Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 303/ШШ2025/00471

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ш.Г,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1971 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1991 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр яслид асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 362 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаар тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1993 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тушаал, эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 13/284 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч *******ийн, гэрч *******ийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2. Хүсэлт гаргагч *******ийн 1991 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор сумын 4 дүгээр яслид сувилагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1991 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор сумын 4 дүгээр яслид сувилагчаар ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн талаарх Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 362 дугаар архивын лавлагаа, 1992 онд ажилчдын цалинг нэмэх тушаал гаргахад ******* нь байсан талаарх Баянхонгор аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаар тушаал, түүний хавсралт, тэргүүний ажиллагаатай хүмүүсийг шагнахад ******* нь 1-р зэргийн шагнал болох 800 төгрөгөөр шагнуулсан талаарх Баянхонгор аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1993 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тушаал, ажиллаж байх үедээ эрүүл мэндийн үзлэг, вакцинд хамрагдаж байсан талаарх эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч *******ийн ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1991 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор сумын 4 дүгээр яслид сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Монгол овогт Шайрийбуугийн Гэрэлсүхийн 1991 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор сумын 4 дүгээр яслид сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА