| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/03705/И |
| Дугаар | 197/ШШ2025/08412 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 197/ШШ2025/08412
| 2025 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 197/ШШ2025/08412 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион Оргил /17011/, Махатма Ганди гудамж, 31/1 байр, Эн Эм Товер оффис, 17 дугаар давхарт байрлах, Таван богд финанс ББСБ ХХК /РД:6710891/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 8 дугаар байр, 17 тоотод оршин суух, Зүүн хайрхан овогт Пүрэвийн л /РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг болон бусад зардалд 1,116,239.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Багабанди, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Таван богд финанс ББСБ ХХК нь П.лг зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй гэх үндэслэлээр үндсэн зээл 821,532.99 төгрөг, зээлийн хүү 248,296.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,409.94 төгрөг, нотариатын зардал 7,000 төгрөг, нийт 1,116,239.52 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2.-т Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ. гэж заасан.
Шүүх хариуцагчийн оршин сууж байгаа хаягаар 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл, эрх, үүрэг тайлбарласан баримтыг шуудангаар илгээсэн. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4.-т зааснаар Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эсхүл үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Түүнчлэн шүүх хариуцагчтай утсаар холбогдох болон мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй, шүүхэд хүрэлцэн ирээгүй болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Таван богд финанс ББСБ ХХК нь П.лтэй 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1114621 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг сарын 2,90 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлжээ. /хх11-14/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд гэрээ байгуулагдсанаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Дээрх зээлийн гэрээний дагуу Зээлдэгч нь үндсэн зээлд 3,400,312.20 төгрөг, хүүгийн төлбөрт 1,331,113.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 24,774.69 төгрөг, нийт 4,756,200 төгрөгийг төлж барагдуулсан, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 821,532.99 төгрөг, зээлийн хүү 248,296.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,409.94 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
4.2 Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцжээ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.
4.6.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дууссан байх ба зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,109,239.52 төгрөгийн үлдэгдэлтэй, хууль болон гэрээнд заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 1,109,239.52 төгрөгийг гаргуулж, Таван богд финанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
4.7. Нэхэмжлэгч нь нотариатын зардалд 7,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, нотариатч Б.Туяажаргалын Төлбөрийн баримтыг гаргаж өгсөн байх тул нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд хариуцагчаас нийт 1,116,239.52 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
5.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 31,339.74 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн тул 31,339.74 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
6.Шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдэхэд За ойлголоо гэх хариу өгсөн ба Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хүү н.Тэгшдүүрэн хүлээн авсан, утсаар удаа дараа холбогдон шүүхэд хүрэлцэн ирэхийг мэдэгдэхэд хүрэлцэн ирдэггүй бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар П.лгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон нотариатын зардалд 1,116,239.52 төгрөг гаргуулж, Таван богд финанс ББСБ ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,339.74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, П.лгээс улсын тэмдэгтийн хураамжид 31,339.74 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ