Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 211/МА2022/00002

 

 

                                        Т.З-ийн нэхэмжлэлтэй иргэний 
                                                        хэргийн тухай


            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч Д.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 
2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 129/ШШ2021/00533 дугаартай шийдвэртэй
Т.З-ийн нэхэмжлэлтэй
Э.М-д холбогдох
12.568.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
хариуцагч Э.М-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Э.М, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.М нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас учирсан хохирол 12.568.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд:
1. Э.М нь 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 1.600.000 төгрөгийг 02 сарын хугацаатай сард 07  хувийн хүүтэй зээлсэн боловч уг мөнгөө өгч чадахгүй хугацаа сунгаж явсаар 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаа сунгасан. 1.600.000 төгрөгийн хүү 1 сард 112.000 төгрөг бөгөөд үүний хүүг төлж байгаагүй 12 сараар бодоход 1.344.000 төгрөг болох бөгөөд үндсэн мөнгө 1.600.000 төгрөгтэй нийлээд нийт 2.944.000 төгрөг болж байна. Үндсэн мөнгө 1.600.000 төгрөг хүү 1.344.000 нийт 2.944.000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 1.472.000 төгрөгийг гэрээнд заасны дагуу алданги болгож нэхэмжилж нийтдээ 4.416.000 төгрөгийг,
 2. Мөн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 600.000 төгрөгийг 2 сарын хугацаатай сард 7 хувийн хүүтэй зээлсэн ч хугацаандаа мөнгөө өгч чадахгүй байсаар 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сунгасан. 600.000 төгрөгийн хүү 1 сард 42.000 төгрөг үүний хүү өгч байгаагүй 9 сараар бодоход 378.000 төгрөг болох бөгөөд үндсэн мөнгө 600.000 төгрөгтэй нийлээд нийт 978.000 төгрөг болж байна. Үүний алданги болох 189.000 төгрөгийг гэрээнд заасны дагуу алданги болгон нэхэмжилж нийтдээ 1.167.000 төгрөгийг, 
3. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 400.000 төгрөгийг 2 сарын хугацаатай сард 7 хувийн хүүтэй зээлсэн ч хугацаандаа мөнгөө өгч чадахгүй байсаар 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. 400.000 төгрөгийн хүү 1 сард 28.000 төгрөг, үүнийг хүү төлж байгаагүй 6 сараар бодоход 168.000 төгрөгийн хүү болох бөгөөд үндсэн мөнгө 400.000 төгрөгтэй нийлээд нийт 568.000 төгрөг болж байна. Үүний алданги болох 284.000 төгрөгийг гэрээнд заасны дагуу алданги болгож нэхэмжилж нийтдээ 852.000 төгрөгийг, 
4. Мөн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1.200.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлсэн боловч хугацаандаа өгөөгүй тул 1.200.000 төгрөгийн 1 сарын хүү 84.000 төгрөг нийт 4 сарын хүү 336.000 төгрөгийн хүү, үндсэн мөнгө болох 1.200.000 төгрөг нийт 1.536.000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 768.000 төгрөгийг гэрээний дагуу алдангиар бодож нийтдээ 2.304.000 төгрөгийг, 
5. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 1 сард 7 хувийн хүүтэй зээлсэн боловч хугацаандаа мөнгөө өгч чадалгүй 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгасан. 1.000.000 төгрөгийн 1 сарын хүү 70.000 төгрөг, хүү төлж байгаагүй 04 сараар бодоход нийт 280.000 төгрөг үндсэн мөнгөтэйгөө нийт 1.280.000 төгрөг үүний алданги 640.000 төгрөг нийтдээ 1.920.000 төгрөгийг, 
6. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.700.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 1 сард 7 хувийн хүүтэй зээлсэн ч хугацаандаа өгч чадалгүй 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааг сунгасан. 1.700.000 төгрөгийн 1 сарын хүү 119.000 төгрөг нийт 4 сарын хүү 476.000 төгрөг үндсэн мөнгөтэйгөө нийт 2.176.000 төгрөг үүнээс алданги 1.088.000 төгрөг нийтдээ 3.264.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа. Миний байгуулсан гэрээ тус бүрд алданги нэхэмжлэх заалт байгаа болно. 
Ингээд нийтдээ 13.923.000 төгрөгөөс М-ын өгсөн хүү болон үндсэн мөнгө нийт 1.355.000 төгрөгийг хасаад нийтдээ 12.568.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч миний бие Т.Згийн гаргасан 6 удаагийн гэрээгээр нэхэмжилсэн 12.568.000 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Үүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. 
1. Миний бие 2010 оны 05 дугаар сарын 27-нд 1.700.000 төгрөгийг авсан нь үнэн. Уг мөнгийг аваад сар бүр хүү болох 119.000 төгрөгийг 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл өгч байсан. Хүү төлж байсан хугацаагаар бодоход 27х119000=3.213.000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 27-нд хүү болох 119.000 төгрөгөө өгөх гээд очихдоо үндсэн мөнгөнөөс 100.000 төгрөгийг өгч үндсэн зээлээс 1.600.000 төгрөг үлдсэн. Ингээд 1.600.000 төгрөгийн хүү болох 112.000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр өгч явж байсан. Энэ хугацаанд өгч байсан хүүг тооцвол 44х112000=4.928.000 төгрөг өгсөн. 2015 оны 05 дугаар сарын 27-нд хүүгээ өгөх гээд очихдоо одоо би энэ мөнгөний хүүг үнэндээ өгч чадахгүй ээ, тэгээд ч би өөрөө авч үрсэн мөнгө биш хүүг нь зогсоо гэсэн. Т.З юу ч дуугараагүй. Түүнээс хойш би Т.Зд боломжоороо бага багаар мөнгийг нь өгч байсан. Энэ мөнгийг миний хувьд Т.Зд өгч дуусгасан гэж бодож байна. 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 8.141.000 төгрөг түүнээс хойш 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 1.800.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 
2. 2015 оны 06 дугаар сарын 19-нд Т.Згээс миний бие 600.000 төгрөгийг аваагүй. 
3. 2014 оны 09 дүгээр сарын 30-нд Т.Згээс миний бие 400.000 төгрөгийг авсан. 2014 оны 09 дүгээр сарын 30-аас эхлэн 2 сарын хугацаатай авсан боловч 2 сарын дараа өгч чадаагүй сар бүр хүү болох 28.000 төгрөгийг өгч явсаар 2016 оны 03 дугаар сард 22 ширхэг 20 мянгатын дэвсгэрт бэлнээр нь авч ороод Шаргай төвийн ажлынх нь байранд оруулж өгсөн. Хажууд нь бэр болох дүү нь мөн цэцэрлэгийн багш Г байсан. Надад хариулт мөнгө 12.000 төгрөг өгөх гээд задгай 2000 төгрөг алга гэхээр нь би за яах вэ 10.000 төгрөгөө л өгчих гээд 10.000 төгрөгийн хариулт авсан. Гэрээгээ хаах уу гэсэн гэрээнүүдээ гэртээ орхичхож орон гэртээ хариад устгая гэж хэлсэн. Энэ мөнгөний хүү 18х28000=504.000 төгрөг өгсөн байна. 
4. 2014 оны 10 дугаар сарын 09-нд Т.Згээс миний бие 1.200.000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Хүүхдийн бие өвдөөд яаралтай эм тариа авах шаардлага гараад татварын хөнгөлөлтийн дэвтрээ барьцаанд тавиад мөнгө авсан. Энэ мөнгөний хүү болох 84.000 төгрөгийг сар бүр өгч байсан. 2015 оны татварын хөнгөлөлт ортол /06 сард/ хүү болох 8х84000=672.000 төгрөгийг бэлнээр өгч байсан. 6 дугаар сард татварын хөнгөлөлт оронгуут үндсэн мөнгөнөөс 600.000 төгрөгийг өгч 600.000 төгрөг үлдсэн. 2015 оны 07 дугаар сараас үлдсэн 600.000 төгрөгийн хүү болох 42.000 төгрөгийг сар бүр өгч явж байгаад 2016 оны 11 сараас хүүг нь өгч чадаагүй нь үнэн. 
5. 2014 оны 11 дүгээр сарын 21-нд 1.000.000 төгрөгийг Т.Згээс миний бие охиныхоо тэжээгчээ алдсаны 126.500 төгрөгийн дэвтэр болон виза картыг барьцаанд тавьж авсан нь үнэн. Энэ мөнгөний хүү болох 70.000 төгрөгийг миний охины виза картыг уншуулж авдаг байсан. Тухайн үед миний охин 126.500 төгрөг авдаг байсан. Энэ мөнгөнөөс нь хүүд нь 70.000 төгрөгийг нь аваад үлдсэн 56.500 төгрөгийг нь үндсэн мөнгөнөөс нь хасаж тооцдог байсан. 2015 оны 03 дугаар сард охиныхоо тэжээгчээ алдсаны мөнгийг халамж үйлчилгээний хэлтсийн даргаас өргөдөл бичиж гуйж байгаад 2015 оныг дуустал бөөнөөр нь авсан. Энэ авсан мөнгөө Т.Зд бэлнээр 600.000 төгрөгийг аваачиж өгсөн. 600.000 төгрөгийг бэлнээр өгөөд 230.500 төгрөг үлдсэн. 230.500 төгрөгийн хүү болох 16000 төгрөгийг 2016 оны 11 сарыг хүртэл өгч байсан. 2016 оны 12 дугаар сар, мөн 2017 оны 01 дүгээр сарын хүү өгч чадаагүй байж байгаад 2017 оны 02 дугаар сард хүүг бөөнөөр нь 32000 төгрөг өгсөн. 2017 оны 04 дүгээр сараас одоог хүртэл энэ мөнгөний хүүг өгч чадаагүй нь үнэн. 
6. 2015 оны 11 дүгээр сарын 25-нд 1.700.000 төгрөгийг Т.Згээс миний бие аваагүй нь үнэн. Эцэст нь хэлэхэд Т.З хүнд 01 жилийн дотор тэр тусмаа сар, сарын хугацаатай өмнөх мөнгөө болон өгсөн мөнгөнийхөө хүүг авч чадахгүй байж дахин дахин мөнгө өгөөд байх уу. Би үнэхээр гомдолтой байна. Намайг итгэл үнэмшилгүй гүжирдэж нэр төрийг минь унагааж байгаа. Миний бие нь Т.Зтэй 2013 оноос хойш хуурай эгч дүүс шиг байж гоо сайхны бүтээгдэхүүнийг нь хүртэл борлуулж, хамтарч ажиллаж, мөн олон хүнээс мөнгө авахад нь хүртэл тусалж дэмжиж хүмүүсээс авч чадахгүй байсан мөнгийг нь хүртэл авч өгч байсан удаа 2-3 удаа байгаа. Тийм ч учраас надад 2014 оны 10 дугаар сарын 09-нд 1.200.000 төгрөг, мөн 2014 оны 11 дүгээр сарын 21-нд 1.000.000 төгрөгийг зээлсэн байх гэж бодож байна. Би үнэхээр гомдолтой байна гэжээ.

Хариуцагч Э.М анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн анх авсан мөнгө бол Т.Зг холбоонд нягтлан байхад нь 2010 онд би ажлынхаа эгчид авч өгсөн мөнгө байсан. Тэрнээс хойш аваагүй байж байгаад хүүхдийн бие муудаад 1.000.000 төгрөг авч байсан. 1.000.000 төгрөг, 1.200.000 төгрөгийг надад ойрхон зээлсэн. 1.000.000 төгрөгөө төлөхдөө би татварынхаа дэвтрийг Т.Зд өгсөн. Сүүлийн гэрээний мөнгийг би огт аваагүй. Т.З нэг хүнд нэгээс илүү удаа мөнгө зээлдэггүй. Өмнөх зээлээ өгөхгүй байхад надад 6 удаа зээл өгнө гэдэг нь ямар ч үнэмшилгүй байгаа юм. Намайг хөдөө ажлаар явж байхад Т.З татварын хөнгөлөлт орсон байна гэхээр нь би “чиний данс руу чинь хийе гэхэд үгүй, бэлнээр авч өг” гээд би бэлнээр мөнгө өгч байсан. Зандансүрэнд би мөнгөнүүдээ өгчхөөд одоо гэрээгээ устгая гэхээр “би юмаа энд хийдэггүй, гэртээ хадгалдаг” гэдэг байсан. Т.З надад ерөөсөө байгуулсан гэрээгээ өгдөггүй байсан. 400.000 төгрөгийг би бэлнээр төлсөн. Тэгэхдээ н.Г-ийн хажууд мөнгө өгсөн. Энэ тухайгаа нэхэмжлэлийг авчхаад шүүхэд тайлбар гаргахдаа бичиж тайлбараа хотоос шуудангаар явуулж байсан юм.  Би хүнээс мөнгө авсан бол буцаагаад өгдөг. Нэг хэсэг хүүхэд өвдөөд мөнгөний хэрэг гарсан. Т.З яг мөнгөө өгөхдөө гэрээ хийдэггүй, дараа нь ажил дээр байж байхад яарсан сандарсан хүн машинтай ирээд, алив Мийгаа эгч гялс гарын үсгээ зураад өгчих гээд, учрыг нь ч олохгүй гэрээн дээр нь гарын үсгээ зурдаг байсан. Тухайн үед яараад зарим гэрээн дээр гарын үсэг зурсан байх магадлалтай. Би зээлж авсан мөнгөө хугацаанд нь хүүтэй нь төлж дуусгасан. Мөнгийг бэлнээр нь өгдөг байсан, мөнгө өгөхдөө гарын үсэг зуруулж авч байгаагүй. Намайг шүүхэд өгсний дараа би Т.Зд хоёулаа уулзъя гэхээр тэр надтай ерөөсөө уулзаагүй. Миний хувьд Т.Згээс 600.000 төгрөг авснаа санахгүй байна. Бас хамгийн сүүлд авсан гэх 1.700.000 төгрөгийг би Т.Згээс огт аваагүй.  1.600.000 төгрөг, 400.000 төгрөг, 1.200.000 төгрөг, 1.000.000 төгрөгийг зээлж авсан. 2015 оны 09 дүгээр сарын 30-нд авсан 400.000 төгрөгийг би өөрт нь оруулж өгснийг гэрч Ж.Ганчимэгээр гэрчлүүлсэн. 1.000.000 төгрөгийг манай хүүгийн бие муудахад охиныхоо тэжээгчээ алдсаны дэвтэр, тухайн үед Капитал банкны шар өнгөтэй картаа Т.Зд өөрт нь өгч байсан. Сүүлд нь мөнгөө төлж дуусгаад дэвтэр, картаа авъя гэхэд Т.З надад өгөөгүй. Дараагийн 1.200.000 төгрөгийг төлөөд дуусгасан. 1.600.000 төгрөгийг мөн төлж дуусгасан. Нэхэмжилсэн мөнгийг би хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 129/ШШ2021/00533 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Э.Маас 4.745.000 /дөрвөн сая долоон зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.823.000 /долоон сая найман зуун хорин гурван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216.038 /хоёр зуун арван зургаан мянга гучин найм/ төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Э.Маас 90.870 /ерэн мянга найман зуун дал/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зд олгож; Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх гардуулах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж; Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  
Хариуцагч Э.М-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 00533 дугаартай шийдвэрийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гардан аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Згээс хариуцагч Э.М намайг 6 удаагийн зээлийн гэрээгээр нийт 6.500.000 төгрөг зээлсэн байна гэж үзжээ. Миний хувьд 2015 онд авсан 1.600.000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн учраас энэ зээлийг төлөх үндэслэлгүй. Мөн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 600.000 төгрөгийн зээлийг аваагүй. 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 400.000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт төлсөн. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1.200.000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт төлсөн. 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1.000.000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт төлж барагдуулсан. 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1.700.000 төгрөгийн зээлийг аваагүй. Э.М би Т.Згээс авсан зээлийг хүүгийн хамт тухай бүрд нь төлсөөр байтал шүүх 4.745.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй байна гэжээ. 
ҮНДЭСЛЭХ нь:  
Хэргийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч Т.З нь хариуцагч Э.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.568.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч Э.Маас 4.745.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Зд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.823.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Талуудын хооронд зээлийн гэрээгээр Т.Згээс иргэн Э.Мд 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 1.600.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор, 
2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 600.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор, 
2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 400.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор, 
2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1.200.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор,
2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор,
2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.700.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тус тус бичгээр гэрээ байгуулсан байна. 

Зохигчийн хооронд байгуулагдсан зургаан удаагийн зээлийн гэрээний талаар анхан шатны шүүх нь зээлийн үйл ажиллагааг байнгын орлого олгох хэлбэрээр тогтмол эрхэлж байгаа этгээд зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байхаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т заасан бөгөөд нэхэмжлэгч Т.Зг зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийг зээлийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, нэхэмжлэгчийг зээлийн хүү болон алдангийг хариуцагчаас шаардах эрхгүй, харин талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцааж өгөх үүрэгтэй гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. 

Харин анхан шатны шүүх нь зохигчийн хооронд байгуулагдсан зургаан удаагийн зээлийн гэрээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч талуудын хооронд хэлцлээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцааж өгөх талаарх тооцооллыг буруу хийжээ. 

Учир нь хариуцагч Э.М нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 28.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 70.000 төгрөг, 21.000 төгрөг, 84.000 төгрөг, 100.000 төгрөг, 04 дүгээр сарын 28-ны өдөр 500.000 төгрөг, 05 дугаар сарын 14-ний өдөр 50.000 төгрөг, 09 дүгээр сарын 09-ний өдөр 40.000 төгрөг, 20.000 төгрөг, 09 дүгээр сарын 20-ны өдөр 11.000 төгрөг, 20.000 төгрөг, 20.000 төгрөг, 11 дүгээр сарын 03-ны өдөр 25.000 төгрөг, нийт 14 удаагийн үйлдлээр нэхэмжлэгч Т.Зд 1.489.000 төгрөг төлсөн болох тогтоогдож байна. /1-р хх-н 13-р хуудас/

Мөн хариуцагч Э.М нь 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 400.000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Зд төлсөн болох нь гэрч Ж.Г-ийн мэдүүлгээр тогтоогдсон. /3-р хх-н 13-14-р хуудас/

Нэхэмжлэгч Т.З нь хариуцагч Э.Мд 6 удаагийн зээлийн гэрээгээр нийт 6.500.000 төгрөг зээлдүүлсэн байна. 

Нэгэнт талуудын хооронд байгуулсан 6 удаагийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээ байгуулж шилжүүлсэн 6.500.000 төгрөгөөс хариуцагчийн буцаан төлсөн 1.889.000 /1.489.000+400.000=1.889.000/ төгрөгийг хасаж, үлдсэн 4.611.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Хэдийгээр хариуцагч Э.М нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 600.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.700.000 төгрөгийг нэхэмжлэгчээс аваагүй гэж тайлбар гаргаж байгаа боловч зээлийн гэрээг нэгээс гурван удаа сунгасан, сунгалт хэсэгт гарын үсэг зурсныг шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн гарын үсэг мөн болохыг тус тус тогтоосон нь нэхэмжлэгч хариуцагчид тухайн үед мөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас гаргуулахаар тогтоосон 4.745.000 төгрөгөөс тооцооллын зөрүү болох 134.000 төгрөгийг хасаж, үлдсэн 4.611.000 төгрөг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох, мөн улсын тэмдэгтийн хураамжийн “90.870 /ерэн мянга найман зуун дал/ гэснийг “88.726 /наян найман мянга долоон зуун хорин зургаа/” гэж тус тус шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 90.870 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнгийн хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 88.726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэгдэл 2.144 төгрөгийг хариуцагчид шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 129/ШШ2021/00533 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “4.745.000 /дөрвөн сая долоон зуун дөчин таван мянга” гэснийг “4.611.000 /дөрвөн сая зургаан зуун арван нэгэн мянга/ гэж, 2 дахь заалтын “90.870 /ерэн мянга найман зуун дал/ гэснийг “88.726 /наян найман мянга долоон зуун хорин зургаа/” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч Э.М-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 90.870 /ерэн мянга найман зуун дал/ төгрөгөөс 88.726 /наян найман мянга долоон зуун хорин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэгдэл 2.144 /хоёр мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөгийг хариуцагчид шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.              


                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                В.Ц

                            ШҮҮГЧИД                        Т.Д

Д.Б