Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 583

 

А.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 909 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 800 дугаар магадлалтай, А.Н-д холбогдох 1906020200928 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, философич мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Т овогт А-ын Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Н-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх А.Н-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Н гаргасан гомдолдоо “А.Н намайг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” ШТС-ийн орчимд хамтран амьдрагч Э.Туяасайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Харин оногдуулж байгаа ялын хувьд өөрөөр хэлбэл 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн 300 цаг болгон хөнгөрүүлсэн боловч энэ ял нь шүүгдэгч миний хувьд хүндэдсэн ял болсон гэж үзэж байна. Учир нь би үйлдсэн хэргийн талаар ямар нэг байдлаар маргахгүй байгаа бөгөөд хохирогч Э.Т-тай учир байдлаа ойлголцож, түүнээс уучлал хүсч, өөрийн чадах чинээгээр эдийн засгийн хувьд туслалцаа үзүүлж байна. А.Н миний бие Энэтхэг улсад шашны чиглэлээр 7 жил суралцаж, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс “Жигжидчойнхорлин” хийдийн хамба ламаар томилогдон шашны үйл ажиллагаа эрхэлж сүсэгтэн олныхоо төлөө цаг нар хайрлалгүй зүтгэж байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар хэлсэн саналдаа “Шүүгдэгч А.Н нь үйлдсэн гэмт хэргийн талаар маргахгүй байна. Харин шүүгдэгч шашны үйл ажиллагаа явуулж байгаа онцлогоос шалтгаалан шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй байх тул торгох ял оногдуулж өгөхийг хүсье. Шүүгдэгч А.Н нь хохирогчийг гомдол, саналгүй болгосон” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Н-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн дүгнэж 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснийг давж заалдах шүүх хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.  

           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Н-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч А.Н- нь 2019оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Петровис” шатахуун түгээгүүрийн орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас Э.Т-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Н-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч А.Н шашны үйл ажиллагаа явуулдаг ажлын онцлогийг харгалзан давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах тухай гомдол гаргажээ.

Шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлүүдийг хэрэгт авагдсан нотлох баримтаар шалган үзэхэд А.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшихийн зэрэгцээ учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна. Эдгээр нөхцөл байдал нь ял хөнгөрүүлэх үндэслэл болохоос гадна нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх нь хийдэд шашны үйл ажиллагаа эрхлэх боломжгүй байдалд хүргэх зэргийг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялыг сонгож 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Н нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдвал зохино.

Иймд шүүгдэгч А.Н-ийн гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 909 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 800 дугаар магадлалд:

 “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д 1,000 нэгж буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д оногдуулсан 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж, шийтгэх, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН