Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2025/0924

 

 

 

 

 

    2025        12           08                                     128/ШШ2025/0924

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Мөнх-Өлзий

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Ф*******” ХХК /РД:*******/,

Хариуцагч: Боловсролын яам,

Гуравдагч этгээд: “Д” ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ТББЗСДТГ/20250102003 дугаартай тендерийн захиалагч буюу Боловсролын сайд П.Ныг Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/7911 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоолгож, тус шийдвэрийг хэрэгжүүлэхийг даалгах,

2. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ТББЗСДТГ/20250102003 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын шийдвэр, Үнэлгээний хорооны зөвлөмж хууль бус байсан болохыг тогтоолгох,

3. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн СХГ-2025/221 тоот гэрээг хүчингүй болгуулах”

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, Т.Мөнгөнт*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Г*******.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Б.Номин-Эрдэнэ.

Танхимын дугаар: 4

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:

1.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т*******ас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь Боловсролын яамнаас зарласан ТББЗСДТ/202501020003 дугаартай "Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх (угсралт, суурилуулалт, хүргэлт) тендер шалгаруулалтад оролцож тендерийн үнэлгээний хорооноос манай компанийг тендерийг тендерийн баримт бичгийн ТШЗ-ын 18.1 /Ижил төстэй барааны гэрээ, гэрээ дүгнэсэн актад зөвхөн нийтийн хоолны тоног төхөөрөмж нийлүүлсэн байхыг ойлгоно гэснийг хангаагүй гэх үндэслэлээр хуулийн 28.1.3 дах заалтаар шалгараагүй тухай мэдэгдэж мөн мэдэгдлээр "Д" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлсэн тухай мэдэгджээ.

1.2. Манай компани тус мэдэгдэлтэй холбогдуулан Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын сангийн яамны 2025.08.25-ны өдрийн 02/7911 тоот "Гомдол хянасан тухай" албан бичгээр манай гомдолд дурдсан үндэслэлээр “Д" ХХК-ийн тендерт ирүүлсэн "З*******" ХХК-тай 2023 онд байгуулсан ГПТ 23/01/07 дугаартай гэрээний 3.2 -т "..үйлдвэр дээр тоног төхөөрөмжийг суурилуулж өгнө гэж, гэрээний хавсралтад нийлүүлэх тоног төхөөрөмжийн жагсаалтыг тусгасан байна. Уг гэрээний хавсралтад нийтийн хоолны тоног төхөөрөмж нийлүүлсэн талаар нэмж оруулсан байж болзошгүй талаарх гомдолд дурдсан асуудлыг холбогдох байгууллагаас тодруулсны үндсэн дээр Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 5.9-д заасныг хэрэгжүүлж ажиллана уу" гэж даалгаж буцаасан.

1.3. Гэвч Сангийн яамны дээрх шийдвэрийг хэрэгжүүлсэн эсэх талаар бидэнд эргэн хариу өгөөгүй тул манай компанийн 2025.09.05-ны өдөр 02/076 тоот албан бичгээр Боловсролын яаманд хандаж тодруулсны дагуу Монгол Улсын боловсролын яамны 2025.09.05-ны өдрийн 2/4014 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр "Сангийн яамны 2025.08.25-ны "Гомдол хянасан тухай" 02/7911 тоот албан бичиг ирүүлсний дагуу үнэлгээний хороо дахин хуралдаж, анх гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж "Д" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлсэн тухай мэдэгджээ.

1.4. Манай компани дараах үндэслэлээр дээр шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Манай компанийн ирүүлсэн тендерийг шаардлага хангаагүй гэх үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй. Манай компани тус тендерт хамгийн бага харьцуулах үнэ болох 892,687,500 төгрөгийн үнэ өгсөн. Гэтэл манай ирүүлсэн тендерийг тендерийн баримт бичгийн ТШЗ-ын 18.1 /Ижил төстэй барааны гэрээ, гэрээ дүгнэсэн актад зөвхөн нийтийн хоолны тоног төхөөрөмж нийлүүлсэн байхыг ойлгоно/ гэснийг хангаагүй гэх үндэслэлээ бичгийн ТШЗ-ын 18.1 /Ижил төстэй барааны гэрээ, гэрээ дүгнэсэн актад зөвхөн нийтийн хоолны тоног төхөөрөмж нийлүүлсэн байхыг ойлгоно/ гэснийг хангаагүй гэх үндэслэлээр шаардлага хангаагүй гэж дүгнэжээ.

1.5. Манай "Ф*******" ХХК нь 2024 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газартай "Сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах УТ2401502467 тоот гэрээ байгуулсан. Тус гэрээний үнийн дүн 488,614,500 төгрөг болно. Мөн одоо хэрэгжиж буй гэрээний мэдээлэлд Дундговь аймгийн засаг даргын тамгын газартай байгуулсан "Аймгийн 18 ЕБС, 22 цэцэрлэгт аяга таваг угаагч, ариутгагч нийлүүлэх ажлын гэрээ" ДУАХΑΑΓ/20240102072 тоот гэрээг 271,040,000 төгрөгөөр байгуулсан тухай мэдээллийг оруулсан.

1.6. Нийслэлийн Засаг даргын тамгын газартай байгуулсан тус гэрээний нийт үнийн дүнг үндэслэхгүйгээр тус гэрээ дотроос зөвхөн "Аяга таваг угаагч, ариутгах машин"-ны үнийн дүнг ялган авч ижил төстэй ажлын туршлага төсөвт өртгийн 30%-д хүрээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь ТШЗ-ын 18.1-д (Ижил төстэй барааны гэрээ, гэрээ дүгнэсэн актад зөвхөн нийтийн хоолны тоног төхөөрөмж нийлүүлсэн байх гэж ойлгоно) гэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тус гэрээний барааны үнийн задаргаа хэсэгт дурдсан Гутал ариутгах төхөөрөмжийн үнийг гэрээний нийт үнийн дүнгээс хасаж тооцсон байна. ТШЗ-д 18.1-д "нийтийн хоолны тоног төхөөрөмж" гэж заасан бөгөөд гутал ариутгах төхөөрөмж нь нийтийн хоолны тоног төхөөрөмжийн нэг хэсэг юм.

1.7. Тус гутал ариутгах төхөөрөмж нь гал тогооны эрүүл ахуйн байдлын хангах, гутлаар дамжин гал тогоонд нян, бактер болон бусад механик бохирдол орж ирэхээс сэргийлэн гал тогооны хаалганд дээр байрлуулдаг тоног төхөөрөмж юм. Иймд тус тоног төхөөрөмжийн үнийг гэрээний үнээс хасаж тооцсон нь ТШЗ-ын 18.1-д заасан болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.4.1- д заасныг тус тус зөрчсөн байна. "Д" ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангана гэж үзэж гэрээ байгуулах эрх олгосон нь үндэслэлгүй. Тус тендерт манай компаниас өндөр харьцуулах үнэ өгсөн "Д" ХХК-г шаардлага хангасан гэж үзэж хамгийн сайнд үнэлж шалгаруулсан. Гэтэл тус компани ижил төстэй ажлын туршлагыг хангахын тулд хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж үзэж байна.

1.8. Учир нь бид ижил төрлийн гэрээ гүйцэтгэсэн туршлагын мэдээлэлд санал болгож буй Нийслэлийн Засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээт ажлын тендерийн сонгон шалгаруулалтад 2024 оны 6-р сарын 6-нд тус компани мөн оролцож 600,000,000 төсөвт өртөг бүхий ажлыг гүйцэтгэх туршлагатайг нотлох сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд багцын төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх шаардлагыг хангаж чадаагүй нөхцөлөөр тус тендерт шалгараагүй. Иймд одоогийн тендерт шалгарах зорилгоор зориуд "З*******" ХХК-тай хуурамч гэрээ байгуулсан гэж үзэж байна.

1.9. Мөн тус компаниас 2025 оны 6-р сарын 17-ны өдөр утсаар манай компанитай холбогдож тухайн тендерт тавигдсан туршлагын шаардлагыг хангахгүй байгаа тухайгаа хэлж манай компанитай түншилж тендерт оролцох саналыг гаргаж байсан компани юм. Манай компанийн зүгээс тус саналыг хүлээн аваагүй бөгөөд тухайн компанийн хувьд өөр компанитай түншлэлгүйгээр дангаар орсон байх бөгөөд ингэхдээ ижил төстэй ажлын туршлагын шаардлагыг хангахаар "Д" ХХК, "З*******" ХХК-тай 2023.01.05-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэжээ. Гэтэл тус гэрээний гол нөхцөл дээр ямар бараа бүтээгдэхүүн худалдаж худалдан авч буй талаар огт дурдаагүй.

1.10. Харин гэрээний хавсралт дээр бараа бүтээгдэхүүний нэр дурдсан байх бөгөөд үүний жагсаалтын 5-д конверон аяга таваг угаагч 2 ширхэг нэг бүр нь 56,000,000 төгрөг нийт 112,000,000 төгрөг гэж заажээ. Гэтэл бодит байдал дээр "З*******" ХХК-ийн С******* аймгийн М******* сум дах 20 ажилтантай усны үйлдвэрийн ажилчдын гал тогоонд 2 ширхэг конверон аяга таваг угаагч худалдан авч байрлуулах бодит боломж байхгүй гэж үзэж байна. Учир нь конверон аяга таваг угаагч нь байнгын үйл ажиллагаатай масс үйлдвэрлэлийн гал тогоонд хэрэглэгддэг өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж юм. Тухайлбал олон мянган ажилчдыг хооллодог уул уурхайн гал тогоо/Э******* үйлдвэр, О******* ХХК/ зэрэгт ашигладаг конверон аяга таваг угаачийг 20 ажилтантай "З*******" ХХК-ийн С******* аймгийн М******* сум дах усны үйлдвэрийн ажилчдын гал тогоонд 2 ширхэг худалдан авч суурилуулсан гэх гэрээ ирүүлсэн нь хэт үнэмшилгүй байна.

1.11. Иймд тус компанийг тухайн гэрээ болон гэрээний хавсралт, худалдан авагчийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэн тендерт ирүүлсэн гэж үзэж байна. Тухайн агу*******ар Монгол Улсын сангийн яаманд манай компаниас гомдол гаргасныг 2025.08.25-ны өдрийн 02/7911 тоот "Гомдол хянасан тухай" албан бичгээр үндэслэлтэй гэж үзэж "Уг гэрээний хавсралтад нийтийн хоолны тоног төхөөрөмж нийлүүлсэн талаар нэмж оруулсан байж болзошгүй талаарх гомдолд дурдсан асуудлыг холбогдох байгууллагаас тодруулсны үндсэн дээр Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 5.9-т заасныг хэрэгжүүлж ажиллана уу" гэж даалгаж буцаасан.

1.12. Гэвч захиалагч нь Монгол Улсын сангийн яамны тус шийдвэрт дурдсан "холбогдох байгууллагаас тодруулсны үндсэн дээр" гэх ажиллагааг гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүйгээр Монгол Улсын боловсролын яамны 2025.09.05-ны өдрийн 2/4014 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр үнэлгээний хороо дахин хуралдаж тус компанийг шалгаруулсан өмнөх шийдвэрээ хэвээр үлдээсэн талаар мэдэгдсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 98.2-д "Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ" гэж заасныг зөрчжээ.

1.13. Иймд Монгол Улсын Боловсролын яамны 2025 оны 09 сарын 05-ны өдрийн 2/4014 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр ирүүлсэн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулж, Монгол Улсын Боловсролын яамны 2025.08.06-ны өдрийн 2/3453 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр "Ф*******" ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр, "Д” ХХК-ыг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож, ТББЗСДТ/202501020003 дугаартай "Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх (угсралт, суурилуулалт, хүргэлт) тендер шалгаруулалтад "Ф*******" ХХК-ийн тендерийг хамгийн сайнд үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

1.14. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т*******ас нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч холбогдох баримт, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, "Д” ХХК-тай байгуулсан гэрээг шүүхээс баримт шаардсанаар тодорхой болсон. Монгол Улсын сангийн яамны 2025.08.25-ны өдрийн 02/7911 тоот "Гомдол хянасан тухай” албан бичгээр манай гомдолд дурдсан үндэслэлээр “Д" ХХК-ийн тендерт ирүүлсэн "Зүүн м******* арго" ХХК-тай 2023 онд байгуулсан ГТТ 23/01/07 дугаартай гэрээний 3.2 -т".. үйлдвэр дээр тоног төхөөрөмжийг суурилуулж өгнө гэж, гэрээний хавсралтад нийлүүлэх тоног төхөөрөмжийн жагсаалтыг тусгасан байна.

1.15. Уг гэрээний хавсралтад нийтийн хоолны тоног төхөөрөмж нийлүүлсэн талаар нэмж оруулсан байж болзошгүй талаарх гомдолд дурдсан асуудлыг холбогдох байгууллагаас тодруулсны үндсэн дээр Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 5.9-д заасныг хэрэгжүүлж ажиллана уу” гэж даалгаж буцаасан. Гэтэл Ерөнхий боловсролын сургуулын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ТББЗСДТГ/ 20250102003 дугаартай тендерийн үнэлгээний хороо 2025.09.01-ны өдөр хуралдаж Сангийн яамны даалгасныг хэрэгжүүлэхгүйгээр өмнөх шийдвэрээ хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

1.16. Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 5.9-д “Сангийн яам гомдол хянан шийдвэрлэхэд хуулийн 59.10-т зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй асуудлаар захиалагчийг хуулийн 48.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд хяналт тавихыг даалгасан бол захиалагч хуулийн 28.1-д зааснаар шийдвэр дахин гаргах эсэхийг шийдвэрлэж, оролцогчид мэдэгдэнэ" гэж заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48.2.Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ: 48.2.3. үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих" гэж заасан.

1.17. Мөн хуулийн 48.1-д "Төсвийн шууд захирагч болон захиалагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бусад этгээд энэ хуульд заасан захиалагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ" гэж заасны дагуу тус тендерийн захиалагч нь Боловсролын сайд юм. Гэтэл захиалагч буюу Боловсролын сайд хуулиар хүлээсэн тус үүргээ гүйцэтгээгүй хууль бус эс үйлдэл гаргасан байна. Харин тус хуулийн 48.2-д "Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ: 48.2.2.үнэлгээний хороо байгуулах" гэж зааснаар захиалагчаас байгуулагдсан үнэлгээний хороо нь захиалагчийн 48.2.3-д "үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих" гэж заасан эрхийг хэрэгжүүлэх эсэхийг захиалагчийн өмнөөс шийдвэрлэжээ. Хуулиар захиалагчид үнэлгээний хорооны шийдвэрийг хянах эрхийг олгосон болохоос захиалагч өөрийн үйл ажиллагааг өөрөө хянах эсэхийг шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй. Өөрөөр хэлбэр өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж үнэлгээний хорооны өмнөх шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн нь хуулийн ноцтой зөрчил юм.

1.18. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж, ихэсгэж байна. Ерөнхий боловсролын сургуулын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ТББЗСДТГ/ 20250102003 дугаартай тендерийн захиалагч буюу Боловсролын сайд П.Ныг Сангийн яамны 2025.08.25-ны өдрийн 02/7911 тоот "Гомдол хянасан тухай" албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоолгож, тус шийдвэрийг хэрэгжүүлэхийг даалгуулах, Ерөнхий боловсролын сургуулын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, Хүргэлт/ТББЗСДТГ/ 20250102003 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2025.09.01-ны өдрийн хурлын шийдвэр, Үнэлгээний хорооны зөвлөмжийг хүчингүй болгуулах, Ерөнхий боловсролын сургуулын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх (Угсралт, суурилуулалт, хүргэлт) гэрээ 2025.09.03-ны СХГ-2025/221 тоот гэрээг хүчингүй болгуулах гэж ихэсгэж байна” гэжээ.

Хоёр. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Боловсролын яамны захилгатай "Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/" төсөл apra хэмжээний ТББЗСДТ/20250102003 дугаартай тендер шалгаруулалтын талаарх нэхэмжлэлийн шаардлагад:

2.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу боловсруулж, захиалагчийн баталсан тендерийн баримт бичигт тусгагдсан ТШЗ 18.1 дэх хэсэг /Ижил төстэй барааны гэрээ, гэрээ дүгнэсэн актад зөвхөн нийтийн хоолны тоног төхөөрөмж нийлүүлсэн байх гэж ойлгоно гэж заасныг "Ф*******" ХХК-ийн ижил төстэй бараа нийлүүлэлтийн гэрээ, акт материалд тулгуурлаж, шаардлага хангахгүй гэж үзсэн.

2.3. Захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байгаа тухай Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/7911 дугаар албан бичиг дурдсаны үндсэн дээр үнэлгээний хороо анхны шийдвэрийг хэвээр үлдээж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дах заалт /шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах/-ыг дурдаж, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2/4014 дугаар албан бичиг хүргүүлсэн тул нэхэмжлэлийг шаардлага хүлээж авах боломжгүй байна.

2.4. Нэгдүгээр гомдолд дурдагдсан үнэлгээний хорооны гаргасан шийдвэр хуульд нийцсэн эсэхээс хамаарах асуудал байна. Нэхэмжлэлд Сангийн яамны 2025.08.25 -ны өдрийн 02/7911 тоот албан бичигт дурдагдсан шаардлага буюу Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 5.9 д заасныг захиалагч хэрэгжүүлж ажиллаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар захиалагч нь Боловсролын сайд юм гэжээ. Тус тендерийн захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4.1.9.1, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай 3.5, 9.3 т зааснаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга буюу төсвийн шууд захирагч юм. Төсвийн тухай хуулийн 16.4.4. төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга тус байгууллагын төсвийн шууд захирагч байна.

2.5. Мөн тус хуулийн 48.2.3 т үнэлгээний хорооны зөвлөмж хуульд нийцсэн эсэхэд хяналт тавих нь Төрийн нарийн бичгийн даргын эрх байна. Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 5.9.Сангийн яам гомдол хянан шийдвэрлэхэд хуулийн 59.10-т зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй асуудлаар захиалагчийг хуулийн 48.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд хяналт тавихыг даалгасан бол захиалагч хуулийн 28.1-д зааснаар шийдвэр дахин гаргах эсэхийг шийдвэрлэж, оролцогчид мэдэгдэнэ. Заасан захиалагч энэхүү үүргээ Үнэлгээний хороогоор гүйцэтгүүлсэн нь хууль зөрчсөн зүйлгүй байна

2.6. Иймээс 2025 оны 09,03-ы өдрийн СХГ-2025/221 тоот гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна” гэжээ.

Гурав. Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Г*******өөс шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Манай компани Боловсролын яамнаас зарласан ТББЗСДТ/20250102003 дугаартай "Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх (угсралт, суурилуулалт, хүргэлт) тендер шалгаруулалтад оролцож гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл хүлээн авсан бөгөөд гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл хүлээн авсныг хуулийн хүрээнд шаардлага хангагдсан тендер гэж үзэж байгаа болно.

3.2. Манай компанийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан олон удаагийн тендерт оролцож байсан. Манай компани Боловсролын яамнаас зарласан ТББЗСДТ/20250102003 дугаартай "Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх (угсралт, суурилуулалт, хүргэлт) тендерт шаардлага хангасан тендерийн баримт бичиг илгээсэн.

3.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу боловсруулж, баталсан тендерийн баримт бичигт тусгагдасан ТШЗ 18 1 дэх хэсэг /Ижил төстэй барааны гэрээ, гэрээ дүгнэсэн актад зөвхөн нийтийн хоолны тоног төхөөрөмж нийүүлсэн байх гэж ойлгоно/-т заасан шаардлагад нийцсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Тендерийн сонгон шалгаруулалтад манай компанийг сонгон шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг бүрэн дэмжиж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч "Ф*******" ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Нэхэмжлэгчээс 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол Улсын Боловсролын яамны 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2/4014 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулж, Монгол Улсын боловсролын яамны 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2/3453 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Ф*******” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр, “Д” ХХК-ыг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах, ТББЗСДТ/202501020003 дугаартай “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх (угсралт, суурилуулалт, хүргэлт) тендер шалгаруулалтад “Ф*******” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг даалгах” гэж тодорхойлж,

5. Эцсийн байдлаар шүүх хуралдаан дээр Боловсролын яаманд холбогдуулан “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ ТББЗСДТГ/20250102003 дугаартай тендерийн захиалагч буюу Боловсролын сайд П.Ныг Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/7911 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэлийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ТББЗСДТГ/20250102003 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан, Дельфин дартнерс ХХК-ийг шалгаруулсан, гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн шийдвэр, зөвлөмж хууль бус байсан болохыг тогтоолгох, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн СХГ-2025/221 тоот гэрээг хүчингүй болгуулахгэж тодруулсан бөгөөд энэхүү тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

6. “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ ТББЗСДТГ/20250102003 дугаартай тендерийн захиалагч буюу Боловсролын сайд П.Ныг Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/7911 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэлийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж зааснаас үзэхэд энэхүү шаардлагыг нэхэмжлэгчээс тодорхойлох урьдач нөхцөл нь тухайн захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж шүүхээс захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд маргаж байсан захиргааны актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бол нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол хууль бус байсан болохыг тогтоолгохоор тодорхойлж болохоор байна.

6.2. Гэвч энэхүү тохиолдолд нэхэмжлэгчээс Боловсролын сайд П.Ныг Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/7911 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийг хүчингүй болгуулах талаар анхнаасаа нэхэмжлэл гаргаагүй, дээрх Сангийн яамны албан бичиг нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хянаж гаргасан хариу байгаа зэрэгээс үзэхэд уг асуудлаар тодорхойлсон нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “54.1.1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т 109.2.Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзанагэж заасны дагуу нэхэмжлэгчээс Боловсролын сайдад холбогдуулан тодорхойлсон “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ ТББЗСДТГ/20250102003 дугаартай тендерийн захиалагч буюу Боловсролын сайд П.Ныг Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/7911 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэлийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

7. Шүүхээс үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Тогтоогдсон үйл баримтын тухайд:

    1. Боловсролын яамнаас 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх (угсралт, суурилуулалт, хүргэлт) ТББЗСДТГ/20250102003 дугаартай, 1,186,899,620.00 төгрөгийн төсөвт өртөгтэй, нээлттэйгээр шалгаруулах арга бүхий тендер шалгаруулалтыг зарлаж, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө тендерийг хүлээн авахаар зарласан(Хавтаст хэрэг 2-ын 58 дахь талд).
    2. Тендерийн Үнэлгээний хороо 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т зааснаар шаардлагад нийцээгүй тендер “нийтийн хоолны тоног төхөөрөмж нийлүүлсэн үнийн дүн шаардлагад нийцээгүй” гэж үзэн нэхэмжлэгч “Ф*******” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, хамгийн сайн тендерээр “Д” ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэж(Хавтаст хэрэг 2-ын 67 дахь талд), үнэлгээний хорооны зөвлөмжийг тендерт оролцсон компаниудад хүргүүлсэн (Хавтаст хэрэг 2-ын 68 дахь талд).
    3. Үүний дагуу Боловсролын яамны 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2/3453 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр нэхэмжлэгч “Ф*******” ХХК-ийн тендерээс татгалзаж, “Д” ХХК-д гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн.
    4. Нэхэмжлэгч “Ф*******” ХХК-аас захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 02/072 тоот “Гомдол гаргах тухай” албан бичгээр Сангийн яаманд гомдол(Хавтаст хэрэг 1-ийн 68 дахь талд) гаргасан ба Сангийн яамнаас уг гомдлыг хянан шийдвэрлэж, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/7911 тоот “Гомдол хянасан тухай” албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 15-16 дахь талд)-ээр “...гомдолд дурдсаны дагуу “Д” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзээд “З*******” ХХК-тай 2023 онд байгуулсан ГТТ23/01/07 дугаартай гэрээний 3.2-т “...үйлдвэр дээр тоног төхөөрөмжийг суурилуулж өгнө” гэж гэрээний хавсралтад нийлүүлэх тоног төхөөрөмжийн жагсаалтыг тусгасан байна. Уг гэрээний хавсралтад нийтийн хоолны тоног төхөөрөмж нийлүүлсэн талаар нэмж оруулсан байж болзошгүй талаарх гомдолд дурдсан асуудлыг холбогдох байгууллагаас тодруулсны үндсэнд холбогдох арга хэмжээг авч ажиллана уу” гэж шийдсэн.
    5. Сангийн яамны шийдвэртэй холбогдуулан Тендерийн үнэлгээний хороо дахин 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж, “Д” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэж(Хавтаст хэрэг 2-ын 60 дахь талд), 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2/3929 тоот албан бичгээр дахин “Д” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг хүргүүлж, 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр СХГ2025/221 дугаартай Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ гэрээ(Хавтаст хэрэг 2-ын 172-186 дахь талд)-г байгуулсан.
    6. “Д” ХХК-аас гэрээнд заасан ажил гүйцэтгэж, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрээ дүгнэх маягт(Хавтаст хэрэг 2-ын 200 дахь талд)-аар “гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн” гэж ТББЗСДТГ/20250102003 дугаартай тендерийн хүрээнд хийгдсэн ажлыг хүлээн авсан акт(Хавтаст хэрэг 2-ын 201-205 дахь талд), тэмдэглэл(Хавтаст хэрэг 2-ын 207-215 дахь талд)-ээр баталгаажуулсан байна.
  1. Хэргийн оролцогч нарын үндэслэл товчоор:
    1. Нэхэмжлэгчээс “...тус тендерт шалгарсан Д ХХК-ийг хуурамч, хууль бус гэрээ өгсөн байхад туршлага хангасан гэж шалгаруулсан, Сангийн яамны албан бичигт дурдсанаар холбогдох байгууллагаас тодру******* авах ёстой байсан боловч аваагүй нь хууль зөрчсөн...” гэж,
    2. Хариуцагчаас “...нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй, гуравдагч этгээдийг хууль ёсны дагуу үнэлж шалгаруулсан энэ нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй...”,
    3. Гуравдагчаас “...нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь өөр, манай компанийн хувьд хууль ёсны гэрээг нотлох баримтаар тендертээ хүргүүлсэн, нэхэмжлэгчийн тендерийн баримт шаардлага хангаагүй байсан, үүнтэй холбоотойгоор хариуцагч тендерээс татгалзсан нь үндэслэлтэй...” гэж тус тус тайлбарлан маргасан.

Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

  1. “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ТББЗСДТГ/20250102003 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан, Д ХХК-ийг шалгаруулсан, гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн шийдвэр, зөвлөмж хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
  2. Нэхэмжлэгчийн тендерээс хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид “Тендерийн хууль” гэх/-ийн дагуу боловсруулж, захиалагчийн баталсан тендерийн баримт бичигт тусгагдсан ТШЗ 18.1 дэх хэсэгт зааснаар “Ижил төстэй барааны гэрээ, гэрээ дүгнэсэн актад зөвхөн нийтийн хоолны тоног төхөөрөмж нийлүүлсэн байх гэж ойлгоно” гэж заасныг хангаагүй үндэслэлээр татгалзсан нь Тендерийн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 17 дугаар зүйлийн 17.1-т “Захиалагч техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно”, 17.4-т “Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна", 28 дугаар зүйлийн 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж заасны дагуу тендерээс нь татгалзаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтуудтай нийцсэн байна.
  3.  Тодруулбал, дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд туршлагын хувьд ямар байдлаар нотолсон баримт ирүүлэхийг захиалагч тендерийн баримт бичигтээ тусгайлан заах эрхтэй, тус шаардлагыг хангаагүй тохиолдолд татгалзах эрхийг мөн хуулиар олгосон, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь ТШЗ-ны 18.1-д заасан “Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагыг шаардана”, “ижил төстэй барааны гэрээ, гэрээ дүгнэсэн актад зөвхөн нийтийн хоолны тоног төхөөрөмж нийлүүлсэн байх гэж ойлгоно”, “Ижил төстэй бараа болон түүнтэй дүйцэхүйц барааг сүүлийн 2 жил буюу 2023, 2024 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувьтай тэнцэх үнийн дүн бүхий гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолт ирүүлсэн байна” гэж, нэхэмжлэгчээс тендертээ хавсаргаж ирүүлсэн уг шаардлагыг хангаж байгааг нотолсон 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж(Улаанбаатар, Баянгол дүүрэг) худалдан авах” №УТ2401502467 дугаар, 488,614,500 төгрөгийн төсөвт өртөг бүхий тоног төхөөрөмж нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлсэн боловч тус гэрээгээр “72 ширхэг гутал ариутгагч төхөөрөмжийг нийт 331,452,000 төгрөгөөр нийлүүлсэн байна.
  4. Гэвч энэхүү гэрээнд заасан гутал ариутгагч төхөөрөмж нь дээр дурдсан ижил төстэй барааны гэрээ, гэрээ дүгнэсэн актад зөвхөн нийтийн хоолны тоног төхөөрөмж нийлүүлсэн байх гэж заасан шаардлагыг хангаагүй байна. Учир нь нийтийн хоолны тоног төхөөрөмжид гутал ариутгагч төхөөрөмжийг шууд хамааруулах боломжгүй, мөн энэхүү тендер нь  ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэгчийг сонгон шалгаруулах байсан ба уг тендерийн зорилгод нийцсэн байдлаар өмнө нь нэхэмжлэгчээс тендерийн баримт бичигт заасан төсөвт өртгийн 30 хувийн дүнтэй тэнцэхүйц ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх шаардлагыг тусгайлан захиалагчаас тодорхойлж, уг шаардлагыг хангаагүй гэж дүгнэн тендерээс нь татгалзсан нь үндэслэл бүхий байна.
  5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн дээрх гэрээнээс үзэхэд 18 ширхэг аяга таваг угаагч, ариутгагч машин нийлүүлсэн боловч нийт төсөвт өртөг нь 157,162,500 төгрөг байгаа нь хариуцагч байгууллагаас тавьсан тендерийн шаардлагын дүнд нийцэхгүй, гутал ариутгагч төхөөрөмжийн хувьд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлагад зааснаар заавал байх ёстой төхөөрөмж гэж MNS 2007:2023 стандартад заагдаагүй, төхөөрөмжийн танилцу*******ас үзэхэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд зайлшгүй ашиглагдах ёстой зориулалтаар бүтээгдээгүй байгаа зэргээр нийтийн хоолны тоног төхөөрөмжид хамаарахгүй, ижил төстэй ажил гүйцэтгэж туршлагын шаардлага хангасан гэж үзэхээргүй байна.
  6. Иймд хариуцагчаас нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т зааснаар “нийтийн хоолны тоног төхөөрөмж нийлүүлсэн үнийн дүн шаардлагад нийцээгүй” гэж үзэн татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдсон гэж үзлээ.
  7. Харин гуравдагч этгээдийн тендертээ ирүүлсэн “З*******” ХХК-тай 2023 онд байгуулсан ГТТ23/01/07 дугаартай гэрээний тухайд эрх бүхий байгууллагаас тус гэрээг хуурамч гэдгийг тогтоогоогүй, хавсаргаж ирүүлсэн гэрээ дүгнэсэн баримт, захиалагчийн тодорхойлолт зэргээс үзэхэд тус ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчээс тайлбарлаж буй хуурамч, тус компанийн тухайд бодит байдалд өндөр хүчин чадал бүхий 2 ширхэг автомат аяга таваг угаагч төхөөрөмж авах шаардлагагүй гэх тайлбарууд нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзлээ.
  8. Гуравдагч этгээдийг шалгаруулсан шийдвэрийн хувьд: хариуцагчаас гуравдагч этгээдийн ирүүлсэн гэрээг нь үндэслэж туршлагын шаардлага хангасан гэж үзэн хамгийн сайн тендер гэж шалгаруулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж заасантай нийцсэн  байна.
  9. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэл бүхий, туршлагын шаардлагыг хангаж байгаа гэж ирүүлсэн баримтаар ижил төстэй тоног төхөөрөмж нийлүүлж байсан гэрээний дүн нь хүрээгүй болох нь тогтоогдож байх тул Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ТББЗСДТГ/20250102003 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан, Д ХХК-ийг шалгаруулсан, гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн шийдвэр, зөвлөмж хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
  10. Нэхэмжлэгчээс тодорхойлсон үлдэх шаардлага болох захиалагчаас Делфин партнерс ХХК-тай байгуулсан “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн СХГ-2025/221 тоот гэрээ”-г хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Шүүхээс нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан шийдвэр, гуравдагч этгээдийг ялагчаар шалгаруулсан шийдвэрийг хууль ёсны гэж дээрх байдлаар дүгнэсэн байгаа энэ тохиолдолд эдгээр шийдвэрүүдийг үндэслэж байгуулагдсан гэрээг хууль ёсны эсэхийг тухайлан дүгнэх шаардлагагүй ба дээрх хариуцагч байгууллагаас зохион байгуулсан тендер шалгаруулалтын ажиллагаа нь хуульд нийцсэн байдлаар явагдсан болох нь тогтоогдсон, шалгарсан этгээдтэй гэрээ байгуулсан, тус гэрээний дагуу гуравдагч этгээдээс тоног төхөөрөмжийг бүрэн нийлүүлж гэрээг дүгнэн баталгаажуулж, гэрээний хэрэгжилт бүрэн хангагдсан байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн энэхүү шаардлагаар хэрэгжсэн гэрээг хүчингүй болгох нь бодит үр дагаваргүй, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1,  17 дугаар зүйлийн 17.4, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч "Ф*******" ХХК-аас Боловсролын яаманд холбогдуулан гаргасан “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ТББЗСДТГ/20250102003 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан, Д ХХК-ийг шалгаруулсан, гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн шийдвэр, зөвлөмж хууль бус байсан болохыг тогтоолгох, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн               СХГ-2025/221 тоот гэрээг хүчингүй болгуулахнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс Боловсролын яаманд холбогдуулан гаргасан “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ ТББЗСДТГ/20250102003 дугаартай тендерийн захиалагч буюу Боловсролын сайд П.Ныг Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/7911 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.МӨНХ-ӨЛЗИЙ