| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/01003/И |
| Дугаар | 197/ШШ2025/05110 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 197/ШШ2025/05110
| 2025 оны 04 сарын 28 өдөр | Дугаар 197/ШШ2025/05110 | Улаанбаатар хот |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, дүгээр хороо, Нарны зам гудамж, дугаар байрны тоотод оршин суух, Санзаа овогтой Он Цын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Авто машин битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргал, гэрч Я.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч О.Цын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь Төлбөр төлөгч Нью борнь ХХК-ийн үйл ажиллагаанд оролцдоггүй, ашиг хүртээгүй, маргааны шүүх хуралд оролцоогүй байхад миний өөрийн эзэмшлийн эд хөрөнгөөс төлбөр барагдуулахаар гэр бүлийн дундын эд хөрөнгө болох миний өмчлөлийн 2 тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан. Компанийн тухай хуулийн 9.4, 84.6, 85.2, 90.1-д хувьцаа эзэмшигч өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээх тохиолдлыг заасан ба би хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээх дээрх хуулийн зохицуулалтын аль ч тохиолдолд хамаарахгүй байна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй гэж заасан нь эд хөрөнгө холилдсон байхыг ойлгох бөгөөд О.Цын хувьд холилдсон зүйл байхгүй. Иймд тээврийн хэрэгслийг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж шаардах эрхээ тодорхойлсон ба харин хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/00317 дугаартай шийдвэрээр Нью борнь ХХК, Бүүх ХХК-иас 618,510,631 төгрөг гаргуулж, Төр засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар УТҮГ-т олгохоор шийдвэрлэжээ. /хх7-10/
Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2021/07544 дугаар шүүгчийн захирамж, мөн өдрийн 181/ГХ2021/00452 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх5-6/
Үүний дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 21280697 дугаартай тогтоолоор үүсгэж, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04-155/6774 дугаартай албан бичгээр ...О.Цын эзэмшилд бүртгэлтэй Тоёота хайландер маркийн, 22-52 УБЗ улсын дугаартай, Тоёота приус Альфа маркийн 26-24 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. /хх11-12/
3.2.Уг шийдвэрт О.Цын зүгээс гомдол гаргасныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4/1483 дугаартай Хариу мэдэгдэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 9-3/46 дугаартай албан бичгээр тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх агуулга бүхий хариуг өгсөн байна. /хх13-14/
3.3. Нэхэмжлэгч О.Цын өмчлөлд Тоёота хайландер маркийн, хар хөх өнгийн, 22-52 УБЗ улсын дугаартай, Тоёота приус Альфа маркийн хар саарал өнгийн 26-24 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслүүд бүртгэлтэй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Авто тээврийн хэрэгсэл, эзэмших, өмчлөх эрхийн лавлагаагаар нотлогдож байна. /хх17/
Уг тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эхнэр өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэж тайлбарлаж, Баатаржав Эрдэнэтуяа гэх Депозит дансны хуулгыг нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх18, 60-64/
3.4.Хариуцагч нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч компанийн эзэмшил өмчлөлд хөрөнгөгүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т "Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасны дагуу Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч компанийн 50 хувийн хувьцааг эзэмшиж байгаа О.Цын эзэмшилд байгаа тээврийн харагслийг битүүмжилсэн гэж маргасан.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ, 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж, 9.5.-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна. гэж тус тус заасан.
Тоёота хайландер маркийн, 22-52 УБЗ улсын дугаартай, Тоёота приус Альфа маркийн 26-24 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь нэхэмжлэгч О.Цын өмчлөлийн хөрөнгө болох нь холбогдох баримтаар тогтоогдсон бөгөөд дээрх хуульд заасны дагуу компанид оруулсан хөрөнгөөс зааглагдаагүй, компанийн хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн О.Ц нь Нью борнь ХХК-ийн өөрт ногдох хувьцаагаа Нью борнь ХХК-ийн хувьцаа эзэмшигч Я.Эрдэнэбаярт эрхээ шилжүүлж, худалдсан, уг компаниас ашиг хүртдэггүй, компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй, харин улсын бүртгэлд энэ талаар өөрчлөлт оруулаагүй тухай гэрч Нью борнь ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Я.Эрдэнэбаяр нь мэдүүлсэн.
Иймд О.Цын өмчлөлийн Тоёота хайландер маркийн, хар хөх өнгийн, 22-52 УБЗ улсын дугаартай, Тоёота приус Альфа маркийн хар саарал өнгийн 26-24 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж, тэрээр Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар О.Цын нэхэмжлэлийг хангаж, О.Цын өмчлөлийн Тоёота хайландер маркийн, 22-52 УБЗ улсын дугаартай, Тоёота приус Альфа маркийн 26-24 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж, О.Цд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ