Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 197/ШШ2025/05556

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 197/ШШ2025/05556

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг,  дүгээр баг, Баянхөөвөр  тоотод оршин суух, Аюур овогт Мйн Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-15, Моннис цамхагт байрлах, Х-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: илүү цагийн хөлс 9,075,811 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, хариуцагчийн өмгөөлөгч С.Болормаа, нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Агийн Х-д холбогдуулан гаргасан илүү цагийн хөлс 9,075,811 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. М.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн ажлын хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч, нэг өдөрт ажиллах ажлын цаг 12 цаг байна. Хуулиар ажил, амралтын цагийг нарийвчлан тогтоож өгснөөр ажилтны илүү цагаар ажилласан хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 109.1-т заасны дагуу нөхөн амраасан байх урьдчилсан нөхцлийг ажил олгогч хэрэглэхгүй, харин илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлэн олгох хууль зүйн үр дагаварт хүргэж байна. Нэхэмжлэгч нь 2024 оны 05 сард 192 цаг ажиллаж, 56 цаг илүү ажилласан бөгөөд 1 цагин хөлс 39,882.857 төгрөг, илүү цагийн хөлс 3,350,159 төгрөг, 2024 оны 07 сард 180 цаг ажиллаж, 56 цаг илүү ажилласан бөгөөд 1 цагийн хөлс 68,162.526 төгрөг, илүү цагийн хөлс 5,725,652 төгрөг, нийт илүү цагийн хөлс 9,075,811 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3.Хариуцагч Х нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол... нэмэгдэл хөлс олгохоор заасан. Ажилтныг 14 хоног нөхөн амруулж байгаа тул илүү цагийн нэмэгдэл хөлс тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн цалин хөлсөө авсан саруудын илүү цагийн хөлсийг гаргуулахаар шаардаж байгаа ба ажилтан нь 168 цагаар тооцож цалин хөлсийг авсан тул илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэх авахаар шаардаж буй нь илүү цагийн хөлсийг 2,5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр авах үр дагаварт хүргэх тул хариуцагчаас үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Илүү цагийн нэмэгдэл өгөөгүй, дутуу олгож байна гэх гомдлыг анх Х-ийн 84 ажилтан 2023.04.10-ны өдөр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргаж байсан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 5 дугаар сард нэхэмжлэл гаргасныг 2023.05.19-ний өдөр тус шүүхийн шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Үүнээс хойш М.А нь илүү цагийн нэмэгдэл хөлс дутуу олгосон асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд 3 талт хорооны тэмдэглэлийг 2024.12.20-ны өдөр хүлээн авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар гомдол гаргах ажлын 10 хоног нь 2024.12.16-ны өдөр дуусч байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тус шүүхэд 2025.01.13-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Гурван талт хорооны тэмдэглэлийг хүлээн аваад хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй, нэг сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргах нь хүндэтгэх үзэх шалтгаангүй хугацаа хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:

154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор;

154.2.2.энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заажээ.

 

Нэхэмжлэгч И.А нь 2024 оны 05, 07 дугаар сарын илүү цагийн хөлсийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа ба 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Х-д гомдол гаргасныг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хурлын тэмдэглэл гарчээ. Үүнээс үзэхэд Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан 90 хоног хэтрүүлээгүй.

 

Мөн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсанаар тус хороо 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, 2 тал харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 109 дугаартай тэмдэглэлийг гаргасан байна. Уг тэмдэглэлд нэхэмжлэгч М.Агийн нэр байх бөгөөд тэрээр төлөөлөгчөөрөө дамжуулан энэхүү ажиллагаанд оролцсон байна.

Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороо нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тул дуусгавар болгож байна гэснээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болжээ.

 

Улмаар 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.

 

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8.-д зааснаар Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэх заалтыг зөрчөөгүй.

 

Дээрх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2024/24990 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн зүйлийн 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.

 

Харин дахин 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гомдол гаргах 10 хоногийн хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШЗ2024/24990 дугаартай шүүгчийн захирамжийг хугацаа хэтрүүлэн гаргасан гэж тайлбарлах боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй, энэ талаарх холбогдох баримт хэрэгт авагдаагүй болно.

 

4.2. Нэхэмжлэгч талаас 5 сард 192 цаг ажиллаж, 56 цагийн илүү, 2024 оны 07 сард 180 цаг илүү ажиллаж, 56 цагийн илүү цагийн хөлсийг олгоогүй тул 1.5 хувиар хувиар тооцно гэж, хариуцагч талаас 1 хувийг бол сарын үндсэн цалин, үндсэн цагтаа тооцоод авсан учраас 1.5 дахин нэмэгдүүлж тооцох боломжгүй, 0.5 нь дутуу байгаа, хэрэв хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байсан бол 0,5 хувиар тооцож олгох боломжтой гэж маргасан үйл баримтад дараах дүгнэлтийг хийв.

 

Х-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн №Б5443 дугаар тушаалаар М.Агийн ажил амралтын хуваарийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 14 хоног ажиллаад 14 хоног амрах болгон өөрчилсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж, 92.4-т Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж тус тус заажээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2, 87 дугаар зүйлийн 87.2-т зааснаас үзэхэд ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байх ба энэ журам  ээлжийн ажилтны ажиллах цагийн үргэлжлэлд адил хамаарахаар байна.

Ердийн ээлжийн болон уртын ээлжээр ажиллуулах ажлын цагийн үргэлжлэлийг ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу 4 хүртэл цагаар буюу нийт 12 хүртэл  цагаар ажиллуулахаар уртасгаж болох бөгөөд энэ тохиолдолд илүү цагийн нэмэгдэл хөлс олгохоор хуульчилсан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно" гэж зааснаар ажил олгогч нь дундаж цалин хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох үүрэгтэй.

 

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.4-д зааснаар 14 хоног үүрэг гүйцэтгэж, 14 хоног амардаг уртын ээлжинд ажилласан байх тул мөн хуулийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар илүү цагийн нэмэгдэл хөлс шаардах эрхтэй байна.

 

Х-иас нэхэмжлэгчийн 2024 оны 05, 07 дугаар сарын илүү цагийн хөлсийг тооцож олгосон болох нь хэрэгт авагдсан цагийн бүртгэл, цалингийн тооцооллоор тогтоогдож байх ба хариуцагч талын 1 хувийг үндсэн цалинд тооцож олгосон тул 0.5 хувиар тооцож олгох боломжтой гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байх боловч нэгэнт хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар Ххолбогдох илүү цагийн хөлс 9,075,811 төгрөг гаргуулах тухай М.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ