Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/661

 

 

 

 

 

    2024          6            06                                           2024/ДШМ/661

                                                                 

        Э.Бд холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж хийсэн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/512 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Э.Бд холбогдох эрүүгийн 2308031491947 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Бг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/503 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Э.Бгийн цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Бгээс 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч М.Нд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоосон хохирлын хэмжээнд маргаагүй бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө хохирлыг төлж барагдуулахаар ажиллаж байгаа. Би тухайн зочид буудлын өрөөнд хулгай хийх зорилгоор нэвтрээгүй, өрөө андуурч орсон тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Э.Бгийн өмгөөлөгч Б.Лхагвадорж давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Зочид буудлын өрөөг хөлслөөгүй л бол бусдын зөвшөөрөлгүй зочид буудлын өрөөнд орох боломжгүй нь илэрхий юм...” гэж үзэж Э.Батсүхийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэвч хохирогч гэх М.Н нь тухайн зочид буудлын хэдэн тоот өрөөнд байсан, тухайн өрөөг төлбөр төлж эзэмших, ашиглаж байсан эсэх нь эргэлзээ бүхий байхад энэхүү нөхцөл байдлыг анхаарч үзээгүй.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны бүх үе шатанд, мөн яллах дүгнэлтэд
дурдсанаар миний үйлчлүүлэгчийг “Цагаан дэглийн” зочид буудлын 5 тоот өрөөнөөс
хулгай хийсэн гэж байсан. Гэвч тухайн буудал нь 5 тоот өрөө байдаг эсэх нь эргэлзээтэй. Хавтас хэргийн 112 дугаар талд 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн
мөрдөгчийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлд “...2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус буудлын 205 тоотод “Хоног, 30.000 төгрөг бэлэн” хэмээн тэмдэглэсэн байдал нь тус хэргийн хохирогч нь үйлчлүүлсэн гэх нотломж харагдаж байгааг тодруулсан болно...” гэсэн байсан.

Үүнээс үзэхэд хохирогч М.Н нь 5 тоотод байсан юм уу, 205 тоотод байсан юм уу гэх эргэлзээ үүссэн. Энэхүү эргэлзээтэй нөхцөл байдлыг шүүх хуралдааны явцад нотолж чадаагүй атлаа яллах дүгнэлтэд дурдсан 5 тоотын өрөөг шүүхийн шийтгэх тогтоолд 205 тоот өрөө болгож шийдвэрлэсэн байна. Энэ нь миний үйлчлүүлэгчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг шууд хязгаарласан. Талуудын мэтгэлцээний явцад үүссэн эргэлзээ бүхий байдлыг миний үйлчлүүлэгчид хохиролтой байдлаар тайлбарлан яллах дүгнэлтэд тусгагдаагүй 205 тоот өрөөнөөс хулгай хийсэн гэж шийдвэрлэж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

 Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад 205 тоот өрөөнөөс хулгай хийсэн гэж
үзэж буй талаар мэдсэн бол түүнтэй холбоотой няцаалт, тайлбар, цагаатгах
баримтуудыг гаргаж өгөх байсан билээ. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа дууссаны
дараа шүүх хуралдааны явцад гэмт хэрэг үйлдэгдсэн байршлыг өөрчилсөн нь
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан “Хууль
шүүхийн өмнө эрх, тэгш байх зарчим”, мөн хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
“Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн
дээр явагдана” гэж заасныг тус тус зөрчсөн.

Цаашлаад хэрэгт цугларсан баримтаас үзэхэд М.Н өрөөний төлбөр
төлсөн баримт хэрэгт байхгүй, мөн тухайн буудалд орсон иргэдийн бүртгэлд
/хх 108-112 хуудас/ хохирогчийн нэр байхгүй байна. Буудалд маш олон хүмүүс ордог. Гэтэл “...Хоног, 30к, бэлэн гэх...” дэвтэрт бичсэн үг өгүүлбэрээр хохирогч М.Н нь энэ өрөөг эзэмших, ашиглах эрхтэй болсон тул түүний эзэмшил ашиглалтад нэвтэрсэн гэж үзэн миний үйлчлүүлэгчийг буруутгасанд гомдолтой байна. Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлуудаас үзэхэд хохирогч Нямдаваа нь зочид буудалд өрөө авч тухайн өрөөг эзэмших, ашиглах эрх үүссэн гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад тогтоогдоогүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “....Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасныг дагуу хохирогч М.Н нь “Цагаан дэглий” зочид буудалд төлбөр төлж, 5 тоот өрөөг эзэмших ашиглах эрхтэй болсон гэж үзэхээргүй байна.

Дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй, цаашлаад дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлөхүйц нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсны улмаас хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэсэн байх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Э.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар зүйлчилж ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Мөнхтүвшин давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хяналтын камерын бичлэгийг шинжлэн судалсан мөн шүүгдэгч “ариун цэврийн өрөө орох гээд өрөө андуурч орсон” гэж мэдүүлдэг. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд шүүгдэгч Э.Б зочид буудлын өрөөнөөс гарч М.Нгийн өрөө рүү орсон нь тогтоогдсон. Тэгэхээр өрөөгөө андуурч орсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “5 тоот, 205 тоот өрөөний талаар дурдаж, миний үйлчлүүлэгчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хязгаарласан” гэж байна. Хэрэгт зочид буудлын бүртгэлийн дэвтэрт хохирогч М.Н 30.000 төгрөг төлсөн гэх баримт авагдсан. Эрүүгийн үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж нэмэлт өөрчлөлт оруулсан гэдгийг Э.Бд танилцуулж, ямар хэрэгт яллагдаж байгаа гэдгийг тайлбарлаж өгч гарын үсэг зуруулсан. Тэгэхээр шүүгдэгчийн эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Мөн Э.Бгийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж дурдаж байна. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Э.Бгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй мөн хэргийн үйл баримт хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Тэгээд прокуророос 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэмэлт өөрчлөлт оруулж, тухайн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Шүүгдэгч Э.Б нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороон нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан дэглий” зочид буудлын 205 тоот өрөөнд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 10 цаг 45 минутын үед нэвтэрч, тус өрөөнд унтаж байсан иргэн М.Нгийн эзэмшлийн “I phone 12 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг “үйл ажиллагаа явуулах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн болох нь:

хохирогч М.Нгийн “...Гар утсаа ширээн дээр тавиад унтсан. 11 цагийн үед сэрээд гар утсаа хайхад байхгүй болчихсон байхаар нь цагдаагийн байгуудлагад хандсан. Би гар утсаа 2022 оны хавар худалдаж авч байсан. Шилэн наалт нь бага зэргийн цуурсан байдалтай байгаа. ...” /хх 15-16, 19/,

Э.Бгийн яллагдагчаар өгсөн “...Тухайн гар утсыг одоо хаана байгааг мэдэхгүй байна, ...бага зэрэг согтуу байхдаа үл таних хүнд зарсан. ...гар утас зарсан мөнгөө бэлнээр авсан. ...Өөрийнхөө орсон өрөө рүүгээ орох гэж байгаад андуураад өөр өрөө рүү орчихсон юм. Тэгтэл тухайн өрөөнд хүн нь унтаж байсан ба гар утас нь ил байсан болохоор нь тэр үедээ аваад гарах бодол орж ирсэн. /хх 37-38, 105-107/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/ , хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-10/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх 25-27/, “Цагаан Дэглий” зочид буудлаар үйлчлүүлсэн иргэдийн бүртгэлийн хуудас /хх 108-111/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 112/ зэрэг бичгийн баримтаар бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч Э.Бгийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, түүний гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогчдын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Бг М.Нгийн эзэмшлийн “I phone 12 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Бгийн өмгөөлөгч Б.Лхагвадорж “...Э.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар зүйлчилж ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхийн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэргийн үйл баримтын талаар хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь хохирогч М.Нгийн мөнгийг нь төлж байрлаж байсан зочид буудлын өрөөнд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Бгийн энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн тайлбарт “Орон байр” гэдэг нь хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт, сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэж заажээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/;. ...” гэж хуульчилсан бөгөөд хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч М.Н нь тухайн зочид буудлын 205 тоот өрөөнд төлбөр төлж орсон талаарх “Цагаан Дэглий” зочид буудлаар үйлчлүүлсэн иргэдийн бүртгэлийн хуудас хх 109 дүгээр талд авагджээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ял шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 7 сар 26 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон.

Шүүгдэгч Э.Б нь давж заалдах шатны шүүхэд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол, саналгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Бгийн “...ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, түүний өмгөөлөгч Б.Лхагвадоржийн “...зүйлчлэлийг хөнгөрүүүлж өгнө үү...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/512 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлтүүдийг оруулав.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Э.Б нь 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хохирогч М.Нд хохирол төлбөрт 1.100.000 төгрөгийг төлсөн баримт гаргаж өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Э.Бгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 41 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/512 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            2 дахь заалтыг “...Шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэснийг “...Шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

            3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/503 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,...” гэснийг “..., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/503 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 7 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож...” гэж тус тус өөрчилж,

шүүгдэгч Э.Б 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг хохирогч М.Нд төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Э.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, түүний өмгөөлөгч Б.Лхагвадоржийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бгийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 6 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл нийт 41 /дөчин нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                      М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ