Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/682

 

           

 

 

    2024           6             13                                       2024/ДШМ/682

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр  даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Чимэдцэеэ,

хохирогч Б.Мийн өмгөөлөгч Б.Бадамханд, 

яллагдагч Б.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/317 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Бт холбогдох 2409000000078 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсэгт байрлах Спортын төв ордны орчим такси үйлчилгээний үнээс болж хохирогч Б.Мтой маргалдаж, улмаар торцовоор зүүн гар, нүүр хэсэгт нь цохисноос зүүн гарын дунд хурууны шивнүүр яс, зүүн хоншоор ясны туушин болон
өмнөд ханын хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зүүн
өвдөгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан
гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Быг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хохирогч Б.Мийн дүрс оношлогооны 2 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 406.500 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Мид олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруу дээр маргаагүй бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хохирогчид 406.500 төгрөгийг төлсөн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор хуульчилсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Би ам бүл 4, 3 настай охин, 10 настай хүүхдээ харангаа хажуугаар нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэр ажлын цагаар ажилладаг. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан эрх зүйн байдлыг минь хөнгөрүүлэн шийдэж өнгө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ давж заалах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.7 дугаар зүйлд “нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэу тус тус  хуульчилсан билээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмас анх удаа гэм хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн,” 1.4 дэх заалтад “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан гэм буруугааа хүлээн зөвшөөрсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.

Ялаас чөлөөлөх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол торгох ял шийтгэхээр заасан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялаар сольж өгнө үү. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан эрх зүйн байдлыг нь хөнгөрүүлж өнгө үү. ...” гэв.

Хохирогч Б.Мийн өмгөөлөгч Б.Бадамханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирол төлбөрийг төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан. Уг хугацаанд хохирлыг төлөөгүй. Шүүх хуралдаан болоод дууссаны дараа хохирлын мөнгийг төлсөн байдаг. Анхан шатны шүүх хуралдаан болоод дууссаны дараа хохирлоо өгчихөөд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж байгаа нь үндэслэлгүй. Хэрэг учрал 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болсон. Ойролцоогоор 3 сарын дараа шүүх хуралдаан болсон. 3 сарын хугацаанд хохирлын 406.500 төгрөгийг төлөхгүйгээр шүүх хуралдаанд орсон. Мөн анхан шатны шүүх хуралдаанд тогтмол орлоготой гэсэн баримт гаргаж өгөөгүй. Чөлөөт цагаараа такси үйлчилгээнд явж мөнгө олдог гэж л ярьсан. Ийм хүнд торгох ял шийтгэл оногдуулах нь тохиромжгүй. Энэ хэрэгт 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар заасан тул хүнд ял оногдуулаагүй гэж үзэж байна. Хохирогчоос “хэрэг болсоноос хойш шүүгдэгчээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ч уучлалт гуйгаагүй гэдгийг хохирогч хэлж байсан. Иймд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор С.Чимэдцэеэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Бт оногдуулсан ял шийтгэл нь үйлдсэн хэрэгт нь тохирсон. Хохирогчийн өмгөөлөгчийн хэлсэнчлэн шүүх хуралдааны явцад гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, уучлалт гуйсан, хохирлыг даруй төлнө гэдгээ илэрхийлсэн нөхцөл байдал тухайн үед байгаагүй. Гэтэл шүүхээс гэм буруутайд тооцоод эрүүгийн хариуцлага оногдуулсны дараа “торгуулийн ялаар сольж өгнө үү” гэсэн гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсэгт байрлах Спортын төв ордны орчим такси үйлчилгээний үнээс болж хохирогч Б.Мтой маргалдаж, улмаар торцовоор зүүн гар, нүүр хэсэгт нь цохисноос зүүн гарын дунд хурууны шивнүүр яс, зүүн хоншоор ясны туушин болон
өмнөд ханын хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зүүн
өвдөгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Мийн “... “Би та хоёрыг ална” гээд өөрийн талын машины хаалганаас дугуйн торцов гаргаж ирээд машинаасаа буугаад миний сууж байсан хэсгийн хаалгыг нээж торцовоороо цохих гэж оролдохоор нь би гараараа хамгаалтал миний зүүн гарын дунд хурууг хугартал цохисон. Мөн зүүн өвдөг, нүүр хэсэг рүү торцовоороо цохисон. ...” /хх 5-6/,

гэрч Б.Д “...Тэгээд тэр таксины жолооч хаалганыхаа хавтаснаас дугуйн торцов аваад хойшоо хараад цохих гэж оролдсон. Би хойноос нь гарыг нь барьтал машинаасаа буугаад Б.Мийн хаалган дээр очоод Б.Мийг шууд цохих үйлдэл хийсэн. Тэр хүн Б.Мийг гартаа байсан торцовоороо нилээн хэд хэд  цохиод байсан. Би нөгөө талаар нь бууж очоод салгасан. Тэгээд Б.Мийг хартал нүүрнийх нь аль нэг хэсгээс цус асгараад байсан. ...” /хх 19-20/,

яллагдагчаар Б.Бын “...Тэгэхээр нь би гарт тааралдсан дугуй сольж байсан торцовоороо цохисон. Би суудал дээрээсээ эргэж хараад цохисон. ...” /хх 48/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1005 дугаар “...Б.Мийн биед зүүн гарын дунд хурууны шивнүүр яс, зүүн хоншоор ясны туушин болон өмнөд ханын хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 8-9/ гэсэн дүгнэлтүүд,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 25-26, 27-28/, хохирлын баримтууд /хх 77-81/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Быг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Бын бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ нар “...торгох ялаар солих, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

 Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээг гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Энэхүү гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.Б нь 2 км орчим газар такси үйлчилгээ үзүүлсний төлбөрт 15,000 төгрөг нэхэж, хэрүүл маргаан үүсгэн хохирогч Б.Мтой маргалдсаны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Б.Бт анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хуралдааны дараа шүүгдэгч Б.Б нь 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Б.Мид хохирол төлбөрт 406.500 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/317 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Мид хохирол төлбөрт 406.500 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ