Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/683

 

     

 

 

 

 

2024            6              13                                            2024/ДШМ/683         

                       

                                                                                         

Г.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр  даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

яллагдагч Г.Бын өмгөөлөгч Л.Ганцэцэг, 

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/613 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Баянмөнхийн бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцлээр Г.Бт холбогдох 2405004280254 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Яллагдагч Г.Б нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03
цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47а байрны 20
тоотод иргэн Д.Агийн зүүн чихний ар, зүүн мөрний ар хэсэгт тус бүр нэг
удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан
гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Яллагдагч нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэх боловч эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг тусгай мэдлэгийн хүрээнд зайлшгүй тогтоох шаардлагатай.

Гэтэл Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Г.Бт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын санал гаргаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 172 дугаар дүгнэлтийг үндэслэсэн, уг дүгнэлтэд дээрх хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг тогтоогоогүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг,
мөн шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд
Сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт гаргахдаа яллагдагчийг тодорхой
хугацаанд эмнэлэгт хэвтүүлж, эмчийн хяналтад байлгаж, ажиглалт хийх замаар
өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг тогтоох нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр яллагдагч Г.Бт холбогдох хэргийг
Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “1 ширхэг хар өнгийн хутгыг” хэргийн хамт прокурорт хүргүүлж, яллагдагч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр
шийдвэрлэжээ.

Прокурор Т.Баянмөнх бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх сэтгэц, эмгэг судлалын 172 дугаартай дүгнэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай мэдлэг бүхий нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гарсан дүгнэлт гэж үзэх үндэслэл байхгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 3, 5, 7, 8 дахь хэсгүүдэд “1. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан. ...нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана.”, “3. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болно.”, “5. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүн хөөн хэлэлцэх хугацаанд эмчлэгдсэн, хэрэг хариуцах чадваргүй байдал нь арилсан бол шүүхээс түүнд оногдуулсан ялаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хасаж үлдсэн ялыг эдлүүлнэ. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 3, 6, 7, 8 дахь хэсгүүдэд “3. Шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнийг нотолж байгаа, эсхүл үгүйсгэж байгаа нотлох баримтыг шалгаж, түүний сэтгэцийн өвчний талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг сонсож, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад байдлыг хянан үзнэ.”, “6.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, хугацааг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн шүүх тогтооно.”, “7. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад прокурор хяналт тавьж, уг арга хэмжээг зогсоох, хугацааг сунгах, тухайн шүүгдэгч эдгэрсэн нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шүүхээр шийдвэрлүүлнэ.” “8. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно” гэж гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний хэргийг хянан шийдвэрлэхдээ эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх журмыг тус тус хууьчилсан. Шүүх сэтгэц эмгэг судлалын 172 дугаартай дүүгнэлтэд яллагдагч Г.Бт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай талаар тодорхой дурдсан байна. Дүгнэлт ямар ч эргэлзээгүй гарсан.

Прокурорын зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “...шүүх сэтгэц, эмгэг судлалын 172 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээч эмч нарыг шүүх хуралдаанд оролцуулах саналыг шүүхэд гаргасан байхад прокурорын саналыг хэлэлцэж шийдвэрлээгүй, шинжээч нараар гаргасан дүгнэлтийнх нь шинжлэх ухааны үндэслэлийг тайлбарлуулахгүйгээр, ямар ч үндэслэлгүйгээр шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлтийг дахин гаргуулахаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.10 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх прокурор, оролцогчийн санал, хүсэлт”-ийн талаар хянан хэлэлцэж шийдвэр гаргана.”, мөн зүйлийн 11, 12 дахь хэсгүүдэд заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй. Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Шүүх хэрэв дүгнэлтийг эргэлзээтэй байна гэж үзэж байгаа бол шүүх хуралдаанд шинжээчдийг оролцуулан гаргасан дүгнэлтийн талаар мэдүүлэг авч тодруулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана. ...”, мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулан нэмэлт шинжилгээг хийлгэх бүрэн боломжтой байхад ганцхан дахин дүгнэлт гаргах үндэслэлээр хэргийг прокурорт буцаасныг эс зөвшөөрч байна.

Түүнчлэн шүүгчийн захирамжид яллагдагчид оногдуулах эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтэд тусгах, мөн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь өөртөө болон эсхүл бусдад аюул учруулах эсэхийг шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд зайлшгүй тогтоох шаардлагатай гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “...Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “... Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, хугацааг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн шүүх тогтооно...” гэсэн заалт нь гэмт хэрэгт холбогдсон сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүнд хэрэглэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрлийг шинжээч тогтооно гэсэн ойлголт биш юм.

Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжид заасны дагуу Шүүх эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах хугацаа, дэглэм, төрлийг заавал тусган гаргуулж, улмаар шүүх тухайн сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүнд шинжээчийн дүгнэлтэд дурдсан хугацаа, төрөл, дэглэмийн дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоох, шүүхээс гэм буруутай этгээдийн хувийн байдалд тохирсон эрүүгийн хариуцлага, ял шийтгэл оногдуулах, шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлэх үндсэн зарчимд үл нийцнэ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ. Зөвхөн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүх шинжилгээ хийлгэх шийдвэр гаргахаар заасан байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Г.Бын өмгөөлөгч Л.Ганцэцэгээс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч Г.Б нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч А.Наранцэцэгийн зүгээс “хэргийг түргэн, хурдан шуурхай шийдвэрлүүлж, дахин цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөх боломжгүй байна” гэж илэрхийлдэг. Иймд өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Хэргийг заавал прокурорт буцаахгүйгээр шүүхийн шатанд шинжээч томилж, нэмэлт шинжилгээ хийлгэх бүрэн боломжтой тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Яллагдагч Г.Бт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын санал гаргаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 172 дугаар дүгнэлтийг үндэслэсэн, уг дүгнэлтэд дээрх хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг тогтоогоогүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг,
мөн шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд
Сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт гаргахдаа яллагдагчийг тодорхой хугацаанд эмнэлэгт хэвтүүлж, эмчийн хяналтад байлгаж, ажиглалт хийх замаар
өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг тогтоох нь зүйтэй.
 ...” гэсэн үндэслэл зааж, хэргийг прокурорт буцаажээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

            Түүнчлэн, яллагдагч, тэдний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлтээ гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, цагаатгах үндэслэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.

            Өөрөөр хэлбэл, Г.Бт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай шинжээчийг оролцуулан яллагдагчийн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааны эрх зүйн эх сурвалж, түүнийг зөв зохистой хэрэгжүүлж буй практикийн талаар шинжээчээс тодруулж, прокурор тухайн асуудлаар санал дүгнэлтээ хуулийн хүрээнд гаргасан нөхцөл байдалд үндэслэн  прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “...Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “... Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, хугацааг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн шүүх тогтооно...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “...Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, хугацааг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн шүүх тогтооно. ...” гэж тус тус хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх шүүх хуралдаанд шинжээч нарыг оролцуулан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах буюу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүх нотлох баримт бүрийг тал бүрээс нь нягтлан шалгах байдлаар хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

            Иймд прокурор Т.Баянмөнхийн бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгов.

            Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан яллагдагч Г.Бт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/613 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                           М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ