| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00187/И |
| Дугаар | 303/ШШ2025/00460 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 303/ШШ2025/00460
Зохигчийн эвлэрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ын *******,
Хариуцагч: *******гийн *******,
Хариуцагч: *******ын ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн 28.000.000 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 207,220,000 төгрөг гаргуулах тухай тус тус шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Ч.******* /цахимаар/, Б.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ч Х.*******, Ч.******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн 28.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь иргэн Ч.******* болон түүний эхнэр Х.******* нартай уулзаж ярилцаж байгаад тэр хоёроос газар худалдан авахаар болсон. Улмаар 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1-р баг, Залуучуудын гудамж -1, тоот эзэмшлийн дугаар бүхий 951м/кв газарт Б.******* миний биеийг хамтран эзэмшигчээр бүртгүүлж тус газарт 1 давхартаа үйлчилгээний зориулалттай 49 айлын орон сууц барих, тус газарт баригдсан барилгын 1 давхарт үйлчилгээний зориулалттай 300 м/кв талбайг газар эзэмшигч Ч.*******д дулаан, засал, цахилгаан, цонхгүйгээр өгснөөр тус газрыг дангаар эзэмших эрхийг Б.*******өд шилжүүлэн өгөх, газрын төлбөрт миний бие нь 100,000,000 төгрөг төлөхөөр тохирсон юм. Ингээд урьдчилгаанд өөрийн хаан банкны 5720378294 тоот данснаас Х.*******ийн Голомт банкны тоот дансанд: 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөг төлсөн. Гэтэл ******* нь гэрээний үүргээ зөрчиж тус газраа өөр хүнд зарж борлуулсан байна. Тэгэхээр нь гэрээгээ цуцалъя гээд би 30.000.000 төгрөгөө буцааж авъя гэж нэхсээр байгаад Х.*******ийн данснаас 2024 оны 4 дүгээр 23-ны өдөр 2,000,000 төгрөгийг надад буцаасан. ******* , ******* 2 нь үлдэгдэл 28,000,000 төгрөгөө 2025 оны 3 сард өгнө гээд одоог болтол өгөхгүй байна. *******, ******* 2 нь газраа бусдад зараад мөнгөө авсан атал миний мөнгийг өгөхгүй нэг ёсондоо залилан хийгээд байгаа юм. Тиймээс гэрээний үнэнд урьдчилгаа болгон шилжүүлсэн 28,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч Ч.*******, Х.******* нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасан. Үүнд:
Ч.******* би 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэн ******* овогтой *******тэй Баянхонгор аймгийн Номгон 1-р багийн Залуучуудын 1-р гудамж, тоот дугаартай 951м2 өөрийн эзэмшлийн газар дээр байшин бариулах гэрээ байгуулсан. Газар дээр байшин бариулсан төлбөрт үйлчилгээний зориулалттай 1 давхрын 300 м2 талбайг дулаан, цахилгаан, засал, цонхгүйгээр авах нөхцөлтэй гэрээ хийсэн. Уг гэрээ нь 2022 оны 5 сарын 15-нд эхлэн 2023 оны 5 сарын 15-нд дуусахаар байсан. Гэрээнд заасны дагуу манай талаас барилга эхлэхээс өмнө газар дээрх байшингуудыг буулган газар чөлөөлөх, иргэн Б.*******ийг уг газар дээр хамтран эзэмшигчээр нэмэх, барилга барихад шаардагдах бичиг баримтуудыг гаргаж өгөх нөхцөлтэй байсан. Барилга барих зөвшөөрөл бэлэн болсон 2022 оны 5 сарын 5 гэхэд газраа яаралтай чөлөөл гэсэн Б.*******ийн шаардлагын дагуу газар дээр байсан тухайн үед хэвийн ашиглаж байсан 10*10 хэмжээтэй 2 давхар барилга / 2008 онд ашиглалтад оруулсан, палкаар барьж дранклан гадна дотроос шавардсан, шувуу нуруутай байшин, 4*6 хэмжээтэй блокоор барьсан үүдний өрөөтэй/, 9*7 хэмжээтэй мөн модон хийцтэй дэлгүүрийн барилгыг/ 2008 онд ашиглалтад оруулсан/ буулган, зөөвөрлөж газрыг чөлөөлсөн. Гэвч Б.******* нь гэрээний хугацаандаа барилгаа эхлүүлэхгүй удаа дараа худал хэлэн хойшлуулж, сүүлдээ утсаа ч авахгүй алга болсон. Судалж үзтэл Б.******* нь барилга эхлүүлэх зөвшөөрлөө ч аваагүй барилга барих мөнгөгүй худлаа хэлж гэрээ хийсэн байсан. Б.******* үнэнд итгэн гэрээ байгуулснаар манайх маш алдагдалд орсон.
1. Газар чөлөөлөхтэй холбоотой барилга буулгах, тээвэрлэх зардал гарсан.
2. 2008 онд ашиглалтад орсон дуусах хугацаа нь болоогүй хэвийн ашиглаж, амьдарч байсан байшингаа буулган байшингүй болсон. /2 давхар палкан байшин багаар бодоход 70,000,000 төгрөг/
3. Газар дээр байсан 2 барилга нь ХасБанкны зээлийн барьцаанд байсан ба банкны зээлийг барьцаагүй болгосон гэж ХасБанк болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас эрүү үүсгэнэ хэмээн шахалт үзүүлж яаралтай зээлээ төлж дуусгахыг удаа дараа шаардсан. Уг шаардлагын дагуу газраа маш хямдаар зарсан. Б.*******тэй хийсэн гэрээний дагуу манай газар нь зах зээлийн хамгийн баг ханшаар бодоход 600 саяар үнэлсэн байсан газраа 180саяд зарж 420сая төгрөгийн алдагдал хүлээсэн. /300м2*2,000,000 төгрөг/.
Иргэн Б.******* нь манайтай холбоотой гарсан асуудлыг бүгдийг мэдэж байсан бөгөөд уг асуудлуудыг тухай бүр нь өөрт нь хэлж барилгын ажлаа ядаж эхлүүлээдхээч гэж удаа дараа шаардаж, сүүлдээ гарсан зардлыг төлөөд өгөөч, дэлгүүрийн барилга ч дүүрч 2 давхар байшинг өөр газар бариад өг гэсэн шаардлага тавьж байсан. Бид Б.*******ийг тэвчээртэй хүлээсэн гэжээ.
3. Хариуцагч Ч.*******, Х.******* нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
Иргэн ******* овогтой ******* би 2022 оны 03 сарын 21-нд иргэн ******* овогтой *******тэй Баянхонгор аймгийн Номгон 1-р багийн Залуучуудын 1-р гудамж, тоот дугаартай 951м2 өөрийн эзэмшлийн газар дээр байшин бариулах гэрээ байгуулсан. Газар дээр байшин бариулсан төлбөрт үйлчилгээний зориулалттай 1 давхрын 300 м2 талбайг дулаан, цахилгаан, засал, цонхгүйгээр авах нөхцөлтэй гэрээ хийсэн. Уг гэрээ нь 2022 оны 5 сарын 15-нд эхлэн 2023 оны 5 сарын 15-нд дуусахаар байсан. Гэрээнд заасны дагуу манай талаас барилга эхлэхээс өмнө газар дээрх байшингуудыг буулган газар чөлөөлөх, иргэн Б.*******ийг уг газар дээр хамтран эзэмшигчээр нэмэх, барилга барихад шаардагдах бичиг баримтуудыг гаргаж өгөх нөхцөлтэй байсан. Барилга барих зөвшөөрөл бэлэн болсон 2022 оны Б сарын 5 гэхэд газраа яаралтай чөлөөл гэсэн Б.*******ийн шаардлагын дагуу газар дээр байсан тухайн үед хэвийн ашиглаж байсан 10*10 хэмжээтэй 2 давхар барилга / 2008 онд ашиглалтад оруулсан, палкаар барьж дранклан гадна дотроос шавардсан, шувуу нуруутай байшин, 4*6 хэмжээтэй блокоор барьсан үүдний өрөөтэй/, 9*7 хэмжээтэй мөн модон хийцтэй дэлгүүрийн барилгыг/ 2008 онд ашиглалтад оруулсан/ буулган, зөөвөрлөж газрыг чөлөөлсөн. Гэвч Б.******* нь гэрээний хугацаандаа барилгаа эхлүүлэхгүй удаа дараа худал хэлэн хойшлуулж, сүүлдээ утсаа ч авахгүй алга болсон. Судал үзтэл Б.******* нь барилга эхлүүлэх зөвшөөрлөө ч аваагүй барилга барих мөнгөгүй худлаа хэлж гэрээ хийсэн байсан. Иргэн Б. *******ийн үгэнд итгэн гэрээ байгуулснаар манайх маш их алдагдалд орсон.
1. Газар чөлөөлөхтэй холбоотой барилга буулгах, тээвэрлэх зардал гарсан.
2. 2008 онд ашиглалтад орсон дуусах хугацаа нь болоогүй хэвийн ашиглаж, амьдарч байсан байшингаа буулган байшингүй болсон. /2 давхар палкан байшин багаар бодоход 70 сая төгрөг/
3. Газар дээр байсан 2 барилга нь ХасБанкны зээлийн барьцаанд байсан ба банкны зээлийг барьцаагүй болгосон гэж ХасБанк болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас эрүү үсгэнэ хэмээн шахалт үзүүлж яаралтай зээлээ төлж дуусгахыг удаа дараа шаардсан. Уг шаардлагын дагуу газраа маш хямдаар зарсан. Б.*******тэй хийсэн гэрээний дагуу манай газар нь зах зээлийн хамгийн баг ханшаар бодоход 600 саяар үнэлсэн байсан газраа 180 саяд зарж 420 сая төгрөгийн алдагдал хүлээсэн. /300м2*2000,000 төгрөг/. Иргэн Б.******* нь манайтай холбоотой гарсан асуудлыг бүгдийг мэдэж байсан бөгөөд уг асуудлуудыг тухай бүр нь өөрт нь хэлж барилгын ажлаа ядаж эхлүүлээдхээч гэж удаа дараа шаардаж, сүүлдээ гарсан зардлыг төлөөд өгөөч, дэлгүүрийн барилга ч дүүрч 2 давхар байшинг өөр газар бариад өг гэсэн шаардлага тавьж байсан. Бид Б.*******ийг өөрсдөө асуудалд орсон маш тэвчээртэй хүлээсэн. Дээрх алдагдлыг тооцон гаргуулж үүнээс Б.*******ийн төлсөн 28,000,000 төгрөгийг суутган үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү. Иргэн ******* овогтой *******тэй 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хийсэн гэрээний үүргээ биелүүлээгүй хохирол учруулсан тул уг хохирлын төлбөр нийт 207,220,000 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.*******өөс болоод гэрээний үүрэг биелээгүй биш харин ч газар дээрх 2 барилга газрын хамт банкны барьцаа болон шүүхийн шийдвэрт хураагдсан байсныг хариуцагч нар надад худалдахдаа хэлээгүй бөгөөд гэрээ хийсний дараа ийм асуудал гарч ирсэн нь намайг хуурч мэхэлж хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан гэж үзэж байна. Би барилгын зөвшөөрлөө хөөцөлдөж байхад дулааны зөвшөөрлийг RMB ХХ-аас гаргуулах гэтэл тухайн компани гаргаж өгөхгүй саад хийж байснаа сүүлд нь RMB ХХК нь тус газрыг хариуцагч нараас худалдаж авсан байсан нь хачирхалтай санагдаж байна. Хариуцагч нар нь энэ газраа нэгэнт бусдад худалдсан учраас тэдэнд хохирол учирсан эсэх асуудал ярьж хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 28,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 13,000,000 төгрөгөөс, мөн хариуцагч Х.*******, Ч.******* нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 207,220,000 төгрөгөөс тус тус татгалзаж, хариуцагч Х.*******, Ч.******* нар нь 15,000,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч Б.*******өд төлөхөөр тохиролцсон тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Х.*******, Ч.******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн 28.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Х.*******, Ч.******* нар нь худалдах, худалдан авах гэрээний гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 207,220,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч Б.******* нь 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 0285 дугаар итгэмжлэлээр өөрийн төлөөлөгчөөр *******ыг томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийг олгосон болно. Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан бичгээр олгох итгэмжлэлийн шаардлагыг хангасан байна.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 28,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 13,000,000 төгрөгөөс, мөн хариуцагч Х.*******, Ч.******* нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага 207,220,000 төгрөгөөс тус тус татгалзаж, хариуцагч Х.*******, Ч.******* нар нь 15,000,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч Б.*******өд төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгийг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,194,050 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******, Х.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 116,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******өд олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 28,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 13,000,000 төгрөгөөс, хариуцагч Х.*******, Ч.******* нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага 207,220,000 төгрөгөөс тус тус татгалзаж, хариуцагч Х.*******, Ч.******* нар нь 15,000,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч Б.*******өд төлөхөөр харилцан тохиролцсон, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгийг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,194,050 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******, Х.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 116,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******өд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА