Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 737

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Г.О******* 

        Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,  

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.У*******, харуицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Иргэдийн  нийтийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 02 тоот тогтоолыг илт хүчин төгөлдөр бусад тооцуулж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/09 тоот захирамжийг хүчингүй болгуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт бичил хийлгүүлэх гэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай байгаа. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг Засаг дарга эргэж ажилд тогтоосон байдаг. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/66 дугаар захирамжаар урд нь ажлаас огцруулсан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Эгүүлэн ажилд нь тогтоосон учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу иргэдийн нийтийн хурал болон Засаг даргад холбогдох эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Мөн ээлжийн амралтын мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Ажилгүй байсан хугацааны 15 сар, 9 хоногийн цалинг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлгэх нэхэмжлэлийн шаардлагатай оролцож байна” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 тоот захирамжийг хүчингүй болгож, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн  Б/66 тоот захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Цалингийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр үлдээсэн. 12.467.940 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Энэ асуудал дээр нийгмийн даатгалын  дэвтрийн сүүлийн  3 сарын цалингийн орлогоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар дундаж цалин хөлс олгохоор шийдвэрлэж өгнө үү. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2015 оны 55 тоот тушаалаар цалин хөлс, тодорхойлох журмаар тодорхойлж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.О******* нь анх Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг илт хучин төгөлдөр бусад тооцуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 дүгээр Г.О*******ийг ажлаас огцруулах тухай захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, ээлжийн амралтыг биечлэн эдлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн нийтийн хурал, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/66 дугаар захирамжаар дээрх Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байх бөгөөд нэхэмжлэгч нь  “Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг илт хучин төгөлдөр бусад тооцуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ээлжийн амралтын мөнгө гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа “ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” гэж тодорхойлсон байна. 

Нэхэмжлэгч Г.О*******ийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын үүрэгт ажлаас нь огцруулсан бөгөөд уг захирамжаа 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/66 дугаар захирамжаар хүчингүй болгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6. Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг  ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус заасны дагуу ажилгүй байсан хугацааг 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс хариуцагч ажилд буцаан томилсон 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх ажлын 317 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинг олгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө, 16 дугаар зүйлийн 1. Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй  адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.   

Нэхэмжлэгчийн 2015 оны цалингийн карт /цалингийн дэлгэрэнгүй 2015 оны 3, 4, 5 сарууд/ 533.177 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх нийт 317 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /533.177:20=26,658х317/ 8.450.586+2.535.175 /ур чадварын нэмэгдэл 30 хувь/+173.250 /удаан жилийн нэмэгдэл/ нийт 11.159.011 /арван нэгэн сая, нэг зуун тавин есөн мянга, арван нэг/ төгрөгийг Г.О*******т олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлэлээ.  

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О*******ийн ажилгүй байсан 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны 11.159.011 /арван нэгэн сая, нэг зуун тавин есөн мянга, арван нэг/ төгрөгийг олгохыг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.         

2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О*******ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дэхь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай. 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     О.ОЮУНГЭРЭЛ