Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2018/ЦШТ/37

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч: Ж.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овгийн Ж-ын Д-т холбогдох эрүүгийн 1827000420028 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, .... оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Ө овгийн Ж-ын Д

                                Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Д нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутагт Ч.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэртээ орох гээд явж байтал манай хашааны үүдэнд Ч.Б-ын машин эвдэрсэн зогсож байсан. Тэгээд би очоод машиныг чинь чирээд асаагаад өгөх үү гэж хэлтэл Ч.Б нэг утас нь салчихсан тэр утсыг холбоод л асчихна чирээд яах юм бэ гэсэн. Бид хоёр хамтарч байгаад машиныг нь асаасан. Тэгтэл Ч.Б би машинаа зарна чи авах уу гэж хэлсэн. Би Ч.Б-ын машиныг унаж үзсэн. Түүний дараа Ч.Б машинаа унаад яваад өгсөн. Орой 22 цагийн үед манай хүүхэд халуураад би эмийн сан орчихоод гэртээ буцаад иртэл Ч.Б манай гэрийн үүдэнд халамцуу зогсож байсан. Би гэртээ ортол Ч.Б намайг дагаад манай гэрт ороод ирсэн. Би машинаа 15.000.000 төгрөгөнд зарна чи 13.000.000 төгрөгөөр ав гээд байсан. Цагаан сар болоод удаагүй байсан болохоор манай гэрт 0.75 летрийн Улаанбаатар нэртэй нэг шил архи байсан. Тэр архийг бид хоёр талд нь хүртэл хувааж уусан. Тэгээд Ч.Б согтчихоод манай эхнэрийг жил болгон төрдөг гээд хэл амаар доромжлоод байсан. Манай хүү Ч.Б-ыг очоод үнстэл манай хүүхдийг Ч.Б хойш нь түлхээд унагасан. Тэрнээс болж Ч.Б бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Бид хоёр гэрээс гарч маргалдаад хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Би гартаа машины түлхүүр барьчихсан байсан. Тэр түлхүүрээр бол Ч.Б-ыг цохиогүй. Ч.Б-ыг гадаа ганцааранг нь орхичихоод гэртээ орох гэснээ гадаа хүйтэн байсан болохоор хөлдөөчих байх гэж бодоод би чамайг гэрт чинь хүргээд өгье гэж хэлээд өмнө нь очоод суутал Ч.Б гэнэт ухас хийж босч ирээд миний дээд уруулаас хазаад эргэсэн. Би тэгээд Ч.Б-ыг дагаад эргэтэл гэнэт л их цус гараад эхэлсэн. Тэгээд гэртээ гүйж орж ирээд эхнэртээ үзүүлтэл уруул чинь салсан байна ш дээ гэж хэлсэн. Манай эхнэр түргэн дуудаад түргэний эмч ирж оёдол хийсэн. Тэгээд би 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот орж “Сонгодо” эмнэлэгт хагалгаанд орсон. “Сонгодо” эмнэлэгийн эмч намайг Солонгос улс явж арьс нөхүүлэх хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. “Сонгодо” эмнэлэгийн эмч Солонгос улсын эмнэлэг рүү хүсэлт тавьж холбогдож өгсөн. Удахгүй Солонгос улс руу арьс нөхүүлэх эмчилгээнд явах гэж байгаа...Би хохирогч Ч.Б-д гэмтэл учруулсан нь үнэн.....” гэв.

Хохирогч Ч.Б-ын өгсөн: “...2018 оны 03 сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5-р багт Ж.Д-ын хашааны үүдэнд болсон асуудал юм. Ж.Д гаръя гэхээр нь дагаад гартал чи яасан том пизда вэ гээд чамайг хачин болгоноо гээд нүдээд эхэлсэн. Чи яаж байгаа юм бэ гэтэл хачин болгоноо гээд нүдээд байсан. Миний цамцны захаар хоолой боогоод газар унагаж, миний дээр мордчихоод толгой руу гартаа нэг атгачихсан үзүүртэй зүйлээр цохиод байсан. Машины түлхүүр шиг байсан. Болиочээ намайг аллаа ш дээ гэтэл алахаас наагуур болгоноо гээд өшиглөөд гар өчиж мушгиад, дэвсээд байсан. Тэгэхээр нь би босоод зугтаатал араас гүйж барьж аваад цохиж өшиглөөд зодоод байсан. Би босоод зугтаатал араас гүйж ирээд барьж аваад багалзуур шахаад байсан. Чи намайг аллаа ш дээ гээд хүзүүгээр нь тэврээд авсан. Миний хоолойг боож байсан болохоор цааш зугтааж байгаад хашаа налаад суусан. Тэндээ 2 цаг орчим ухаангүй суусан юм шиг байна лээ. Нэг мэдсэн даараад сэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Л.А-ын өгсөн: “...01 цаг 18 минутанд манай нөхөр гаднаас хүнд нүдүүлчихсэн даарсан байдалтай цустайгаа холилдсон орж ирсэн. Халуун цай чанаж өгөөд өвчин намдаах эм өгсөн. Цусыг нь арилгаж өгсөн. Эмнэлэг явъя гэтэл жаахан хэвтээтхэе гээд хэвтээд өгсөн. Хэнд нүдүүлчихээд хаанаас ирэв гэтэл Д-ийн тэр хавиас ирлээ гэсэн. Толгой өвдөөд сэргэсэн чинь гудамжинд байж байна арай гэж гэрээ олж ирлээ гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас

  • Ж.Д-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машины түлхүүрийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-31 дүгээр хуудас/,
  • Хүний биед үзлэг хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 3689 дугаартай актын:
  1. “Ч.Б-ын биед баруун 3,4-р хавирганы хугарал, цээжний цус хуралт, тархи доргилт, 2 нүдний зовхины цус хуралт, дагзны хуйх, дух, зүүн хөмсөг, хамар, 2 гарын сарвуу, зүүн өвдөг шилбэний зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Д-ыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс Ж-ын Д-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Д нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгуулийн ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж-ын Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн Ж.Д-ын эзэмшлийн 110 мкв Ү-1003000211 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрын битүүмжлэлийг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн фото зураг 3 ширхэг, сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг машины түлхүүрийг устгах зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ө овгийн Ж-ын Д-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ын Д-ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6  сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч Ж.Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй  болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн Ж.Д-ын эзэмшлийн 110 мкв Ү-1003000211 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрын битүүмжлэлийг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн фото зураг 3 ширхэг, сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг машины түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.11 дүгээр зүйлийн 1, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж-ын Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА