Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2016/01438

 

К.Янникийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/05278 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1743 дугаар магадлал,

Нэхэмжлэгч :  Кигинер Янник /QUEGUINER YANNICK/

Хариуцагч :  Д.Энхжаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: 107.115.953 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Д.Энхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч З.Алтангэрэл, нарийн бичгийн даргад И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Кигинер Янник нь Монгол Улсын иргэн Д.Энхжаргалд 2013.8.15-ны өдөр 25.000 ам.долларыг сарын 1.8 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлдүүлсэн бөгөөд зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлэн 24 сарын хугацаанд үндсэн төлбөр, хүүг тэнцүү хэмжээгээр хуваан зээлдүүлэгчид төлж дуусгахаар тохиролцсон.2013.7.10-ны өдөр үерхэхээ больсон бөгөөд тэрээр 2013.8.15-ны өдөр Оросоос будаа оруулж ирэх гэсэн юм, шинэ бизнест минь мөнгө хэрэгтэй байна надад 30.000 ам.доллар зээлдүүлээч гэж гуйгаад байхаар нь би түүнд туслахаар шийдэж гэрээ хийж намайг Францаас ирсний дараа нотариатаар орж албан ёсоор зээлийн гэрээгээ батлуулья гэж тохиролцсоны үндсэн дээр би Д.Энхжаргалд 30.000 ам.долларыг бэлнээр өгсөн, харин Д.Энхжаргал мөнгө хүлээн авснаа баталж, зээлсэн мөнгийг буцаан төлөх хуваарь болон зээлийн гэрээг нотариатаар батлуулахаар тохиролцсон зэрэг асуудлыг тодорхой дурдан гарын үсгээ зурсан. Намайг Францаас буцаж ирсний дараа тохирсон ёсоор Д.Энхжаргал бид хоёр 2013.9.20-ны өдөр зээлийн гэрээгээ нотариатаар баталгаажуулсан.Энэ өдөр нотариат дээр гэрээгээ батлуулахдаа миний бие уг зээлсэн мөнгөн дүнгийн 25.000 ам.долларыг эргэж хүү алданги тооцох нөхцөлтэйгээр, үлдсэн 5000 долларыг түүний найз байсны хувьд бизнесийг нь дэмжих зорилгоор буцалтгүйгээр өгсөн. Гэрээний дагуу зээлийн эргэн төлөлт хийх хуваарийн дагуу 2013.10.04-ний өдрөөс эхлэн Д.Энхжаргал нь эхний 3 сарын буюу 2013.10.07-ны өдөр 1.492 ам.доллар, 2013.12.17-ны өдөр 1455 ам.доллар төлсөн. 2013.11.04-ний өдөр 1454.16 ам.доллар төлөх ёстой байсан боловч миний бие түүнд бэлэглэсэн машиныг зарчихсан байсан учир машины мөнгийг уг төлбөрт нь суутгаж тооцсон. Д.Энхжаргал нь зээлийн гэрээний дагуу нийт 4.419,9 ам.доллар төлсөн боловч үүнээс хойш ямар ч төлбөр гүйцэтгээгүй. Зээлийн гэрээний үүргийг шаардах гэтэл бидний хоорондох хамтран ажиллах маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байсан, дээр нь өмгөөлөгч маань одоохондоо нэхэмжлэл гаргаад хэрэггүй гэж зөвлөснөөс шаардаагүй өдий хүрсэн. Түүнээс гадна Д.Энхжаргалыг мөнгөө төл гэж шаардахад би жирэмсэн болсон учир битгий залгаад бай, ингээд байвал дэмий шүү гэж заналхийлсэн. Иймд Д.Энхжаргалаас үндсэн зээл 21.875 ам.доллар, 21 сарын хүү 8268.75 ам.доллар, алдангид 0,5 хувиар тооцон 2015.8.15-наас 2016.3.01-ний өдөр хүртэл хугацааны 23.625 ам.доллар, нийт 53.768.75 ам.долларыг, 2015.8.15-ны өдрийн Монгол банкны ам.долларын ханш 1992.16 төгрөгөөр тооцон 107.115.953 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Энхжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2013.8.15-ны өдөр 25.000 ам долларыг сарын 1.8 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлсэн гэжээ.Би 2013.8.15-ны өдөр Янник Кигинерээс 5.000 ам долларыг авсан. Өмнө нь Ле Трискел рестораныг байгуулах үед танилаасаа зээлсэн мөнгийг буцаан төлөх байсан тул үүнийг авсан. Энэ бол зээл биш. Дараа нь мөнгө зээлэх асуудал яригдсан. Зээлийн гэрээ 2013.9.20-ны өдөр байгуулсан. Өмнөх 5.000 ам долларыг хүүгүй, бусдыг нь хүүтэй зээлэх болсон. Гэхдээ зээлийн гэрээ дэх 25.000 ам долларыг 5.000 ам долларыг төлсөн тохиолдолд зээлийг өгөхөөр тохиролцсон.Би 5000 ам долларыг 2013 оны 10-12 дугаар саруудад буцааж өгч дуусгасан. Миний төлсөн мөнгө 4.400 ам доллар орчим болсон боловч Янник тооцоог дуусгая гэсэн. Гэтэл зээлэх 25.000 ам долларыг элдэв шалтаг тоочоод надад өгөөгүй. Тэгээд үндсэндээ мартагдсан.Би тухайн үед 5.000 ам долларыг буцааж авахын тулд ийм арга хэрэглэсэн байна гээд бодоод өнгөрсөн. Иймд аваагүй зээлийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.Би шүүхийн 2015 оны 4910 шийдвэрээр Янник Кигинерээс 105.909.375 төгрөгийг гаргуулах болсон. Одоо шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байгаа болно. Янник Кигинер энэ шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрөөсөө зайлсхийх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжилж байгаа үнийн дүн ч таарч байх юм. Ер нь Янник миний хамтран ажилласан хугацаанд цалин өгч байгаагүй, манай гэр бүлийн бизнес гээд зөвхөн нийгмийн даатгал төлж байсан. Сар бүр цалин авч байя гэхэд нэг мөсөн авахад чамд юм болно гэж намайг аргалж ирсэн. Бидний гэр бүл салахад хамтран ажиллах тухай гэрээ хийсэн боловч өнөөдрийг хүртэл ашиг гэж өгөөгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/05278 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан  Д.Энхжаргалаас 63.352.879 төгрөг гаргуулан Кигинер Янникт олгож, нэхэмжлэлээс  43.763.074 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосон  байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1743 дугаартай магадлал гаргаж, шийдвэрт өөрчлөлт оруулан, хариуцагчаас  1.157.445 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн заалтыг  өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2013.8.15-ны өдөр К.Янник, Д.Энхжаргал нарын хооронд 30.000 ам.долларын зээлийн гэрээ байгуулагдан, зээлдүүлэгч К.Янникаас зээлдэгч Д.Энхжаргалд 30.000 ам долларыг шилжүүлэн өгсөн нь  хариуцагч  Д.Энхжаргалын "Дор  гарын  үсэг  зурсан  миний  бие Дугарсүрэнгийн Энхжаргал 2013.8.15-ны өдөр 30.000 ам доллар зээлсэн болно. Бид тохиролцсоны үндсэн дээр энэхүү мөнгийг би 2013.10.04-ний өдрөөс эхлэн хоёр жилийн дотор буцааж төлнө. Хүү нь банкны хүү шиг ижил бодогдоно. Албан ёсны бичгийг нотариат болон хуульчийн дэргэд үйлдэнэ. 2013.8.15 Улаанбаатар хот Дугарсүрэнгийн Энхжаргал" хэмээн К.Янникг англиар бичиж өгсөн баримт, түүний монгол хэлнээ хөрвүүлсэн албан ёсны орчуулгын баримтаар нотлогдож байхад/хэргийн 9-10 тал/,2.   Мөнгө хүлээн авсан тухай баримтыг хариуцагч Д.Энхжаргал нь өөрийн гараар бичин, гарын үсгээ зурж К.Янникт өгсөн талаар үгүйсгэж маргаагүй,3. 2013.9.20-ны өдөр "...Албан ёсны бичгийг нотариат болон хуульчийн дэргэд үйлдэнэ..." гэсэн тохиролцоогоо ёсоор болгож, ингэхдээ үүрэг гүйцэтгэх хугацааг өмнөх хугацаагаар тохирч /2013.8.15-ны өдрөөс 2015.8.15-ны өдрийг хүртэл гэж/, харин хүүг "...сарын 1.8 хувийн хүүтэйгээр..."гэж тодотгон өмнө дурдсан "30.000 ам.доллар"-ыг "25.000 ам.доллар" болгон үүргийг сольж бичгийн   хэлбэртэй гэрээг  талууд байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн /хэргийн 3-8 тал/, 4. "Зээл   эргэн  төлөх  хуваарь"-иар зээлдэгчийн үүргийг сар сараар төлөх мөнгөн дүнтэй нь хамт гаргаж ирсэн. 5.Мөн үүргийн гүйцэтгэтгэлийг сольж тохиролцсон байх бөгөөд түүнд дээр "261" дугаартай нотариатын тэмдэг дарагдсан. 6. Хэргийн 12 дугаар талд авагдсан нэхэмжлэгч К.Янникийн эзэмшлийн Хас банкны 500023272 тоот валютын дансанд хариуцагч Д.Энхжаргал нь 2013.10.07-ны өдөр 1.492 ам доллар, 2013.12.17-ны өдөр 1.455 ам доллар нийт 2.947 ам доллар шилжүүлсэн байх бөгөөд энэ нь дээрх зээл эргэн төлөх хуваариар талуудын тохиролцсон зээл төлөх хугацаа болон зээлийн төлбөрийн нийт дүнгийн хэмжээ нь тохирч байхад,давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч К.Янникийг "...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй..," гэж дүгнэснийг ердөө ч ойлгохгүй байна. Нэгэнт ингэж дүгнэсэн болохоор "...30.000 ам.долларыг зээлсэн болно"гэж тэмдэглэсэн байгаа нь мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан гэх үйл баримтыг нотлохгүй юм." гэж давж заалдах шатны шүүх үзжээ. Бидний дагаж мөрдөж байгаа бүх хуульд "зээлдүүлж болно", "зээлдүүлнэ", "зээлсэн болно"гэх мэт үг, үсэг ямар утгаар, өөрөөр хэлбэл тухайн зааж байгаа үйл баримт төгс үйлдэгдсэн эсэхийг хэрхэн илэрхийлж байгааг тодорхойлох бүрэн боломжтой байдлаар тусгагддаг. Хэрэгт авагдсан баримтанд байгаа"30.000 ам.долларыг зээлсэн болно" гэсэн бичиглэл тухайн үйл явдлыг ямар нэгэн хүлээлт, ямар нэгэн болзолт болон тодорхойлон заасан хугацаагүйгээр төгс үйлдэгдээд  нэгэнт өнгөрчихсөн үйл хөдлөлийг заасан нь илт, түүнийг нотолсон баримт гэдэг нь ямар ч эргэлзээгүй байсаар байхад давж заалдах шатны шүүх "илүү" баримт шаардаж байгааг ойлгохгүй байгаа төдийгүй хууль бус шаардлага гэж үзэж байна. Энэ нь давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-ын "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөлийг бүрдүүлж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Янник Кигинер /QUEGUINER YANNICK/ нь Д.Энхжаргалаас 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зээлүүлсэн 25.000 ам.долларын үлдэгдэл 21.875 ам.доллар, зээлийн хүү 8.268 ам.доллар, алданги 23.625 ам.доллар нийт 53.768 ам.доллар шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 63.352.879 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх 1.157.445 төгрөг болгон өөрчилсөн байна.

Нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Янник Кигинер нь 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ /хх 3/, зээл эргэн төлөх хуваарь /хх 5, 8/ 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн баримт /хх 9/ зэргийг нэхэмжлэлийн үндэслэл болгожээ.     Шаардлагын үндэслэл болсон 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 25.000 ам.долларыг хариуцагчид хүлээлгэн өгсөн баримт хэрэгт байхгүй байна. Түүнчлэн, “30.000 ам.доллар зээлсэн болно... 2015 оны 8 дугаар сарын 15...” гэх  баримт нь мөнгөн хөрөнгийг хүлээн авсныг нотлохгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэр өөрчлөлт оруулахдаа хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1743 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 468.928 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ