Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/660

 

 

 

 

 

     2024             6            06                                       2024/ДШМ/660                                  

 

        В.Бд  холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Э.Мөнх-Оргил,

шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч А.Эрдэнэмөнх,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/453 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.Б болон түүний өмгөөлөгч А.Эрдэнэмөнх нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн В.Бод холбогдох эрүүгийн 230606400387 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч В.Б нь ****** *****” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн “Сант” сумын Ивэн голын услалтын систем байгуулах төслийн ажлын ахлагчаар ажиллаж байхдаа “Б.Б гэх хүнээс цемент худалдаж авахаар боллоо” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****** *****” ХХК-иас 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 3.500.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 19.300.000 төгрөгийг тус тус Хаан банкны дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: В.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч В.Быг “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бод 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, В.Бын цагдан хоригдсон 17 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Боос 22.800.000 төгрөгийг гаргуулан “********” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Нд олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч В.Б болон түүний өмгөөлөгч А.Эрдэнэмөнх нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...В.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа хэдий ч 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хууль хяналтын байгууллагад анх мэдүүлэг өгөхдөө өөрийн буруутай үйлдлээ шударгаар мэдүүлж, гэмт хэргийн үйл баримтыг нуун дарагдуулалгүйгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо 6 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байсан нь тухайн хэргийг шүүх, хууль хяналтын байгууллагын зүгээс түргэн шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг болсон бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр тодорхой шалтгааны улмаас ажил, хөдөлмөр эрхлээгүйн улмаас хохирол төлөгдөх ажиллагаа бодитой хэрэгжээгүй хэдий ч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өөрийн учруулсан хохирлыг ажил, хөдөлмөр эрхлээд 6 сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж байгааг шүүхээс харгалзан үзэж В.Бод оногдуулах эрүүгийн хариуцлага оногдуулах боломжтой гэж үзэж байна. В.Б нь барилгын инженер мэргэжилтэй бөгөөд өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу ажил, хөдөлмөр эрхлээд “********” ХХК-д учруулсан хохирлоо тодорхой хуваарь, графикийн дагуу төлөх бүрэн боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс В.Бод эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой байсан хэдий ч анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийлгүйгээр зөвхөн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан үзсэн гэх байдлаар 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг нь сонгох ялтай тохиолдолд шүүх гэм буруутай этгээдэд тухайн ялыг оногдуулах болсон үндэслэлээ тодорхой дурдах үүрэгтэй ч анхан шатны шүүх нь В.Бод 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан үндэслэлээ тодорхой дурдаагүй. Тус гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял гэсэн ялын сонгох төрлүүдтэй. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн гэмт хэргийн зүйл, хэсэгт заасан сонгох ялыг хэрэгжүүлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны түүхийн шийтгэх тогтоолоор В.Бод оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Мөнх-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь үндэслэлтэй. Учир нь, уг үйл явдал 2022 онд болсон бөгөөд мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгчээс хохирол төлбөр төлөх бодитой үйлдэл хийж байгаагүй, хохирол төлөхөө илэрхийлсэн үйл баримт тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.5 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчид нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч В.Бод холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч В.Б нь “********” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн “Сант” сумын Ивэн голын услалтын систем байгуулах төслийн ажлын ахлагчаар ажиллаж байхдаа “Б.Б гэх хүнээс цемент худалдаж авахаар боллоо” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” ХХК-иас 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 3.500.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 19.300.000 төгрөгийг тус тус Хаан банкны дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нгийн “....Манай байгууллагын зүгээс төслийн ахлагчаар ажиллаж байсан В.Б нь Б.Б гэх хүнтэй холбогдож цемент худалдаж авахаар болсон талаар хэлж мөнгө шилжүүлсэн тул Б.Бг сураггүй алга болоход нь В.Боор Б.Бтай холбогдуулж юу болж байгаа талаар тодруулж
асуулгахад “би тэр хүнтэй муудалцмааргүй байна, 7 хоногийн хугацаа өгчих” гэсэн ба 7 хоногийн хугацаа өгөхөд хариу хэлээгүй. Уг асуудал болсны дараа В.Б нь ажлаас гарах өргөдөл өгсөн учир тухайн хүнтэй хамтарч ийм асуудал үүсгэсэн байж магадгүй гэж бид нар сэжиглэж байгаа. Б.Бтай тухайн үед ажиллаж байсан Болортуяатай утсаар холбогдож “цементээ өгч чадахгүй бол ядаж мөнгө авмаар байна” гэж шаардахад “би танай компанид цемент худалдана гэж мөнгө аваагүй, е баримт шивж өгсөн төдий хүн, тэр мөнгийг чинь би аваад цемент зарна гэсэн хүн рүү нь өгчихсөн байгаа. Тэр хүнээс аваад өгчихнө” гэж хэлдэг байсан. ...” /хх 24-25, 28/,

гэрч Б.Бгийн “...Миний ******** дугаарын дансыг В.Б нь 2022
оны 8 дугаар сарын орчимд “хэрэглүүлээч, би түр хугацаагаар данс ашиглах хэрэгцээ шаардлага байна” гэж хэлэхээр нь би түүнийг ямар зүйлд ашиглах гэж байгаа нарийн асуудлыг нь асууж шалгаалгүйгээр өөрийн данс болон нууц  кодыг нь хэлээд В.Бын гар утсан дээр интернэт банк суулгаж өгсөн. Сүүлд нь цагдаагийн байгууллагаас “таны дансыг ашиглан байгууллагаас мөнгө авсан асуудал байна” гэж хэлэхэд нь ...үүнээс бусад гүйлгээг В.Б өөрөө хийсэн байгаа. ...Тухайн цаг хугацаанд В.Б нь “би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өр төлбөрийн улмаас дансны барилттай байгаа учир данс ашиглах боломжгүй байна” гэж хэлээд миний “Хаан” банкны дансыг түр хугацаагаар ашиглаж байсан. ...” /хх 29, 48-49/,

гэрч Б.Б “...Энэ хугацаанд “Хаан” банкны ********* дугаарын дансыг аав В.Б ашиглаж байсан болохоор хаанаас ямар орлого, зарлагын гүйлгээ хийгдэж
байсан талаар нь хэлж мэдэхгүй байна. ...2021 оны 9 дүгээр сар орчмоос Б.Б гэх эмэгтэйтэй хамтран амьдарч эхэлсэн. Түүний хувьд одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа. Өөрөө бол барилгын инженер мэргэжилтэй хүн. ...” /хх 57-58/,

В.Бын яллагдагчаар өгсөн “...Би нийт 22.800.000 төгрөгийг шилжүүлэн авч өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн болохыг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 93/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 18/, төлбөрийн баримт /хх 33/, шилжүүлгийн баримт /хх 34, 35/, Хаан банкны дансны хуулгууд /хх 52-53, 32-79/, Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 54-55/, Хөдөлмөрийн гэрээ /хх 125-129/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч В.Б нь ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч В.Бын “********” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн “Сант” сумын Ивэн голын услалтын систем байгуулах төслийн ажлын ахлагчаар ажиллаж байхдаа “Б.Б гэх хүнээс цемент худалдаж авахаар боллоо”  гэж “********” ХХК-иас 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 3.500.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 19.300.000 төгрөгийг тус тус Хаан банкны дансанд шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч В.Б болон түүний өмгөөлөгч А.Эрдэнэмөнх нар “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөөр тохиролцсон, тодорхой хэмжээгээр төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

 

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдох учиртай.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч В.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, өмнө нь тухайн төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Б болон түүний өмгөөлөгч А.Эрдэнэмөнх нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч В.Б нь 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хохирогч “********” ХХК-д хохирол төлбөрт хуваарийн дагуу 2.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч В.Бын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 42 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/453 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Б болон түүний өмгөөлөгч А.Эрдэнэмөнх нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч В.Б нь 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хохирогч “********” ХХК-д хохирол төлбөрт хуваарийн дагуу 2.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 6 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл нийт 42 /дөчин хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                      М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ