| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/09782/И |
| Дугаар | 191/ШШ2025/00535 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/00535
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, **** тоотод оршин суух, Н******* А******* /регистрийн дугаар: УШ*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, **** тоотод оршин суух, О******* Э******* /иргэний бүртгэлийн дугаар: /-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.А******* миний бие иргэн О.Э*******той 2010 онд анх танилцаж, энэ үеэс үерхэж эхэлсэн бөгөөд 2011 оноос хамтран амьдарч эхэлсэн байдаг. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас ууган хүү Б.Б 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр, отгон хүү Б.Б 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тус тус төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас шалтгаалан 2020 оны 1 дүгээр сараас эхлэн тус тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдрах хугацаанд хүүхдүүд маань бид хоёрын асрамжид ээлжпэн байдаг байсан бөгөөд 2024 оны 6 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хүүхдүүд минь миний асрамжид өсөн торниж, сурч боловсорч байна. Бид албан ёсны гэрлэлтийн бүртгэлгүй, цаашид хамтран амьдрах хүсэл эрмэлзэлгүй тул хүүхдүүдээ өөрийн асрамждаа үлдээж хоёр хүүдээ тус бүрт нь эцгээс нь хүүхдийн тэтгэмжийг хуульд заасан хувь хэмжээгээр гаргуулан авах хүсэлтэй байна.
Иймд, хариуцагч О.Э*******оос хүү Б.Б, хүү Б.Б нарт хүүхдийн тэтгэмжийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргуулж нэхэмжлэгч Н.А******* надад олгож өгнө үү. Бид хүүхдүүдийн асрамжийн тал дээр маргаангүй бөгөөд миний бие өөрийн асрамжид хүүхдүүдээ байлгахаар иргэн О.Э*******той харилцан тохиролцсон болно оо гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүүхдийн эцэг болох О.Э*******той ярилцаж тохиролцсоны үндсэн дээр Н.А******* миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.А******* нь хариуцагч О.Э*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчтай харилцан тохиролцсон гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.А*******ын нэхэмжлэлтэй, О.Э*******д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,711 төгрөгийн 80,355.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 80,355.5 төгрөгийг Б******* дүүргийн татварын хэлтсийн данснаас гаргуулан нэхэмжлэгч Н.А*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.У