Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/693

 

                                                                                                                                                                                                                                               

 

 

     2024            6            18                                         2024/ДШМ/693

 

Г.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших,

хохирогч Ж.А,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Г.Жалбуу, Э.Энххэрлэн, Д.Төмөрбаатар,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүрэлдэхүүнтэй хийсэн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/319 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.А, шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Г.Жалбуу, Э.Энххэрлэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Мт холбогдох эрүүгийн 2310000001775 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ******* ******* ******* тоотод байхдаа хохирогч Ж.Атэй “хүмүүс хооронд нь муудалцуулсан” гэж маргаан үүсгэж гараараа цохих, үсдэж чирэх, өшиглөх зэргээр биед нь халдаж хэвлийн битүү гэмтэл, дэлүүний урагдал задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, хацар, нуруу, хэвлий, ташааны зөөлөн эдэд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулахдаа “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Мыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Мыг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.А нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Маас нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч Ж.А давж заалдах гомдолдоо: “...Миний нөхөр Г.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь үндэслэлтэй гэж шүүхээс үзсэн бөгөөд Г.Мтай хамтран амьдарснаас хойш тэрээр надад ямар ч байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Мөн гэмт хэрэг гарсан гэж үзээд байгаа өдөр харилцан адилхан согтуу байсан бөгөөд тухайн үед намайг гэмтээсэн асуудалд ямар ч гомдолгүй. Миний бие хууль судлаад үзэхэд “байнга” гэх ойлголт нь 3 ба түүнээс дээш үйлдсэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгохоор байна. Харин миний нөхөр дээрх байдлаар ямар ч хүчирхийлэл үйлдэж байгаагүй, хэрэг болох хугацаанд миний бие төрөөд 1 жил болсон нялх биетэй байсан учраас дэлүү ингэж хурдан гэмтсэн нь Г.Мын буруу маш бага байгаа юм. Одоо миний бие 8 сартай жирэмсэн удахгүй төрөх бөгөөд бага насны хүүхэдтэй. Хадам аав Гансүх урьд 2 удаа харвалт өгч биеийн байдал муу байгаа зэрэг ар гэрийн байдлуудыг харгалзан үзэж Г.Мт оногдуулсан хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Г.Жалбуу, Э.Энххэрлэн нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “...Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно. ...” гэж тодруулан хуульчилжээ. Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааг цогц утгаар илэрхийлдэг. Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг учиртай. Дээрх байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн бодит нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргах учиртай.

Хавтас хэрэгт Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Лхагвасүрэн нь хавтас хэрэгт авагдсан хохирогч Ж.А /хх 9-10, 13-14, 16, 19-20/, гэрч У.А /хх 22/, Г.Мн сэжигтнээр х 24-25/ тус тусын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Г.М, хохирогч Ж.А нарын хувийн байдал болон хамт амьдарч байх хугацаанд ямар харилцаатай, хамтран амьдрах хугацаандаа урьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй талаар тодорхой мэдүүлжээ. Хэрэгт авагдсан гэрч, хохирогч нар нь шүүгдэгч Г.М хохирогч Ж.А нар болон найз нөхдийн харилцаатай тэдний хувийн байдал болон хамт амьдарч байх хугацаанд ямар харилцаатай байсан талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж дүгнэвэл, шүүгдэгч Г.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг үйлдэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан байнга гэх шинжийг хангасан гэж үзэхээргүй байна. Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байх боловч түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, зүйлчлэл тохироогүй гэж үзнэ.

Учир нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг” нь гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай хүнийг өөрийн эрхшээлд байлгах, бие махбодод нь халдах, эсхүл айлган сүрдүүлэх, заналхийлэх, доромжлох, нэр төр алдар хүндийг нь гутаах, ах дүү, хамт олноос нь тусгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтад оруулах байдлаар байнгын шинжтэй идэвхтэй үйлдлээр илэрдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд гэмт үйлдлийн байнгын шинж гэдэгт хууль бус үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа хийсэн байхыг ойлгодог ба хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ж.А өмнө нь гэр бүлийн хүчирхийллээр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч байсан талаар болон байнгын шинжтэй гэр бүлийн аливаа хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байсан нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй ба энэ талаар хохирогчоор шүүхэд мэдүүлдэггүй.

Улсын Дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 448 дугаартай тогтоолоор “...гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсхүл хамтын амьдралтай ойрын төрөл садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцаа бөгөөд дээрх харилцааны явцад ... санаатай ... тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилнэ.” гэж тайлбарлажээ.

Дээрх байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.Мын нэг удаагийн зодох үйлдлийн улмаас хохирогч Ж.Ад хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.М нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх шинжгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Д.Төмөрбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар буюу хүндрүүлэх нөхцөлтэйгөөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. Тухайн үед хувийн таарамжгүй харилцаанаас У.Агийнд “хүмүүсийг хооронд нь муудалцууллаа” гэдэг шалтгаанаар хамтран амьдрагч Ж.Агийн биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ маргадаггүй. Харин хэргийн зүйлчлэлийн тухайд хүндрүүлсэн бөгөөд тухайн гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнийг бүрэн нотолж тогтоогоогүй. Энэ нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан “Цагдаагийн алба хаагч хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирсан, эсхүл учирч болох эрсдэлд аюулын зэргийн үнэлгээ хийнэ”, 31 дүгээр зүйлийн 31.2 дэх хэсэгт заасан “Цагдаагийн алба хаагч аюулын зэргийн үнэлгээг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдсэн байж болох орчинд, эсхүл хохирогчийн байгаа газарт очиж хийнэ”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй байдлыг” тогтоож дүгнэлт гаргана гэж хуульчилсан ба үүнд мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Үүнийг хийгээгүйн улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм. Иймд шүүгдэгч Г.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн оногдуулсан ялыг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 10.000.000 төгрөгөөр торгож, үүнийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед би эхнэртээ санаа зовж байсан. Мөрдөгч надаас мэдүүлэг авахад асуусан зүйлийнх нь дагуу хариулсан. ...” гэв.

Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй, гэр бүлийн хамааралгүй хүмүүс гээд зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна”, 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж заасан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, 5.1.6-д “хамтран амьдрагч" гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” гэж тус тус заасан. Шүүгдэгч Г.М, хохирогч Ж.А нар хамтран амьдарч байгаа болох нь анхан шатны шүүхийн хуралдааны хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Хамтран амьдарч байгаа хүмүүсийг гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс гэнэ. Мөн гэр бүлийн хамааралтай эсэх нь хангалттай тогтоогдоогүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдгийг тогтоож чадаагүй гэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг нь тухайн үед хамт байсан хүмүүс Г.М нь Ж.Агийн биед халдсан талаар мэдүүлдэг. Хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий гэдэг нь бусад байдлаар хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд прокурорын зүгээс Г.Мт 7 жилийн хугацаатай хорих ялын санал гаргасан. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх зүйтэй гэж үзэж, Г.Мт 4 жилийн хугацаатай хорих ял оногдуулсан бөгөөд прокурорын зүгээс маргаагүй. Одоо шүүгдэгчийн өмгөөлөгч нар маргаж байна гэж ойлголоо. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Г.Мт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.А, шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Г.Жалбуу, Э.Энххэрлэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, “Алтангадас” хотхоны 57-43 тоотод байхдаа хохирогч Ж.Атэй “хүмүүс хооронд нь муудалцуулсан” гэж маргаан үүсгэж гараараа цохих, үсдэж чирэх, өшиглөх зэргээр биед нь халдаж хэвлийн битүү гэмтэл, дэлүүний урагдал задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, хацар, нуруу, хэвлий, ташааны зөөлөн эдэд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулахдаа “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ж.Агийн “...Тэр үед би хүүхдээ унтуулах гээд жижиг өрөөнд байх
үед нөхөр Г.М над руу уурлаад “чи У.А, Ц.Н нарыг хооронд нь муудалцуулчихлаа, хоёулаа энэ хоёрыг эвлэрүүлэх гэж ирсэн биз дээ” гэж уурлахаар нь “би Ц.Нтэй юу ч яриагүй” гэхэд нөхөр Г.М миний зүүн талын хацарт гараараа нэг удаа цохисон. Тэгснээ намайг үсдээд, чирээд үүдний хэсэгт авч очин миний нуруу хэсэгт өшиглөсөн. ...Тэгтэл маргаашнаас нь миний ходоод өвдөөд байх шиг байхаар нь эмнэлэгт үзүүлтэл “миний дэлүү бяцарсан байна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна” гэж хэлэхээр нь эмнэлэгт хэвтэн хагалгаанд орсон. Шинжээчийн дүгнэлтэд гарсан гэмтлүүдийг нөхөр Г.М үүсгэсэн. Тэрнээс болж би дэлүүний хагалгаанд орж дэлүүгээ авахуулсан. ...” /хх 9-10, 13, 16/,

хохирогч Ц.Нууц-Эрдэнийн “...Г.Мын дуу нь өндөрсөөд Ж.Атэй маргалдаад байх шиг байсан. Би нөхрийн хамт угаалгын өрөөнөөс гараад иртэл Ж.А нь манай угаалгын өрөөний урд хэсэгт газар унасан байдалтай орилж байсан. Тэр үед би Г.Мыг Ж.Агээс салгах гээд цааш түлхэхэд Г.М нь миний зүүн талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би түүний зүүн хацарт нэг удаа алгадахад Г.М нь намайг боогоод хойш унагаасан. Тэр үед манай нөхөр У.А нь Г.Мыг надаас салгах үед Г.М нь манай нөхрийн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тухайн үедээ би боолгуулаад ухаан балартсан байсан учраас гэрээсээ мөлхөөд гарсан. Тэгээд Г.М, Ж.А нар манай гэрээс яваад өгсөн. ...У.А бид хоёрыг угаалгын өрөөнөөс гарч ирэхэд Ж.А нь манай гэрийн шалан дээр дээш харсан байдалтай хэвтэж байсан. ...” /хх 19-20/,

гэрч У.Агийн “...Би эхнэр Ц.Нтэй ариун цэвэрийн өрөөндөө ороод маргалдаж байхад ариун цэврийн өрөөний үүдэнд хүн унах чимээ гарахаар нь гараад харахад Ж.А газар дээшээ хараад унасан байдалтай байсан. Би Ж.Агээс Г.Мыг түлхэж холдуулаад Ж.Аг түшиж босгоод нөгөө өрөөнд оруулсан. ...Удалгүй гэрийн үүдэнд юм түжигнээд байхаар нь очиход манай эхнэр газар унасан байхаар нь би Г.Мт “чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд миний зүүн шанаа хамар орчимд
цохисон. ...” /хх 22/,

Г.Мын яллагдагчаар “...Тэгэхээр нь би эхнэртээ уур хүрээд түүнийг хүүхдээ унтуулах гээд жижиг өрөөнд байхад дуудсан. Манай эхнэр том өрөөнд орж ирээд бид хоёр хэрэлдэж маргалдаж байснаа санаж байна. Би тухайн асуудлыг ерөөсөө санахгүй
байсан. Нэг мэдсэн чинь би гэртээ ирчихсэн байсан. Би эхнэрээсээ юу болсон талаар асуухад чи намайг У.Агийнд байхад жижиг өрөөнөөс дуудаж гаргаж ирээд гараараа цохиж, үснээс зулгааж байгаад газар унагаан чирч, мөн нуруу хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн гэж хэлсэн. Тухайн үед манай эхнэрийн зүүн талын хацар хэсэг нь хавдсан байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маргахгүй. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. ...” /хх 54/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12008 дугаартай “...Ж.Агийн биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний урагдал задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, дэлүү авах мэс засал /2023.09.18/, хацар, нуруу, хэвлий, ташааны зөөлөн эдэд цус хуралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Хэвлийн битүү гэмтлийн улмаас дэлүүг мэс заслаар авсан нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 30 хувь алдагдуулна. ...” /хх 27-28/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12007 дугаартай “...Ц.Н биед зүүн хацар, хүзүү, баруун бугалга, шуу, зүүн шуунд цус хуралт, зүүн хацар, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” /хх 32-33/ шинжээчийн дүгнэлтүүд,

 

дуудлага лавлагааны хуудас /хх 2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-7/  зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Г.М ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Хохирогч Ж.А, шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Г.Жалбуу, Э.Энххэрлэн нар “...хэргийн зүйлчлэлийг өөрчилж, оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Ж.Агийн “...нөхөр Г.М миний зүүн талын хацарт гараараа нэг удаа цохисон. Тэгснээ намайг үсдээд, чирээд үүдний хэсэгт авч очин миний нуруу хэсэгт өшиглөсөн. ...”, гэрч У.Агийн “...ариун цэврийн өрөөний үүдэнд хүн унах чимээ гарахаар нь гараад харахад Ж.А газар дээшээ хараад унасан байдалтай байсан. ...” гэсэн мэдүүлгийн эх сурвалж нь Ж.Агийн биед хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12008 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг шүүгдэгчээс өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Прокуророос Г.Мын үйлдлийг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ж.Атэй “хүмүүс хооронд нь муудалцуулсан” гэж маргаан үүсгэж гараараа цохих, үсдэж чирэх, өшиглөх зэргээр биед нь халдаж хэвлийн битүү гэмтэл, дэлүүний урагдал задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, хацар, нуруу, хэвлий, ташааны зөөлөн эдэд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулахдаа “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Өөрөөр хэлбэл,“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх нэг шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;”-ийг гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” гэж тус тус хуульчилсан бөгөөд энэ хуулийн үйлчлэлд хамааруулах этгээдийг заасан ба шүүгдэгч нь хамтран амьдрагч Ж.Аг гараараа цохих, үсдэж чирэх, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулсан гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдаж гэр бүлийн гишүүний тэгш эрхийн зарчмыг зөрчсөн, уг үйлдэл, эс үйлдэхүй нь хамтын амьдралын хугацаанд дадал зуршил болсон байх ба энэхүү сэдэлт, санаа зорилгоор хохирогчийн эрүүл мэндэд халдсан байдаг онцлогтой бөгөөд огт шалтаг шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтагласан байхыг ойлгоно.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч Г.Мын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэргийн хүндрүүлэх буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн шинжийг үгүйсгэх, эсхүл ямар нэгэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа зодож бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэхүйц болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзээ төрүүлэхүйц баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

 

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ж.А, шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Г.Жалбуу, Э.Энххэрлэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Г.Мт шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 43 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/319 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ж.А, шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Г.Жалбуу, Э.Энххэрлэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 43 /дөчин гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МӨНХӨӨ

 

                                    ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ