Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/061

 

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

            Нарийн бичгийн дарга К.Е,

            Улсын яллагч Х.Ө,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

            Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-гийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч У.Б-гийн  биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, У овгийн У-гийн Б, 1970 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс У, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тус аймгийн Өлгий сумын 3 дугаар багт 00-00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЭ00000000

 

            Шүүгдэгч У.Б-гийн  холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч У.Б нь иргэн П.М-гийн байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж "ACLAS" гэх бичигтэй хуучин хэрэглэж байсан цахилгаан жинг /хэмжүүр/ хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Шүүгдэгч У.Б-г гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч У.Б нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах шинэ захаас ертөнцийн зүгээр баруун урд зүг рүү 100 метрийн зайд ертөнцийн зүгээр урд зүг рүү харж байрласан хаалгагүй блокон хашаанд дотор байх иргэн П.М-гийн байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж "ACLAS" гэх бичигтэй хуучин хэрэглэж байсан цахилгаан жинг /хэмжүүр/ хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Г.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Өлгий сумын 13 дугаар багт байрлах зуны хашаа байшинтай ба одоогоор эзгүй байгаа юм. Бид нар өөрсдөө байранд амьдардаг. 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед гэртээ сууж байхад хөрш айлын зүс таних эмэгтэй /манай арын хашааны эмэгтэй/ эхнэр болох Х-гийн гар утас руу залгаж “Танай байшинд хулгай орсон юм шиг байна. Цонх нь хагарсан байна” гэж хэлсэн. Тэгээд би 18 цаг өнгөрч байхад очиж үзэхэд манай зуны байшингийн цонхыг хагалж дотогшоо нэвтрэн унтлагын өрөөний цонхны доод хэсэгт байрлах тавцан дээр байсан цахилгаан хилийг /хэмжүүр/ хулгайлсан байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

- Гэрч М.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...У.Б маань 1970 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 49  настай, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, гэртээ байдаг юм. Зан байдлын хувьд даруухан, цайлган сэтгэлтэй бөгөөд хааяа  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрөл садангийн холбоотой хүргэн болох М-гийн өвлийн байшингийн цонхыг хагалж дотогшоо нэвтрэн дотор нь байсан цахилгаан хил /хэмжүүр/-ийг хулгайлсан байсан. Урьд өмнө хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Тухайн өдөр согтуу явж байгаад ийм асуудал гаргасан юм шиг байна. Б нь өөрөө гэмшиж байгаа болно. М-гийн /хэмжүүр/ цахилгаан хил болон хагалсан цонхны шилийг бүрэн бүтэн болгож төлж өгсөн." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

            - Гэрч Л.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр орой тийшээ харанхуй болохоос өмнө гэртээ ганцаараа сууж байхад Б ах ганцаараа манайд орж ирсэн ба халамцуу архи уусан  байдалтай байсан. Мөн гартаа цахилгаан жин /хэмжүүр/ барьсан "Энэ хэмжүүрийг танайд үлдээгээд явлаа. Дараа нь ирж авна." гэж хэлээд гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

            - Шүүгдэгч У.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед гэрээсээ гарч яваад "Тирлик" зах орж, 2 шил архи авч уугаад, нийлээн халсан. Тухайн үед би ганцаараа явж байсан бөгөөд 2 шил архийг өөрөө ганцаараа уусан. Ингээд би цагийг санахгүй байна, орой тийшээ, Өлгий сумын 13 дугаар багт байрлах хүргэн болох М-гийн гэр лүү очиход, тэдний байшин эзэнгүй, гаднаас цоожилсон байсан. Тэгээд цонхны шилийг хагалж, дотогшоо ороход, цонхны тавцан доор цахилгаан хэмжүүр /жин, хил/ байхаар нь авч гараад, М-гийн хөрш айл болох Б гэх айлд оруулж тавиад гэртээ орж ирээд байж байхад цагдаа нар ирсэн. Анх цонхны шил нь бүрэн бүтэн байсан ба би гаднаас хагалаад дотогшоо орж, цахилгаан хэмжүүр /хил/-ийг авч гарсан. Хэмжүүрийг авч гараад, зарж, мөнгө олох зорилгоор хулгай хийсэн юм. Тухайн үед би ганцаараа явж байсан. ...Миний буруу гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

            - Хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

            - Хулгайлагдсан эд зүйлд үзлэг хийж, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон тэдгээрийн фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

            Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх гэрч М.О, гэрч Б.Г, Өлгий сумын 3 дугаар багийн засаг дарга Х.К нарын “У.Б нь Зан байдлын хувьд даруухан, цайлган сэтгэлтэй бөгөөд хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан.” гэх мэдүүлэг,

  • Шүүгдэгч У.Б-гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

             Дээрх нотлох баримтууд нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтууд гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, үнэлэх боломжгүй, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт байхгүй байна. 

            Иймд шүүгдэгч У.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч У.Б нь хохирогч Г.М-гийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч эд зүйл авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч У.Б-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.М-д 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №025 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч У.Б нь хохирогч Г.М-гийн байшингаас хулгайлсан эд зүйлийг бүрэн хүлээлгэн өгч хохирогчийг хохиролгүй болгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хулгайлагдсан эд зүйлд үзлэг хийж, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Шүүгдэгч У.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч У.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг төлсөн, түүний хувийн байдал зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав. У.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдохгүй байна.

            Иймд шүүгдэгч У.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс бага ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч У.Б-гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

            Шүүгдэгч У.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц У.Б-гийн 00099161 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим иргэний үнэмлэх зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч У овгийн У-гийн Б-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч У.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч У.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  5. Шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч У.Б-гийн 00000000 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим иргэний үнэмлэх зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.Д