Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 211/МА2022/00001

 

 

 Х.Э-ийн хүсэлттэй иргэний 
           


            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 
2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 129/ШШ2021/00499 дугаартай шийдвэртэй
Х.Э-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг 
хүсэлт гаргагч Х.Э-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
ерөнхий шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Э, түүний өмгөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Х.Э миний бие Хотонт сумын Цацрал нэгдэлд 1983 оны 01 дүгээр сараас эхлэн газар тариаланд туслах жолоочоор орж ажиллаж байгаад 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хугацаат цэргийн албаа хааж ирээд үргэлжлүүлэн газар тариаландаа тракторын жолоочоор 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл буюу нэгдэл тартал тасралтгүй ажиллаж байгаад нэгдэл тарж 2 компани болж байсан. Би Баянзүрх компанид хуваарилагдаад тракторын жолоочоор 1998 оныг хүртэл ажиллаад компани тарсан. Миний ажиллаж байсан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн ба архив шүүлгээд хангалттай материал гарч ирэхгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн шаардлага тавьсан. Иймд миний Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл газар тариаланд туслах жолоочоор, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл трактор, комбайны жолоочоор, Архангай аймгийн Хотонт сумын Баянзүрх компанид 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү.” гэжээ.  

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 129/ШШ2021/00499 дугаартай шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Э-ийн 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд ажилчнаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд уурын зуухны гачегарь, авто грашт слесариар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Х.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 
                    
Хүсэлт гаргагч Х.Э-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Х.Э миний бие Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 499 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь миний Архангай аймгийн Хотонт сумын Баянзүрх компанид 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Надтай хамт нэгдэлд болон Баянзүрх компанид хамт ажиллаж байсан хүмүүс гэрчийн мэдүүлэг өгч, миний ажиллаж байсан байдлыг нотолж байхад бичгийн нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй. Баримт байхгүй учир би гэрчүүд асуулгасан. Иймд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 499 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, миний Архангай аймгийн Хотонт сумын Баянзүрх компанид 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.   
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Э нь Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл газар тариаланд туслах жолоочоор, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл трактор, комбайны жолоочоор, Архангай аймгийн Хотонт сумын Баянзүрх компанид 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд трактор, комбайны жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. 
Анхан шатны шүүх хүсэлтээс Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл туслах ажилчнаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд уурын зуухны гачегарь, авто грашт слесариар ажиллаж байсныг тогтоож, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажилласан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хэрэгт цугларсан Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаар тогтоол, мөн 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 48 дугаар тогтоол, 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаар тогтоол, Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 04  дүгээр сарын 12-ны өдрийн 2836 дугаарын лавлагаа, цэргийн албанд тэнцэгчдийн анкетын хуулбар, иргэний хаягийн хуудас, ХААТР маягт, Цацрал нэгдлийн ерөнхий хорооны 1991 оны 07 дугаар сарын  10-ны өдрийн “Баярын бичиг”, гэрч Д.Б, М.Ч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад хүсэлт гаргагч Х.Эы  1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилласан байдлыг тогтоосон нь, мөн  1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байдлыг нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.
Харин 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажилласан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх ба энэ талаар гаргасан хүсэлт гаргагч Х.Эы давж заалдах гомдол үндэслэлтэй байна. 
Хэрэгт авагдсан Х.Эы 1989 оны 11  сарын 17-ны өдрийн тракторч-машинчийн 051187 дугаарын үнэмлэх /хх-ийн 13/, Архангай аймгийн Залуучуудын холбооны тэргүүлэгчдийн 1998 оны 03 сарын 17-ны өдрийн “Тэргүүний тариаланч” медалийн үнэмлэх /хх-ийн 14/, гэрч Д.Б, М.Ч нарын мэдүүлгээр хүсэлт гаргагч Х.Эы Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байгаад 1992 онд нэгдэл тарж, 2 компани болоход Баянзүрх компанид хуваарилагдан тус компанид 1995 он хүртэл ажилласан байдлаа тогтоолгохоор  гаргасан хүсэлтийг тогтоогдож байна гэж үзлээ.
Анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийн дагуу Д.Б, Х.Э нараас хууль сануулан гэрчийн мэдүүлэг  авсан бөгөөд гэрч нар Х.Эыг нэгдэл тарсны дараа Баянзүрх компанид трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан талаар мэдүүлсэн, мөн хүсэлт гаргагч Х.Э тухайн хугацаанд трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан байхад шүүх 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд “жолоочоор гэж” мэдүүлсэн хэсэг бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж өрөөсгөл дүгнэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр  гэрчийн мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн атал өөрийн хийсэн ажиллагааг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.
Гэрчийн мэдүүлэг бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй бол түүнийг үнэлэхгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй бол асуулт тавьж, тодруулах гэж байгаа зүйлийн талаар гэрчээс мэдүүлэг гаргуулахаар хуульд заасан болно.
Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хүсэлт гаргагч Х.Эы ажилласан байдлыг тогтоохдоо хаана ажиллаж байсныг нь тогтоогоогүй байгааг зөвтгөх шаардлагатай байна.
Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтүүдийг оруулахаар шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Х.Эы давж заалдах гомдлыг шүүх хангаж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон 
    ТОГТООХ нь:    
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 129/ШШ2021/00499 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Э-ийн 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд ажилчнаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд уурын зуухны гачегарь, авто грашт слесариар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Э-ийн Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд ажилчнаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд уурын зуухны гачегарь, авто грашт слесариар, Архангай аймгийн Хотонт сумын Баянзүрх компанид 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Х.Э-ийн гомдлыг хангасугай.
 
2. Хүсэлт гаргагч Х.Э-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.


 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Т.Д
     ШҮҮГЧИД                      Д.Б
                                    В.Ц