Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2018/0108

 

2018 оны 02 сарын 08 өдөр     Дугаар 221/МА2018/0108    Улаанбаатар хот
“ГТЖ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0961 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “ГТЖ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0961 дүгээр шийдвэрээр: ”Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ГТЖ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “ГТЖ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: “ ... Ашигт малтмалын газар нь дээд шатны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу болон Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг олгох боломжтой байсан гэж бидний зүгээс үзэж байгаа болно.
Гэтэл анхан шатны шүүхээс “... газрын тухай хуулийн холбогдох заалтуудад үндэслэсний дээр татгалзлын үндэслэлийг нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан үндэслэлд хамаарахаар байх тул” гэж дүгнэж байгаа нь хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 09 дүгээр тогтоолын 10-д “уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “татгалзсан хариу өгч болно” гэдгийг Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж тайлбарласан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтыг үнэлэхгүйгээр хариуцагчийн татгалзсан шийдвэр нь хуульд нийцсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0961 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ. 
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “ГТЖ” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
“ГТЖ” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Төв аймгийн Бүрэн сумын Баян-Өндөр нэртэй 7229 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн авч, NE-027203 дугаарт бүртгэн, уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 /Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана/-д зааснаар 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 6/9711 дүгээр албан бичгээр санал авах мэдэгдлийг Төв аймгийн Засаг даргад хүргүүлжээ. 
“ГТЖ” ХХК-ийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг Бүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар тогтоол -оор тухайн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын саналыг “дэмжээгүй”, уг тогтоолыг үндэслэн Бүрэн сумын Засаг дарга дээрх саналаас “татгалзаж” байгаагаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/298 дугаар албан бичиг -ээр мэдэгдэж байсан, улмаар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд “дэмжих боломжгүй” гэж, тухайн шийдвэрийг үндэслэн хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлэхийг Төв аймгийн Засаг даргад даалгасан нь хэрэгт авагдсан Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 , 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 49  дүгээр тэмдэглэлээр тогтоогдож байна. 
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 /Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно/-д заасны дагуу Төв аймгийн Засаг даргаас “дэмжихгүй” санал ирүүлснээр мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 /Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тухайн зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ/-д заасан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах боломжгүй тохиолдолд хариуцагч төрийн захиргааны байгууллага мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16 /ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг өргөдлийг хүлээн авч бүртгэх/-д заасныг баримтлан нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг буруутгах боломжгүй.
Нэхэмжлэгч “ГТЖ” ХХК-аас Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн болон аймгийн Засаг даргын төрийн захиргааны байгууллагад хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал хүргүүлсэнтэй холбогдуулж маргаагүй бөгөөд энэхүү захиргааны хэргийн тухайд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн болон аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналууд хуульд нийцсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй.
Тиймээс Төв аймгийн Засаг даргыг “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь хэсэг болон Усны тухай хуулийн 4.2-т заасныг баримтлан татгалзсан, хүсэлт гаргасан талбайд нуур, цөөрөм байхгүйг хариуцагч хүлээн зөвшөөрсөн” гэж буруутгах, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Үүнээс гадна Уул, уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицол нь холбогдох бүх яамдаас санал авч боловсруулсан, ”ГТЖ” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэн ажиллах нь зүйтэй” талаарх 3/1210 дугаар албан бичиг -ийг Ашигт малтмалын газрын даргад хүргүүлсэн нь хариуцагч байгууллагад тусгай зөвшөөрөл олгохыг үүрэг болгоогүйгээс гадна Уул, уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд биш тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг оновчтой, зөв баримтлаагүй тул уг алдааг зөвтгөсөн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1.    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0961 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “11.1.15”, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13” гэснийг хасч, “19.5” гэснийг “19.6” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                     Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ                                     Э.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.БАТБААТАР