| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/00378/И |
| Дугаар | 197/ШШ2025/06407 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/06407
| 2025 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 197/ШШ2025/06407 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, АОС 8а тоотод оршин суух, Энн Хын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Хын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь ...зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, 312 м.кв сингл хаусыг 662,003,700 төгрөгөөр үнэлсэн нь 1 м.кв-ыг 2,121,807 төгрөгөөр тооцож үнэлсэн байна. Гачууртад шинэ таун хаусын үнэ 4,400,000-5,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна. Ашиглаж байсан сингл хаус 3,000,000-3,500,000 төгрөгийн үнэтэй байна гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон ба харин хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/04345 дугаартай шийдвэрээр Э.Х, Ч.Эрдэнэчимэг нар нь 876,112,613.59 төгрөг гаргуулах тухай Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх12-13/
Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2024/23351 дугаар шүүгчийн захирамж, мөн өдрийн 182/ГХ2024/02229 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх9-10/
Үүний дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 24361602 дугаартай тогтоолоор үүсгэж, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 24361602/01 дугаартай Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлгийг авч, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 24361602/05 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилжээ. /хх85, 90, 94/
3.2. Э.Х өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Могойт дэнж, 1-355 тоотод байрлах, 312 м.кв талбайтай, хувийн сууц, граж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 3 тэрбум төгрөгөөр үнэлсэн байх ба 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/92 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Мөнх Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд холбогдох хуульд заасан, эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан байна. /хх102, 110-112/
3.3. Шинжээч хөрөнгийг 662,003,700 төгрөгөөр үнэлж, Хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлцэж, Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3/6210 дугаартай албан бичгээр төлбөр төлөгчид үнэлгээний талаарх мэдэгдэл хүргүүлжээ. /хх 15/.
Нэхэмжлэгч Э.Х үнэлгээ мэдэгдсэн хугацааны талаар маргаагүй болно.
Ингээд үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул төлбөр төлөгч Э.Х нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасныг зөрчиж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн эсэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй, түүний хууль мэдээгүйгээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм.
3.4. Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна.,
10.3.-т Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж тус тус заажээ.
Шийдвэр гүйцэтгэгч дээрх ажиллагааг тодруулж, Мөнх Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон байх тул шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилсон ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.
3.5.Нэхэмжлэгч нь өмчлөлийн хөрөнгийг нь зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 752 зүйлийн 752.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүх хуралдаанаас өмнө өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Түүнчлэн шинжээч Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар гаргасан байхад нэхэмжлэгч нь цаг хугацааны хувьд үнэлгээ гаргасан өдрөөс зөрүүтэй хугацааны үл хөдлөх хөрөнгийн үнэ бүхий баримтыг интернэтээс хэвлэн нотлох баримтаар гаргаж өгсөн нь нэхэмжлэгчийн шаардлагыг шууд нотлохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Могойт дэнж, 1-355 тоотод байрлах, 312 м.кв талбайтай, хувийн сууц граж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 662,003,700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Э.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ