Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/692

 

 

 

 

        

 

        2024           06            18                                      2024/ДШМ/692

 

 

Ч.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө  даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Оргилбаяр,  

хохирогч Л.Г, түүний өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/365 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Гын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Эд холбогдох 2409002290146 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч Ч.Энь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түр саатуулах 9” журмын хашаанд үл ялих зүйлээр шалтгаалан Л.Гыг цохиж биед нь баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ч.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хохирогч Л.Г нь цаашид гарах эмчиглгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Энь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Хохирогч Л.Г давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Ч.Эд торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй ба надад учирсан хор уршиг арилаагүй тул ялыг өөрчилж зорчих эрх хязгаарлах ялаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие одоог хүртэл эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд үүнээс үүдэж сэтгэл санаагаар унаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай журам, хүснэгт батлагдсан байна. Үүнд “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ. Анхан шатны шүүх дээр миний бие сэтгэл санааны хохирлын талаар хүсэлт гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгийн үед шүүхээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ гэсэн боловч сэтгэл санааны хохирол гаргуулах асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Л.Гын өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Л.Гын сэтгэл санааны хохиролтой холбоотойгоор дүгнэлт хийгээгүй, иргэний журмаар нэхэмжлэх асуудлыг дурдсан. Энэ нь нөхөн гүйцэтгэх боломжгүй асуудал байгаа. Хохирогчид хөнгөн гэмтэл учирсантай холбоотой “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар 2 дугаар зэрэглэлээр тогтоох байсан боловч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгахыг зөвшөөрсөн талаар ямар нэгэн баримт үйлдээгүй. Хохирогч Л.Гын хувьд өмгөөлөгчгүй анхан шатны шүүхийн шатанд оролцож, хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас иргэний журмаар нэхэмжлэхээр тогтоож өгч байгаа юм байна гээд сэтгэл санааны хохирлоо гаргуулах талаар ойлгохгүй явж байгаад сүүлд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч ойлгосон байгаа. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн агуулгаар гомдол гаргасан. Учир нь, нийгмийн аюулын шинж нь арилсан боловч хор уршиг нь арилаагүй, хохирогчийн хувьд баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжилнэ гэж ойлгоод сэтгэл санааны хохирлоо хуулийн дагуу авч болдог гэдгийг ойлгохгүй явж байсан. Шүүгдэгчийн хувьд энэ талаар идэвхи санаачилга гаргаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан ял нь нийгэмшүүлэх болон цээрлүүлэх байдаг. Эрүүгийн хуулийн гол үзэл баримтлал нь хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх байдаг учраас хохирогчид учирсан хор уршиг бүрэн арилаагүй. Анхан шатны шүүх энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй, иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй гэдэг утгаар орхигдуулсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Оргилбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдолтой танилцсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дараах үндэслэлүүдээр гомдол үгүйсгэгдэж байна. Нэгдүгээрт, анхан шатны шүүх хэргийн бодит үйл баримтад нийцсэн дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлагыг түүний үйлдэлд тохирсон байдлаар оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн. Шүүгдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаа учруулсан үйлдэлд оногдуулсан эрүүгийн хариуцлага буюу 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үйлдэл, учирсан хор уршгийн хооронд шалтгаанд холбоотойгоор бий болсон гэм бурууд нь тохирсон гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор хавтас хэрэгт баримтууд авагдаагүй. Мөн өнөөдрийн байдлаар хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн баримтууд байхгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдлаа. Тэгэхээр баримтын хүрээнд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Ч.Эд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Ч.Энь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түр саатуулах 9” журмын хашаанд үл ялих зүйлээр шалтгаалан Л.Гыг цохиж биед нь баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Л.Гын “...Тэгээд би машинаасаа очиж карт авах гээд очих замд нөгөө хүн миний цамцнаас заамдаад газар унагаасан. Тэгээд миний толгой руу гараараа нэлээн
хэдэн удаа цохисон, бараг 10 орчим гэж бодож байна. Би өөрийг нь нэг ч удаа
цохиогүй. Би машинаасаа мөнгөө аваад, кассан дээр очиж тушаагаад, хамгаалагчид зодуулсан талаараа хэлсэн. ...” /хх 31/,

 

Ч.Эийн яллагдагчаар өгсөн “...Нөгөө хүн над руу дайраад байхаар нь
барьж аваад, ганц хоёр удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд хамарнаас нь цус
гарахаар нь би боссон. ...Би гэм буруугаа зөвшөөрч байна. ...” /хх 6- 7/ гэсэн мэдүүлгүүд,

 

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын
10-ны өдрийн 1221 дугаартай “...Л.Г биед баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх дүгнэлт /хх 23-24/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ч.Э ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Ч.Энь хохирогч Л.Гыг цохиж баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, тухайн зүйлд зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хохирогч Л.Г “...сэтгэл санааны хохирол гаргуулах асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч нь болсон үйл явдлын талаар болон учирсан хохирлын талаар 2 удаа мэдүүлэг өгөхдөө гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилсэн талаар дурдаагүй ба анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд хохирогч Л.Гын цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Л.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/365 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Л.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                                                       Л.ДАРЬСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ