| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 181/2024/06584/И |
| Дугаар | 197/ШШ2025/05109 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 197/ШШ2025/05109
| 2025 оны 04 сарын 28 өдөр | Дугаар 197/ШШ2025/05109 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, тоотод оршин суух, Жал овогт Дгийн Дгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуяа, гэрч Б.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов. /Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Алтангэрэл нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх, мөн гэрч оролцуулахаас татгалзах тухай хүсэлтийг ирүүлсэн/
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь ...шинжээчээр иргэнийг томилох байтал хуулийн этгээдийг томилсон нь үндэслэлгүй. Зах зээлийн харьцуулалтын аргаар үнэлэхдээ итгэлцүүрийг сонгосон үндэслэл тодорхойгүй, орлогын хандлагаар үнэлэхдээ эх сурвалжийг дурдаагүй, үйл ажиллагааны зардлыг тооцоололгүй, цаашид ашиглах хугацаа тооцсон үндэслэл тодорхойгүй, инвудын аргын тооцоолол байхгүй, өртгийн хандлагын аргаар үнэлэхдээ нэгжийн жишиг үнийг сонгосон үндэслэл байхгүй, үнийн өсөлтийн итгэлцүүр 1,97 гэж авсан үндэслэл тодорхойгүй, бүрэн орлуулах өртөг тооцоолсон тооцоололгүй, хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон ба харин хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2023/03691 дугаартай шийдвэрээр Б.Батсайхан, Д.Д нараас 128,526,864.73 төгрөг гаргуулж, Төрийн банк ХК-д олгож, хариуцагч нар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Баянбатын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005957 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 2б байрны 26 тоотод байрлах, 19 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. /хх9-17/
Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ГХ2024/00063 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх62-63/
Үүний дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 24361052 дугаартай тогтоолоор үүсгэж, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 24361052/04 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилжээ. /хх64-65/
3.2.2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б.Батсайхан, Д.Д нараас тус үл хөдлөх хөрөнгийг 200 сая төгрөгөөр үнэлсэн тухай үнийн санал ирүүлж, өмчлөгч Б.Баянбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл нь мөн 200 сая төгрөгөөр үнэлж байгаа тухай үнийн саналыг хариуцагч байгууллагад ирүүлсэн. Харин Төрийн банк ХК-иас Шинжээч томилон үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг ирүүлсэн байна. /хх79-80, 81/
Улмаар 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/76 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, холбогдох хуульд заасан, эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан. /хх82-84, 87/
3.3. Шинжээч хөрөнгийг 70,415,938 төгрөгөөр үнэлж, Хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээлцэж, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Банкны төлбөр барагдуулах газрын 3/5544 дугаартай албан бичгээр Д.Дд үнэлгээний талаарх мэдэгдэл хүргүүлсэн. /хх113/.
Ингээд үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул төлбөр төлөгч Д.Д нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасныг зөрчөөгүй, талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй.
3.4.Нэхэмжлэгч нь шинжээчээр иргэнийг томилох байтал хуулийн этгээдийг томилсон нь үндэслэлгүй гэж маргасан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна гээд 8.2.4.-т мэргэжлийн байгууллага. гэжээ.
Хариуцагч Банкны төлбөр барагдуулах газар нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/76 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4-т заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн ...шинжээчээр иргэнийг томилох байтал хуулийн этгээдийг томилсон нь үндэслэлгүй гэх гомдлыг хүлээн авч, хангах боломжгүй.
3.5. Нэхэмжлэгчээс зах зээлийн харьцуулалтын аргаар үнэлэхдээ итгэлцүүрийг сонгосон үндэслэл тодорхойгүй, орлогын хандлагаар үнэлэхдээ эх сурвалжийг дурдаагүй, үйл ажиллагааны зардлыг тооцоололгүй, цаашид ашиглах хугацаа тооцсон үндэслэл тодорхойгүй, инвудын аргын тооцоолол байхгүй, өртгийн хандлагын аргаар үнэлэхдээ нэгжийн жишиг үнийг сонгосон үндэслэл байхгүй, үнийн өсөлтийн итгэлцүүр 1,97 гэж авсан үндэслэл тодорхойгүй, бүрэн орлуулах өртөг тооцоолсон тооцоололгүй, хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй.
Шүүх хуралдааны явцад үнэлгээ гаргасан үнэлгээчин Б.Батзаяа үнэлгээ гаргасан арга, үнэлгээний талаар мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч газрын шийдвэр гүйцэтгэгч Э.Нарантуяа нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 10/76 тоот тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 2в байрны 26 тоот хаягт байрлалтай, 1 өрөө орон сууцанд шинжээчээр томилогдсон ба үнэлгээний орлого зарлага өртөг гэсэн 3 аргыг ашиглаж хөрөнгийн үнэ цэнийг тодруулсан байгаа. Тухайн үед ижил төстэй 3 хөрөнгүүдийг сонгож аваад тохируулга хийгээд зах зээлийн хандлагаар 70,415,938 төгрөгөөр тогтоосон. 61,667,670 төгрөгөөр, өртөгийн хандлагаар 50,224,510 төгрөгөөр тогтоосон. Итгэлцүүрүүдийг тайлбарлаагүй гэж байна. Би Т1-Т9 гээд 9 итгэлцүүр сонгож авсан ба 1 гэх итгэлцүүрээр тохируулга хийсэн. Тухайн байртай ижил чанар, хийц байршилтай байсан учир сонгож аваад тохируулга хийсэн. Итгэлцүүрийн тайлбарыг өмнөх үнэлгээний тайлангийн 12 дугаар хуудаст тайлбарлаж бичсэн. Мөн орлогын хандлагаар үнэлгээ хийсэн ба орон сууцыг түрээслэх боломжтой м.кв-ын үнэ 20,000 төгрөг гэж тогтоогоод 61,000,000 төгрөгөөр тогтоосон. 20,000 төгрөгийг яаж гаргасан гэвэл олон улсын стандартаар тухайн үнэ цэнийг тогтоож байгаа хөрөнгийн хандлагын үнэлгээний тайланд хавсаргасан байна гэх заалт байдаг. Үүний дагуу зах зээлийн хандлагаар үнэ цэнийг тодорхойлоод зах зээлийн хандлагад ач холбогдол өгсөн. Үнийн өсөлтийн итгэлцүүрийг мөн тусгасан ба мөрдөгдөж байгаа тогтоолын дагуу 1.97 гэсэн гэж тайлбарласан.
Түүнчлэн нэхэмжлэгч хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 752 зүйлийн 752.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүх хуралдаанаас өмнө өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
4.Шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсний дараа болон шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарласан бөгөөд шүүх хуралдааны явцад үнэлгээчин Б.Батзаяа дээрх маргаан бүхий эд хөрөнгийг үнэлсэн аргаа тайлбарласан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
6.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Алтангэрэл нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлсэн ба гэрчийг хуралдаанд оролцуулах хүсэлтээс мөн татгалзсан хэдий ч үнэлгээчин Б.Батзаяа шүүх хуралдаанд ирсэн тул түүнийг гэрчээр оролцуулж, мэдүүлэг авсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005957 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 2б байрны 26 тоотод байрлах, 19 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 70,415,938 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ