн үйл баримттай тохирохгүй байхад яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа нь энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход ач холбогдолтой байдаг.

 

Шүүгдэгч Т.А нь яг аль үед хохирогчийн буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын суудал дээрх түрүүвчнээс мөнгийг авч, түрүүвчийг буцаан тавьсан нь эргэлзээтэй, тухайн мөнгийг яаж авсан талаар дүгнэлт хийгээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолгооны зүйлд хамаарах нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох бөгөөд гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэргийг хэзээ үйлдсэн мөн гэмт хэргийн улмаас ямар хор уршиг учирсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй нь хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Д.Отгонбат, Р.Пүрэвлхам нарын “...хэргийн үйл баримт эргэлзээтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/250 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Т.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                        Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ