Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2026/0051

 

 

 

 

 

 

    2026        01           08                                     128/ШШ2026/0051

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Мөнх-Өлзий

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.Б*******, Б.Цээхээ, Ч.М*******.

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаартай “Газрын зөрчил арилгах тухай” захирамжийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 33/23 дугаартай газар чөлөөлөх мэдэгдлийг илт хууль бус захиргааны актад тооцуулах”

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Н.Б*******, Ч.М*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М*******, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т*******, хариуцагч Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хүслэн.

Танхимын дугаар: 1

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:

    1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаартай захирамжийн тухайд нэхэмжлэгч 3 иргэний Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны Сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэлтэй гишүүдийн гараашнуудыг газрын зөрчил арилгана гэдэг үндэслэлээр захирамж гаргасан. Энэ захирамжийг нэхэмжлэгч нар яагаад хүчингүй болгуулахаар маргаж байна гэхээр 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А/243 гэсэн дугаартай захирамжаар саяын хэлээд байгаа хороонд байрлах мөн байрны нийтийн эзэмшлийн зам талбай дээр байгаа гэх 7 гараашийг чөлөөлөх захирамж гарсан.
    2. Энэ 7 гэж бас шууд итгэлтэй хэлж чадахгүй байгаа. Хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтууд, хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг харахаар нэг болохоор 5 гарааш, нэг болохоор зургаа, нэг болохоор 7 гэж ярьдаг, яг 7 юу үгүй юу гэдгийг бол би мэдэхгүй байна. Ямар ч байсан 3 иргэний захирамж гараашийг албадан чөлөөлчихсөн юм байна гэж ойлгож байгаа. Энэ 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 24 захирамжаар газрын зөрчлийг арилгаад авто гараажуудыг чөлөөлсөн үндэслэлийг заагаад, энэ үндэслэлийнхээ дагуу бол бид нар одоо 23 оны бө6 сарын 6-ны өдрөөс эхлээд нэхэмжлэгч нарт бол одоо мэдэгдэл өгөөд энэ авто гараажуудыг чөлөөлсөн гэдэг.
    3. Ийм агуулгыг хариуцагч хэлж тайлбарладаг. Хэрэгт ч мөн энэ үйл баримт бий. Өөрөөр хэлбэл 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/243 дугаартай захирамж дээр маргасан маргааныг шийдсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Нэгэнт Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/243 дугаартай захирамж хүчин төгөлдөр хууль ёсны захирамж байна гэж шүүх дүгнээд шийдсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаад байхад яагаад 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр А/173 гэсэн дугаартай захирамж гаргаад ирэв.
    4. Үр дагавар нь юу юм бэ? Энэ А/173 дугаартай захирамжаар гараашнуудыг чөлөөлсөн гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Харин тэр 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/243 дугаартай захирамж хүчин төгөлдөр шийдвэртэй. Захирамжийн дагуу авто гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажиллагаа хийгдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, нэгэнт Баянгол дүүргийн Засаг даргын гаргасан захирамж хүчин төгөлдөр байна гэдгийг шүүх шийдээд энэ үйл баримтыг тогтоочхоод байхад энэ шүүхийн шийдвэрийг үндэслээд албадан газар чөлөөлөх, гарааш буулгах ажиллагаа хийхгүйгээр дахин А/173 гэсэн захирамж гаргаж ирээд байгаа нь хууль зөрччихсөн байна гэдэг эхний үндэслэл гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль бус захиргааны акт гаргачихсан байна гэдэг үндэслэл гарч ирж байгаа юм.
    5. Хоёрдугаарт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй А/243 гэсэн захирамжийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбарлаж байгаа. Хариуцагч мөн хуулийн 24, 25-д заасан нөхцөл байдлыг нь бид нар үнэлчихсэн. Нотлох баримтыг нь цуглуулаад эрх ашгийг нь хөндөхгүйгээр энэ хүмүүст мэдэгдээд захирамжийг гаргасан гэж хэлж байгаа. Энэ 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаартай захирамжийг гаргах болсон үндэслэл, шаардлага юу байсан талаараа нэхэмжлэгч 3 иргэнд хэрхэн яаж мэдэгдсэн юм, сонсох ажиллагааг яаж хийсэн юм. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу захиргааны акт гаргахдаа урьдчилаад мэдэгдэнэ гэж байгаа юм.
    6. Сонсох ажиллагаа хийнэ, мэдэгдсэнээ баримтжуулна гэж байгаа юм. Мөн сонсох ажиллагаа газар чөлөөлөхтэй холбоотой сонсох ажиллагаа хийж байгаа иргэний тайлбарыг авна, нөхцөл байдлыг нь үнэлнэ гэж байгаа, энэ ажиллагаа хийсэн гэх ийм нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар бол нотлогдон тогтоогдохгүй байгаа ба хариуцагч мөн энэ талаар өмнөх хүчин төгөлдөр шийдвэртэй, өмнө нь захирамж гаргасан асуудлаа л дурддаг. Тэгэхээр 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаартай захирамжтай холбогдуулаад энэ Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан нөгөө мэдэгдсэнээ баримтжуулна гэдэг ажиллагаа бол хийгдээгүй байна.
    7. Тийм учраас энэ үндэслэлээр А/173 гэсэн захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлийг нэхэмжлэгч 3 иргэний хувьд зааж байгаа. Гуравдугаарт 2010 онд тухайн 33 дугаар хорооны ******* дугаар байрны оршин суугчид “Х*******” гэдэг сууц өмчлөгчдийн холбоог байгуулсан. Энэ Сууц өмчлөгчдийн холбоонд 2010 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 3533 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, 5 төрлийн зориулалтаар олгосон юм байна. Энэ олгосон газраас тухайн үеийн Сууц өмчлөгчдийн холбооны удирдлагын зөвшөөрлөөр 129 м.кв талбай бүхий газар дээр 3 иргэн авто гарааш барьсан. 2009 оноос хойш энэ гараашийг эзэмшээд, ашиглаад явж байгаа. Энэ дээр газар эзэмших эрх үүссэн байсан уу, үгүй юу, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй байсан уу, үгүй юу гэдэгт маргаагүй.
    8. Харин тухайн газар дээр гарааш бариад эзэмшээд, ашиглаад явж байсан үйл баримт бий. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд зааснаар энэ хүмүүс шударга эзэмшигч байна. Тэгэхээр энэ хүмүүсийн эрх, ашиг сонирхол хөндөгдөнө. Хөндөгдөх учраас хариуцагч байгууллага захиргааны байгууллага акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмуудыг хэрэгжүүлэх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчим захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа энэ зарчмыг ноцтойгоор зөрччихсөн байна. Үүнийг шүүх захирамжийг хүчингүй болгохдоо анхаарч үзээсэй гэж би хүсэж байна. 2 дугаарт, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог хангах зарчим мөн зөрчигдсөн байна. Үүнийг шүүх А/173 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ анхаарах ёстой гэж би бодож байна.
    9. 4 дэх үндэслэлийн тухайд энэ 2 зарчмын тухайд үзэхээр яг өнөөдрийн маргаж байгаа акт Захиргааны ерөнхий хуульд заасан нийтлэг шаардлагуудыг зөрчөөд гарсан захирамж байна. Тийм учраас энэ захирамжийг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэл байна. Нэг асуудлаар Засаг дарга 2 захирамж гаргаж болохгүй, мөн Баянгол дүүргийн Засаг дарга хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж ойлгож байгаа. Харамсалтай нь тэр шүүхийн шийдвэрийн дагуу гарааш чөлөөлөх ажиллагаа яваагүй, явагдаагүй учраас тэр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэчихсэн байна. Эдгээр 3 үндэслэлээр А/173 дугаар захирамж хууль зөрчөөд гарчихсан учраас Захиргааны ерөнхий хуулийн 37.6, 52.5.1, 106.3.1-ээр хүчингүй болгуулах эхний нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэдгийг би нэмж тайлбарлая.
    10. 2 дахь шаардлагын тухайд яагаад энэ шаардлагыг гаргаж байгаа вэ гэдэг агуулга өмнөх хэлсэн зарим агуулгатай нь сонсох ажиллагаатай холбоотой давхацна. Тэрийг би давхцуулан хэлэхгүй. Гэхдээ 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 33/23 дугаартай чөлөөлөх мэдэгдэл өгч байгаа нь захиргааны үйл ажиллагаа гэж нэхэмжлэгч нар ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа бол захиргааны акт байна гэж үндсэн шинжүүдийг зааж өгсөн. Энэ дотроос мэдэгдэнэ гэдэг нь өөрөө захиргааны үйл ажиллагаа буюу Захиргааны ерөнхий хуулийн 37.2-т заасан агуулгыг бол хангаж байгаа учраас энэ мэдэгдэл нь акт, захиргааны үйл ажиллагааг захиргааны актыг захиргааны үйл ажиллагааны хэлбэрээр гаргасан акт байна гэж үзэж байгаа.
    11. Тийм учраас энэ мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 гэсэн 3 үндэслэл заагаад илт хууль бус захиргааны актад тооцуулъя гэж байгаа юм. Яагаад илт хууль бус захиргааны актад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлоод байгаа вэ гэхээр 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай гэдэг үндэслэлд хамаарна гэж үзэж байгаа. Учир нь 04 дүгээр сарын        08-ны өдөр А/173 гэсэн захирамж гаргачхаад мөн өдрөө энэ захирамжийг үндэслээд мэдэгдэл өгч байгаа нь Газрын тухай хуулийн 57, 55 дугаар зүйлүүдийг зөрчиж байна. 2 дугаарт энэ мэдэгдэл өгөөд байгаа нь энэ 3 гараашны эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байгаа хэлбэр байна. Энэ агуулгын хүрээнд 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай гэдэг үндэслэлд хамаарна гэж үзэж байна. Учир нь өмнө нь яг энэ асуудлаар захирамж гаргасан, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байхад дахиад захирамж гаргаж ирж байгаа нь утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх үндэслэлд хамаарч байна.
    12. 2 дугаарт 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Үүнийг нэмж тайлбарлахгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй А/243 дугаар захирамжийг шүүх шийдсэн энэ тохиолдолд дахин А/173 дугаар захирамжийг гаргах хэрэгцээ шаардлага байхгүй байсан. А/273 дугаар захирамжийг гаргачхаад тэрийгээ үндэслээд мэдэгдэл өгөх хэрэгцээ шаардлага байхгүй байсан. Энэ агуулга өөрөө энэ 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр үндэслэл бүхий байгаа гэсэн зарчимтай нийцэхгүй байгаа. Тийм учраас 47.1.6-д заасан үндэслэлд хамаарч байна гэж үзэж байгаа. Мөн 47.1.7-д заасан үндэслэлийг бид бас зааж байгаа. Энэ бол түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, мөн А/243 дугаар захирамжийг үндэслэл бүхий болчихсон байна гэж дүгнээд байхад үл тоож дахин шинээр захиргааны акт гаргаж байгаа.
    13. Тэгээд А/173 дугаар захирамжаар харамсалтай нь газар чөлөөлөөд гараашийг албадан буулгаад яваад байгаа үр дагавар үүсгээд байгаа. Гэтэл энд шүүх шийдчихээд байхад энэ шүүхийн шийдвэрийг биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг хариуцагч захиргааны байгууллага өөрөө бий болгочихсон. Энд өөрөө буруутай нэхэмжлэгчийг буруутгахгүй. Энэ 3 үндэслэлээр энэ мэдэгдлийг захиргааны актыг захиргааны үйл ажиллагаа хэлбэрээр гаргасан. Ингэхдээ мөн энэ 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасан 3 үндэслэл заагаад энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зарчмыг зөрчсөн байна. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106.3.2-т зааснаар илт хууль бус актад тооцож өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
    14. За эцэст нь нэхэмжлэгч иргэд өнөөдөр яагаад энд нэхэмжлэл гаргаад яваад байгаа юм бэ? Яагаад энэ хүсэлт саналаа удаа дараа шүүхэд гаргаад байгаа юм бэ? Энэ дээр бол шүүх сая хүсэлт шийдвэрлэхтэй холбоотой бараг нөхцөл байдлыг бол тодорхой хэлчихлээ гэж ойлгосон. Өнөөдөр бид А/173 гэсэн акттай маргаж байгаа ба энэ акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан, сонсох ажиллагааг бид хийсэн, мэдэгдсэн, эрхээр нь хангасан, оролцоогоор нь хангасан, нөхцөл байдлыг нь үнэлээд энэ шийдвэрийг гаргасан гэдэг нөхцөл байдлыг хариуцагч захиргааны байгууллага өөрөө шүүх дээр бас давхар нотлох үүрэгтэй. Энэ хавтаст хэргийн материалыг уншихаар А/173 дугаар захирамжийг гаргах болсон бодит хэрэгцээ шаардлага, үндэслэл нь юу байсан юм, яагаад энэ захирамжаар энэ авто гараашнуудыг чөлөөлөөд байгаа юм, чөлөөлөхтэй холбогдуулаад энэ хүмүүст яаж мэдэгдээд байгаа юм бэ гэдэг энэ нөхцөл байдал, үйл баримтыг шийдвэр гаргах болгосон үндэслэлээ хариуцагч захиргааны байгууллага нотлоогүй.
    15. Харин харамсалтай нь нэхэмжлэгч энэ 3 иргэн бол өмнөөс нь нотлох гэж оролдоод хүсэлт гаргаад яваад байгаа. Би энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 3, 4 дэх удаагийнхаа хуралд оролцож байна. Энэ нөхцөл байдлыг би анзаарсан. Тэгээд энэ байдлыг шүүх онцгой анхаарч үзээсэй гэдгийг би эцэст нь нэмж хэлэх гэж байна. За дээрээс нь энэ Иргэний хуульд зааснаар газар эзэмших хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй ч гэсэн тухайн газар дээр хөрөнгө бий болгоод 2009 оноос хойш тухайн хөрөнгөө гараашных нь зориулалтаар эзэмшээд ашиглаад явж байсан. Энэ 3 иргэний эрх ашиг сонирхлыг захиргааны байгууллага хөндөж болохгүй. Хөндөж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасан зарчмыг бас давхар зөрчсөн байна. Үүнийг шүүх шийдвэр гаргахдаа онцгой анхаарч үзээсэй гэж гэж хүсэж байна” гэв.

Хоёр. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны актын эрх зүйн үндэслэлийн тухайд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “газрыг энэ хуульд заасны дагуу зориулалтын хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3 “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4 “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа иргэдийг газар эзэмшихэд хориглоно”, 4 дүгээр зүйлийн 4.1.2 “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 20 дугаар зүйлийн 20.2 “дүүргийн Засаг дарга нь газар эзэмшигч, ашиглагчаас газар түүний баялаг, хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй”,

2.2. 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Газрыг эзэмших ашигт хугацаа дууссан, гэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь заасан хугацаанд багтааж газрыг чөлөөлөх үүрэгтэй”, 57 дугаар зүйлийн 57.3 “зохих зөвшөөрөлгүй газар дээр барилга байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4 “мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан болон мөн холбогдох заалтыг гэм буруутай этгээдээс заасны дагуу Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн газар зохион байгуулах 2023 оны төлөвлөгөө, мөн 2024 оны төлөвлөгөөг тус тус одоо зааж тухайн захирамж гарсан байдаг.

2.3. Нэхэмжлэлийн маргааны тухайд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* болон ******* дүгээр байран дунд байрлах газрын зөвшөөрөлгүй, 3 ширхэг тоосгон гарааш байсан нь газар эзэмших эрхийн гэрээний болон үндсэн эрхийн гэрчилгээ эзэмшдэггүй. Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөх мэдэгдлийг өгсөн боловч мэдэгдэлд заасан хугацаанд чөлөөлөөгүй байдаг. Тухайн захирамжид хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулиар олгогдсон эрхийн хүрээнд захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.3-т тухайн захиргааны акт өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан тохиолдолд захиргааны акт болно. 47.1.6 “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй бол ил хууль бус захиргааны акт болно”, 47.1.7 “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй бол илт хууль бус захиргааны акт болно гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл байхгүй болно.

2.4. Төлөвлөлтийн тухайд тухайн захиргааны акт нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр А/173, мөн өмнө нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А/243 дугаартай захирамжууд гарч байсан. Анх 243 захиргааны акт гаргаснаар тухайн ондоо маргаантай байсан шүүхэд маргаад 3 шатны шүүхийн шийдвэрийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэгдсэн. Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байсан тухайд нэхэмжлэгч Н.Б*******, Ч.М*******, Б.Цээхээ нар маргаантай газар эзэмших ашиглах хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад болон гаргаж байгаагүй, газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, харин Газрын тухай хууль зөрчиж газар ашиглаж байсан бөгөөд газрын төлбөрийг төлж бол байгаагүй.

2.5. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийсэн талаар Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн газрыг зохион байгуулах төлөвлөгөө 2023 оных нь болон 2024 оны төлөвлөгөөнд заасны дагуу тухайн газрын зөрчлийг арилгахаар газрын чөлөөлөх мэдэгдлийг тухайн гараашид нааж мэдэгдэж байсан. Сонсох ажиллагааны дагуу одоо нэхэмжлэгч иргэдээс өргөдөл, гомдол гаргасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу судалж үзээд уг хүсэлтийг шийдэх боломжгүй талаар мөн хариу өгсөн байна.

2.6. Нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй тухайд нэхэмжлэгч Н.Б*******, Ч.М*******, Б.Цээхээ нар нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан, тухайн маргаан бүхий гараашийг эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөхийн гэрчилгээ болон газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл зэрэг зүйлс байхгүй. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эзэмшил газарт бас харьяалагддаггүй. Иймд нийтийн эзэмшлийн зам, талбайд байсан 7 гарааш байгаа. Гараашны тоог хэрэгт нотлох баримтаар авагдсан Геодези, зураг зүйн ерөнхий газрын сансрын зургаас давхар гараашны тоог баталгаажуулж өгсөн байгаа.

2.7. Шинэ захиргааны акт гаргасан тухайд тухайн маргаан бүхий газар нь ижил байгаа. Тэгээд 2023 ондоо тухайн газрыг чөлөөлж, шүүхийн маргаантай  асуудлаас болж зогсож чөлөөлөөгүй, 2024 онд шүүхийн шийдвэр гарсан. Дээд шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ШХТ2024/0138 дугаар тогтоолоор гараашны маргаан шийдвэрлэгдсэн. Тэрний дагуу маргаан нь жил дамнаад газрын төлөвлөгөө нь дахин жилээр сунгагдаж байгаа учраас дахин шинээр захиргааны акт гаргаж, үүн дээр газрын төлөвлөгөө дахин шинээр хөтөлж оруулаад, тэгээд батлагдсан төсвийн хүрээнд тухайн газрыг буулгасан. Тухайн газрыг буулгах ажиллагаа нь төсөв мөнгө шаардлагатай. Мөн тохижилт хийх шаардлагатай байсан учраас тухайн захирамжид тусгаж гаргасан байгаа” гэв.

2.8. Хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын дагуу 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Тухайн баталсан төлөвлөгөөний дагуу гарааш буюу Баянголын 33 дугаар хороонд тухайн 7 гараашийг буулгах, газрын зөрчил арилгах тохижилтын ажил хийгдэхээр тусгагдсан. Тэгээд тухайн 2024 ондоо чөлөөлөх ажиллагаа хийгдсэн. 2023 онд тухайн гараашийг буулгах ажиллагаа шүүхийн маргаантай байж байгаад А/173 тоот захирамж гарч 2024 онд буугдсан.

2.9. А/173 тоот захирамж яагаад дахин гарсан бэ гэхээр 2023 онд гарсан А/243 дугаар захирамж нь тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газар чөлөөлөх ажиллагаа хийгдэхээр захиргааны акт гарсан боловч шүүхэд маргаантай байсан учраас газар чөлөөлөх ажил хийгдээгүй. 2023 оны зохион байгуулалтын төлөвлөгөөнд мөн дахиж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол баталж газрын зөрчил арилгах тохижилтын ажил хийгдэхээр дахин төлөвлөгдсөн шалтгаан нь болохоор гүйцэтгэгч компани нь тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсанаар төсөв мөнгө олгогдож орж ирдэг.

2.10. Гэрээг байгуулахад тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд мөн заавал тусгасан байх ёстой байдаг учраас А/173 дугаар захирамж дахин гарсан. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагч маань оичж уулзсан байсан. Тухайн үед буулгахдаа А/173 дугаар захирамжийг нь өөрсдөд нь гардуулж, өөрөө мэдэгдэх хуудсаа гардуулаад тэгээд гарын үсэг зуруулаад, тэгээд 7 хоног өгье гэсэн, 7 хоногийн дараа мөн дахиж очсон. Тухайн 7 хоногийн хугацаанд санал гомдлыг өгсний дагуу бас хариу тайлбар өгсөн байсан. Манайхаас Баянгол дүүрэг болон Тамгын газраас тэгээд ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй учраас сонсох ажиллагаа бол бүрэн хийгдсэн гэж үзэж байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Тогтоогдсон үйл баримтын тухайд:

    1. Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/243 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, ******* дугаар байр болон ******* дүгээр байрны дунд байрлах 7 гараашийг 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор газар чөлөөлөхийг Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 33/04 дугаартай мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн.
    2. Дээрх Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/243 дугаар захирамжийг нэхэмжлэгч нараас эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба уг захиргааны хэрэг нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0017 дугаар шийдвэр(Хавтаст хэрэг 1-ийн 163 дахь талд)-ээр нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2024/0153 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
    3. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 23 дугаар “Дүүргийн Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөг батлах тухай” тогтоол(Хавтаст хэрэг 2-ын 189 дэх талд)-ын 44 дэх хэсэг(Хавтаст хэрэг 2-ын 194 дэх талд)-т Баянгол дүүргийн 33 дугаар хорооны ******* дугаар байрны зүүн талд байрлах 7 гараашийг тохижилт, бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж, ажлыг гүйцэтгэх асуудлыг дүүргийн Засаг даргад үүрэг болгосон.
    4. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Газрын зөрчил арилгах тухай арга хэмжээний тухай” А/227 дугаартай захирамж(Хавтаст хэрэг 2-ын 156 дахь талд)-аар “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 122 дугаар тогтоол, 2020 оны 02/09 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 9.4.2-т заасныг тус тус үндэслэн Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөвшөөрөлгүй болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашаа, хайс, гарааш, хаалтыг чөлөөлөх ...”-өөр шийдвэрлэсэн.
    5. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаартай захирамжийг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаартай захирамж(Хавтаст хэрэг 2-ын 195 дахь талд)-аар нэхэмжлэгч нарын гараашийг 2024 онд албадан буулгаж, газрын зөрчлийг арилгаж, газар чөлөөлөхөөр шийдвэрлэж, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 33/23 дугаартай газар чөлөөлөх мэдэгдэл(Хавтаст хэрэг 2-ын 195 дахь талд)-ийг өгсөн.
    6. Үүнийг эс зөвшөөрч 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч нараас Баянгол дүүргийн Засаг даргад Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар(Хавтаст хэрэг 1-ийн 31 дэх талд), 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Нийслэлийн Засаг даргад хандан тус тус(Хавтаст хэрэг 1-ийн 32 дахь талд) гомдол гаргасан ба Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 05/279 тоот албан бичгээр “...дээрх нэгж талбарын кадастрын зурагт гарааш байсан хэсэг нь давхцахгүй бөгөөд тус Сууц өмчлөгчдийн холбооны ашиглаж буй газарт хамаарахгүй нийтийн эзэмшлийн талбай” гэж тодорхойлсон.
    7. Нэхэмжлэгч Н.Б*******, Ч.М******* нар Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргасан ба уг гомдлын дагуу 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаартай дүгнэлт(Хавтаст хэрэг 1-ийн 42 дахь талд)-ээр “... “Х*******” СӨХ-ны эдэлбэр газарт гомдолд дурдсан 7 гарааш нь байрлаагүй, нийтийн эзэмшлийн зам талбай дээр байрласан, ... тоосгон гараашнуудын газрыг чөлөөлж тохижилт, бүтээн байгуулалт хийх ажилд тусгагдсан байх бөгөөд тус дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/243 дугаар захирамжаар албадан чөлөөлөгдөхөөр төлөвлөгөөнд тусгагдсан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус асуудлаар маргаж байсан тул тухайн онд газар чөлөөлөгдөөгүй...” гэх дүгнэлт гаргаж, гомдлын шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
    8. Маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжийн хавсралтын 43 дэх хэсэгт тус дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* дугаар байрны зүүн талд байрлах 7 гараашийг албадан буулгаж, газар чөлөөлөхөөр тусгасан байна. Уг гарааш байрлах хаягийн тухайд тус хорооны ******* болон ******* дүгээр байрны дунд байрлах ба ******* дүгээр байр нь зочид буудлын зориулалттай 33 дугаар хороо/хуучнаар 17 дугаар хороо/-нд байрлах 4 дүгээр хороолол, Жалханц Хутагт Дамдинбазарын гудамжинд байрлалтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон(Хавтаст хэрэг 2-ын 174 дэх талд).
  1. Хэргийн оролцогч нарын үндэслэл товчоор:
    1. Нэхэмжлэгч нараас “...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан чөлөөлөх, гарааш буулгах ажиллагаа хийхгүйгээр дахин 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр А/173 дугаар захирамж гаргасан нь хууль зөрчсөн, нэг асуудлаар 2 удаа захирамж гаргах хэрэгцээ шаардлага байгаагүй, А/173 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй” гэж,
    2. Хариуцагчаас “...нэхэмжлэгч нар нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй, нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, 2023 онд тухайн газрыг шүүхийн маргаантай байсан тул чөлөөлөлгүй 2024 онд шүүхийн шийдвэр гарсантай холбоотой дахин шинэ акт гаргаж, газрын төлөвлөгөөндөө тусгаж, 2024 оны төсөвт тусгуулсны дагуу гараашийг буулгасан нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчөөгүй...” гэж тус тус тайлбарлан маргасан.

Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

  1. Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаартай “Газрын зөрчил арилгах тухай” захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
  2. Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаартай “Газрын зөрчил арилгах тухай” захирамжийн 1 дэх заалтаар дүүргийн нутаг дэвсгэрт Улс нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажил, авто зам, гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилгын хүрээнд зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашуудыг чөлөөлж зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг баталсан бөгөөд хавсралтын 43 дугаарт 33 дугаар хороо, ******* дугаар байр, ******* дүгээр байрны дунд байрлах 7 ширхэг нэхэмжлэгч нарын гарааш багтсан байна.
  3. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-т “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 57 дугаар зүйлийн 57.1-т “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина”, 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус зохицуулсан байна.
  4. Нэхэмжлэгч нараас Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/243 дугаар “Газар чөлөөлөх тухай” захирамжийг биелүүлэх тухай хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад дахин Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаартай “Газрын зөрчил арилгах тухай” захирамжийг гаргах хэрэгцээ, шаардлага байгаагүй, уг захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч нарын оролцоог хангах эрхийг зөрчсөн, мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй гэж үзэв.
  5. Учир нь дээр дурдсан Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д дүүргийн Засаг дарга нь газрын харилцааны талаар хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд 21.5.3-т дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхтэй гэж тус тус заасан байна. Энэ нь дүүргийн Засаг дарга нь тухайн жилийн төсөв, төлөвлөгөөнд тусгагдсан газар чөлөөлөх ажиллагааг бодитой хэрэгжүүлэхийн тулд зохих захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлтэйг илэрхийлж байна.
  6. Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг зөвхөн эрхийн гэрчилгээгээр, хуульд заасан зориулалт, хугацаа, болзлоор эзэмшүүлнэ гэж, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглоно гэж хуульчилсан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий 7 гарааш нь нэхэмжлэгч нарын эзэмшлийн газарт бус, нийтийн эзэмшлийн зам, талбайд байрласан, мөн нэхэмжлэгч нарт тухайн газрыг эзэмших, ашиглах хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ олгогдоогүй болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нарын зүгээс уг газрыг эзэмших, ашиглах хууль ёсны эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй, үүнийг өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэсэн учир дахин дэлгэрэнгүй дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
  7. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах, газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүүргийн Засаг дарга хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина гэж, 57.3-т зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр дур мэдэн эзэмшсэн бол уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж, 57.4-т мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол албадан чөлөөлөх арга хэмжээ авна гэж тус тус заасан байна. Эдгээр зохицуулалтаас үзвэл нийтийн эзэмшлийн газрыг дур мэдэн эзэмшсэн зөрчлийг арилгах нь дүүргийн Засаг даргын хуульд заасан зайлшгүй чиг үүрэг байна.
  8. Нэхэмжлэгч нараас өмнөх тус дүүргийн Засаг даргын 2023 оны А/243 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргасан боловч уг маргаан нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2024/0153 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэгдэж, тухайн захирамж хууль ёсны болох нь тогтоогдсон байна. Гэвч шүүхийн маргаан үргэлжилсэнтэй холбоотойгоор уг захирамжийн хэрэгжилт 2023 оны төсвийн жилд багтаан хэрэгжээгүй, газар чөлөөлөхтэй холбоотой батлагдсан төсөв тухайн жилдээ зарцуулагдаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
  9. Үүнээс үзэхэд 2024 оны төсвийн жилд газар чөлөөлөх ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд холбогдох санхүүжилтийг дахин батлуулах, дүүргийн газар зохион байгуулалтын ажлын төлөвлөгөөнд тусгах, мөн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаартай захирамжийн хэрэгжилтийг хангах бодит, эрх зүйн шаардлага үүссэн байх тул Баянгол дүүргийн Засаг дарга нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаартай “Газрын зөрчил арилгах тухай” захирамжийг гаргасан нь өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үл хэрэгссэн буюу давтан шийдсэн асуудал бус, харин хуульд заасан бүрэн эрх, үүргээ хэрэгжүүлсэн захиргааны арга хэмжээ гэж үзэх үндэслэлтэй байна.
  10. Харин хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь маргаан бүхий захиргааны актын хэрэгжилтийг хангахдаа сонсох ажиллагаа явуулаагүй гэх нэхэмжлэгч нарын тайлбарын тухайд, хариуцагчаас “Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/243 дугаар “Газар чөлөөлөх тухай” захирамжийн дагуу зөвшөөрөлгүй баригдсан гараашийг буулгаж, газар чөлөөлөх талаар 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр болон 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн” гэж тайлбарласан
  11. Хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь маргаан бүхий захирамжийн хэрэгжилтийг хангахдаа нэхэмжлэгч нарт мэдэгдэх, оролцоог нь хангах, хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Гэвч нэхэмжлэгч нарын эзэмшиж буй гарааш нь нийтийн эзэмшлийн зам, талбайд байрлаж, хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, зөвшөөрөлгүй баригдсан байсан тул уг захиргааны акт нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, газар ашиглалтыг сайжруулах, авто зам, гудамж, талбайн тохижилтыг зохион байгуулах зэрэг хуульд заасан үүргийг хэрэгжүүлэх зорилготой учир уг үндэслэлээр эдгээр зорилгыг үгүйсгэж шүүхээс хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.
  12. Иймд дээрх нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримт болон холбогдох хууль тогтоомжийн заалтуудыг харгалзан үзэхэд Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаартай “Газрын зөрчил арилгах тухай” захирамж нь хуульд нийцсэн, эрх хэмжээний хүрээнд гаргасан захиргааны акт байх тул уг захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэх нь зүйтэй байна.
  13. Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 33/23 дугаартай газар чөлөөлөх мэдэгдлийг илт хууль бус захиргааны актад тооцуулах шаардлагын тухайд:
  14.  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу захиргааны актын 6 шинжийг хуульчилсан ба дээрх газар чөлөөлөх тухай мэдэгдэл нь захиргааны актын үндсэн 6 шинжийг агуулаагүй, мэдэгдлийн шинжтэй, шууд үр дагавар үүсгээгүй мэдээлэл дамжуулсан байна гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасныг баримтлан Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 33/23 дугаартай газар чөлөөлөх мэдэгдлийг илт хууль бус захиргааны актад тооцуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  15. Учир нь тухайн мэдэгдлийн тухайд хэнд хандсан нь тодорхойгүй, нэхэмжлэгч нарын нэр хаяг тодорхойгүй, агуулгын хувьд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх тухай байгаа гэж  талуудаас тайлбарлах боловч хэрэгт нотлох баримтаар авах боломжгүй, хариуцагчаас болон нэхэмжлэгчээс гарган өгөх боломжгүй байгаа энэ тохиолдолд түүнийг шүүхээс захиргааны акт гэж үзэн илт хууль бусын шинжийг агуулсан эсэхийг дүгнэн шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.
  16. Энэхүү шийдвэр нь маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаартай захирамжийг хэрэгжүүлэх явцад нэхэмжлэгч нарт хууль зөрчиж, хохирол учруулсан эсэхийг тодорхойлох, учирсан хохирлыг нөхөн шаардах эрхэд ямар нэг саад болохгүйг тэмдэглэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.1. 57.3, 57.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаартай “Газрын зөрчил арилгах тухай” захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 33/23 дугаартай газар чөлөөлөх мэдэгдлийг илт хууль бус захиргааны актад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  4. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.МӨНХ-ӨЛЗИЙ