Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 197/ШШ2025/07676

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 197/ШШ2025/07676

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Дөл 0 тоотод оршин суух, Тавнан овогт Гйн Г /РД:0000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Горькийн  тоотод оршин суух, М овогт Чингисийн м /РД:/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 8,910,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Ч.м, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч Ч.мэд холбогдох гэм хорын хохиролд 8,910,700 төгрөг гаргуулах тухай Г.Гын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Ч.м нь Соната 5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа миний жолоодож явсан машиныг мөргөж, хохирол учруулсан бөгөөд эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар хариуцагчийг Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 15.4 дэх заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж дүгнэсэн бөгөөд Ч.мийг 100,000 төгрөгөөр торгосон. Машины хохирлын үнэлгээг тогтоолгоход 5,752,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Үнэлгээ хийлгэхэзд үйлчилгээний хөлсөнд 480,000 төгрөг тушаасан. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл гэрээс ажил болон хүүхдийн цэцэрлэг хүртэл өдөрт 2 удаа ирж, очиж үйлчлүүлдэг таксины төлбөр 400,000 төгрөг, эмнэлэгт үзүүлэхээр явахдаа, мөн сэлбэг авахаар явахдаа хэрэглэсэн шатахууны зардал 199,700 төгрөг, архиваас материал хувилахад гарсан зардал 64,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны зөрүү цалин 900,000 төгрөг, ажилгүй байх үед зээлийн дарамт үүссэн тул сэтгэл санааны хохирлыг 2 зээлийн төлөлтөөр тооцож, 1,000,000 төгрөг, шүүхийн тэмдэгтийн хураамж 158,921 төгрөг, нийт 8,910,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь Би хүнээс 10,000,000 төгрөг зээлсэн байсан. Эхлээд тэр хүний зээлийг төлөөд болъё гэж бодсон. Зээлээ төлөх гээд нэхэмжлэгчийн мөнгийг төлж чадаагүй. Надад төлөхөд хугацаа хэрэгтэй байгаа гэж тайлбарлаж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. 2024 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө Ч.м нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цайз захын урд уулзварт Хьёндай Соната 5 маркийн 59-64 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Г.Гын Тоёота Приус маркийн 27-84 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан болох нь зохигчийн тайлбар, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Монгол Улсын Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авсан тухай мэдэгдэх хуудас, Тээврийн Прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1435 дугаартай Прокурорын тогтоол, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Гэрэл зургийн үзүүлэлт, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, Мөрдөгчийн магадлагаа зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх9-29/

4.2.Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан буюу устгаж, гэмтээсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

4.3. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 5,752,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн үйлчилгээний хөлс 480,000 төгрөг гаргуулах болон шаардах эрхийн тухайд:

а.Тээврийн Прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1435 дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай Прокурорын тогтоолд Иргэний нэхэмжлэгч Б.Очирцэцэгийн: Уг тээврийн хэрэгслийг би Г.Гт 2023 оны 12 дугаар сард зарсан. Гэхдээ завгүй байсаар байгаад нэрээ шилжүүлж амжаагүй байгаа. Уг машиныг Г.Г л жолооддог гэж мэдүүлсэн байна. Мөн Тоёота Приус маркийн 27-84 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Хэдийгээр тээврийн хэрэгслийн өмчлөх эрх нэхэмжлэгч Г.Гт шилжээгүй, Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 162 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайланд Эзэмшигчийн нэр хэсэгт Б.Очирцэцэг гэсэн байх боловч Тоёота Приус маркийн 27-84 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.Очирцэцэг нь Г.Гт худалдсан тухайгаа мэдүүлсэн байх тул Г.Гыг тус тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж үзлээ.

б.Тоёота Приус маркийн 27-84 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас 5,752,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 162 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлангаар, авто оношилгооны тайлан, үнэлгээний тайлан гаргуулахад нийт 480,000 төгрөг төлсөн болох нь Кассын орлогын ордер /95,000 төгрөг төлсөн/, Бэлэн мөнгөний орлогын баримт /385,000 төгрөг/ зэргээр тогтоогдож байна. Хариуцагч дээрх үнэлгээний тайлантай маргаагүй болно. /хх35-47/

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заасан.

Хариуцагч Ч.мийн буруутай үйлдлийн улмаас Г.Гын тээврийн хэрэгсэлд хохирол учирсан нь тогтоогдсон тул Тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 5,752,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн үйлчилгээний хөлс 480,000 төгрөг, нийт 6,232,000 төгрөгийг Ч.мээс гаргуулж, Г.Гт олгох үндэслэлтэй байна.

4.4.2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл гэрээс ажил, хүүхдийн цэцэрлэг хүртэл өдөрт 2 удаа таксигаар зорчсон 400,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь бага насны хүүхэдтэй тул цэцэрлэгт нь машинаар хүргэж өгч, авах шаардлагатай байсан гэж тайлбарлаж, нотлох баримтаар Д.Чойжилсүрэнгийн тодорхойлолтыг гаргаж өгсөн. /хх 32/

Уг тодорхойлолтод ...Г.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт ажлын 40 хоногийн хугацаанд Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 167 дугаар цэцэрлэг, мөн өөрийн ажилладаг Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны Миссди бодь мутар ӨЭМТ хүртэл ажил эхлэх болон тарах үеүдэд өдөрт 2 удаа зорчдог, үүний хөлсөнд өдөрт 10,000 төгрөгийг бэлнээр өгдөг байсан нь үнэн. Надад нийт 400,000 төгрөгөөр үйлчлүүлсэн нь үнэн болохыг тодорхойлж байна гэжээ. Дээрх тодорхойлолт нь өөр бусад баримтаар нотлогдоогүй бөгөөд тухайлбал нэхэмжлэгчийн хүүхэд 167 дугаар цэцэрлэгт суралцдаг тухай баримт байхгүй, нэхэмжлэгч өөрөө ажил руугаа зайлшгүй такси үйлчилгээгээр зорчих шаардлагатай гэх баримт байхгүй, тодорхойлолт өгсөн этгээдээс гэрчийн мэдүүлэг авахуулаагүй зэрэг бусад баримтаар нотлогдоогүй тул шүүх зөвхөн Д.Чойжилсүрэнгийн тодорхойлолтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй байна. Иймд 400,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4.5.Эмнэлэгт үзүүлэхэд болон машиныг засаж сэлбэхэд зарцуулсан шатахууны зардал 199,700 төгрөгийн тухайд:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ эмнэлэгт үзүүлэхэд хэрэглэсэн шатахууны зардалд 199,700 төгрөг, машинаа өөрийн мөнгөөр засаж сэлбүүлэхэд сэлбэг цуглуулахаар унаанд ашигласан шатахууны зардал гэж тусад нь дугаарлаж шаардлагаа тодорхойлсон боловч шүүх хуралдааны явцад Эмнэлэгт үзүүлэхэд болон машиныг засаж сэлбэхэд зарцуулсан шатахууны зардал нийтдээ 199,700 төгрөг гэж тайлбарласан болно.

Г.Г нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт гэмтлийн эмчийн үзлэг болон компьютер томографийн шинжилгээ өгсөн тухай баримтыг хэрэгт хавсаргасан байх бөгөөд шатахууны баримт нь 2024 оны 10 дугаар сарын 07, 11, 15, 2025 оны 01 дүгээр сарын 07, 16-ны өдрүүдийн баримт байгаагаас дүгнэхэд эмнэлэгт үзүүлэхэд зарцуулсан шатахууны баримт гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл эмнэлэгт үзүүлсэн болон шатахууны баримтын өдөр зөрүүтэй, мөн сэлбэгийг хэдний өдөр авсан болох нь тодорхойгүй байх тул шатахууны зардалд 199,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. /хх34-35/

4.6. Архиваас материал хувилахад зарцуулсан 64,000 төгрөгийн тухайд:

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахтай холбогдуулан нотлох баримт бүрдүүлэхдээ архивын зардалд 64,000 төгрөг төлсөн болох нь түүний тайлбар, Эрүүгийн хэргийн төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Мөнгөний тасалбараар нотлогдож байх ба нотлох баримтуудад 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх тул 64,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гарсан хохирол гэж үзэхээр байна. Иймд 64,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. /хх33/

4.7. Ажилгүй байсан хугацааны зөрүү цалин 900,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Уг шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа нэхэмжлэгч нь 1,700,000 төгрөгийн цалинтай байсан бөгөөд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 769,762 төгрөг орсон. Үүний зөрүү 900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлаж, нотлох баримтаар Миссди-бодь мутар ББН-ийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 24/016 дугаартай ...Г.Г нь 1,700,000 төгрөгийн цалинтай ажилладаг нь үнэн болно гэх тодорхойлолт, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг өгчээ. /хх48-49/

Хэдийгээр 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Г.Гын 5420298547 тоот дансанд 769,762 төгрөг, ХЧТА-ны тэтгэмж ажилтан руу шилжүүлэв гэх утгатай орсон боловч Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13014 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд Г.Гын биед зулайн хуйханд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй гэжээ./хх26-27/

Нэхэмжлэгч Г.Г нь хэзээнээс хэзээг хүртэл хөдөлмөрийн чадвар алдсан болохоо нотлох баримтаар нотлоогүй бөгөөд Шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуудахгүй гэснээс дүгнэхэд хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас ажилгүй байж, 900,000 төгрөгөөр хохирсон гэж үзэхээргүй байна. Иймд энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

4.8. Ажилгүй байсан хугацаанд зээлийн дарамт үүссэн тул сэтгэл санааны хохиролд 1,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Уг нэхэмжлэлийн үндэслэлээ цалингийн 2 зээлийг төлж чадахгүйд хүрсэн тул 1 сарын хугацаанд төлөх хүүгийн төлбөрөөр тооцож, сэтгэл санааны хохиролд 1,000,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч нь зээл авсан, зээлийн төлбөрөө хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас төлж чадаагүй, зээлийн үүргийн гүйцэтгэлд хэдэн төгрөгийн төлбөр төлдөг болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгчид учирсан хохирол нь хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байснаар хариуцагч гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг үүсэх бөгөөд Г.Г нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас зээлийн төлөлтөө хийж чадаагүйгээс түүний сэтгэл санаанд хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4.9. Шүүхийн тэмдэгтийн хураамжид төлсөн 158,921 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж, 56 дугаар зүйлийн 56.2.-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж, 60 дугаар зүйлийн 60.1.-т Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж тус тус заасан.

Шүүх хариуцагчаас хэдэн төгрөгийг гаргуулж буюу нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэхээс шалтгаалан дээрх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч, хариуцагчид тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид 157,521 төгрөг, Гэрэгэ үйлчилгээний төлбөрт 1,000 төгрөг, банкны гүйлгээний шимтгэлд 100 төгрөг, посын шимтгэлд 300 төгрөгийг тус тус төлжээ. Иймд тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг дурдав.

4.10.Дээрхийг дүгнэж, хариуцагч Ч.мээс гэм хорын хохиролд 6,296,000 төгрөгийг гаргуулж, Г.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,614,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамж 114,662 төгрөгийг Ч.мээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ч.мээс гэм хорын хохиролд 6,296,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,614,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 157,521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.мээс 114,662 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ