Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 211/МА2022/00003

 

 

Т.Г-ын хүсэлттэй иргэний 
 хэргийн тухай


            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 
2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2022/00009 дүгээр шийдвэртэй
Т.Г-ын хүсэлттэй
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг 
хүсэлт гаргагч Т.Г-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.Г, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч М.Б, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн хүсэлт болон тайлбарт: “Т.Г миний бие 1966 онд төрсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нас болоод байна. Би Архангай аймгийн Ихтамир суманд 1990 оноос хойш хувийнхаа малыг маллаж амьдарч байна. Миний бие 1995.10.01-1995.11.31, 1996.01.01-1996.09.31-ний өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Ихтамир сумын Шинэ-Өргөө ХК-д малчнаар ажиллаж байсан. Тухайн үед намайг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал огт гаргаагүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг миний бие сүүлд мэдсэн юм. Нийгмийн даатгалын газраас ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох хэрэгтэй гэсэн. Иймд хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Ихтамир сумын Шинэ-Өргөө ХК-д 1995.10.01-1995.11.31, 1996.01.01-1996.09.31-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ. 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2022/00009 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т.Г-ийн Архангай аймгийн Ихтамир сумын Шинэ-Өргөө ХК-д 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 31-ний  өдрийг хүртэл хугацаанд, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Т.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Хүсэлт гаргагч Т.Г-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Хүсэлт гаргагч Т.Г миний бие Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2022/00009 тоот шийдвэрийг 2022.01.04-ний өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Тус шийдвэрээр Шинэ-Өргөө ХК нь мал аж ахуйтай байсан, хөрөнгийн бүртгэлд хэдэн тооны ямар учиртай малтай байсан, малчин ажиллуулж байсан тухай баримтаар нотлогдоогүй, гэрч нар мэдүүлж байх боловч дам буюу шууд бус нотлох баримт болох гэрчийн мэдүүлэг бусад баримтаар батлагдаагүй гэж дүгнэн миний Архангай аймгийн Ихтамир сумын Шинэ-Өргөө ХК-д 1995.10.01-1995.11.31, 1996.01.01-1996.09.31-ний өдөр хүртэл хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн  зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрч Ч.Б “Би 1992-2010 оныг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Ихтамир сумын Шинэ-Өргөө ХК-д нярваар ажиллаж байсан... Т.Г нь 1995 оны 10 дугаар сараас 1996 оны 09 дүгээр сарыг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Ихтамир сумын Шинэ-Өргөө ХК-д малчнаар ажиллаж байсан. Хонь маллаж байсан. Шинэ-Өргөө ХК-д малчнаар ганцхан Т.Г ажиллаж байсан. Ажилчдын хүнсний мал хардаг байсан. Т.Г нь хувийн мал маллаж байхдаа давхар компанийн мал хардаг байсан...” гэж, гэрч Ж.Ц “Би 1995-2010 оныг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Ихтамир сумын Шинэ-Өргөө ХК-д цэвэрлэгчээр ажиллаж байсан... Т.Г нь 1995-1996 оныг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Ихтамир сумын Шинэ-Өргөө ХК-д малчнаар ажиллаж байсан. Ажилчдын хүнсний цөөхөн хонь маллаж байсан. Түрээсээр хардаг байсан. Шинэ-Өргөө ХК-д Т.Г малчнаар ганцаараа ажиллаж байсан...” гэж тус тус мэдүүлдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь ... гэрчийн мэдүүлэг, ... болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж тус тус заасан. Шүүх гэрч Ч.Б, Ж.Ц нараас үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй талаар хууль тайлбарлан сануулж гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчүүд Т.Г намайг 1995-1996 онд Архангай аймгийн Ихтамир сумын Шинэ-Өргөө ХК-д малчнаар ажиллаж байсныг надтай хамт ажиллаж байсан учир баттай сайн мэдүүлсэн. Энэхүү мэдүүлэг нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт байхад гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүйгээр миний хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. 
Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2022/00009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн миний хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 
ҮНДЭСЛЭХ нь:
Т.Г шүүхэд хандаж, 1995.10.01-1995.11.31, 1996.01.01-1996.09.31-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын Шинэ-Өргөө ХК-д малчнаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүсэлтийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Давж заалдах шатны шүүхээс хүсэлт гаргагч Т.Г-ын гомдлыг хянаад дараах дүгнэлтийг хийлээ. 

Иргэний ажиллаж байсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заажээ. 

Хүсэлт гаргагч “ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй” гэсэн үндэслэл зааж, бусад нотлох баримтаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүсч, хүсэлт гаргасан зорилгоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж тайлбарлажээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан байна. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлэх үүргээ биелүүлээгүй байна. 

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан ба энэ тохиолдолд шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжтой. 

Анхан шатны шүүх 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 129/ШЗ2021/03585 дугаартай, нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамж гаргасан байх ба уг захирамжийн дагуу Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн нотлох баримтуудын зарим бичвэр нь унших боломжгүй, шаардлага хангахгүй байдлаар хуулбарлагдсан байгааг шүүх анхаараагүй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 8681 дугаартай архивын лавлагаанд хүсэлт гаргагчийг 1995-2000 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай нотлох баримт тус хэлтсийн архивт байхгүй гэсэн нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаанаас зөрүүтэй байгааг шүүх тодруулж шалгах ажиллагааг хийгээгүй байна.  

Дээр дурдснаар анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нөхцөлд шүүх хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2022/00009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн       59.3-т зааснаар хүсэлт гаргагч Т.Г-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Д.Б
     ШҮҮГЧИД                      Т.Д
                                    В.Ц