Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/690

 

 

 

 

 

  2024             06            18                                      2024/ДШМ/690                        

 

Ц.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

иргэний нэхэмжлэгч Б.Т,

шүүгдэгч Ц.Аийн өмгөөлөгч Г.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Ичинхоролын бичсэн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцлээр Ц.Ат холбогдох 2407000600061 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч Ц.А нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо, Оргил худалдааны төв рүү өгсөх замд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын ***** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд “....Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ...” гэж заасныг зөрчсөний улмаас иргэн Б.Т жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан **** *** улсын дугаартай “Хьюндай 8тон” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган өөрийн тээврийн хэрэгсэлд зорчин явсаны А.Мийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ц.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Аийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аийг 1 /нэг/ жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Аийн №438827 дугаартай “В, С” ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ааас 4.595.000 /дөрвөн сая таван зуун ерэн таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Тд олгож шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Б.Ичинхорол бичсэн эсэргүүцэлдээ “...1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго”-г тусгайлан хуульчилсан бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хуулийн хүрээнд боловч нотлох баримтыг үндэслэж, хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хязгаарлалтын бүсийг хэт өргөн буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын зорилгод нийцээгүй байна.

Учир нь, зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Иймд шүүгдэгч Ц.Ат оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг өргөн хүрээгээр тогтоосон гэж дүгнэж, түүний оршин суух дүүрэг буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Т “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч Ц.Аийн өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний нэхэмжлэгч Б.Тд учирсан хохирол төлбөрийн тухайд анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгалын байгууллагаас олгохоор болсон. Хохирогчид эмчилгээний зардал болон бусад учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Ц.Ат холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Ц.А нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо, Оргил худалдааны төв рүү өгсөх замд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын 22-37 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд “....Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ...” гэж заасныг зөрчсөний улмаас иргэн Б.Т жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан 01-50 УББ улсын дугаартай “Хьюндай 8тон” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган өөрийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан А.Мийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Б.Т “...Эсрэг урсгалаас цагаан өнгийн приус маркийн машин маш хурдтайгаар зүүн гар тийшээ дараад миний жолоодож явсан машины урдуур ороод ирсэн. Машины тормос гишгэсэн чинь уруу газар байсан учир уруудаад мөргөлдөөд түрээд баруун тийш замаас гарсан. ...Тухайн өдөр гадаа бүүдгэрдүү өдөр байсан, гэхдээ гадаа нартай байсан учраас үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Тухайн осол гаргадаг
Приус загварын автомашиныг яагаад урсгал сөрж орж ирсэн болохыг мэдэхгүй,
гэнэт л урдуур хүчтэй дараад ороод ирсэн, маш хурдан дараад ороод ирсэн, ямар
ч самбаачлах боломж байгаагүй, би ч рефлексээрээ замын хөвөө буюу баруун тал руугаа дарсан боловч урдуур орж ирээд мөргөгдөөд хэсэг газар түрээд зогссон. ...” /хх 37-38, 40/,

гэрч Б.А “...Налайх дүүргийн хойд талаар явдаг засмал замаар уруудаад явж байтал эсрэг урсгалаас цагаан өнгийн жижиг суудлын машин урсгал сөрөөд ойрын зайнаас бид нарын явж байсан урсгал руу орж ирсэн. Манай нөхөр Б.Т машиныхаа тормос гишгэсэн тэгээд мөргөлдсөн, ойрхон зайнаас орж ирсэн болохоор тормос гишгээд мөргөлдсөн. ...” /хх 43-44/,

гэрч Ө.Ж “...Манай нөхөр Ц.А 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр охин бид хоёрыг Тэрэлжийн амралтаас ирж аваад, Налайх дүүргийн хойд талын замаар явж байсан. Зам халтиргаатай, юу ч мэдэж харж амжаагүй байхад бид нарын сууж явсан машин том машинтай мөргөлдсөн юм.. ..” /хх 47-49/,

иргэний нэхэмжлэгч Б.Т “...Миний автомашинд үнэлгээгээр 3,760,000 төгрөгийн хохирол учирсан, мөн автомашинаа ачуулахад том оврын автомашин тул илүү том автомашинаар ачуулсан, ачуулахад 600,000 төгрөг болсон, үнэлгээ хийлгэхэд 235,000 төгрөг, нийт 4,595,000 төгрөгийг тухайн буруутай жолоочоос нэхэмжилж байна. ...” /хх 34/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 85 дугаар “...Ө.Жаргалсайханы биед дух, зүүн, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлий, баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Хатуу мохоо зүйлийн цохих, дарах үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг
тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна
. ...” /хх 53-54/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 86 дугаар “...Мбиед элэг, дэлүү, ходоодны няцрал, хэвлийн хөндийд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Хатуу мохоо зүйлийн цохих, дарах үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг
тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт
хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна
Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт
эмчилгээнээс хамаарна
. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 53-54/,

 

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-13/ , “Бэст эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх 68-84, 88-90/, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн дүгнэлт /хх 109-110/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ц.А гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Ц.Аын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас өөрийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан А.Мийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр, засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлуудыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор хүнд биш ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул дээд шатны прокурор Б.Ичинхоролын зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, бүсийг хумьж, чиглэл тогтоох талаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч Ц.А болон түүний 4 настай охни А.М нарын биеийн эрүүл мэндийн байдлаас хамаарч эмчилгээний тусламж авах шугамаар эмнэлгээр үйлчлүүлэх, мөн түүний оршин суугаа газар, ажлын газрын хаяг, байршил зэргээс хамаарч түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Б.Ичинхоролын бичсэн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.                  

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ