| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/0055/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/058 |
| Огноо | 2018-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.С,
Орчуулагч Т.М
Улсын яллагч Х.Ө,
Хохирогч Р.Т,
Хохирогчийн өмгөөлөгч Х.З,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С,
Шүүгдэгч А.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-гээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 0000000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ш овгийн А-гийн И, 1977 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн А сумын бүрэн дунд сургуульд галчаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт тус аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ББ00000000
Шүүгдэгч А.И-гийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.И нь иргэн Р-гийн Т-ыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.И нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн А сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр бүрэн дунд сургуулийн байрны хашаан дотор Р-гийн Т-ыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Шүүгдэгч А.И-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Н суманд байдаг дүү Ж-гийн машин эвдэрсэн тул янзалж өгөхөөр яваад 12 дугаар сарын 19-ны өдөр гэртээ буцаж ирсэн. Би тухайн өдөр 16 цагийн үед гэртээ ирсэн. С гэдэг сургуульд ажилладаг хүн миний машины нэг түлхүүрийг авсан байсан. Би С-гаас түлхүүрээ авахаар мотоциклоор сургуулийн үүдэнд очсон. Намайг сургуулийн өмнө очиход бор өнгийн УАЗ-469 машин ирж зогссон. Тус машины хаалгыг онгойлгож үзэхэд ард М, туслах талд Т, жолооны ард Т сууж байсан. Би тэд нартай мэндлээд бүгдээрээ архи уусан. Нэг мэдэхэд нэлээн согтсон байсан. Маргааш сэрэхэд гэртээ байсан. Эхнэр “чи өчигдөр Т-ыг хутгалсан байна. Яаж байгаа юм бэ” гэж асуусан. Би юу болсныг сайн мэдээгүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би ч гэсэн хөнгөн гэмтэл авсан. 1 сар гаруй эмчилгээ хийлгэсэн. Мөрдөгч Н надад хохирогчийн хохирлын төлбөрт 4890366 төгрөг төл гэхээр нь төлсөн. Хохирогч Улаанбаатар хот явж эмчлүүлэхэд 2 хүн хамт явсан байна. Тэр 2 хүний орон байрны зардал 935000 төгрөг, хоол хүнсэнд 692674 төгрөгийн хохирол гарсан байна. Нийт 1624674 төгрөгийг нэмж төлж өгөөрэй гэж хэлсэн. Би бодит хохирлыг төлж өгсөн. Би 1624674 төгрөгийг төлөхгүй. Гэхдээ шүүхээс төл гэсэн шийдвэр гаргавал төлнө. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү. Би 4 өрөө байртай, 1 машин, 1 мотоциклтой. Би ажилтай, эхнэр сургуульд багш хийдэг. Надад торгуулийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна. ...Нт манай дүүгийн эвдэрсэн машиныг янзлах үед мах хэрчсэн хутгаа гутлынхаа түрийнд хийсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65, 170-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Хохирогч Р.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Урдаас А.И гарч ирээд надад юу ч хэлэлгүй, миний баруун талын гуяны ар хэсэгт хутгалж авсан. Тухайн үед би А.И-гийн гарт хутга байсныг хараагүй ба миний хажуу талаас ирээд миний гуя руу хутга зоох үед л мэдсэн. Тэгээд И миний гуя руу хутга зоогоод, буцаж сугалаад аваад, дахиад над руу хутга бариад дайрахаар нь би баруун гараараа А.И-гийн баруун гарт байсан хутгыг барьж авсан. Тэр үед миний баруун эрхий хурууны үед болон алганы хэсэг зүсэгдэж, цус гарсан. Тэгээд би А.И-гийн баруун гарыг мушгиж газарт унагааж авахад А.И надтай зууралдаад хутгаараа миний хэвлий хэсэг /хүйний доод хэсэгт/ нэг удаа зүсэж авсан. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалахаар А.И-гийн толгой, дух хэсэг рүү хоёр гараараа хэд хэдэн удаа цохиж авсан. Ойролцоогоор 3, 4 удаа байх. Тэгээд би А.И-г дээрээс нь дарж, хутга барьсан баруун гарыг нь мөн адил газарт тулгаж, дарж аваад туслаарай гэж хэд хэдэн удаа хашхирч, орилон тусламж дуудсан. Бид хоёр тэр газарт 30 минут гаруй ноцолдсон. Тэгээд байж байтал А гэх хүн хүрээд ирэхээр нь "намайг хутгалчихлаа, эмч дуудаарай" гэж хэлсэн. ...Т М нар ирсэн. Тухайн үед намайг машинд суулгаад аваад явсан ба А.И тухайн газар үлдсэн. А.И надаас уучлалт гуйсан. Надтай ирж уулзахад би түүнд эмчилгээний зардлыг төлж өг гэж хэлсэн. Зарим төлбөрийг төлж өгсөн. Үлдсэн төлбөрийг төлж өгөөгүй. Би эмнэлэгт явахдаа олон хүнээс зээл авсан. Би үлдсэн мөнгөө нэхэмжилж байна." гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч Ш.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М багшийн гэр лүү очихоор болж сургуулийн дотуур байрны хойд талаар яваад замдаа дотуур байрны бие засах газарт орохоор явж байтал дотуур байрны хойд буланд хоёр хүн хэвтэж байхыг хараад ойртож очиход нөгөө хоёр хүний нэг нь Т, нөгөө хүнийг нь сайн таниагүй юм. Тухайн үед Т газарт хэвтэж байсан хүний хажууд хагас хэвтсэн байдалтай зүүн тохойгоороо газарт тулаад баруун гараараа нөгөө хүний мөрнөөс барьсан байдалтай байсан. Тэр үед би гар чийдэнтэй явж байсан ба чийдэнг тусгахад Т намайг таниагүй ба би Т-гээс "Чамд юу болов, наанаа юу хийж байгаа вэ" гэж асуухад Т "Энэ хүн намайг хутгалчихлаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь Т-гээс "Наад хүн чинь хэн бэ" гэж асуухад надад "мэдэхгүй" гэж хэлсэн. Тэгэхээр нь "Аль газарт чинь хутгалав" гэж асуухад "Миний гуя руу хутгаллаа" гэж хэлэхээр нь чийдэнгийн гэрэл тусгаж харахад Т-гийн гараас цус гарч байсан ба баруун хөлний гуяны хавиар хүрэн улаан болж, өмднөөс нь цус нэвтэрч байх шиг харагдаж байсан. Харин би нөгөө хүнийг таниагүй. Учир нь нөгөө хүн хар өнгийн хувцастай доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд би тусламж дуудахаар эргэн тойрон луу гар чийдэнгээ тусгаад зогсож байтал Ж.М хүрээд ирэхээр нь “Энд Т-ыг нэг хүн хутгалсан байна. Нөгөөдөх нь хэн бэ” гэж асуухад М надад "И байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99-р хуудас/,
- Гэрч Ж.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд сургуулийн урд хаалганаас гараад Т-гийн машин руу очиж байхад А багш ирээд "Чи хэн бэ? тэнд хүн хутгалуулсан байна" гэж хэлсэн. Тухайн үед гадаа нийлэн харанхуй болчихсон байсан. Тэгэхээр нь би дотуур байрны буланд хоёр хүн хэвтэж байсан ба Т дээр нь гарч, дарж авсан байдалтай байсан. Доор нь И байсан. Т надад "Эмч дуудаарай" гэж хэлэхээр нь би сандраад эргэн тойронд харахад сумын төв замаар нэг мотоцикл явж байхаар нь орилоод зогсоож авсан. Тэр нь манай сумын 2 дугаар багийн иргэн Д.А байсан. Тэгээд би тэр хүний мотоциклын хойно суугаад шууд Б эмчийн гэр лүү очоод Б-ыг дундаа суулган хэрэг болсон газарт авчирсан. Тэгээд Т-д "Юу болов" гэж хэлэхэд "Намайг хутгалчихлаа" гэж хэлсэн. Тэгж байтал К.Т гарч ирээд "Хэн хутгалсан" гэж хэлэхэд Т "И хутгалчихлаа. Баруун гарт байгаа хутгыг аваарай" гэж хэлэхэд Т очоод И-гийн гарт байсан хутгыг цохиод газарт унагаах шиг болсон. Тэр үед бид нар Т-ыг өргөөд машинд суулгахад И газарт хөдөлгөөнгүй хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р хуудас/,
- Гэрч Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд би сургуулиас гарч байхад А багш надад "Дотуур байрны хажууд хүн хутгалуулсан шиг байна. Тэнд очоодох" гэхээр нь би гүйгээд дотуур байрны хажууд очиход М, эмч Б нар зогсож байсан. Газарт Т, И нар хэвтэж байсан. Т нь И-гийн дээр дарж авсан байдалтай И-гийн хоёр гарыг газарт тулгаж барьсан И доошоо харж хэвтсэн байдалтай харагдсан. Тухайн үед би нэлээд айж, сандарсан байсан. Мөн гадаа нийлэн харанхуй 18 цаг болж байсан байх. Тэгж байтал Т надад "И-гийн гарт хутга байгаа. Намайг хутгалчихлаа хутгыг нь аваарай" гэж хэлэхээр нь И-гийн баруун гарт байсан хутгыг гараараа цохиж унагаасан. Тэгээд Т-ыг босгоод өөрийнх нь машинд суулгаад би Т-гийн машиныг жолоодон Б эмч, М нарын хамт эмнэлэгт очсон. Бид нар машинтай хөдлөх үед И газарт хэвтэж байсан. Мөн хутга ч бас тэнд үлдсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81-р хуудас/,
- Гэрч Д.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Орой 18 цагийн үед гэр лүүгээ хөдөө гарахаар хөдлөөд явж байтал сумын төвд сургуулийн хавиар нэг эмэгтэй хүн орилж байсан. Би мотоциклтойгоо Хаан банкны хавьцаа ирэхэд М гэх хүн гүйж ирээд намайг зогсоосон. Тэгэхээр нь би зогсоод "Тэнд ямар эмэгтэй орилоод байна, юу болов" гэж асуухад М надад "А багш юм аа. И Т-ыг хутгалчихлаа. Т цус алдаад байна. Хурдан яваад эмч аваад ирье" гэж хэлэхээр нь М-ыг мотоциклынхоо хойно суулгаж аваад Б эмчийн гэрт очсон. Би Б эмчийн хашаанд мотоциклын хойно явсан тэжээлийг буулгах хүртэл М нь Б эмчийг гэрээс нь дагуулаад гараад ирсэн. Тэгээд тэр хоёрыг мотоциклдоо суулгаж аваад сургуулийн дотуур байрны хажууд очоод М, эмч Б хоёрыг буулгасан. Би М, Б хоёрыг буулгаж байгаад мотоциклынхоо гэрлийг газарт хэвтэж байсан хоёр хүн рүү тусгахад тэр хоёр хүний нэг нь Т, нөгөө нь И нар байсан. Т нь И-гийн дээр нь гарч дарж авсан байдалтай хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.И-гийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.И нь хохирогч Р.Т-ийг хутгалсны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Энэ нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Д-гийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 178 дугаартай: “...Р.Т-гийн биед баруун гуяны артерийн судасны жижиг салаа, хэвлий, баруун сарвууны 1-р хуруу, баруун гуянд хутгалагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэл Т-гийн үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-ийн 126-127-р хуудас/ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч А.И-гийн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.И-гийн бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Т-гийн эрүүл мэнд хөнгөн хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч А.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Р.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар хохирогч Р.Т болон түүний өмгөөлөгч Х.З нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Гэмт хэргийн улмаас нийт 6.526.050 /зургаан сая таван зуун хорин зургаан мянга тавь/ төгрөгийн хохирол, хор уршиг учирсан. Үүнээс шүүгдэгч А.И нь 4.890.376 /дөрвөн сая найман зуун ерэн мянга гурван зуун далан зургаа/ төгрөг төлсөн бөгөөд үлдсэн 1.627.674 /нэг сая зургаан зуун хорин долоон мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Шүүхээс дээрх нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг шинжлэн судлаад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт эмчилгээний зардал, шинжилгээний зардлын зарим хэсгийг, эм тарианы зардал, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн төлбөр, байрны зардал, онгоцны зардал, таксины хөлс, мал гэрээгээр харсны хөлс зэрэг нийт 5.095.676 /таван сая ерэн таван мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Дараах нийт 1.430.374 /нэг сая дөрвөн зуун гучин мянга гурван зуун далан дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
1. Өмгөөллийн хөлс 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг. Өмгөөллийн гэрээ нь төлбөрийн чадвартай иргэний хүсэл зоригийн дагуу байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ юм. Энэ нь уг гэмт хэрэгт шууд шалтгаант холбоогүй бөгөөд хохирогчийн өөрийн хүсэл зоригийн дагуу хийгдэж буй гэрээ юм.
2. “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт өгсөн шинжилгээний зардлын зарим хэсэг болох 237700 /хоёр зуун гучин долоон мянга долоон зуу/ төгрөг. “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт өгсөн шинжилгээнд 347922 дугаартай өвчтөний баримтад 370169 дугаартай өвчтөний төлбөрийн 237700 /хоёр зуун далан долоон мянга/ төгрөгийн баримт байх бөгөөд үүнийг үнэлэх боломжгүй байна.
3. Хоол, хүнсний зардал 592674 /таван зуун ерэн хоёр мянга далан дөрөв/ төгрөг. Хоол, хүнсний зардлын баримтанд ихэвчлэн алим жимс, ундаа, жүүс, тараг, бохь, сормуусны будаг, өө дарагч, хуурай ингэсэг, чихэвч зэрэг зүйлүүд байх бөгөөд үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт зайлшгүй шаардлагатай зүйл биш гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан дээрх хохирлоос шүүгдэгч А.И нь мөрдөн байцаалтын шатанд 4.890.376 /дөрвөн сая найман зуун ерэн мянга гурван зуун далан зургаа/ төгрөг төлсөн болох нь хохирогч Р.Т, түүний өмгөөлөгч Х.З, шүүгдэгч А.И нарын мэдүүлэг болон шүүгдэгч А.И-гаас прокурорын дансанд хохирлын мөнгө тушаасан баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүхээс хангаж шийдвэрлэсэн 5.095.676 /таван сая ерэн таван мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгөөс шүүгдэгч А.И-гийн төлсөн 4.890.376 /дөрвөн сая найман зуун ерэн мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг хасахад 205300 /хоёр зуун таван мянга гурван зуу/ төгрөгийн хохирлын зөрүү гарч байна. Үүнийг шүүгдэгч А.И-гаас гаргуулж хохирогч Р.Т-д олгох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг нөхөн төлж, шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч А.И-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлээс торгох ялыг сонгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулах торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.И нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгчийн А.И-гийн эд хөрөнгөнөөс 1 дөнөн гүү, 1 гунан адууг битүүмжилсэн бөгөөд уг тогтоолыг шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн даавуун материалтай 2 төмрөн кноптой хувцасны урагдал хэсэг 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон гэх хэсэг шороо зэргийг устгаж, хохирогч Р.Т-гийн өмсөж явсан цагаан саарал өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн подволк 1 ширхэг, цэнхэр өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар хөх өнгийн цагаан канттай биеийн тамирын өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн ноосон оймс 2 ширхэг, шүүгдэгч А.И-гийн өмсөж явсан хар өнгийн хүрэм 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг зэргийг тус тус өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.И-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.Д